Улиран одож буй 2013 он харгис хүчирхийллийн төгсгөл байгаасай
2014 оны 1 сарын 3
Улиран одож буй 2013 он харгис хүчирхийллийн төгсгөл байгаасай
Сүүлийн үед Монгол Улсын хацар гоо охид, бүсгүйчүүд эмэгнэлтэйгээр бусдын гарт өртөж, амь насаа алдах явдал газар авлаа. Сэтгэл сэрдхийлгэм үйл явдал шил шилээ даран гарсаар байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Малайз улсад хүний наймааны золиос болж амь насаа алдсан эмэгтэйн дуулиан тасраагүй байхад өөрийн төрсөн нутагтаа найз залуугынхаа гарт 48 цаг зодуулж нас барсан охины эмэгнэлтэй түүх үргэлжилсэн. Түүнчлэн шүүх рүү явах замдаа нөхөртөө зодуулж нас барсан эмэгтэй, гэрийнхээ гаднаас ор сураггүй алга болсон охин гээд л үргэлжилнэ. Монголчууд эрт дээр үеэсээ эмэгтэй хүний эрхэнд халдахыг цээрлэсээр ирсэн. Охин, ээж, ханиа эрднийн дээд эрдэнэ гэж хүндэлдэг байсан нь бидний түүх.  Бүр саяхан социализмын үед хүртэл хүчингийн хэргийг хамгийн адгийн хэрэгт оруулж тооцдог байжээ. “Улаан махны хэрэг” гэж үүнийг жигшин үздэг байсан бөгөөд ийм хэрэг хийсэн хүнийг нийгэм даяараа жигшин зэвүүцдэг  байв. Гэвч өнөөдөр хүний мөс чанар гэдэг зүйл уландаа гишгэгдэж эмэгтэй хүнийг өтнөөс дорд үзэж, тамлан зовоох нь борооны дараах мөөг шиг элбэг болжээ. Өнөөдөр хүн амины хэргээр хоригдож буй эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь байнгын дарамт, гэр бүлийн таагүй харилцаанаас болж, нөхрөө хөнөөсөн байдаг байна. Манай улсад 2013 онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгджээ.

        Хэд хоногийн өмнө найз залуудаа 48 цагийн турш зодуулж, биедээ олон хүнд гэмтэл авч ухаангүй эмнэлэгт ирж, улмаар амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэн нь өчигдөр мэдээлэл хийв. Тэдний мэдээлэл хийх болсон шалтгаан нь шүүхээс охиныг гадны нөлөөгүй амиа алдсан гэх дүгнэлт гаргажээ. Охиных нь найз залуу хэмээх н.Алтанхүүг буруугүй, охин нь амиа алдахдаа гадны нөлөө байгаагүй гэдэг шүүх эмнэлгийн хариуг тэд эрс эсэргүүцэж гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Амиа алдсан охин биедээ хүнд гэмтэл авч, зодуур даалгүй амиа алдсан болохыг тусламж үзүүлсэн эмнэлэг хэлээд байгаа. Харин өмнө нь гэр бүлтэй байсан гэх н.Алтанхүү гэгч залуу талийгаачаас олон насаар ах бөгөөд түүнийг байнга дарамталж, тарчлаадаг байсныг найз нөхөд, ойр тойрны хүмүүс нь батлаад байгаа юм. Түүнчлэн хэрэг хийсэн этгээдийн ар гэрийнхэн нь  хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаж, уучлалт ч гуйгаагүйн дээр Шүүх эмнэлэгт авилгал өгсөн гэж үзэж байгаагаа хэлсэн. Энэ хэрэгт өмгөөлөл үзүүлж байгаа хуульч М.Ичинноров шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн бөгөөд  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагааг шударга байлгаж, хэргийн үнэн мөнийг тогтооход өөрийн эрх мэдлийн хүрээнд анхааралдаа авч ажиллах хүсэлт гаргасан байна.Мөн шүүх эмнэлгийн шинжээч эмч н.Энхбаяр, н.Ганбаяр, н.Чулуунцэцэг нарыг АТГ-т шалгуулахаар хандаад байгаа аж. Харин хохирогч охины аав н.Бадрах ярихдаа “Миний охинд хавдар байтугай хууч өвчин ч байгаагүй. Нэг дугаараас гураваас дээш удаа залгасан байвал хардаж, зоддог байсан талаар найзууд нь надад хэлсэн. Гэтэл өнөөдөр Шүүх эмнэлгийн дүгнэлт гадны нөлөөгүй гэж гарч байгаа нь үнэхээр харамсалтай” хэмээн ярьсан юм.

      Шүүх эмнэлэгийн дээрх инээдтэй ч гэмээр дүгнэлт олон хүнийг эргэлзэж, гайхшуулахад хүргээд байна. н.Алтанхүүг хэргээс мултлахын тулд ар гэрийнхэн нь түүнийг сэтгэцийн өвчтэй гэсэн цуурхалыг нийгэмд тарааж эхэлсэн гэх мэдээлэл бий. Гэтэл тэрбээр автомашины томоохон худалдаа эрхэлдэг байжээ. Монгол Улсад хэдэн халтар төгрөг л байвал хүний амь насыг юман чинээ бодохоо байсан энэ үед магадгүй шүүх эмнэлэг  н.Алтанхүүгийн ар гэрийнхээс авилгал авсныг үгүйсгэхийн аргагүй. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэд хоногийн өмнө нэгэн илтгэлдээ “Гэр бүлийн хүчирхийлэгч гэм зэмгүй явдаг цаг өнгөрсөн. Энэ 2013 он бол тэр хүмүүст сүүлчийн он байх болно. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болно. Гэр бүлдээ хүчирхийлэл, зовлон учруулдаг хүн бүхэн хуулийн хариуцлага хүлээдэг болно гэдгийг энд хэлье. Монгол Улсын төр хохирогчийн талд л зогсч байх ёстой. Хохирогчийн талд зогсдог хууль хэрэгтэй байгаа юм” хэмээжээ. Тийм ээ, Монголын шүүх, хуулийн байгууллага хохирогчийн талд зогсдог баймаар байна. Улиран одож буй 2013 он харгис хүчирхийлэгчдийн сүүлчийн он байгаасай.
 

У.САРАНГЭРЭЛ



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив