Эмэгтэй гишүүд Ж.Батзанданг “буланд” шахав
2013 оны 12 сарын 9
Эмэгтэй гишүүд Ж.Батзанданг “буланд” шахав
Өнгөрсөн нэгдүгээр сарын 14. УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн өндөр дээд албан тушаалтнууд луйвраар олсон мөнгөөрөө хилийн чанадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг, үнэт цаасны арилжаанд оролцдог байдлыг хязгаарлах, эхнэр хүүхдээ гадны орнуудад амьдруулж, сургалтад хамруулан тансаглуулдаг байдлыг хазаарлах. Мөн төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүс гадаад нөхөртэй, эсвэл эхнэртэй бол тэдгээр нь Монголын иргэншилтэй болох, цаашлаад Монголын төрийн нууцыг цааш задруулахгүй байхыг хуулиар зохицуулах тухай хуулийн төсөл өргөн байсан юм. Гэтэл энэ үед гадаад нөхөртэй Ц.Оюунгэрэл гишүүн Ж.Батзандан руу утас цохиж “Наад хуулийн төслөө боливол таарна” хэмээн нэлээд гоморхонгуй хандсан байдаг. Гэвч хууль санаачлагч “Танд зориулж биш, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа 200 гаруй хүнд зориулж энэ хуулийг санаачилсан” гэснээр хоёр гишүүний хувьд нэг нэгэндээ тунирхаж, сүүлдээ хоорондоо захидал илгээснээр асуудал намжиж байсан юм.

Харин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулахад гишүүд “Хуулийн төслийн оффшор гэсэн нэр томъёо нь оффшор бүс, банк, данс гэсэн ойлголттой уялдаа муутай байна. Гэр бүлийн байдлаас болоод төрийн албан хаагчдад тодорхой хязгаарлалт тогтоох нь манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудтай зөрчилдөж болзошгүй. Тийм учраас томъёоллоо нарийвчилж оновчтой болгох, хуулийн зохицуулалтад хамрагдах албан тушаалтнуудын хүрээг хумих хэрэгтэй” хэмээсэн.  Мөн оффшор бүсэд бүртгэлтэй банк, санхүүгийн байгууллагатай хэрхэн харилцах асуудлыг нарийвчилж тусгах, төслийг Мөнгө угаах, террроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжтой нийцүүлэх нь хэрэгтэй гэдгийг сануулсан. Гэвч төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжээгүй. Харин чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхэд Ж.Батзандан гишүүний санаачилсан хуулийн төсөл сэхээнд орсон. Гэвч эмэгтэй гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Өөрөөр хэлбэл, тэд Ж.Батзандан гишүүнийг “буланд” шахсан нь анхаарал татсан билээ. Өмнө нь энэ хуулийн төслийг өргөн барихад Ц.Оюунгэрэл гишүүн татаж авахыг сануулж байхад тэд дуугарсан билүү. Гэвч чуулганаар хэлэлцүүлэхэд Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг гишүүн нараас эхлүүлээд үг, хэлээрээ “дайн” зарлаж суугаа нь асуудлыг улам дэвэргэж орхисон юм. Тэр байтугай Р.Бурмаа гишүүн санал хураалтын үеэр энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа зүгээр ч нэг илэрхийлээгүй юм. Учир нь бусад эмэгтэй гишүүнийхээ картыг сугалж, Ж.Батзандан гишүүнийг бухимдуулж байсан билээ.

УИХ дахь АН дотроо гишүүдээ шүүмжилж, хэлэх гэснээ хэнээс ч айлгүй хэлчихдэг Ж.Батзандан гишүүний хувьд ардчиллыг замбараагүй байлгах ёсгүй гэсэндээ энэ хуулийг санаачилсан гэдэг. Тэрбээр “Монголын үе үеийн сайд, дарга нар Зөвлөлт улсын үед тагнуулаар бэлтгэгдсэн орос бүсгүйчүүлтэй амьдралаа холбож байсан. Тэгээд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн улсын нууцыг мэдэж байдаг. Тиймээс гадны хүнтэй гэр бүл болох нь улсын нууцын хувьд баталгаатай байж чадахгүй. Азийн улс орнуудад ямар жишиг байдгийг сонирхвол, Япон, Солонгос, БНХАУ-д төрийн өндөр дээд албан тушаалд томилогдож байгаа хүнийг гадны улс орноос гэр бүлтэй болсон л бол ямар ч сайн ажилтан байсан шууд л түдгэлзүүлдэг. Манай улс үүнтэй адил байх ёстой” хэмээсэн нь бий. Харин яагаад манай эмэгтэй гишүүд энэ хуулийн төслийг эсэргүүцэж, шүүмжлэх болов.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг

-Глобалчлагдаж байгаа дэлхий ертөнц дээр гадаад эхнэр, нөхөр гэж ярих нь утгагүй юм. Гадаадын хүнтэй суусныхаа төлөө эрх нь хаагдана гэдэг нь харамстай. Амьдрал дээр аваад үзэхэд эрэгтэй хүн тухайн албан тушаал дээр очиход эхнэрээ сольчиж болно. Харин үүний цаана эмэгтэйчүүд хохирно. Гадаад нөхөртэй эмэгтэй хүн байлаа гэхэд төрийн өндөр албан тушаалд очиж чадахгүй л болох юм байна. Хүний эрхийн зөрчилтэй, жендерийн мэндрэмжгүй албан болон албан бус хууль, журам гаргадгаа болиоч ээ. Энэ цэнхэр дэлхий дээр Ж.Батзандан гишүүний үзээгүй, хараагүй зүйл байгаа. Тэгэхээр энэ утгагүй зүйлээ татаж аваач гэж хүсэж байна. Хүний эрхийн зөрчил бүхий заалттай энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй.



С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив