Ерөнхий сайдын мэдээлэл АН-ынханд падгүй
2013 оны 12 сарын 3
Ерөнхий сайдын мэдээлэл АН-ынханд падгүй
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар “Нээлттэй, ухаалаг төр лүү хийгдэж байгаа ажлууд” гэх сүржин нэртэй даржин мэдээлэл тавьсан юм. Ингэж онцлохын учир нь УИХ дахь МАН-ын бүлгийнхэн түүний мэдээлэлтэй холбогдуулж мэдэгдэл хийсэн. Үүндээ Ерөнхий сайдыг далайцтай, том ажлын талаар дурдсангүй гэж үзсэн билээ. Өөрөөр хэлбэл “Ухаалаг, цахим ертөнцийн хүрээнд хийсэн ажил нь хэлбэрийн талаа барьж, агуулгаа орхисон байдал харагдлаа. Төрийн бүтэц данхар байгаа учир ухаалаг рүү гэдэг байдалд хэр нийцсэн нь анхаарал татаж байна. Мөн хүсэн хүлээж байгаа ажлыг орхигдуулсан. Улс төрийн тогтвортой байдал, зөвшилцөл, баялгийн хуваарилалт зэрэг ард түмний хүсэн хүлээсэн ажлыг хэрэгжүүлэх шаардлага бий. Тиймээс далайцтай, том ажлын талаар дурдсангүй гэж үзэж байна” гэдгээ чуулганы индэр дээрээс мэдэгдсэн. Харин тэдний энэ мэдэгдэл чуулганы танхимд Н.Алтанхуягийн нөхдөд нэг их хүртээлгүй байсан гэхэд болно. Учир нь тэд энэ үгийг хоёр чихээрээ сонсох нь байтугай чуулганы хуралдаанд АН-ын олонхи гишүүн нь бараагаа харагдуулаагүй нь харамсалтай.

Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл хийхэд олонхи асуулт тавихгүй гэдэг  хууль үйлчилдэг. Үүнд нь бас “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хоёр гишүүнд хамаатай. Харин цөөнхийн бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Ухаалаг төртэй болох талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Гэхдээ энэ бүхнийг хийгээд ухаалаг төртэй болохгүй л дээ. Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, парламент хяналтгүй болсон. Хувийн хэвшлийн ажил руу хутгалдан орж байгаа талаар  ч хөндсөн. Энэ чиглэлээр ажил хийх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн ч түүний үгийг олонхи бас л сонсолгүй өнгөрсөн. Чуулганы танхимд олонхийг бүрдүүлж суудаг жигүүрийн хэсэгт АН-ынхан, тэр дундаа Ерөнхий сайдынхан ангийнхан бараг л байгаагүй. Харин Ж.Энхбаяр гишүүн “Монголын төр том, жижигдээ биш ухаалаг байх хэрэгтэй. Яам, агентлагийн ажлыг яриад ухаатай байгаа гэдэгтэй нийцэхгүй байна. Хөрөнгө оруулалт эрс багасаж, монгол төгрөгийг ханш 30 хувь буурлаа. Гадаад худалдааны алдагдал олон тэрбумаар яригдаж, Монгол Улс экспорт чадвараа алдав. Гурван их наяд төгрөгийг өгөөд байхад орон сууцны үнэ яагаад өсөв гэдгийг та хариуцах ёстой. Та сайн сайхан, ухаантай болж байна гэж хэдий хүртэл ярих вэ. Эмчилгээ хийж, оношоо зөв тогтоох цагаа алдаж байна” гэхэд Засгийн газрын тэргүүн “Өнөөдрийн мэдээлэл сэдвээсээ хальж болох юм уу. УИХ-ын гишүүн асууж байгаа болохоор хариулъя. Гэхдээ та намайг сонсохгүй байхад би хариулахгүй” гэж ёстой нэг ухаалаг байдлаа харуулчихсан юм.

Ер нь АН-ын гишүүд намынхаа дарга, тэр дундаа Ерөнхий сайдын үгийг чуулганы танхимд чихгүй толгой мэт хүлээж авахын учир юу вэ. Энэ бол яах аргагүй УИХ-ын танхимд тав дахь өдөр бүр хэрэгждэг. Тэгэхээр нэг бол Ерөнхий сайд нь ухаалаг төр гэж тэднийг хэтэрхий их залхаасан. Эвсэл АН-ынхан Засгийн газрын тэргүүний бурж байгаа зүйлийг сонссон ч яах вэ гэдэг дүр зургийг байнга үзүүлдэг болсон нь тэр үү. Ямар ч байсан “Мөддөө ухаан суух болоогүй” гэж хэлсэн “ухаангүй” Ерөнхий сайдын үгийг АН-ынх нь нөхөд чуулганы танхимдаа бүрэн бүрэлдэхүүнээр суугаад нэг удаа ч болов сонсчихвол яасан юм бэ.


С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив