Яруу найрагч Б.Эрдэнэсолонгын “Ирээдүйн дурсамж” түүвэр хэвлэгдлээ
2013 оны 11 сарын 7
Яруу найрагч Б.Эрдэнэсолонгын “Ирээдүйн дурсамж” түүвэр хэвлэгдлээ
МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Эрдэнэсолонгын “Ирээдүйн дурсамж” шүлгийн түүвэр худалдаанд гарлаа. Нэр шигээ өвөрмөц хэрнээ сэтгэл татах увдисаар дүүрэн байж чаддаг түүний шүлгүүд цаг хугацаа өнгөрөх тусам улам эрчээ авч, олон олон уншигчдыг өөртөө татсаар байсан юм.  
“Цэцэг мэт алагласан, шинэ шүлэг шиг хүүхдүүд намайг тойрон мөөгний хүрээ мэт суудаг. Хаана хүүхэд байна тэнд баяр баясгалан байдаг. Дуу шуугиан байдаг. Тэр миний дуртай чимээ. Чи тэр чимээн дундаас тодорч торойсон чимээ юм. Эцэст нь хэлэхэд байгаагаараа байгаа эгэл үнэнийг чин сэтгэлээсээ нээснийг яруу найраг гэдэг байх. Миний хүүгийн номноос жинхэнэ яруу найраг амтагдаж байна” хэмээн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Д.Мандахсан номын өмнөтгөлд бичжээ.  Ерээд оны утга зохиол, яруу найраг сонирхогч залуусын эгнээнд зүй ёсоор багтдаг Б.Эрдэнэсолонгын яруу найраг, сэтгүүлзүйтэй холбосон амьдрал нь Монголын рокеруудын дунд ч хүндтэй байрыг эзлэдэг. Түүний шүлгүүдээр дуу бүтээн амьдруулсан “Нисванис” хамтлагийн үүх түүхтэй салшгүй холбоотой энэ найрагчийн даруухан, нууцлаг хэрнээ үнэн-амттай уншигддаг шүлэг, өгүүллэг, эсээ, бодол, тэмдэглүүдээс бүтсэн энэхүү номд түүний сүүлийн 15 жилийн хөдөлмөр шингэсэн хэмээн тэрээр онцлон дурдсан юм.
“Эмэгтэй тухай яриа” өгүүллэг, “Өмд” эсээ болон
“Чамаас өөр хэн ч намайг
Тийм ихээр зовоож байгаагүй
Чамаас өөр хэнийг ч би
Тийм удаанаар хүлээж байгаагүй
Өөр хэн ч намайг
Чам шиг өвтгөж байгаагүй” хэмээн эхлэдэг “Чи” шүлэг,
“Чи яг зун шиг
Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг…
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр …” хэмээн үргэлжилдэг “Зун шиг” шүлгүүд нь өнгөрсөн хугацаанд олон залуусын амны уншлага болсон билээ.
“Энэ ном ирээгүй цагийг дурсана” хэмээх редакторын үгээр хавтсаа хааж буй “Ирээдүйн дурсамж” номын редактороор түүний гэргий МЗЭ шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ ажиллажээ.
“Гүзээлзгэний амьдрал”, “Зун шиг” шүлгийн түүврүүд, “Ихэл хатны найман цагаан домог” туульсын номоор утга зохиолд өөрийн өнгө, үзлээ тунхагласан яруу найрагч Б.Эрдэнэсолонгын шинэ шүлгийн бас нэгэн сонирхолтой өнгө төрх, тунгалаг өглөө мэт сайхан мэдрэмжийг уншигчиддаа хүргэх биз ээ.



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ