Луугийн эрхшээлд орсон улаан металлын ханшийн хэлбэлзэл
2012 оны 5 сарын 4
Луугийн эрхшээлд орсон улаан металлын ханшийн хэлбэлзэл
Манай эдийн засаг түүхий эдээс хараат гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Эмзэг эдийн засгаа “цунами”-д өртүүлчихгүйн тулд дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханшийн хэлбэлзлийг төсөөлөх чадвартай болох нь манай улсын хувьд нэн чухал болоод буй. Хэдийгээр нүүрсний экспортын хэмжээ зэсийнхээс давж эхэлсэн ч манай улс зэсийн ханшаас хамааралтай хэвээр байна.

Барилга бүтээн байгуулалт, харилцаа холбоо, тээвэр гээд олон салбарт шаардагддаг түүхий эд бол зэс. Тиймээс зэсийн хэрэглээгээр нь тухайн улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг тодорхойлж болдог ч гэж зарим эдийн засагч үздэг. Зэсийн зах зээл дэх ханшийн хэлбэлзлийг зөгнөнө гэдэг бараг боломжгүй мэт боловч уг зах зээлийн манипуляци нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж орхидог байна.

Өнгөрсөн долоо хоногт улаан металлын ханш зургаан хувиар чангарсны үр дүнд өчигдрийн байдлаар тонн нь 8500 ам.доллар болжээ. Зэс үнэд орсон гол шалтгаан нь АНУ болон Хятадын үйлдвэрлэл сэргэсэнтэй холбоотой аж. Өнгөрсөн мягмар гаригт дээрх хоёр орны үйлдвэрлэл илт сэргэснийг онцолсон судалгаа гарчээ. Үүний зэрэгцээ Лондоны металлын биржид бүртгэлтэй компаниудын хадгалж буй бүтэн боловсруулсан зэсийн нөөц дундарсан нь нөлөөлсөн байна. Лондоны металлын биржид худалдахад бэлэн улаан металлын нөөц 250 мянган тоннд хүрсэн нь 2008 оны аравдугаар сар буюу дэлхийн эдийн засгийн хямралын үеийнхтэй адил хэмжээнд дүйж буй. Гэтэл Хятадад байдал эсрэгээрээ байгаа аж. Урд хөршийн зэсийн агуулахууд бараагаа багтааж ядаж байгаа тухай “Mining.com” онцолсон байна. Учир нь тус улс эдийн засгийн өсөлтөө хазаарлан жилийн найман хувьд барихаар болсон нь зэсийн хэрэглээг бууруулсан гэнэ. Үүний зэрэгцээ өмнөд хөршийн урдаа барьдаг зэсийн компани нь их хэмжээний улаан металлыг экспортлохоор төлөвлөж буй аж. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр Шанхай нөөцөлж хадгалсан 600 мянган тонн зэсээ өнгөрсөн даваа гаригаас эхлэн экспортолж эхэлжээ.

Лондонд төвтэй металл судалгааны CRU группийн мэдэгдсэнээр дэлхийн боловсруулсан нийт зэсийн 58 хувь нь Хятадад хадгалагдаж буй. Үүнээс гадна тус улс Засгийн газрын түвшинд стратегийн ач холбогдолтой нөөцөлсөн зэсийг нийлүүлбэл тэд гурван сая гаруй тонн боловсруулсан зэстэй. Энэ нь хагас жилийн өмнөхөөс 40 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Тиймээс зэсийн зах зээлийн өнгийг хятадууд тодорхойлохын зэрэгцээ хүссэнээрээ манипуляци хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд есөн сарын хугацаанд худалдах хэмжээний зэсийг ганцхан орон хадгалж байгаа нь бусад хөрөнгө оруулагчдад эрсдэл учруулж буй.

Нөөцөөс гадна нийлүүлэгч буюу олборлогчдоос уг зах зээл нэлээд шалтгаална. Энэ зах зээлийн нийлүүлэлтийн график хэлбэлзэлгүй зурагдсаар өнөөдрийг хүрсэн. Олон улсын зэс судлалын хүрээлэнгийн тооцоолсноор зэсийн олборлолт жилд 6.6 хувиар өсөх бөгөөд 2015 он гэхэд жилийн олборлолтын хэмжээ 26.2 сая тоннд хүрэх аж. Энэ нь өнгөрсөн оныхоос 30 хувиар өссөн төсөөлөл юм. Ерөнхийдөө олборлолт ийм хэмжээнд хүрч байж зах зээл тогтвортой байх үндэс суурь нь болох аж. Хэдийгээр ийм хүлээлт байгаа ч уг олборлолтын дийлэнх хувийг Өмнөд Америкаас хангана гэж үзэж буй. Гэвч Өмнөд Америк дахь уул уурхайн олон төсөл хэрэгжихгүй болж магадгүйд хүрээд байгаа гэнэ. Учир нь уг тивийн улс орнуудад цалин хөлсний доод хэмжээ өсч, эрчим хүчний үнэ нэмэгдэн улс төрийн тогтворгүй байдал, төслийн санхүүжилт болон инженерийн хомсдол, хүрээлэн буй орчныг хамгаалах хатуу хууль гээд олон зүйл нөлөөлж буй. Үүнээс үзэхэд дэлхийн зэсийн зах зээлийг ойрын жилүүдэд Хятад улс захирах нь.
А.АРИУНБОЛД
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ