Хятадаас өөр сонготгүй Монгол
2012 оны 5 сарын 2
Хятадаас өөр сонготгүй Монгол
Олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд 2011 он Монголынх байсан бол энэ жил Мьянмарынх болж буй. Учир нь тус улсад ардчилсан хүчин ялж, чөлөөт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж эхлэх хүлээлт үүссэн учир олон улсын ажиглагчид ийн дүгнэж байна. Гэхдээ Монголоос ашигт малтмал импортлох Хятадын сонирхол энэ онд байтугай ирээдүй хойчид ч буурах шинж үгүй хэмээн “Уолл Стрийт Журнал”-д бичжээ. Тэнд бичсэнийг товчлон хүргэж байна.

Хятадын төрийн өмчит “Чайна Алюминум Корпораци” буюу “Чалко” өнгөрсөн сард их хэмжээний хөрөнгө оруулалтыг Монголд хийсэн аж. Гэвч “Саус Гоби Сэндс” компанийг өөрийн болгох гэсэн “Чалко”-гийн алхам монголчуудын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Монгол Улс гадны эзэмшилтэй компанийн тоог бууруулахаар зорьж буй бөгөөд тэр дундаа Хятадын хөрөнгө оруулалттай компанийг цөөлөх бодлого баримталж байна.

Хэдийгээр “Чалко” монголчуудын эсэргүүцэлтэй тулгарсан ч тэд Монголын зах зээлд хэдийнэ томоохон тоглогч болсон байна. Лондон, Хонконг, Улаанбаатарын хөрөнгийн биржид IPO-г нь гаргаж 10 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөж буй Тавантолгойн ордоос үйлдвэрлэх нүүрсний 80 хувийг “Чалко” худалдаж авахаар тохиролцсон юм. Хөнгөн цагааны үйлд­вэрлэлээ солонгоруулахаар “Чалко” өнгөрсөн сард “Winsway Coking Coal Holdings” компанид эзэмшлээ тогтоохын тулд 300 сая ам.доллар зориулсан. “Winsway” нь Монголоос олбор­лосон нүүрсийг Хятадын зах зээлд хүргэж буй хэмжээ­гээрээ улс­даа тэргүүлэгч ком­пани. Үүнээс өмнө “Саус Гоби Ресурс” компани дахь “Айвенхоу Майнз”-ын эзэмшлийн хувийг нэг тэрбум ам.доллараар худалдаж авах саналыг “Чалко” тавьсан. Уг саналыг “Айвенхоу Майнз” хүлээн зөвшөөрсөн ч монголчуудын болгоомжлолыг төрүүлж, наймаа амжилтгүй болох айдсыг хятадуудад авчирчээ. “Саус Гоби Ресурс” компанийн Овоот толгой дахь хэд хэдэн тусгай зөвшөөрлийг түр цуцлаад буй ба “Чалко”-гийн наймааг Монголын Засгийн газрын түвшинд буюу үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэн шийдвэр гаргахаар болсон.

Монголын парламент стратегийн ач хол­богдол  бүхий байгалийн баял­гийг ашиглах зорил­готой ком­панийн гадаа­дын эзэмшлийн хувийг хязгаарлахыг зорьж буй юм. Хэдийгээр мон­голчууд Хятадаас хамаарах хамаарлаа бууруулахыг оролдсон ч тэдний хувьд сонголт мөн л хязгаарлагдмал. Учир нь хөрш Хятад улс бол байгалийн баялгийн эрэлт хэрэгцээгээрээ дэл­хийд тэргүүлэгч. Үүний зэрэгцээ Хятадаас өөр оронд монголчууд түүхий эдээ экспортлох нь нэлээд том асуудал болж буй. Учир нь хоёр дахь хөрш ОХУ нь өөрийн гэсэн байгалийн баялагтай учир өөрийн газар нутгаар Монголын ашигт малтмалын бүтээгдэхүүнийг дамжуулан олон улсын зах зээлд хүргэх нь эдийн засгийн хувьд огт ашиггүй.

Олон улсын валютын сангийн тооцоолсноор Монголын эдийн засгийн өсөлт энэ онд 17.2 хувьд хүрэх бөгөөд өсөлтийн гол хүчин зүйл нь урд хөршийнх нь эрэлт хэрэгцээ байх гэнэ.

А.Ариунболд
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ