Ж.Ганбаатар: Цагдаагийн байгууллагад зохион байгуулалтын өөрчлөлт хийх нь эрүүл үзэгдэл
2014 оны 2 сарын 5
Ж.Ганбаатар: Цагдаагийн байгууллагад зохион байгуулалтын өөрчлөлт хийх нь эрүүл үзэгдэл
Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Хууль зүйн яам, Засгийн газраас энэ байгууллагад нэлээд өөрчлөлт хийж, ойрд нэлээн бужигнаантай байгаа. Аль газрыг алинтай нь нэгтгэж, зохион байгуулалтын ямар өөрчлөлт хийгээд байгаа юм,  энэ өөрчлөлт нь хэрхэн хийгдэх юм гэхчлэн шинэ өөрчлөлтийг тойрсон олон үйл явдлын талаар ЦЕГ-ын дэд дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.

ЦЕГ 157 хүнтэй болж байна

-Цагдаагийн байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах тухай сүүлийн хэдэн жил ярьсан. Үүнийг дагаад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт ч хийгдэж байсан. Гэвч энэ удаагийнх арай өөр байна. Юуны түрүүн сүүлийн 20 жил гар хүрээгүй Цагдаагийн албаны хуулийг шинээр баталж, хэрэгжүүлээд эхэллээ. Энэ шинэ хуулиа дагаад зохион байгуулалтын болон бусад өөрчлөлтүүд хийгдэж байх шиг. Тиймээс  шинэ хуулийн онцлогын талаар ярилцлагаа эхэлсэн нь дээр байх гэж бодож байна?

-Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүрээнд өргөн баригдсан Цагдаагийн албаны хуулийг УИХ 2013 оны долдугаар сарын 5-нд баталсан. Энэ хууль 2014 оны  нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж, хэрэгжиж эхэллээ. Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан энэ шинэ хууль нөгөө талаараа Монгол Улсын Ерөнхийлөг­чийн дэвшүүлэн, уриалсан “Том төрөөс ухаалаг төр рүү” гэдэг төрийн бодлогод нийцэж байгаа гэж ойлгодог.
Мөн Цагдаагийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль өнгөрсөн долоо хоногт УИХ-аас бат­лагд­лаа. Дагаж мөрдөх журмын хууль нь Цагдаагийн албаны хуулийг хэрэг­жүүлэхэд зохицуулах зайлшгүй шаард­лагатай асуудлыг шийдэж өгсөн. Ингэс­нээр Цагдаагийн албаны хуулийг бүрэн хэрэгжүүлж эхлэх боломж бүрдлээ.

Юуны өмнө Цагдаагийн албаны хуулийн талаар товч ойлголт өгье. Энэ хуулийн гол онцлог нь хүний эрх, эрх чөлөөг хангахыг, цагдааг иргэний хяналтад байлгахыг, цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоотой байх гэсэн гурван том зарчимыг хуульчилж өгсөн. Дээрээс нь цагдаагийн байгууллагын чиг үүргийг тодотгож, цагдаагийн алба хаагчдын нийгэм эдийн засгийн зарим баталгааг сайжруулсан онцлогуудтай. Ер нь бол зүйл, заалт болгон онцлог агуулсан л даа.

-Цагдаагийн байгууллагын чиг үүрэг нь шинэ хуулиар хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Аль ч орны хууль сахиулах байгууллага буюу цагдаагийн байгууллагын чиг үүрэг ижил. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах л үүрэгтэй.  Гэхдээ бид олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг тодотгож байгаа. Ингэснээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам  хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн гурван үндсэн чиг үүргийг хуулиар хүлээсэн үүрэг гэж ойлгож, биелүүлдэг болж байна.

- Энэ үндсэн гурван чиг үүргийг хэрэгжүүлэх цагдаагийн байгууллагын тогтолцоо ямар байх вэ. Даргалах бүрэлдэхүүн нэмэгдээд байна гэж нэг нийгмийн нэг хэсэг хараад  байх шиг?

-Манай цагдаагийн байгууллага босоо тогтолцоотой,  үндэсний хэмжээний нэгдсэн удирдлагатай. Тиймээс дээр дурдсан үндсэн гурван чиг үүргийг хэрэгжүүлэхдээ цагдаагийн төв алба нь бодлогын ажил, арай өөр ойлголтоор бол захиргааны ажил хийж, үйл ажиллагааны стандарт журмаа тогтооно, судалгаа шинжилгээ хийнэ, арга зүйгээ сайжруулна, алба хаагчдын эрэлт хэрэгцээн дээр тулгуурлаж сургалтыг тодорхойлно.
2002 онд Засгийн газраас 189 дүгээр тогтоол гаргаж, цагдаагийн төв байгууллагын буюу ЦЕГ-ын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан байдаг. Харин агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиараа агентлагийн зохион байгуулалтын бүтцийг салбарын сайд баталдаг. Эдгээр эрх зүйн баримт бичгийн хүрээнд  оны өмнө цагдаагийн төв байгууллага Засгийн газраар орон тооны дээд хязгаараа, салбарын сайдаар бүтцээ батлуулсан.
Цагдаагийн төв алба 60 хүнтэй байна гэж 189 дүгээр тогтоолоор орон тооны дээд хязгаарыг баталж өгсөн. 60 хүн 8000 орчим бие бүрэлдэхүүнтэй цагдаагийн албыг удирдах нь хангалтгүй байсан учраас бусад албадын орон тооноосоо татаж авч, ажиллуулж ирсэн байдаг. Тиймээс сая шинээр баталсан орон тооны дээд хязгаараар цагдаагийн төв алба буюу ЦЕГ 157 хүнтэй болж байна. 157 болгохдоо өөр бусад газрууд дээр захиргааны давхардсан том бүтцийг бий болгохгүйгээр эндээ төвлөрүүлэн, нэгтгэн зангидсан гэсэн үг. Хуучин төв албандаа  60 хүнтэй байна гэж бага тоо тавьчихаад энд тэндээс татаж 100 гаруй хүний орон тоотой ажиллуулаад, дээрээс нь давхардуулаад Замын цагдаагийн газар,   Нийгмийн хэв журам хамгаалах газар, Хэрэг бүртгэх Алба, Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар гэсэн том албадууд дээр бас ийм  удирдлагын аппарат бий болгочихсон байсан. Үүнийг өөрчлөөд 157 хүнтэй ерөнхий газар бий болж, бусад алба нутаг дэвсгэрийн цагдаагийн  байгууллага буюу иргэдэд хүрч үйлчлэх нэгж бүтэц рүүгээ шилжих өөрчлөлтөд орж эхэлж байна.
Олон улсын үзүүлэлтээр нийт бие бүрэлдэхүүнийхээ хоёр хувиас хэтрэхгүй удирдлагын аппарат байна гэсэн жишиг стандарт бий. Өмнө нь олон улсын жишигтэй харьцуулахад удирдлагын аппарат нийт бие бүрэлдэхүүний 4.3 хувь байсан. Одоо шинэ зохион байгуулалтаар 2.4 болсон нь олон улсын жишигт дөхөж очсон үзүүлэлт.

Ингээд бодоод үзэхээр дарга нар ихсээгүй, бусад албадууд дээр байсан захиргааны орон тоог төв албандаа нэгтгэлээ гэсэн үг. Үүнийг л хүмүүс механикаар хараад, даргалах бүрэлдэхүүн нь нэмэгдээд байна гэж байж магадгүй.

-ЦЕГ буюу төв аппарт шинэ хуулийн дагуу шинэ бүтцээ баталсан гэж та ярилаа. ЦЕГ-ын бүтцийн талаар?

-ЦЕГ үндсэндээ бодлого үйл ажиллагаагаар хангах учраас тэр утгаараа Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтэс, Хуулийн хэлтэс, Гадаад харилцааны хэлтэс, Хүний нөөцийн хэлтэс, Хэвлэл мэдээллийн төв гэсэн бүтэцтэй байгаа. Өмнө нь ч байсан хэлтсүүд л дээ. Тэргүүн дэд дарга, хоёр дэд даргатай. Нэг нь ЦЕГ-ын дэд бөгөөд Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дарга байна. Нөгөө нь ЦЕГ-ын дэд бөгөөд Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дарга юм. Нэг тэргүүн дэд дарга нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын албадыг удирдах юм. Эдгээр албад нь ЦЕГ-ыг бүрдүүлж байна. Ийм л зохион байгуулалтын өөрчлөлт төв аппарат дээр явагдсан.

-Энэ дагуу төв аппаратад хийх томилгоонууд дууссан уу?

-Дуусаагүй байна.

Эрүүгийн цагдаагийн газар алга болчихгүй, чиг үүрэг нь хэвээрээ байж л байна

-Таны ярианаас Эрүүгийн цаг­даагийн газар, Мөрдөн байцаах газар, Хэрэг бүртгэх газар, Нийгмийн хэв журам хамгаалах газар, Замын цагдаагийн газар зэрэг албадууд дээр байсан захиргааны орон тоогоо ЦЕГ-руугаа шилжүүлж авчээ гэж ойлгож болох нээ. Тэгвэл дээр нэр дурдсан таван газар цаашид яаж ажиллах вэ. Татан буулгаж байна гэсэн мэдээлэл л олон нийтийн дунд хүчтэй байгаа шүү дээ?

-Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, Хэрэг бүртгэх алба гэсэн гурван газар нэгдээд нэг газар болж, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ цомхон хүчээр явуулна. Захиргааны орон тоо нь цомхон болоод “үйлдвэрлэл” буюу шууд гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авч шалгадаг хүн нь нэмэгдэнэ гэсэн үг. Мөн Замын цагдаагийн газар, Нийгмийн хэв журам хамгаалах газрын захиргааны орон тоо нь харьяалагдах албандаа буюу шинээр бий болсон Нийтийн хэв журам хамгаалах газарт шилжиж, үлдсэн орон тоо нь нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс болон бусад шаардлагатай нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагадаа нэгдэж, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлээд явна.  Дахин давтаж хэлэхэд эдгээр газрууд татан буугдаж байгаа юм биш. Нэр нэршил нь өөрчлөгдөөд, чиг үүрэг нь хэвээрээ, зохион байгуулалтын өөрчлөлтөд л орж байгаа асуудал. Эрүүгийн цагдаагийн газар алга болчихгүй. Чиг үүрэг нь хэвээрээ байж л байна.  

-Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Хэрэг бүртгэх газрыг нэгтгээд нэг газар байгуулна гэж байна. Ямар нэртэй болох вэ, хэзээ байгуулагдах вэ?

-Зохион байгуулагдах гэж ядах юмгүй. Байгуулагдах хугацааг хэлж мэдэхгүй байна. Тушаал гаргаад, ажлыг нь хүлээлгэж өгөөд л болно. Одоогоор бол яг өмнөхөөрөө ажлаа хийгээд явж байгаа. Нэрний хувьд гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ дагуу байх болов уу. Ийм газар яагаад байх хэрэгтэй вэ гэхээр онц ноцтой гэмт хэрэг,  мөн аймаг, орон нутаг дамжсан олон үйлдэлтэй хэргийг улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож өгсний дагуу шалгах шаардлагатай байдаг юм.

-Нутаг дэвсгэрийн цагдаа буюу Улаанбаатар хотын дүүргүүдийн, аймаг орон нутгийн цагдаагийн хэлтэст өөрчлөлт орох уу?

Зохион байгуулалтын өөрчлөлт ерөөсөө дээрх нэр бүхий газрууд дээр л хийгдэнэ. Нутаг дэвсгэрийн цагдаад өөрчлөлт орохгүй. Нийслэлийн цагдаагийн газар, хотын төвийн зургаан дүүрэгт байгаа 12 цагдаагийн хэлтэс энэ хэвээрээ үлдэнэ. Алслагдсан гурван дүүрэг буюу Багануур, Налайх, Багахангай дах цагдаагийн хэлтсүүд болон аймгуудын цагдаагийн хэлтсийг мөн өөрчлөхгүй. Ямар байсан тэр хэвээрээ байна. Харин дээрх нэр бүхий таван газ­раас хэмнэсэн орон тоо, алба хаагч­дын нөөцөөр хамгийн олон хүн амтай дүүрэг гэгддэг Сонгинохайрхан дүүрэгт цагдаагийн гуравдугаар хэлтэс байгуу­лахаар бэлтгэж байна. Тиймээс энэ удаагийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр дор хаяад нутаг дэвсгэр хариуцсан нэг хэлтэс гаргаж авч байна гэсэн үг. Орон тоогоо нэмэхгүйгээр үр ашигтай бүтцийг бий болгохыг эрмэлзэж байна.

-Зохион байгуулалтын энэ өөрч­лөлтөөр үйлдвэрлэлийн буюу иргэдэд хүрч үйлчлэх тэр хүчээ хангалттай зузаатгаж чадаж байна уу?

-Хангалттай зузаатгагдлаа гэх боломжгүй. Яагаад гэвэл цагдаагийн байгууллагад орон тоо угаасаа дутмаг явж ирсэн. Гэхдээ зохион байгуулалтын бүтцээ оновчтой хийгээгүй байж засаг, төрөөс  орон тоо нэхэх нь  бас ухаалаг, оновчтой шийдэл биш болов уу. Тиймээс  шинэ хуулийн үзэл баримтлалын дагуу ийм зохион байгуулалтад орж байна. Энэ бүтцээр ямар ч байсан нэг хэсэгтээ явна. Дараа нь мэдээж хүн, хүчээ бэхжүүлэх асуудал яригдана. Гэхдээ үндэслэлтэй тооцоо судалгаа хэрэгтэй.

хурандаа цолны албан тушаалд байхгүй бол тэр хүн хурандаа цол зүүхгүй болно

-Шинэ хууль хэрэгжсэнээр цаг­даагийн алба хаагчид цолгүй болж, цол буурч байгаа гэдэг асуудал гарч байна. Энэ талаар?

-Цагдаагийн албаны хуульд цаг­даагийн байгууллага албан тушаалын цолтой байна гэж заасан. Цагдаагийн албан хаагч бол цэргийн хүн биш, хууль сахиулагч. Тиймээс албан тушаалын цолтой болж байгаа. Шинэ хууль хэрэгжсэнээр цолгүй болчихлоо гэж манайд дотооддоо ч тэгж ярьж байгаа. Гадуур ч тэгж яригдаад байх шиг. Уг нь тийм биш юм.  Эсрэгээрээ ашигтай ч байж болно. Жишээ татаж тайлбарлая. Жишээ нь, Толгойт дахь цагдаагийн хэсэгт дарга нь цагдаагийн хошууч цолтой хүн байна. Энэ хүний доор 10 албан хаагч ажиллалаа гэхэд ахмад, ахлах дэслэгч, дэслэгч цолтнууд байна. Хэлтсээр жишээ авья. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нь дэд хурандаа цолтон байна. Харин тухайн дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга хошууч байна. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс хошуучаас доош цолтой байна. Нийслэлийн цагдаагийн газрын дарга нь хурандаа байна. Энэ газрын хэлтсийн дарга нь дэд хурандаа, алба хаагчид нь хошуучаас доош цолтой байна. Улсын буюу ЦЕГ-ын түвшинд авч үзье. Хамгийн сайн туршлагатай хүмүүс ажиллана гэдэг утгаараа эндхийн дарга нь Тэргүүн комиссар байна. Доошоо тэргүүн дэд дарга, дэд дарга нар нь дэд комиссар, тэгээд удирдлагад нь хурандаа, дэд хурандаа байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ хэсгээ дүгнээд хэлэхэд  шат бүртээ алба хаагчдын цол ахиж  байна. Харин хурандаа цолны мэстэн дээр байхгүй бол тэр хүн хурандаа цол зүүхгүй  болох нь. Ингээд ярихаар даргалах бүрэлдэхүүн цөөрч байгаа гэдэг нь ойлгомжтой болох байх. Даргалах бүрэлдэхүүн цөөрч байгаа учраас хурандаа, дэд хурандаа цолтон цөөрч, өсөх прогрессоор үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа алба хаагчдын цол дээшлэх боломжтой. Нөгөө ач холбогдол нь юу гэхээр “карерийн”  гэж ярьдаг, албан тушаалын өсөх дэвжих тэр нөхцөл байдал шударга тогтолцоо руугаа орно. Аль ч улсад ажлын анхны гараагаа  хамгийн багаас эхэлдэг. Хэн нэг эрх мэдэлтний таньдаг залуу дөнгөж сургууль төгсөөд шууд дарга болж, өндөр цолд хүрэх боломжгүй болно. Харин тэр хүн ажлын хамгийн багаас эхлээд хоёроос гурван жил ажиллаад онол практик нь сайн байвал, ур чадвар өндөр байвал албан тушаалын шатаар өгсөөд явна гэсэн үг. Энэ хэрээр албан тушаалын цол чангарна. Сэтгүүл зүйн салбарт ч тийм байдаг биз дээ. Сургууль дөнгөж төгсөөд ирсэн залуу сэтгүүлч сонинд сурвалжлагчаас эхэлж ажиллана. Шууд эрхлэгч нь болохгүй, нэг албаны дарга нь болохгүй шүү дээ. Жинхэнэ онол, практикийн туршлагаа хуримтлуулж явж байгаад нэг алба удирдах хэмжээнд хүрнэ. Үүнтэй л адилхан.  
Гадаад орнуудад бүгд л албан тушаалын цолтой байдаг. Цагдаагийн дарга нь police chief гэдэг нэршилтэй. Дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга нь гэхэд бусдаасаа ялгарах имижтэй хувцастай байдаг. Тэр хүн алдаа аргаад албан тушаал буурлаа гэхэд “Би өмнө нь цагдаагийн дарга, police chief байсан” гээд илүү их гоёл чимэглэлтэй хувцас, малгай мөрдсөөсөө салахгүйгээр шинэ хамт олныхоо дунд суугаад байхгүй биз дээ.  Бидний хуучин мөрдөж байсан тогтолцоо яг л энэ. Иргэд рүү гээ харахдаа би хурандаа байна гээд хараад суудаг. Тиймээс, томоор ярихын бол иргэддээ үйлчилдэг мэргэжлийн цагдаа болохын тулд орчин үеийн цагдаа гэж яриад байгаа, орчин цагт аль ч улсад байгаа цагдаагийн байгууллагын хэмжээнд, аль болох чанарын өндөр түвшинд хүрч очих ёстой.

- Цагдаагийн байгууллагад нэг газраа удаан ажилласан ч хамаагүй ажилласан жилээрээ цолоо аваад явдаг. Магадгүй хэсгийн даргаар ажиллаж байгаа хүн одоо дэд хуран­даа цолтой байгаа. Тэр хүн хэрвээ хүсвэл хошууч цол авч, албан  тушаал­даа үлдэх боломжтой гэсэн үг үү?

-Манайд өнгөрсөн хугацаанд үйлчилж ирсэн цолны тогтолцоо нэг талаар бас албан тушаалтайгаа уяатай байсан. Илүү нь юу гэхээр ажилласан хугацаагаараа авчихдаг байсан. Гэхдээ хэсгийн дарга  хүнд дэд хурандаа цолны ранг байдаггүй, тасгийн даргад байсан. Тиймээс хэсгийн дарга хүн дэд хурандаа цолоо авах гээд ирэхээр энэ хүнийг хүчээр шахуу нэг юмны даргаар тавьж байж цолыг нь өгдөг байв. Энэ нь хүний нөөцийн бодлогод их муугаар нөлөөлдөг байсан. Жишээ нь нэг ахмад байж, шударга сайн ажилтан. Тэр хүн хошууч болчих гээд байдаг. Гэтэл тэр хүнийг сайн ажилладаг мэргэжлийн ажлаас нь хөндийрүүлээд өөр газар дээшээ томилж байж цолыг нь өгдөг. Ингээд нарийн харвал манайхан сайн ойлгож байгаа байхаа.

Өөрчлөлт хийх үеэр аймаг, дүүргийн цагдаагийн хэлтсийн даргыг өөрчлөхгүй

-Таны ярьснаар цөөхөн даргатай, түүнийгээ дагаад хурандаа, дэд хурандаа гэдэг цолтон ч цөөрөх юм байна. Нэг асуулт байна л даа.  Цаашид энэ цөөхөн даргын албан тушаал дээр ямар шалгуураар томил­гоо хийж байх вэ. Цөөхөн даргын нэг нь болох гээд  ярьж хөөрөөд явж байгаа хүн мэдээж бий байх?

-Би хувьдаа дарга хүн ажлаа хамгийн ойлгодог, ажлаа хийх чадвартай хүн байх ёстой гэж боддог.  Тиймээс ч шударга зарчимаар дарга нарын томилгоо хийгдэх байхаа. Дээрээс нь ёс зүйтэй, төрийн албаны дадлага туршлагатай, үзэл санаа, ёс суртахуун нь төлөвшсөн хүн удирдах ажил хийх ёстой гэдэг байхаа.

-Энэ томилгоонуудыг Т.Билэгт дарга хийх үү?

-Тэгнэ. Хууль, журмаараа тийм.

-Дарга болох гэсэн хүмүүсийн хэрэгцээг хангаад дүүргийн цагдаа­гийн хэлтэс, аймаг орон нутгийн цагдаагийн хэлтсийн дарга нарын дунд халаа сэлгээ магадгүй хийгдэх байх.  Цагдаад бүтэц зохион байгуу­лалтын өөрчлөлт хийхээр том албан тушаалд очих гэж зүтгэцгээдэг шүү дээ?

-Зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаа энэ үеэр аймаг, дүүргийн цагдаагийн хэлтсийн даргыг өөрчлөх тийм юм байхгүй. Харин явцын дунд ажлаа хийж чадахгүй, өөрөө ажлаа хийх боломжгүй байна гэдэг шалтгаанаар өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Жишээ нь, биднийг ингээд ярилцаад сууж байхад хэн нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ магадгүй гаргаж байж болно шүү дээ.

-Энэ бужигнаан дунд улстөрчидтэй холбоотой хэргийг дарах, тухайлбал, хэргээс нотлох баримт алга болгох үйл явц өрнөнө гэж хардаж байгаа нийгмийн нэг хэсэг байна. Үүнд ямар хариулт өгөх вэ. Ийм юм болох боломж байна уу?

-Тийм юм гарахгүй. Цагдаагийн байгууллагын шалгаж байгаа эрүүгийн хэрэг мөрдөн байцаагч, мөрдөн байцаах албаны даргаас гадна прокурорын хяналтад байдаг. Дээрээс нь мөрдөн байцаагч гэдэг хүн өөрөө бие дааж хэргийг шалгах эрх үүрэгтэй, үүнийхээ хариуцлагыг хүлээдэг субьект. Тэр хүн хариуцлагад татагдахгүйн тулд тийм юм хийхгүй. Цаашид хэрвээ хэргийг шилжүүлэх шаардлага гарвал прокурор оролцоод ажлын хэсэг гарч, хүлээлцээд явчихна. Энгийн үгээр хэлэхэд айл нүүдэл суудал болохдоо юмаа мартаад орхилоо гэдэг шиг төрийн байгууллага, цагдаагийн байгууллага хуулийн дагуу зарим нэг зохион байгуулалтын өөрчлөлт хийснээрээ хийж байгаа ажил, шалгаж байгаа хэрэг материалаа алга болгож будлиад байна гэж төсөөлвөл мөн хэцүү хэрэг болно биз дээ. Арай ч тийм хүмүүс иргэдийн гомдол, мэдээллийг шалгаад цагдаагийн ажил хийхгүй гэдэг нь энгийн ойлголт байх. Энэ бол хардахын тулд л хардаж байгаа асуудал байх.

-Цагдаагийн байгууллага албан хаагчдаа ажилласан жилээр нь тэтгэ­вэрт гаргадаг. Үүнд цагдаа­гийнхан өөрснөө дургүй ханддаг юм билээ. Энэ байдал шинэ хуульд хэвээрээ батлагдсан уу?

-Энэ заалт хэвээрээ байгаа. Хууль хэрэгжсэнтэй холбоотой чөлөөнд гарах алба хаагч гэж тусдаа байхгүй. Явдаг журмаараа явна. Нэг зүйлийг энд зориуд тэмдэглэхэд, Цагдаагийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх арга хэмжээг Засгийн газар авна гэсэн заалт орсон. Магадгүй эрх зүйн байдал, тэтгэвэр тэтгэмж нь дордохоор байвал Засгийн газраар шийдвэр гаргуулаад дордуулахгүй байх арга хэмжээг авч ажиллана. Ёстой түрүүний хэлдгээр дэд хурандаа цолтой хүн хошууч болчихвол цолны нэмэгдэл буураад 50-100 мянган төгрөг хасагдахаар байвал тэрийг нь бууруулахгүй байх арга хэмжээг авна.

-Дотоодын цэргийг татан буулгаж, цагдаад нэгтгэнэ гэж яригдаад байгаа. Энэ тухай?

-Цагдаагийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдахад хэд хэдэн хуульд өөрчлөлт орсон. Энэ үеэр Дотоодын цэргийн хууль хүчингүй болсонд тооцсон. Гэхдээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацаа нь 2014 оны 4 сарын 01. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр улсын онц чухал обектыг хамгаалж байгаа дотоодын цэрэг ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд цагдаагийн байгууллагад ажил, цалинтайгаа шилжиж ирээд олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй цагдаагийн алба хаагч болно гэсэн үг.  Энэ өөрчлөлт харин ч алба хаагчдад ашигтай.

Хийх ажил нь тодорхой учир улстөржөөд байхгүй болов уу

-Шинэ хуулиар цагдаагийн бай­гууллага иргэний хяналттай болсон нь онцлог гэж та түрүүн хэлсэн. Энэ хяналтыг яаж бий болгох вэ. Хаанаас томилж, батлах вэ. Хэдэн хүний орон тоотой ажиллах гэхчлэн тодруулах асуудлууд байна л даа?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих Иргэний зөвлөл гэж бий болсон нь Цагдаагийн албаны хуулийн нэг онцлог нь яах аргагүй мөн. Иргэний зөвлөл нь нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.  Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 3 жилийн хугацаагаар 5-7 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус иргэний зөвлөлийн гишүүдийг томилно. Иргэний зөвлөл нь тухайн нутаг дэвсэгрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.  Хуульд эрх үүргийг тодорхой заасан.

-Иргэний зөвлөл улстөржсөн өнцгөөр цагдаагийн байгууллагын ажилд хутгалдах үзэгдэл гарах вий дээ. ИТХ, Засаг дарга гэдэг  улстөрийн намын төлөөлөл шүү дээ?

-Хийх ажил нь тодорхой юм чинь улстөржөөд байх юм байхгүй л дээ. Иргэний зөвлөлд хуулиараа хориглосон хоёр том зүйл байгаа. Нэгдүгээрт, цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохыг, хоёрдугаарт улстөрийн үйл ажиллагаанд оролцохыг хориглоно. Хэрвээ ийм үйл ажиллагаа явуулах гэвэл Зөвлөлөөс хасах жишээтэй. Гайгүй л байх гэж би хувьдаа бодож байна. Иргэний зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрт цагдаагийн байгууллага яаж ажиллаж байна, олгогдсон төсвийг зөв, үр ашигтай зарцуулж чадаж байна уу, үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хүлээсэн үүргээ биелүүлж, иргэдтэй зөв харьцаж байна уу гэх мэтчилэн асуудалд хяналт тавина. Хөндлөнгийн дүгнэлт бидэнд чухал. Хөндлөнгийн дүгнэлт л хамгийн зөв дүгнэлт байдаг гэдэг утгаараа цагдаад иргэний хяналт зайлшгүй байх ёстой. Нөгөө талаараа иргэний хяналт сайн байвал цагдаагийн үйл ажиллагааг ч иргэдэд ч зөвөөр ойлгуулна. Манай сум хоёрхон цагдаатай, тэдний унаа, мөнгө эргүүл, дуудлаганд явахад хаанаа ч хүрэлцэхгүй байна. Үүнийг нь бодитойгоор шийдэж өгөөч гээд аймаг орон нутгийн болон цагдаагийн байгууллагын удирдлагад тэд мэдэгддэг байх жишээтэй. Ингэж ажиллавал мэдээж сайн биз дээ.

-Энэ зөвлөлийг цалинжуулах уу?

-Аймаг, нийслэлийн төсвөөс урам­шуулал олгоно гэсэн хуулийн заалт байгаа.

-Олон нийтийн цагдаатай болно гэдэг бас нэг асуудал яригдаж байгаа байх аа?

-Олон нийтийн цагдаа гэдэг их чухал. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад Олон нийтийн цагдааг ажиллуулна гэж хуулинд заасан. Олон нийтийн цагдаа гэдэг нь иргэд юм. Энэ иргэдийг аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ, Иргэний зөвлөлөөс цагдаагийн байгууллагатай зөвшилцөөд байгуулна. Нэг аймаг дээр жишээ авч үзье. Архангай аймагт хэдэн олон нийтийн цагдаатай байх шаардлагатай вэ гэж үзвэл аймгийн ИТХ, Иргэний зөвлөл ярилцаад, олон нийтийн цагдаагийн тоог нь тогтоосон нөхцөлд хуульд заасан шаардлага хангасан иргэнтэй цагдаагийн байгууллага гэрээ байгуулна. Харилцан гэрээний үндсэн дээр ажиллана. Энэ нь иргэд хууль сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлнэ гэсэн үг. Арай өөрөөр тайлбарлахад, 2000-10000 хүнтэй сум байдаг. Хэсгийн төлөөлөгч, цагдаа гээд гэж хоёр цагдаагийн алба хаагч суманд ажиллаж байна. Тиймээс 2000 хүнтэй суманд олон нийтийн цагдаа нь хэд байх вэ, 10000 хүнтэй суманд хэд байх вэ гэдгээ тухайн орон нутгийн байгууллага шийдээд явна.

-Дээхнэ үед цагдаад туслах олон нийтийн бригад гэж байсан шиг үү?

-Ер нь бол тийм. Олон нийт цагдаад туслах ийм бүтэц олон улсын практикт их байдаг. Манайд ч шинэ юм биш. Цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа манайд хөгжиж ирсэн.

Эхний ээлжинд иргэдтэй шууд харьцдаг албан хаагчдаа шинэ хувцсаар хангана

-Хувцас формд ч өөрчлөлт орж байгаа. Энэ жил багтаж хувцас солих уу. Төсөв нь батлагдаж, бэлэн болсон уу?

-Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч цагдаагийн албаны шинэ хувцасны загварыг баталсан.  Хувцсаа үйлдвэрт оёулах, хангалт хийх бэлтгэл ажил хийж байгаа. Дүрэмт хувцасны хангалт өнгөрсөн жилийн батлагдсан төсвийн хэмжээнд хийгдэнэ. Магадгүй 2015 оны төсвийн төслөө өгөхдөө  нэмэлт шаардагдах мөнгийг батлуулж авах байх. Одоо байгаа төсвийнхөө хүрээнд шинэ хувцасны хангалт хийнэ. Эхний ээлжинд замын цагдаа, харуул пост, эргүүлийн буюу хэв журмын цагдаа, хэсгийн байцаагч гэх мэт  чиг үүргийн дагуу иргэдтэй шууд харьцдаг албан хаагчдаа хангана. Хувцасны хувьд их онцлог байгаа. Хар хөх өнгөтэй. Хар хөх өнгө олон улсын түвшинд цагдаагийн байгууллагын өнгө болоод тогтчихлоо.
Хийцийн хувьд албан үүрэг гүйцэтгэхэд нь төвөг болохооргүй, биед тав тухтай чанартай материалтай. Ёслол амралтын хувцасны ханцуйн дээр өлзий хээ тавьж уламжлалыг ч шингээж өгсөн.  Гутал гэхэд олон улсын хууль сахиулах болон хүчний байгууллагын хэрэглэж байгаа зөөлөн ултай, 8-10 цаг өмсөөд явахад хөл нь өвдөөд байхааргүй материалтай байна.

-Улаанбаатар хот цагдаагийн 12 хэлтэстэй болоод жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд иргэдэд хүрч ажиллах байдалд ямар ахиц гарав?
 
-Энэ тал дээр нэлээд ач холбогдолтой байгаа. Нэг дүүрэгт цагдаагийн нэг л хэлтэс байсан бол хоёр цагдаагийн хэлтэстэй болсноор цагдаагийн байгууллагад иргэд хандаж ирэх нь нэмэгдсэн.  Жишээ авья. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэг хэлтэс Яармагт шинээр байгуулагдаж, өнгөрсөн арванхоёрдугаар сард байр нь ашиглалтад орсон. Тэгэхэд л өмнө нь цагдаа цөөхөн харагддаг байсан Яармагийн орчимд цагдаагийн гэрэлтэй байшинтай болчихож байгаа юм. Энэ утгаараа  ойр ойрхон эргүүл хийж, гэмт хэргээс урдчилан сэргийлэх боломж бүрдэж байна.  Өнгөрсөн жил дүүргийн цагдаагийн хэлтсийн таван шинэ байрыг тус  бүр нь 1.5 тэрбумын өртөгтэйгээр ашиглалтад оруулсан. НИТХ-аас хөрөнгө шийдэж,  Нийслэлийн засаг дарга яаравчлан ашиглалтад оруулахад анхаарсан нь иргэддээ хүрч ажиллаж байгаагийн нэг жишээ юм л даа.  Манай нийслэлийн цагдаагийн газар мөн хариуцлагатай ажиллаж он дамжуулалгүй богино хугацаанд шийдээд өгсөн хөрөнгийг нь ажлын байр болгож чадлаа.

-Сүүлийн асуултаа танд үлдээе?

-Цагдаагийн байгууллагад эрх зүйн шинэтгэлийг төр засгаас хийж байгаа нь эцсийн дүндээ улс орны эрх ашгийн л асуудал. Орчин үеийн хэм хэмжээнд нийцсэн зөв зохион байгуулалт, зөв эрх зүйн орчинтой байх нь бүгдэд хэрэгтэй. Энэ ажил алба хаагч бүр зөв мэдээлэлтэй, өөрөө өөрийнхөө ажилд эзэн байсан нөхцөлд л хийгдэнэ. Цагдаагийн алба хаагчдадаа уриалахад хууль тогтоомжоо сайн унших, шинээр батлагдаж байгаа хуулиудын төсөлтэй сайтар танилцах хэрэгтэй. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд гарч байгаа хууль болгон цагдаагийн алба хаагчдад хамаатай. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиуд шинэчлэгдэнэ. Энэ болгоныг судалж, ойлгоход эцсийн дүндээ цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа л сайжрана. Цагдаагийн байгууллагын ажил сайн байвал иргэдийн амар тайван амьдралын баталгаа дээшилнэ.

Нөгөө талаар цагдаагийн байгуул­лагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, зорилтоо хэрхэн сайн биелүүлэх вэ гэдэг нь эрх зүйн орчиноо сайжруулах, үйл ажиллагааны стандартаа хөгжүүлэх, зохион байгуулалтын оновчтой бүтцийг бий болгохоос шууд хамааралтай. Мэдээж боловсон хүчин, хүний нөөцийн бодлого чухал. Ямар ч салбар сайн чадвартай боловсон хүчин, зөв зохион байгуулалтын үндсэн дээр л хөгжинө. Тэгэхээр хүнээ хөгжүүлэх, бүтэц зохион байгуулалтаа сайжруулах нь “эрүүл үзэгдэл” юм.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ