Эдийн засгаа дархлаажуулах вакцин нь энэ биш үү
2012 оны 5 сарын 3
Эдийн засгаа дархлаажуулах вакцин нь энэ биш үү
Монголын эдийн засгийг солонгоруулах буюу олон тулгууртай болгох тухай  яриа эрчимтэй өрнөж байна. Өмнөх нийгмийн үед ч тэр, өнөөдөр ч ялгаагүй манай эдийн засгийн ноён нурууг дан ганц уул уурхай үүрч явна. Эрдэнэтийг саалийн үнээ гэж нэрлэдэг нь цаагуураа эдийн засгаа ганц тулгууртай гэдгийг тодотгоод байгаа хэрэг.

Манай нүүр тахалдаг ганц экспортын бүтээгдэхүүн нь зэсийн баяжмал. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд савлахад Монголын эдийн засаг энд  ширвэгдэж эхэлдэг. Ийм эмзэг, өртөмхий. Эдийн засаг нь ганц тулгууртай, тэр нь уул уурхай гэдгийг бид өөрсдөө ч мэдэхийн дээдээр мэддэг. Гэсэн хэрнээ олон тулгууртай болгох дорвитой алхам өнөөг хүртэл хийсэнгүй, бичиг цаасан дээр л яваад байна.

Уг нь Монгол Улс эдийн засгийн өсөлтийнхөө хувь хэмжээгээр тийм ч хол хоцрохгүй. Гэвч энэ өсөлтийг хангагч нь бас л өнөөх уул уурхайн салбар. Өөрөөр хэлбэл, зэсийн баяжмал дээр нэмэх нь нүүрс. Экспортын 80 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Үүний 70 орчим хувийг дан ганц Хятадад гаргадаг. Муухай дээр улцан гэгчээр хэрэгцээт хүнснийхээ 70 гаруй хувийг бас импортоор авдаг. Ийм л байна. Эндээс ойлгож ядаад байхааргүй нэг дүрх төрх анзаарагдах байх. Гэхдээ тун таагүй. Зөвхөн түүхий эдийн экспортод түшиглэсэн, ганц тулгууртай, үнийн өөрчлөлтөд эмзэг эдийн засаг л манайд байна. Үүн дээр тээврийн хараат байдал, газар зүйн орчин бас нөлөөлнө. Муугаар бодоход манай зэс, нүүрсийг хэн ч авахгүй болчихвол яах вэ. Хэдэн жилийн өмнө Далай лам Монголд ирэх үеэр Хятад хойд хилээ хэд хоног хаачихаж билээ. Тэр хэдхэн хоногт л барьц алдах шахаж байсан юм даг. Мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн “сайн найз” гэж байхгүйг сануулсан нь энэ байх.

Баялагтай байх нь сайн хэрэг, баялгаа хөгжил болгож чадвал бүр сайхан. Хэрэв чадахгүй бол “Баялгийн хараал”-д өртөнө. Монголыг баялгийн хараалд ойрхон байгааг НҮБ-ын томоохон албаны түшмэл анхааруулсан нь саяхных.

Дан ганц уул уурхайд түшиглэсэн хөгжил нь  улс орныг тайвшруулдаг, бусад салбарын хөгжлийг орхигдуулдгаараа аюултай. Ийм гашуун жишээг амссан улс орон цөөнгүй. Одоо манайд орж ирж байгаа хөрөнгө оруулалтын ихэнх нь мөн л уул уурхайн салбарт ногдож байна. Хөрөнгө оруулалтын энэ ганц сувгийг өргөтгөх шаардлага бий. Энэ нь  хөрөнгө оруулалтыг салбарынх нь хувьд тэнцвэржүүлнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөний урсгалыг үйлдвэрлэлийн бусад салбарыг хөгжүүлэх, дэлхий нийтийн стандартад  дүйхүйц үйлчилгээний салбарыг бий болгоход чиглүүлэх нь тун ухаалаг алхам болно. Өөрөөр хэлбэл, олсноо зөв зарцуулах ухаан буюу орлогын зөв менежментийг хийх учиртай. Манайхан Дубай руу зорчих нь олонтаа. Тэр улс газрын тос гэхээсээ илүү үйлчилгээний салбараасаа орлого олж байна. Бид ийм байж яагаад болохгүй гэж.

Аялал жуулчлалыг асар их боломж хэмээн хардаг атлаа энэ салбарыг өдгөөг хүртэл төрийн тодорхой бодлогогүй урсгалаар нь явуулсаар. Далд экспорт хэмээдэг аялал жуулчлал Монголын эдийн засгийн нэг тулгуур байх бүрэн боломжтой. Монгол ахуй, сүүлчийн нүүдэлчин хэвшил, динозаврын орхигдсон диваажин, Чингис хааны төрөлх тоонот  гээд энд аялал жуулчлалын бэлээхэн “бүтээгдэхүүнүүд” байна. Аливааг чулуу болгох ухаан буюу нөгөө менежмент л энд дутаад байх шиг.
Монгол өнөөдөр Хятадын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч болсон гэвэл хэтрүүлэг болчихгүй байх. Боловсруулах аж үйлдвэр огт хөгжөөгүй. Өртөг шингээгүй, боловсруулаагүй түүхий эдээ байж боломгүй хямд үнээр урд хөршдөө нийлүүлж байна.

Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эдийн засгийн бас нэг тулгуур байх боломж бий юү гэвэл бий. Бараг 50 сая шахам малтай. Ноос ноолуур арьс үснээс нь эхлээд малаас хаях юм нэг ч үгүй.  Харин хаа очиж Монголын ноолууран эдлэл дэлхийд танигдсан. Гэвч ноолуур боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээр гачигдаж, түүхий эдийн хувьд хятадын ченжүүдээс бас хамааралтай болчихсон байна.  Ногоон мөнгө цүнхэлсэн хятадууд хавар орж ирээд хамаг ноолуурыг үнэ цохин хуу хамчихдаг. Арьс шир ч ялгаагүй. Эмээлтэд эзэн суусан өмнөд хөршийнхөн замаас  нь худалдаж аваад анхан шатны боловсруулалтыг нь манай хэдэн үйлдвэрээр хийлгэчихдэг. Арьс  шир нь урд хөрш рүү ачигдаж, харин бид Туул голоо бохирдуулаад үлддэг. Хэрэв арьс ширээ дотооддоо боловсруулаад бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргавал “оргиналь” арьсан эдлэлд гадныхан гар татах нь юу л бол. Энэ бол эдийн засгийн том боломж. Бэлчээрийн монгол малын мах гэж бүр ч том боломж бий. Малаа эрүүлжүүлчихээд махаа гаргаад байхад хариуд нь ногоон мөнгө урсаад ороод ирнэ.   
Монголд юу байна, нүүрс л байна. Үүнийгээ түүхийгээр нь бус эрчим хүч үйлдвэрлээд экспортолвол  урд зүгт бэлээхэн зах зээл байна. Ойрын үед гэхэд оросууд Хятадад жилдээ 38 тэрбум  кВт/цаг цахилгаан эрчим хүч экспортлохоор зорьж байна. 

Хэнд ч тодорхой энэ мэт наад захын боломжуудыг бодит байдал болгоход эдийн засгийн удирдлагыг төгөлдөржүүлэх явдал чухал ач холбогдолтой.  
Монгол Улсын эдийн засгийг 2012-2016 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт олон тулгуурт эдийн засгийн бодлогын хүрээнд уул уурхайн салбарын дэмжлэгээр жижиг, дунд, том үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, ур чадвар бүхий ажиллах хүчнийг бэлтгэх, ашигт малтмалын бус салбарыг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн байна билээ. Мөн МАН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч  энэ асуудал багагүй хувийг эзэлж байна.

Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахад гарч байгаа хамгийн дорвитой өөрчлөлт бол  Европын холбооны стандартыг Монголд нутагшуулахаар зорьж буй явдал. Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийн хөгжлийг эрчимжүүлэх,  олон улсын стандартад тулгуурласан хөгжлийн загварыг бий болгох, дотоодын зах зээлээ хамгаалах боломж олгох болно.
Олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлж, дархлаажуулах нь хойшлуулах боломжгүй асуудал.

Өөрөөр хэлбэл, ярихаасаа илүү ажил хэрэг болгомоор байна гэсэн үг. Нэг л их нөхцөл боломж, нартай өдрийг хүлээх бус  алхам алхмаар  эдийн засгаа хувиргаж, уул уурхайн хэт хамаарлаас зайлсхийе. Ингэж чадвал эдийн засагтаа хийж буй эрүүлжүүлэх вакцин болно гэсэн үг бус уу.

П.Булган
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ