Уран гулгагч Роднина, хоккейчин Третъяк нар “Сочи2014” өвлийн Олимпийн бамбарыг асаалаа
2014 оны 2 сарын 8
Уран гулгагч Роднина, хоккейчин Третъяк нар “Сочи2014” өвлийн Олимпийн бамбарыг асаалаа
“Сочи 2014” өвлийн Олимпийн нээлт үлгэрийн сэдэвтэй, Орос орны соёл уламжлалыг тусгасан өвөрмөц, содон шийдэлтэй болж өнгөрлөө. Олимпийн бэлгэдэл хайр охины зүүдэнд үзэгдэх бүхэн сайхан байж орос цагаан толгойн үсгүүдэд ОХУ-ыг дэлхийд алдаршуулсан эрдэмтэд, зохиолч, суутнууд, сансрын нисгэгчдийг Олимпийн нээлтэд дүрсэлжээ.
    Тухайлбал, “Г” үсгэнд сансарт анх ниссэн Гагарин, “Ъ” Оросын алдарт найрагч Пушкин, “Ф” үсгэнд Олимпийн цэнгэлдэх хүрээлэн “Фишт” багтсан бол “Я” үсгэнд Россия хэмээн Орос орноо багтаажээ. Миша баавгайн түүхээс сэдэвлэсэн нээлтийн үйл ажиллагааны найруулга, гэрлийн шоу зэрэг нь үнэхээр гайхалтай байсныг дурдах хэрэгтэй.

    Олимпийн бэлгэдэл хайр охин дэлхийг тойрон аялах замдаа ОХУ-ын долоон гайхамшгаар аялж, Камчатка, Байгал далай, Чукотко, Лена мөрөн зэрэг газруудыг туулсан. Энэ үеэр 500 гаруй хүн ОХУ-ын 180 гаруй үндэстэн ястны хувцсыг өмсөн тайзнаа гарлаа.
    Үүний дараа дэлхийн 88 орны тамирчид дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй цэнгэлдэхэд орж ирэхэд тухайн орны газрын зураг гарч байлаа. Тэгвэл Олимпийн нээлтийн хамгийн торгон мөч болох галт бамбарыг гэрэлтүүлэх үүрэг тус улсын үе үеийн шилдэг тамирчдад ногджээ. Сочид хүүхэд насаа өнгөрүүлсэн алдарт теннисчин Мария Шарапова бамбарыг цэнгэлдэхэд авч ирэн улмаар тулгуурт харайлтын тамирчин Елена Исинбаева, чөлөөт бөхийн тамирчин Александр Карелин, уран гимнастикч Алина Кабаева нараар дамжин эцсийн мөчид уран гулгагч Роднина, хоккейчин Третъяк нар Олимпийн паркийн төвд байрлуулсан Олимпийн бамбарыг асаасан юм.

"Сочи 2014" олимпийн наадмын сүлд дууг ОХУ-ын алдарт дуучин Валерия, Дима Билан, София Ротару, Филипп Киркоров, Юлия Савичева, Владимир Пресняков нарын хамтлаг дуучид хамтран дуулсан байна. Наадмын нээлт болсон "Фишт" цэнгэлдэх хүрээлэн нь 40 мянган хүний суудалтай, 85 метр өндөр, 9000 ам.метр талбайтай, 25 давхар байшинтай адил хэмжээтэй бөгөөд Оросын өнгөрсөн 40 жилийн түүхэнд хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдож байгаа юм.
Алан хядагчдын заналхийлэл, ижил хүйстнүүдийн эрхийг боогдуулсан гэх шүүмжлэл, бэлтгэл тааруу, тамирчид, сэтгүүлчдийн байрлах байр асуудалтай гээд Олимпийн нээлтийн өмнө элдэв таагүй мэдээлэл хөвөрч байсан ч “Сочи 2014”-ийн нээлтийн ёслол гайхалтай болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.
Олимпийн нээлтийн ёслолд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ОУОХ-ны тэргүүн Томас Бах нараас гадна дэлхийн 70 гаруй орны төрийн тэргүүн нар хүрэлцэн ирсэн байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн олимпийн нээлтийн өмнөх өдөр Сочийг зорьж, нээлтийн ёслолд оролцон баг тамирчдаа дэмжин, босч алга ташиж байгаа нь цэнхэр дэлгэцнээ харагдсан юм.


П.Эни

Эх сурвалж http://www.info.mn
Уран гулгагч Роднина, хоккейчин Третъяк нар “Сочи2014” өвлийн Олимпийн бамбарыг асаалаа
Уран гулгагч Роднина, хоккейчин Третъяк нар “Сочи2014” өвлийн Олимпийн бамбарыг асаалаа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ