Дархлаажуулалтын ач холбогдлыг мартаж болохгүй
2014 оны 1 сарын 7
Дархлаажуулалтын ач холбогдлыг мартаж болохгүй
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр сахуу, татрангийн вакцинд хамрагдсанаас болж зарим хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тухай бичих боллоо. Үнэхээр вакцинд хамрагдсанаар ямар нэгэн хүндрэл гарах уу? Нийтлэлд нэр дурдагдаад байгаа хүүхдийн хувьд ямар учиртай болох тухай, ер нь дархлаажуулалтын ач холбогдол үр нөлөөний тухай ярилцахаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга Д.Гантулгатай ярилцлаа.

  Сахуу, татрангийн вакцин хүүхдэд ямар хүндрэл үзүүлдэг вэ?

- Сахуу, татрангийн вакцин ямар нэгэн бактери, вирус агуулдаггүй уг өвчнүүдээс сэргийлэх зорилготой хоргүйсгүүр. Хоргүйсгүүр нь үхүүлсэн буюу идэвхигүйжүүлсэн бактери, вирус бус тэдгээрийн хорын идэвхигүйжүүлсэн хэлбэр юм. Хоргүйсгүүр учраас дээрх 2 өвчний нянгийн эргэлтэнд нөлөөлөхгүй хүүхэд дархлаагүй бол дээрх өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай гэсэн үг. Хүүхдийн 1 настайд нь хийсэн идэвхтэй дархлаа 7, 15 настайд нь суларч өвчлөх эрсдлийг бий болгодог. Энэ үед нь дархлал сэргээх зорилгоор давтан хийдэг.  

-Сахуу, татрангийн вакцин өөрөө хамгийн аюүлгүй, хүндрэл үзүүлдэггүй вакцины  нэг. Нийт тариулсан  хүүхдийн 10 хүртэл хувьд халуурах, хавдах, улайх шинж тэмдэг илэрч 2-3 хоногт өөрөө арилдаг. Нэг сая тарилганд 1-2 анафилактик шок илэрч болдог ийм л вакцин. Хүүхдийг эмч үзэж үнэлээд, вакцинжуулсны дараа  30 минут анафилактик шокийн эрсдлээс сэргийлж хяналтандаа байлгадаг.  

-Яагаад зарим хүүхдэд нь урвал илэрдэг юм бол?

-Дархлаажуулалт гэдэг нь энгийн үгээр хэлвэл өвчин үүсгэдэг нян, вирустай ижил төстэй уураг, хоргүйсгүүр, эсвэл хэдэн зуу дахин сулруулсан вирусээр хүний дархлааны тогтолцоог хуурч, хүүхдийг тухайн халдвараар өвдөхгүй болгож байна гэсэн үг. Хүүхэд болгон, хүн болгон байгалийн бодгаль, өөрийн физиологийн онцлогтой байдаг. Зарим хүмүүс төмрөнд, зарим нь хөнгөн цагаанд, зарим нь гоймонд, зарим нь нарны харшилтай байдаг. Саван, угаалгын нунтаг, уруулын будаг гэх мэт энэ их химийн бодисын хэрэглээ, агаарын тоосжилт, утаа, янз бүрийн гаралтай хоол хүнс хэрэглэж байгаа тохиолдолд харшил, хүний биеийн дархлаа хэт мэдрэмтгий болж янз бүрийн хариу урвал үзүүлж байна. Бид нарны, хөнгөн цагааны харшилтай гээд нарыг, хөнгөн цагааныг буруутгаад байдаггүй биз дээ. Жишээлвэл вакцин хийсэн 999,999 хүүхдэд зүв зүгээр, 1-2 тохиолдолд анафилактик шок бүртгэгдэг гэдэг нь вакцин гэхээсээ илүү тухайн хүүхдийн дархлаа хэт мэдрэг урвал өгч байнаа л гэсэн үг.   

-Ер вакциныг хаанаас авдаг, яаж аюүлгүй хадгалдаг талаар мэдээлэл өгнө үү?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баталгаажуулсан гэрчилгээтэй, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийлүүлэгдсэн чанар, аюулгүй бүрэн баталгаатай вакцинаар товлолын дагуу хүүхдийг дархлаажуулдаг. Сахуу, татрангийн вакциныг Энэтхэгийн Сериум үйлдвэрт үйлдвэрлэсэн. Хадгалалт тээврлэлтийн хувьд ямарч асуудал байхгүй. Манай ХӨСҮТ-ийн Вакцин хадгалах төв агуулах загвар агуулах Хойт Солонгос, Бутан, Камбожийн мэргэжил нэгтэй нөхдүүд ирж туршлага судалсан, хэмийн хяналтын сүүлийн үеийн хэрэгслээр тоноглогдсон.

-Эцэг, эхчүүдийн дунд эргэлзээ төрч байна. Ауюлгүй гэдэгт бүрэн итгэж болох уу?

-Тухайн вакцин үйлдвэрлэгчийн үйлдвэрлэж буй вакцины дараа илэрч байгаа урвал, дархлаа тогтоох чадавхи, хэрэглэж буй аппарат, технологи, халдвар хамгааллын дэглэм, тоосонцорын хэмжээ, хүн хүч зэрэг үйлдвэрийн бүхий л шатанд хяналт хийж, чанар, аюулгүй байдлыг тодорхойлсны дараа ДЭМБ-ын гэрчилгээг олгодог журамтай.  
Манай эмч мэргэжилтнүүд ч гэсэн вакцин үйлдвэрлэдэг дэлхийд нэрд гарсан үйлдвэр дээр сургалт хийхэд тухайн үйлдвэр чанарын хяналтын 2 албатай, 2 албаа хянаж байдаг чанарын багтай байх бөгөөд дээрх алба, багт жар гаруй хүн ажилладаг юм билээ. Энд вакцин үйлдвэрлэдэг, савладаг дамжлагт нь нэг ч нян, тоосонцор байхааргүйгээр ариун цэврийн дээд зэргийн орчныг бүрдүүлсэн байдаг. Дэлхийн олон улсад  өөрийн вакцины технологио нэвтрүүлсэн хөрөнгө, чадалтай том үйлдвэр гэхэд зөвхөн ганцхан салхинцэцэгийн вакцин даа л ДЭМБ-ын гэрчилгээг авсан байна гэж бодохоор тэр гэрчилгээг маш нарийн шалгуур, хяналтын доор өгдөг нь тодорхой. Эцэг, эхчүүд вакцины чанар, аюулгүй байдалд эргэлзэх хэрэггүй.

-Тэгвэл яагаад дархлаажуулалтад хамрагдсанаас болоод хүүхэд эрүүл мэндээрээ хохироод байна гэсэн яриа гараад байна вэ?


Сүүлийн үед яригдаад байгаа Баянхонгор аймгийн харьяат долоон настай охины хувьд хүүхдийн дархлааг сэргээдэг сахуу, татрангийн вакцинд хамрагдсан. Охин ийм өвчтэй, зовж, шаналж байгаа нь үнэхээр өрөвдмөөр байна. Охиныхоо төлөө сэтгэл зовж байгаа аав, ээжийг ойлгож байна. Монголын хүүхдийн буян заяа түшиж хурдан эдгэрэх бол уу гэж бодож байна. Охинд тохиолдсон өвчин нь дархлаажуулалтын вакцинд хамрагдсанаас шууд үүдэлтэй гэж хэлэх боломжгүй. Учир нь манай эмч мэргэжилтнүүд судлаад сахуу, татрангийн вакцин, охины өвдсөн өвчин шалтгаан хамаарал байхгүй гэж үзсэн. Өнгөрсөн 10 дугаар сард болсон уламжлалт Дархлаажуулалтын 10 хоногийн үеэр Баянхонгор аймагт 2800 гаруй хүүхэд уг вакцинд хамрагдаж, 54 хүүхдэд хэсэг газрын урвал халуурах, хэсэг газар улайх, хавдах шинж илэрсэн тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд мэдээлэл ирсэн.
Эрхэм эцэг, эхчүүд системный васкулит өвчин сахуу, татрангийн вакцинтай шалтгаан хамааралтай эсэх талаар интернетээс хайлт хийж болно. Өнөөдөр мэдээлэл чөлөөтэй, эх сурвалж маш олон. Хамгийн их хандалттай мэдээллийг үзэхэд янз бүрийн вирус нянгийн халдвар, В гепатитийн халдвар, антибиотикийн харшил, цусны өвчин зэргээс үүсдэг гэдэг нь тогтоогдсон.
Бид Дэлхийн 120 гаруй улс, 1967 оноос хойш мэдээллээ өгдөг санд ороход Сахуу, татрангийн вакцинтай холбоотойгоор системный васкулит узельковый периартирит үүссэн  тохиолдол  дэлхий дээр бүртгэгдсэн тохиолдол нэг ч байхгүй байна.   

-Дархлаажуулалттай давхцаж илэрсэн ийм тохиолдол өмнө нь бүртгэгдэж байсан уу? Таван сартай хүүхэд татаад байгаа талаар Та юу хэлэх вэ.


-Тийм тохиолдол гарч байгаагүй гэж манай ахмад мэргэжилтнүүд ярьж байна.
Тавт вакцины дараа таталт өгсөн тохиолдлын хувьд мэдрэлийн эмч үзээд Постгипоксическая и эпилептическая энцефалопатия, Вестийн хам шинж гэсэн оношилсон. Эмч, мэргэжилтнүүд энэ тохиолдолд холбогдох тушаалын дагуу тандалт судалгаа хийгээд, энэ өвчнийг дархлаажуулалттай хамааралгүй буюу дархлаажуулалттай давхцаж гарсан эмгэг гэж үзсэн.  
Вестийн хам шинж нь анх 1841 онд буюу сахуу, хөхүүл ханиад, татрангийн найрлагатай вакцин хийж эхлэхээс  100 гаруй жилийн өмнө Вильям Жеймс Вест өөрийн хүүгийн өвчнийг дүрсэлж дэлхийн нэрт хүндтэй Лансет сэтгүүлд тавьснаар Вэстийн синдром буюу хам шинж гэж нэрлэгдсэн.

Уг өвчин нь 3200-3500 тохиолдолд нэг бүртгэгддэг. Энэ өвчний 10 тохиолдол болгоны 9 нь 3 сараас 12 сартай хүүхдэд, ихэвчлэн 5 сартай хүүхдэд тохиолддог байна. Энэ өвчин нь төрөхөөс өмнөх урагийн, төрөх үеийн, төрснөөс хойшх тархины бүтцийн өөрчлөлттэй холбоотой илэрдэг. Өвчний шалтгааныг анагаах ухаан одоо хэр тодорхойлж чадаагүй байна. Энэ талаар эцэг, эхчүүд, хэвлэл мэдээллийнхэн аль ч сайтад хайлт хийж үзэж болно.

-Сонсоод байхад их л нарийн юм байна. Ямарч гэсэн дархлаажуулалт чухал гэдгийг би лав ойлголоо. Хүмүүст учрыг нь гаргаж сайн хэлэх л хэрэгтэй юм байна даа?


-Харин тийм ээ, Хүн ам нийтээрээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагддаг болсноос хойш дээрх вакцинтай халдварт өвчний тохиолдол бүртгэгдэхгүй болохоор ард иргэд, түүнчлэн зарим залуу эмч нар халдварт өвчний эмнэл зүйн шинж тэмдэг, түүний урхаг, хүндрэл, хор хохирлыг мартаж байна.

Сануулахад “Цогт тайж” кинонд тахал өвчний хор хөнөөлийн тухай ямар аймаар үзүүлсэн байдаг билээ. Монголчууд анх 1923 онд цагаан цэцэгийн эсрэг вакцин хэмээх гайхамшигт бэлдмэлийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хэрэглэж эхэлснээр 1940 онд уг өвчнийг устгасан Азийн анхны орон, дэлхийн 2 дахь орон болсон. Үүний үр дүнд Монголын хүн амын гуравны нэг нь буюу 900, 000 хүн үхлийн аюулаас аврагдаж, мөн төдий тооний хүн цоохор нүүртэй болох аюулаас аврагдсан тухай манай судлаачид тэмдэглэдэг.
Сахуу, хөхүүл ханиад 2004 оноос бүртгэгдээгүй, татран сүүлийн таван жилд нэг бүртгэгджээ. “В” гепатитын эсрэг вакциныг нэвтрүүлснээр зөвхөн нэг жилд мянган хүнийг элэгний хорт хавдар, элэгний хатуурлаар нас барахаас хамгаалж байна. Толгой дараалан өвддөг байсан улаанбурхан 2009 оноос хойш огт бүртгэгдсэнгүй. Гахай хавдар, улаанууд, А гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулснаар  өвчлөлийн тоог эрс бууруулсан.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 улс орон 2017 онд В гепатит өвчнийг хяналтандаа авах, 2012 онд улаанбурхан өвчнийг таслан зогсоох зорилт тавьсан бөгөөд Монгол улс эхний зорилтыг 2012 онд хэрэгжүүлж, бүсээр баталгаажуулсан бөгөөд сүүлийн зорилтыг хэрэгжүүлэх хамгийн өндөр магадлалтай 3 улсын нэг нь  (Өмнөд Солонгос, Хонгконгийн хамт) гэж бүс үзэж байна.  

-Анзаараад байхад дархлаажуулалтын талаар ямар нэгэн асуудал хөндөгдөхөд хүмүүс их болгоомжилдог болжээ. Энд тайлбар хэлнэ үү.

- Тиймээ, харилцаа холбоо хөгжихийн хэрээр хүн бүр янз бүрээр өөрийн  үзэл бодол, саналаа хэлж, тэр нь хурдан тарж байна. Ялангуяа сөрөг мэдээ маш хурдан тархаж их зохиолч Марк Твений хэлснээр "Үнэн гутлаа өмсч байхад, худал дэлхийн талыг тойрсон байдаг" үгийг л дахин дахин сануулах боллоо.
Уг нь дархлаажуулалт нь хүн амын өвчлөл нас баралтыг эрс бууруулж, эдийн засгийн хувьд үр дүнтэй, эрүүл мэндийн хувьд үр ашигтай, гайхамшигтай тусламж үйлчилгээ бөгөөд түүний үр дүнд өвчин устсан, эрс буурсан учраас хүн ам бүхэлдээ өвчний хор хохирлоо мартаж байна. Харамсалтай нь өвчнөө мартахын хэрээр дархлаажуулалтын ач холбогдлыг мартаж байгаа нь маш аюултай. Энэ нь нийгэмд маш их эрсдэл дагуулах бөгөөд улаанбурхан, улаанууд, сахуу, хөхүүл ханиад, татран, В гепатит зэрэг халдварт өвчин хэнийг ч арьс өнгө, шашин шүтлэг, боловсрол, баян хоосон ялгахгүйгээр нөмрөх аюулыг ойртуулах болно.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ