- “Хувцас бурхан бие чөтгөр” гэж байна аа?! - Тэр бас үнэн байна аа
2013 оны 11 сарын 10
1.
Наяад оны төгсгөлөөр... Москвагийн Арбатын гудамжинд дуу, хөгжим хангинаж, хүмүүс зураг хөргөө зуруулж, татуулж, бүжиг танец дэвсэлсэн баясал хөгжим буцалсан гудамж болсон юм. Өнөө нүдний гэм фанта, кока-кола чинь энд тэндгүй хөөс татуулж оргилоод л. Гамбургер, өөр бусад бургер, пицца, шорлог, шарсан зайдасын үнэр энд тэндгүй хан хан тавиад л... Энэ гудамжинд тулж ирэнгүүт  том задгай баяр найран дээр ороод ирэх шиг болно. Миний найз уран зургийн сургуулийнх тул заримдаа хөрөг зурж сарынхаа цалинг нэг өдөр олдог болов. Би Энергетикийн сургуулийн зургаадугаар курсын оюутан тул диплом бичингээ цаг зав гаргачихдаг болсон байв. Тэгээд зураач найздаа хань болж хий ойлгомжгүй ажлыг  өдөржин гүйцэтгэдэг байв. Гэтэл тэр ажил маань одоо бодоход хамгийн чухал хэсэг нь байж. Бүр нэг ч биш нэг хэсэг хүний ажил хийж байж. Нэгд, менежер. Гол зарчим нь. Анд нөхрөөсөө байгаа дүрээс нь заавал гоё зур гэдгийг шаардан зоригжуулна. Булцгардуу нөхрийг булбарайхан болгохыг захина.

- Арай л гоёдоод байгаа юм биш үү? гэж найз минь зовсон янзтай хэлнэ.
- Гараас чинь гар уначих гээд байна уу?!  Социалист реализмыг Черненко дарга аваад явчихсан. Одоо Горбигийн үе (Горбачёв). Авангард тэгээд л гүйцээ.Ядаж цамцыг нь цэцэг, жимстэй хээр хуартай зур гэнэ. Ямар ч тааруу хувцастай нөхрийг “рок-н-ролл” хувцастай зураад өгчихөд сэтгэл нь өегшинө гэхээс хэзээ ч гомдол гаргахгүй шүү. “Хувцас бурхан” гэдэг тэр дээ. Харин долир хүнийг хялар болгож дээрдүүлэх гэж байгаад бэрхшээлтэй байдалтай учирсан тохиол бий. “Бие чөтгөр” гэж энэ дээ. Ямар ч царай муутай хүн цаагуураа, далддаа өөрийнхөө дүр төрхөнд хайртай байдаг юм билээ.

Нарийндаа би “Аврора” хөлөг онгоц, Авангард зураг хоёроо ялгахгүй амьтан л даа. Гэхдээ л “менежерийн үндсэн үзэл санаа гэдэг менежерийн үзэл санаа. Гүйцээ!!! Эргэж харах хэрэггүй цаашаа зураад л бай гэж найзыгаа захиргаадна”. Гэх мэт. Тэгээд цааш нь бас гэх мэт... Хоёрт, рекламны агентын үүрэг гүйцэтгэж байсан байна. “Азийн шилдэг зураач Гоо Гоопины хамгийн сүүлийн шавиар хөргөө зуруулна уу? Зураач нь Эйшн--Да-аль” гэж сунжруулан хашгирна. Зураач маань хүүхнүүдийн гоё хөрөг зургийн дор уйгаржин монгол үсгээр бараг зурсан зургаасаа гоё таталгаж бичих үүрэгтэй. Тэр босоо бичиг ч хөрөг-зурагт сүр, сүлд хоёрыг зэрэг өгнө дөө. “Гоо Гоопин” гэдэг хүнийг бол шавь зураач нь бүү хэл би ч өөрөө мэдэхгүй. Яагаад гэвэл тийм хүн байгаагүй юм чинь. Миний зохиосон нэр. Азаар хүн байсан бол зураач биш хөвд үнэртсэн нуурын эрэг дээр загсачин л байсан байж магадгүй. Ертөнцийн хаа нэгтээ таагдашгүй булан тохойд шүү дээ. Миний Азийн үнэр оруулж, оросуудаас сондгойрох гэсэн менежмент байлаа. Гоо Гоопин. Солонгос, Хятад, Япон, Монгол,Филиппин ч байж магадгүй, бүр Бруней үнэр оруулах гэсэн зохиомол нэр. “Эйшн—Да-аль” гэдэг нь “Азийн Даль” гэх гээд байгаа санаа юм уу даа янз нь. Гол нь нэг хөрөг зурахад аз таарвал 20 рублиэр бүтнэ. Аягүйдлээ гэхэд 10 рубль. Рэкетүүд арай сэргээгүй сайхан үе. Эрсдэлгүй нийгэм байлаа. Гоо Гоопины сүүлийн шавь шур шур, менежер, зураач хоёрын хормойнд мөнгө гооп гооп.

2.
За энэ яах?! Одоо зурвасын гол санаа. Тэр Арбатын гудамжаар хүмүүсийн гоо үзэсгэлэнгийн гол мөрний урсац урсана. Тухайн цагийн хувцасны байж болох шилдэг моод урсац үерлэнэ. Заримдаа ангайж гацмаар гоо сайхан үе үеээрээ урсана. Хотыг байшин барилга, талбай гудамж нь биш хүн нь гоёдог юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ. А.Чеховын “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэгт итгэхээс өөр вариантгүй болно. Мангас ч уярмаар гоо сайхан. Хожим Францын Парижид  де Голлийн хаалга, талбай хавиар явж байгаа хүмүүсийг харахад бас л ийм сэтгэгдэл төрж билээ. Хүний гоо сайхны үелсэн урсгал явж байна гэдэг хотын нүүр царай юм даа. Гэхдээ Парижийн Пакистаны гудамж бол манай “Жалгын 2”, “Задгайн 1” зэргийг санагдуулахгүй ч мухар гудамжийг санагдуулна шүү, харин чиг. Нэгэн үе “баруун париж” гэгдэж байсан Сан- Францискогийн төв гудамжаас хоёр, гурван квартал  өнгөрөхөд таарах Түрк гудамж зэрэг газар тэнгэр, гал ус шиг ялгаатай. Тиймээс хотыг, гудамжийг оршин суугчид нь гоёдог байна.Нийслэлийн Архитектур, дизайны хэлтсийн ажилтан Л.Булган: “Иргэдийн хувцаслалт ч хотын дизайнд нөлөөлдөг” гэж хэлсэн байна. Энэ бол бидэнд шинэ сонсдож байгаа үг. Яг нарийндаа нийслэлийн өнгө төрх гэдэг иргэдийн гоо сайханд оршдог байна. Дээхэн цагт Монголчууд бүгдээрээ шахуу явган явдаг байхад манай хотын гудамж ямар гоё өнгөтэй байдаг байв аа?! Гудамжинд “Инээмсэглэл”, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн сайхан дуучидтай таарна. Сахлаа намируулаад алхах зохиолч эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Б.Ринченг харна. Дэгжин гоё жүжигчин Жамсранжав гуай, филармоны Ухнаа гуай явна. Дуучин Ариунаа, Сарааг харна. Намсрайн Сувд гуай, “Суварган цэнхэр уулс” киноны Батцэцэг алхаж явна. Зун гадаад, дотоодын оюутнууд хотыг гоо үзэсгэлэнгийн үелсэн урсгал болгодог байлаа. Одоо бол бүгд гоё хүмүүс машинд гараа эвхээд хөмсөг зангидаад сууцгаачихдаг болжээ. Гудамжинд гоё хүн явахаа болсон. Зааны чинээ, үхрийн чинээ том таар шуудай дүүрэн пиавар сав цуглуулж үүрсэн хүмүүс харин элбэг харагдана. Нуруун дээрээ хар саарал үүл тээж явж байгаа юм шиг. Харин хэдэн төрлийн ямар үйлдрийнх нь бүү мэд алаг эрээн, шар халзан, хар хээр ноход сүрэг сүргээрээ үелэн явна. Зам хөндлөн гарахад аа хүртэл гэрлэн дохио ажиж байгаад цагаан шугамаар саасалзан өнгөрцгөөнө. Иргэд минь гудамжаараа гоё хувцасаа өмсөн алхаж хотынхоо өнгө төрх, сацаг чимэг болцгооё. Үүний төлөө л бид энэ олон байшин барилга, талбай гудамжийг барьж байгаа биз дээ. Гэрээсээ гарцгаая. Төмөр хайрцагнаасаа бууцгаая. Цаана чинь хот эзгүйрэх нь.



Х.БҮРЭНТОГТОХ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив