Огцруулах дараагийн сайд хэн бэ
2013 оны 12 сарын 18
Огцруулах дараагийн сайд хэн бэ
УИХ дахь цөөнх эрх баригч хүчинд өчигдөр хатуухан шиг сануулга барилаа. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, төсвийн асуудал хариуцаж буй сайд нарыг огцруулж, тэдний оронд өөр шинэ хүмүүсийг томилох шийдвэрийн төслөө УИХ-ын даргад өргөн барьсан хэрэг. МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт тусгайлан анхаарал хандуулж, тэдэнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэн эцэстээ гишүүд гарын үсэг зурсан. Харин энэ хүсэлтээ УИХ-ын даргад уламжилсан юм. Гэхдээ Засгийн газрын хоёр сайдыг Төсвийн орлого тасарсан, гадны хөрөнгө оруулалт буурсан, өрийн хэмжээ нэмэгдсэн. Төсвийн хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа гэдгээр огцруулах үндэслэл болгосон. Энэ бол тэдэнд гэнэтийн биш урьтал болж ирсэн сануулга гэвэл таарна. Учир нь олонхийн бүлгийн гишүүн Р.Амаржаргал өнөөгийн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, тэдний өмнөөс хариуцлага тооцъё гэдгээр асуудал хөндсөн. Тэр байтугай УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан ч энэ бүгдэд олонхи олонхийн хүчээр түрий барьж, хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл энэ УИХ, Засгийн газарт байхгүй мэтээр аягласан. Харин энэ сануулга МАН-ын бүлгээр дамжиж Ч.Улаан, Н.Батбаяр сайдыг огцруулахаар хүчтэй гэгч нь тавигдлаа. Арга ч үгүй. Засгийн газрын тэргүүн нь хүртэл хариуцлагаас мултарч, өөртөө тааруулж хууль, журам ярьж байгаа учир УИХ дахь цөөнхийн бүлгийг “уурлуулахад” хүргэсэн. Тэдний зүгээс ч хариуцлага алдаж байгаа сайд нарыг огцруулахаас ч өөр аргагүй.

Харин энэ удаа Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг ониллоо. Тэгвэл огцруулах дараагийн сайд хэн байх вэ гэдэг нь тэдний хувьд ногоон гэрлээр шийдэх зүйл. Энэ асуудалд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Ард түмний амьдрал хүнд байгаа нь яах аргагүй Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой. Тиймээс эхний ээлжинд эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан сайдуудад хариуцлага тооцно. Цаашдаа иргэдийн санаа бодлыг сонсохгүй, хариуцлагагүй ажиллаж буй сайд нарт хариуцлага тооцох асуудлыг ярина" гэсэн нь тов тодорхой байгаа юм. Тэгэхээр дараагийн сайд нь хариуцлагагүй нь огцорно гэдэг уламжлал тогтох нь. Харин тэдний эгнээнд хэн элсэх бол. Магадгүй шүүхийн шинэчлэл нэрийдлээр бүхэл бүтэн эмнэлгийн барилгыг  өөрийн болгож байгаа Хууль зүйн сайд уу. Эсвэл ГССҮТ-д “дайн” зарлуулсан эрүүл мэндийн салбар багтах уу. Энэ бол асуулт төдий.

С.Бямбацогт гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар саяхан сонгогдон ажиллаж байгаа. Тэрбээр албан үүргээр хүлээж авахдаа “Сөрөг хүчин буюу цөөнхийн бүлгийн дарга хийнэ гэдэг амар ажил биш. Хариуцлагатай, санаачилгатай, идэвх чармайлт гаргаж хийх ёстой. Тиймээс үүнийг албан тушаал, дарга гэхээс илүүтэй зохицуулагч, менежер гэж ойлгож байгаа. МАН-ын XXVII Их хурлаас хойш намын бүлгийн гишүүд 21 аймаг, есөн дүүрэгт ажилласан. Ажиллаж байх явцад бүлгийн гишүүдийг илүү санаачилгатай ажиллаач гэсэн шаардлагыг намын гишүүд, ард иргэд тавьж байсан. Тийм болохоор бидний өмнө хийх ажил нэлээд их байгаа. Энэ бүлгийг сөрдөг биш бүтээлч байлгахын тулд өөрөөс хамаарах бүхнийг хийж ажиллана” гэж мэдэгдсэн. Тэгвэл түүний бүтээлч ажлын нэг нь сайд нарт хариуцлага тооцох асуудал болж, эхний сумаа тавьж байгаа нь ч үүнээс тодорхой. Харин МАН-ын даргаар сонгогдсон М.Энхболдод намын нөхөд нь Н.Алтанхуягийн Засгийн газрын хувь заяаг шийдэх эрх мэдэл өгсөн. Тэрбээр эрх мэдлийнхээ хүрээнд Н.Алтанхуягийн “фракци”-аас хоёр сайдыг нь сугалж авах алхмыг эхлүүлчихлээ. Харин дараагийн алхмууд юу байх бол гэдэг нь сонирхолтой асуулт хэвээр үлдлээ.



С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив