Жирэмсэн эхчүүдийн мөрдөж байх 10 зарчим
2014 оны 1 сарын 8
 Жирэмсэн эхчүүдийн мөрдөж байх 10 зарчим
1.    Эрүүл хүүхэд төрүүлье гэвэл - та зөв хооллоорой. Зөв хооллолт гэдэг нь их хэмжээгээр идэх биш харин тэжээллэг амин дэмээр баялаг, олон төрлийн чанартай хоолыг бага багаар иднэ. Эмчийн зөвлөсөн төмрийн бэлдмэл фолийн хүчил, амин дэм, жирэмсний хоолыг заавал хэрэглэж байх.

2.    Та биеийн жингээ хянаж сурах: жин 7 хоногт дунджаар 500гр нэмэгдэх ёстой. Жирэмсний нийт хугацаанд таны жин 10-12кг – аас ихгүй нэмэгдэнэ. Хоолондоо өөх, тос, давс, чихэрлэг зүйл, халуун ногоотой хоолыг багасгаж, жимс ногоог илүү хэрэглэнэ. Жирэмсэн үед жин нэмэгдэх болон дааврын өөрчлөлтөөс болж гэдэс гуя. цээжний хэсгээр язралт үүсэж болно. Үүнээс урьдчилан сэргийлж энэ хэсэгтээ тос түрхэж байнга иллэг хийж байх хэрэгтэй.

3.    Хөдөлгөөнтэй байх: Та өөрөө биеийн жингээ хянаж хоол, хөдөлгөөний дэглэмээр биеийн жингээ зохицуулаарай. Өдөр тутмын хөнгөн дасгал хөдөлгөөн нь арьсны уян налархай байдлыг сайжруулна. Хэрэв та анхны төрөгч бол биеийн тамирын дасгал заалгаж гэртээ хийж болно.

4.    Та сайн амарч байгаарай: Цэвэр агаарт тогтмол явж, хэвтэж амрахдаа зүүн хажуугаараа хэвтэж байвал танд болон хүүхдэд эвтэй байх болно.

5.    Судас бүрхүүлээс хамгаална: Хөлдөө таарсан намхан өсгийтэй чийг даадаггүй гутал өмсөж, суухдаа хөлөө өндөрлөж байх шаардлагатай. Хэрвээ судас бүдүүрвэл зориулалтын оймс өмсөх шаардлагатай. Хүйтэн усаар массаж хийж байх шаардлагатай.

6.    Архи тамхинаас зайлсхий: Та жирэмсэн үедээ архи, тамхи хэрэглэснээр ураг өсөлтгүй болох, ургийн өсөлт, ой ухаан хоцрогдолтой гаж хөгжил үүсэх, дутуу төрөх зэрэг хүндрэлүүд үүснэ.

7.    Янз бүрийн халдвараас сэргийлэх: Ханиад томуугаас сэргийлж олон хүнтэй газраар үйлчлүүлэхдээ амны хаалт тогтмол хийж явах, хувийн болон бэлгийн ариун цэвэр сайн сахиж байх, үтрээний лааг жирэмсний хугацаанд 2 удаа хийж бэлгийн харьцаанд бэлгэвчтэй орж байх шаардлагатай. Үтрээнд лаа хийгээгүйгээс өгсөх замын халдвараар уураг орчмын ус бохирдож, ураг зулбах. амьгүй болох, дутуу төрөх. гаж хөгжил үүсэх зэрэг хүндрэл үүсдэг.

8.    Ургийн хөдөлгөөнийг өөрөө хянаж байх: Үүний тулд жирэмсний сүүлийн 3 сард өглөө 9 цагаас орой 21 цаг хүртэл ургийн хөдөлгөөнөө тоолно. Энэ хугацаанд 10 удаа хөдөлж байгааг мэдэрч байвал хэвийн. Үүнийг 2 өдөр дараалан үзсэн тохиолдолд хүчинтэй. Хөдөлгөөн 10-с бага байвал таны хүүхдэд аюултай тул эмчид яаралтай очно.

9.    Та хяналтын эмчийнхээ заасан хугацаанд зайлшгүй ирж үзүүлж байх ёстой: Эмчид ирж үзүүлэх хугацаанаас өмнө ямар нэг зовуурь гарвал хугацаа харгалзалгүй ирж үзүүлнэ.

10.    Жирэмсэн үед доорх шинжүүд илэрвэл яаралтай эмчид үзүүлнэ (103 дууд):
o    Үтрээнээс шингэн зүйл буюу ус гарах
o    Хэвлийгээр базлан өвдөх буюу гэнэт хүчтэй өвдөх
o    Гэнэт толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах
o    Хүйтэн хөлс гарч нүд харанхуйлах
o    Нүүр гар шилбээр хавагнах
o    Аюулхай орчим өвдөх
o    Нүд бүрэлзэж нүдэнд оч үзэгдэх
o    Шилэн хүзүүгээр хөшиж өвдөх
o    Цусны даралт 130/100 М.У.б-аас ихсэх
o    Таталт өгөх
o    Ургийн хөдөлгөөн багасах буюу мэдэгдэхгүй бол




Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Их Эмч Н.Даваажаргал

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ