Я.Содбаатар: Тодотгол дагуулж байгаа нь төсвийг хүч түрж баталсны балаг
2014 оны 2 сарын 10
Я.Содбаатар: Тодотгол дагуулж байгаа нь төсвийг хүч түрж баталсны балаг
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Сар шинэдээ сайхан шинэлэв үү?

-Модон морь жил их сайхан өнгөтэй гарч байна. Морь жил монголчуудад  нэлээд  үр өгөөжтэй байдаг. Морь өөрөө их хийморьтой, Монгол төрийн сүлдэнд мөнхөрсөн амьтан. Тийм учраас морь жил ч бас монгол түмэндээ өгөөж ээлээ өгсөн сайхан жил болох байх гэж   бодож байна.

-Чуулганы завсарлагаанаар хийж амжуулах ажлынхаа төлөвлөгөөг гаргасан байх. Эхнээс нь хийгээд эхэлсэн үү?


-Намрын чуулганы завсарлагаанаар хийх  ажлын  ерөнхий төлөвлөгөө  гарсан.    Энэ дагуу ажиллаж  байна.  Өвөрхангай  аймаг болон  нийслэлийн  Налайх  дүүрэг гээд өөрийн хариуцсан газраар явж иргэд,   сонгогчидтойгоо   уулзахаар төлөвлөж байна. Үүнээс гадна УИХ-ын   НББСШУ-ны   Байнгын   хороо Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хороодын  ажлын хэсгүүдэд орсон.  Хянан  шалгах  болон  үйл ажиллагааны  чиглэлээр  ажлын хэсэгт  орсныхоо  дагуу    нэлээд идэвхтэй ажиллана. Түүнчлэн Малын индексжүүлсэн   даатгалын   ажлын хэсгийнхэн гадагшаа явж, туршлага судлахаар  бэлтгэж  байна.

 Үүнээс гадна хаврын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг  өргөн  барихаар ажиллаж байгаа. Манай улс сүүлийн 20-иод  жилд Худалдааны  хуульгүй явж  ирсэн.  Тиймээс  энэ  хуулийн төслийн талаар Засгийн   газраас санал хүсэлт аваад өргөн барихад бэлэн  болоод байна. Чуулган эхлэхээр   энэ хуулийн төслөө өргөн барина. Мөн  Ашигт  малтмалын тухай   хуулийг     боловсруулсан.Энэ  мэтчилэн  хэд  хэдэн  хуулийн төсөл дээр ажиллаж байна. Эдгээр хуульдаа   Засгийн   газраас   санал авах, УИХ-д өргөн барих чиглэлээр чуулганы   завсарлагааны хугацаанд ажиллаж байна даа.

-Ээлжит бусчуулганы тов хараахан гараагүй байна. Яг хэдийд эхлэх талаар мэдээлэл авсан уу. Мөн ээлжит бусчуулганы хийх хамгийн том ажил бол төсвийн тодотгол байгаа шүү дээ.

-Ээлжит бус чуулган ирэх сарын 20-доор  орно  гэсэн урьдчилсан мэдээллийг   бид аваад байгаа. 2014  оны  төсвийг  батлахдаа УИХ үндсэндээ хуульд нийцүүлэх үүднээс хүчээр шахуу нохойн ам нийлүүлнэ гээч  болж  л  баталсан  шүү  дээ. Ингэхдээ эрх баригчдын зүгээс хэд хэдэн зөрчил гаргасныг бид тухайн үед  мэдээлж,  эсэргүүцэж  байсан. Ялангуяа  өмнө  нь  улсын  төсвөөс хөрөнгө зарцуулж барихаар болсон обьектын үйл ажиллагааг зогсоосон байгаа.  Эдгээр барилгын төсөвт өртөг нэмэгдэж байгаатай холбоотой учир    шалтгааныг    тогтоолгохоор УИХ-аас Аудитын байгууллагад үүрэг өгсөн  байгаа.

  Энэ  240-өөд обьектын асуудлыг УИХ гуравдугаар сардаа  багтаан  нэг  тийш  болгож, хаврын  бүтээн  байгуулалтын  ажил эхлэх  үед  төсвийн  хөрөнгөөр  хийх обьектуудын  ажил  зэрэгцээд  эхлэх ёстой  гэж  бид  үзэж  байгаа.  Тийм учраас  ээлжит  бус  чуулган  зарлаж энэ ажлыг ярих байх. Нөгөө талдаа улс  орны  нийгэм  эдийн  засгийн талаар  тодорхой  мэдээллийг  энэ үеэр  авна  гэж  бодож  байгаа.  2014 оны төсөвт хэд хэдэн удаа тодотгол орох шаардлагатай болж байх шиг байна.    Бид  төсвийг  баталж  байх үед  орлого  талдаа  авсан  ялангуяа эрдэс баялгийн салбараас орж ирэх орлогоо  тооцож  авсан  тоонууд  хэт хийсвэр, валютын төгрөгтэй харьцах ханш   нэг   ам.долларыг 1384-өөр тооцож  байгаа  нь  болохгүй     гэх мэтээр зөрчилтэй асуудлыг бид ярьж, хэлж байсан. Энэ мэтчилэн  УИХ дахь  МАН-ын  бүлгийн  зүгээс  ярьж байсан  зүйлүүд  өнөөдөр  амьдрал дээр яг л биеллээ олж байна л даа. Бид иймэрхүү алдаа мадаг гарах нь гэдгийг урьдчилан хэлж байсан. Гэвч сөрөг хүчний зүгээс хүлээж аваагүй. Үүнтэй холбоотойгоор улсын төсөвт нэлээд хүндрэл учирч байна л даа. Тийм учраас улсын төсөвт ирэх сард эхний  тодотголоо  хийх  гэж  байна. Ер  нь  энэ  оны  төсвийг  энэ  удаад нэг,  үүний  дараагаар  хагас  жилээр бас дахин тодотгож байж л орлого зарлагаа нийлүүлж гаргах байх гэж харж байгаа.

-Төсвийн тодотголоор ярих асуудлын жагсаалтад танай намын бүлгийнхний ярьж байгаа цалин, тэтгэврийн нэмэгдлийн 30 хувийг оруулж ирэх ёстой гэж үзэж байгаа. Эрх баригчдын зүгээс бол тэтгэврийн нэмэгдлийг нууц байх ёстой гэж үзээд цагаан сартай зэрэгцүүлэн нэмсэн гэдгээ хэлж байгаа. Гэтэл ард иргэд маш бага буюу 2-10 орчим хувиар л нэмсэн байна гэдгийг хэлж байна л даа?

-2014 оны улсын нэгдсэн төсөв, мөнгөний  бодлого  хэлэлцэж  байх үеэс  эхлүүлээд  УИХ  дахь  МАН-ын бүлэг  цалин,  тэтгэврийг 30  хувь нэмэгдүүлэх ёстой  гэсэн шаардлагыг байнга   тавьж     ирлээ.     Ингэж нэмэгдүүлэхдээ   төсвийг   хэлэлцэх хүрээнд  энэ  30  хувийн  нэмэгдлийг ямар     эх  үүсвэрээс  гаргаж  өгөх талаар ч мөн санал, чиглэл гаргаж бусад   УИХ-ын   бүлгүүдэд   тавьж байсан.  

Харамсалтай   нь   манай бүлгээс  тавьсан      энэ  асуудлууд бүрэн хэмжээгээр авагдаж,батлагдаагүй. 30  гэдэг     тоог  бидзүгээр  ч  нэг  хэлээгүй.  Нэгдүгээрт, нийгмийн  гурван  талт  хэлэлцээрт орж   байгаа   хөдөлмөрчдийн   эрх ашгийг хамгаалдаг МҮЭХ-ны зүгээс 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг хэлсэн. Хоёрдугаарт, УИХ-аас 2010-2016 оны Засгийн  газрын  үйл  ажиллагааны хөтөлбөрийг  хуульчилж    баталж өгдөг.  Энэ  баталсан  хуульд 2012-2016 онд Засгийн газар   цалин, тэтгэвэр тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ гэж  заасан  байгаа.  Статистикийн газраас  гаргасан  мэдээгээр 2012 оны  жилийн  эцсийн  үнийн  өсөлт 12  хувьтай,  2013  оных  13  хувьтай байна.   Ингээд   нийтдээ 25   хувь болчихож   байгаа   юм. 2014   оны жилийн  эцэст  өөдрөгөөр  төсөөлж төсөвт тавьснаар найман хувь байх ёстой. Нэг ёсны 2012 оны тавдугаар сараас    хойш    цалин,    тэтгэвэр нэмээгүй байна шүү дээ.    Ингээд энэ    гурван    жилийн    инфляцийг аваад үзэхээр 33 хувь болж байгаа юм.   Тэгэхээр   цалин,   тэтгэврийг Засгийн   газраас хуульчилсанчлан 33  хувиас  доошгүйгээр    нэмэх хуультай  юм.  Энэ  хуулийг  Засгийн газар  хэрэгжүүлэх  ч  ёстой. Үүний хүрээнд бид 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх   шаардлага   тавьсан. Гэтэл   Засгийн газраас “Цалин,тэтгэврийг нэмэгдүүлнэ. Гэхдээ ялгавартай  нэмэгдүүлнэ,  нийтэд зарлахгүй” гэдгээ хэлсэн. Ийм учраас УИХ  дахь  МАН-ын  бидний  арван гишүүн  цалин,  тэтгэврийн  Ерөнхий сайдын  хэлсэнчлэн чимээгүй нэмэх   аргачлал   хууль   эрх   зүйн зохицуулалтыг  нь  хийх  багц  таван хуулийн төслийг өргөн барьсан ч энэ намын   чуулганаар   хэлэлцсэнгүй. Энэ таван хуулийн төслөөр бол хэн нэгэн сайд, гишүүнээс үл хамааран Засгийн     газар  иргэдийнхээ  өмнө үүрэг  хүлээж  байгаагийнхаа  хувьд тодорхой     хугацаанд тэтгэвэр,тэтгэмжийг   инфляцтай   уялдуулан нэмж байх тухай    хуулийн төслийг өргөн   барьсан   байгаа.  

Ингэхгүй бол   магадгүй   асуудал   хариуцаж байгаа сайд нь юм уу Ерөнхий сайд нь л нэмье гэвэл нэмдэг, үгүй бол нэмдэгггүй нөхцөл байдал үүсчихээд байна    шүү дээ. Угтаа бол төрийн ажил  хэн  нэг  хувь  хүний  зан  ааш, үзэмжээс  шалтгаалдаг  зүйл  биш. Энэ  утгаараа  эрх  зүйн  талаасаа зохицуулалтыг  хийх  шаардлагатай гэж   үзсэн.   Хөдөлмөрийн   тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай, Төрийн  албаны  тухай,  Нийгмийн халамжийн   тухай,   Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэх хуулиудад нэмэлт,  өөрчлөлт  оруулахаархуулийн  төслүүдийг  өргөн  барьсан байна. Үүнийг УИХ, Засгийн газрын төвшинд авч үзэж, шийдвэр гаргах ёстой  гэж  үзэж  байгаа.  Ер  нь  бол тэтгэврийг  энэ  сарын 1-нээс 15-28  хувь  нэмлээ  гэж  Засгийн  газар зарласан. Гэтэл иргэд болон, хэвлэл мэдээллийн   хэрэгслээр   мэдээлж байгаачлан 2-10  гаруй  хувиар  л нэмсэн байна. Тиймээс энэ тэтгэвэр, тэтгэмжийн  нэмэгдэл  иргэдэд  хэр хүрч  байгаа,  үр  дүнгээ  өгч  чадаж байна уу. Нэг  ёсондоо  УИХ-аас  гаргасан шийдвэр,  тогтоолууд  иргэдэд  хүрч чадаж  байна  уу гэдэгт  НББСШУ-ны  Байнгын  хороо  хяналт  тавих үүргийнхээ    дагуу  ажлын  хэсэг гаргаач  гэдэг  хүсэлтийг  би  УИХ-ын    гишүүний    хувьд    байнгын хороондоо     өнөөдөр     хүргүүлж байна. Ажлын хэсэг гаргаж, нөхцөл байдлыг   газар   дээр   нь   шалгах ёстой. Ямар үндэслэлэр     тэтгэвэр, тэтгэмжийг  ялгамжтай  нэмсэн  бэ гэдэг  нь  халамж  хүртэгдсдэд  тун ойлгомжтой байх ёстой.    Нэг үгээр бол  төрөөс  авч  байгаа  тэтгэвэр, түүний  үнэлэмжийг  иргэд  өөрсдөө мэдэж  байх  эрхтэй.  Энэ  утгаараа мэдээллийг нээлттэй ил тод байлгах үүднээс  Ерөнхий  сайд,  салбарын сайдын   хэлж   байгаачлан 15-28 хувиар  нэмсэн  эсэхийг  шалгаж, нийтэд бодит мэдээлэл өгөх ёстой гэж үзэж байгаа.

-Өнгөрсөн намрын чуулганыг та хэрхэн дүгнэх вэ. Мэдээж хамгийн түрүүнд энэ оны төсвийг баталлаа, чухал ажил. Түүнчлэн хэрэгтэй, шаардлагатай байсан хэд хэдэн хуулийн төслийг баталж чадсан гэж эрх баригчид хэлж байгаа шүү дээ?

-УИХ-д  байнгын  ажиллагаатай парламент үүссэнээс хойш УИХ-ын   гишүүдийг    ялгаварлан, гадруурхах,тэгш бус хандах хандлага газар авч байна.УИХ дахь МАН-ын  бүлгийн  гишүүд  намын  бүлэгт орохдоо ялгавартай байсан бол сая намрын чуулганд УИХ дахь АН-ын бүлгийн  гишүүдийн  эсвэл  Засгийн газраас   өргөн   барьсан   хуулийн төслүүдийг л хэлэлцлээ. Бусад Бие даагч  эвсэл, “Шадарга  ёс”  эвсэл болон  УИХ  дахь  МАН-ын  бүлгийн гишүүдээс өргөн барьсан маш чухал хуулийн  төслүүдийг  хэлэлцсэнгүй, хойшилж  байна.  Тийм  учраас  энэ мэт   ялгавартай   хандаж   байгаад гишүүд  нэлээд  шүүмжлэнгүй  байр сууринаас  хандаж  байна  л  даа. УИХ-ын түүхэнд анх удаа дараагийн чуулганыхаа хэлэлцэх асуудлыг баталж чадахгүйгээр чуулганаа хаалаа. Хаврын чуулганаар хэлэлцэх  асуудлынхаа  жагсаалтыг бид  өмнөх  чуулган  хаахаас  өмнө батлаад,    үүний    дагуу    байнгын хороод УИХ-ын ажлын алба бэлтгэл хангах  учиртай. 

Гэвч  харамсалтай нь  энэ  удаагийн  чуулганы  хаалт дээр   хаврын   чуулганд   хэлэлцэх асуудлынхаа   жагсаалтыг   баталж чадсангүй.   Учир   нь,  УИХ   дахь АН-ын  бүлгээс  бусад  гишүүд  АН-ынханд  сануулга  өглөө  гэж  бодож байгаа. Энэ удаагийн парламентад АН  олонхи  болоогүй.  Нэг  ёсондоо 39 суудал аваагүй мөртлөө олонхи мэт аашилж, хэт хүч түрэмгийлсэн бодлого явуулж байгаад нь гишүүд дургүйлхсэн.   Энэ   дургүйцлийн илэрхийлэл болж, хаврын чуулганаар    хэлэлцэх    асуудлын жагсаалтыг баталж     чадалгүй унаж байна. Энэ нь эрх баригчдад нэлээд    том    сануулга    болсон байх.  Ер  нь парламент бол  өөрөө зөвшилцлийн байгууллага. Тийм учраас  парламентын  өөрийнх  нь мөн чанар болсон үйл ажиллагаанд эрс өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой гэж  харж  байгаа.  Өөөрсдийнх  нь өргөн  барьсан  хууль  орж  ирэхгүй, хэлэлцэгдэхгүй   байгаад    гишүүд шүүмжлэлтэй хандаж байна.

-Намрын чуулганд нааштай дүн тавихгүй нь гэж ойлголоо?

-Нэлээд ачаалалтай чуулган өндөрлөж байна. Аль ч үеийн намрын  чуулганы  гол  үүрэг  бол тухайн   жилийн   төсөв   мөнгөний бодлогыг  батлах  асуудал  байдаг. Энэ  удаагийн  төсөв  дээр  нэлээд шүүмжлэлтэй  байр  суурийг    өргөн барьсан цагаас   эхлэн   хэлэлцэх процессийн  үед    ч  хууль  зөрчсөн олон    үйлдэл  гаргалаа  гэдгийг УИХ  дахь  МАН-ын  бүлгийн  зүгээс илэрхийлсээр  ирсэн. Ингээд  сүүл сүүлдээ  хугацаандаа    шахагдаж хүчээр  баталсан.  Гэтэл  нэгдүгээр улирлаасаа   эхлээд   л   тодотгол дагуулж   байна.   Энэ   бол   төсөв батлахдаа хариуцлагагүй хандсаны том   илрэл. Нөгөө  талдаа энэ удаагийн намрын   чуулганаар хэлэлцэх    хуулиудыг авч   үзвэл дийлэнх нь  Эрдэс     баялгийн салбартай   холбоотой   хуулиудыг баталлаа.  Энэ  салбарт  бид 1997 оноос  нэлээд  либериал,  нээлттэй бодлого явуулсны хүчинд    гадаад, дотоодын  хөрөнгө оруулалт нэмэгдэж,  салбарын  улсын  нийгэм эдийн  засагт  үзүүлдэг  үр  нөлөө нэмэгдэж,   Монгол   Улсын   гадаад нэр хүндэд томоохон түлхэц болсон юм. Гэхдээ 1997 оноос явуулсан энэ нээлттэй  бодлого  иргэдийн  зүгээс иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс нэлээд шүүмжлэл дагуулсан л  даа.  Ялангуяа  байгаль  орчин, экологитой  холбоотой  асуудал дээр   нэлээд   алдаа   гаргачихлаа, гадаад дотоод үндэсний    эрх ашигтай холбоотой асуудалд алдаа гаргалаа  гэдэг  шүүмжлэл  дагуулжбайсан.  Тиймээс 2009    оноос эрдэс  баялаг  уул  уурхайн  салбарт төрийн   оролцоог   илүү   оруулах, төрийн хяналтыг чангатгах чиглэлд нэлээд ажилласан. Ингэсний хүчинд  нэлээд их    хэмжээгээр олгосон     лицензүүдийг   хумьсан.

7000-д   хүрч   байсан  лицензийг  3000  болтол  цөөлсөн.  Стратегийн томоохон   орд   газруудад  төрийн оролцоог   нэмэгдүүлсэн.   Үүнийгээ дагаад   байгалийн   баялгаа   зөв, тэгш хуваарилах чиглэл рүү өмнөх Засгийн  газрын  үед  хийж  эхэлсэн.Нэг    ёсны    байгалийн    баялгийн ашиглалтдаа   төрийн   оролцоотой эдийн  засгийн  бодлого  баримталж эхэлж  байсан.  Үүнийгээ  аль  ч  улс төрийн   хүчний   үед      зөвшилцөж
явуулж  байсан.  Харамсалтай  нь, энэ удаагийн намрын чуулганд орж ирсэн   эрдэс   баялгийн бодлогын баримт     бичгээсээ     авахуулаад баталсан  хуулиудыг  харахад  эргээд нээлттэй  болгож  байсан  бодлогоо задлах тал руугаа явчихлаа л даа. Тиймээс энэ бол Монголын   уул уурхай   эрдэс   баялгийн   салбарт нэлээд   том   бодлогын   өөрчлөлт оруулсан чуулган байлаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийг батлаад  ашигт  малтмалынхаа нэг  төрлийн  орон  нутагт  олгодог байхаар   хуульчилчихлаа.  Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын  баримт  бичгийг  батлах хүрээнд  төрийн  оролцоог  яах  вэ гэдэг   асуудал   маргаан   дагуулж байна. УИХ   дахь   АН-ын  бүлэг
стратегийн ач холбогдолтой ордоос  татгалзъя,  ер  нь  төрийн оролцоог больё гэдэг байр суурийг ч  илэрхийлж  байлаа.  Алтны  тухай хууль мэтээс харахад эргээд байгаль эх рүүгээ шунахайран дайрах, эрдэс баялгийнхаа  салбарт  эргэж  орох нөхцөл байдал руу хандсан хуулийн төслийг АН оруулж ирлээ л дээ.

-Ирэх хаврын чуулганаар таны хувийн болон намын бүлгийн хийх ажлын төлөвлөгөө гарсан байх. Таны   дээр дурдсанчлан өргөн барихаар зэхэж байгаа хуулийн төслүүд хэлэлцэж, батлах магадлал хэр байгаа бол. Өмнөх чуулганаар намаар алагчилсан шиг батлагдахгүй үлдчих юм биш байгаа гэсэн болгоомжлол байна уу?


-УИХ-ын удирдлага эргэж харж, үйл ажиллагаандаа нэлээд шүүмжлэлтэй хандах ёстой. Гишүүдийн зүгээсгаргаж байгаа шүүмжлэлийг хүлээж авч,   парламентат   ёсыг цаашид төлөвшүүлэх   парламентын дотор байдаг зөвшилцөл,    ойлголцлын механизмыг  ажиллуулах,   бий болгох,  парламентын  гишүүд  ижилтэгш  эрхтэй  байх. Тэдний  цаана байгаа    сонгогчдын    эрх    ашгийг дээдлэх   чиглэлд   нэлээд   санал санаачилгатай ажиллаасай гэж хүсч байна.     Ялангуяа  УИХ-ын  гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан өргөн  барьсан  хуулийн  төслүүдийг хэлэлцүүлэх  асуудалд  ялгаваргүй хандах  нь  чухал  байна.  УИХ  дахь МАН-ын бүлэг хаврын чуулганд  46 хуулийн  төслийг  хэлэлцэх  хүсэлт тавьсан. Харамсалтай нь, эдгээрээс гурвыг нь л  хэлэлцэхээр жагсаалтад оруулж   байна. НӨАТ-ын босгыг өндөрсгөхтэй, Цалин  тэтгэврийн нэмэгдэл, Малчдын тэтгэврийн насыг   наашлуулах,   Худалдааны хуулийн  төсөл,  Цэргийн  үүрэгтний тухай    хуулийн    төсөлд    нэмэлт, өөрчлөлт оруулах гэх мэт нийгмийн хамгаалал. 

Эдийн  засаг,  татвартай холбоотой    хуулийн    төслүүдийг өргөн    барьсан    ч    хэлэлцэхгүй байна.  Нэг  ёсондоо  бидний  өргөн барьсан  маш  олон  хуулийн  төсөл УИХ   дээр   байгаад   байна.   Тийм учраас  эдгээр  хуулийн  төслүүдийг хэлэлцэх нь нийгэм, эдийн засгийн амьдралд     ялангуяа     сонгогчид, салбарын мэргэжилтнүүдийн зүгээс бидэнд    хүсэлт    тавиад    байгаа, амьдрал     дээрээс     урган гарсан хуулийн төслүүд л дээ. Тийм учраас УИХ    хэлэлцэх    ёстой.    Хаврын чуулганы  бэлтгэл  ажлын  хүрээнд Малын  индексжүүлсэн  даатгалын тухай   хуулийг   хаврын   чуулганд хэлэлцүүлэх, Газрын  тухай  хууль, Төрөөр эрдэс   баялгийн   салбарт баримтлах бодлогын баримт бичиг   гарсантай   холбогдуулж, Ашигт   малтмалын   тухай   болон бусад  холбогдох  хууль  тогтоомжид өөрчлөлт оруулах чиглэлээр нэлээд идэвхтэй хууль санаачлан ажиллаж байна.



-Ярилцсанд баярлалаа.



Х.Буян-Очир






Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ