Мөсөн хатдын тулаанд хэн ялж, алтан медалийн эзэн болох бол
2014 оны 2 сарын 19
Мөсөн хатдын тулаанд хэн ялж, алтан медалийн эзэн болох бол
“Сочи 2014” өвлийн Олимпийн наадам үргэлжилж байгаа энэ үед дэлхий даяар хүлээлт үүсгээд байгаа төрөл бол уран гулгалт. Харин өнөөдөр 23 цагаас тэр хүлээлт тайлагдах нь ээ. Учир нь энэ л цагт эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан гулгалтын тэмцээн эхэлнэ.

Мөсний мөнхийн өрсөлдөгч хатад гэх тодотголтой, уран гулгалтын Олимп, дэлхийн аварга Японы тамирчин Мао Асада болон Өмнөд Солонгосын тамирчин Олимп, дэлхийн аварга Ким Юна нар энэ үдэш сүүлийн тулаанаа хийнэ. Хоёулаа алтан медальтай зодог тайлна гэсэн мэдэгдэл хийсний дараа дэлхий нийт энэ хоёр тамирчны хэн нь Сочигйин мөсөн талбайд алтан медаль хүртэх бол хэмээн ярилцаж байлаа. Гэвч... гэвч гэнэтийн зүйл болж, ОХУ-ын тамирчин 15-хан настай охин Юлия Липницкая уран гулгалтаар багийн төрөлд байж болох 20 оноог багтаа авч ирж, үзэгчдийг гайхшруулж, баярын нулимс унагахад хүргэсэн. ОХУ-ын гавьяат тамирчин болсон энэ охин хоёр аваргатай ач тач үзэлцэх нь тодорхой. Тиймээс Сочигийн мөсөн талбайд дээрх гурван тамирчны хэнийх  нь од гялалзахыг  харах л үлдлээ.  Ингээд энэ гурван тамирчны талаар товчхон мэдээлэл хүргэе.

Японы найдвар Мао Асада
Япон улсын тамирчин, эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын дэлхийн хошой (2008, 2010) аварга Асада Мао 1990 оны 9 дүгээр сарын 25-нд Япон улсын Айчи аймгийн Нагоя хотод төржээ. Асадо Мао 3-9 настайдаа балет бүжиж байгаад эгч Асада Майн хамтаар уран гулгалтаар хичээллэх болжээ. 2004 оноос багачуудын, 2006 оноос томчуудын уран гулгалтын тив, дэлхийн медаль хүртэх болсон. Түүнээс хойш олимпийн (2010) мөнгө, ДАШТ-ий хоёр алт (2008, 2010), ДАШТ-ий мөнгө (2007), дөрвөн тивийн АШТ-ий (2008-2013 оны хооронд) 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн.

Тэрбээр тэмцээний үеэр triple axel үсрэлт хийн газардаж чадсан анхны эмэгтэй уран гулгагч.  Асада Ким Юнаг өөрт нь урам зориг өгч, илүү сайжрах хүсэл тэмүүллийг нь хурцалж өгдөг хэмээн үнэлж байсан юм. Ким Юна Мао Асадатай найрсаг харилцаатай байдаг гэсэн бөгөөд түүний амжилтанд өрсөлдөгчийнх нь нөлөө маш их хэмээн онцолжээ. Мао Асадагийн хувьд хамгийн хүчтэй зэвсэг нь мэдээж түүний triple axel үсрэлт билээ. Гэвч тэрбээр энэхүү үсрэлтээ төдийлөн сайн гүйцэтгэж чадахгүй байгаа аж.  Ямартай ч тэр “Айсберг” цэнгэлдэхэд мөрөөдлөө биелүүлэхийн тулд гулгана.

 Мөрөөдөлдөө хүрсэн Ким Юна

Өмнөд Солонгосын алдарт уран гулгагч Ким Юна нь 1990 оны 9 дүгээр сарын 15-нд төржээ. Тэрбээр долоон настайгаасаа мөсөн дээр гулгаж эхэлсэн байна. Юна нь 2002 онд анх удаа олон улсын тэмцээнд оролцож тэрхүү тэмцээндээ тэргүүн байрын эзэн болжээ. Үүнээс жилийн дараа Өмнөд Солонгосын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, уг тэмцээний хамгийн залуу аварга болсон байна. Энэ бол түүний агуу их амжилтын үндэс болсон юм. Юнагийн карерийн хувьд хамгийн том амжилт бол “Ванкувер-2010” өвлийн Олимпийн аварга болж, дараа нь дэлхийн аварга болсон. Энэ үеэс л түүний нэр алдар дэлхий нийтэд мандаж эхэлсэн. Одоо түүнийг мэдэхгүй танихгүй хүн тун ховор. Солонгост түүнийг хүн бүхэн хүндэлж, охид бүсгүйчүүд түүнээс үлгэр дуурайл авдаг.

Юна  2010 онд “Kim Yu-na"s Seven-Minute Drama” нэртэй номоо хэвлүүлсэн бөгөөд энэ номондоо долоон настайгаасаа эхлэн 2010 оны Ванкуверын Олимпод оролцох хүртлээ хэрхэн бэлтгэлээ хийж байсан тухай болон өөрийн туршлагын тухай өгүүлжээ. Тэрбээр өөрийгөө мөрөөдлөө биелүүлж чадсан гэдэг. Ким Юна нь мөн сайн санааны үйлсэд идэхтэй оролцдог сайн санааны элч юм.


Мөсөн талбайн шинэ од Юлия Липницкая

"Сочи-2014" Олимпийн наадмын хамгийн залуу тамирчин Юлия Вячесловна Липницкая 1998 оны зургаадугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын Екатренбург буюу хуучнаар Свердловск хотод мэндэлсэн байна. Тэрбээр дөрвөн настайгаасаа мөсөн талбайд гулгаж эхэлжээ. Түүний ээж охиноо амжилтад хүргэхийн тулд 2009 онд Екатренбург хотоос нүүж ОХУ-ын нийслэл Москва хотноо амьдрахаар шийдэн нүүсэн гэдэг. Юлиягийн дасгалжуулагчаар Елены Левковец, Марины Войцеховской нар ажиллаж байжээ. Түүний амжилтын хувьд 2012 онд дэлхийн залуучууд болон ОХУ-ын  аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бол  2013 онд  Олон Улсын "Их дуулга", ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнээс тус тус мөнгө медаль хүртжээ.  

Ийнхүү Европын хамгийн залуу аварга маань Уран гулгалтын багийн төрөлд ОХУ-ын Олимпийн багт багтаж алтан медаль хүртсэн хамгийн залуу тамирчин болсон бөгөөд ОХУ-ын гавьяат тамирчин болоод удаагүй байна. Ердөө 15- хан настай Юлияг Орос гүрний хүсэн хүлээсэн алтан медалийг авч ирж, оросууд мөсөн талбайн эзэд гэдгээ дахин батлах боломжийг өгчихнө гэхэд Олимп эхлэхээс өмнө нэг их хүн итгэхгүй байсан биз.

Гэвч үзэгчдийн уухай, уран чадварыг нь бахдсан бахдал дунд Юлия Липницкая багийн тэмцээнд Олимпийн аварга болж, зөвхөн оросуудыг төдийгүй дэлхий дахиныг шагшруулж чадсан. Өрсөлдөгчид атаархтал, дэлхий нийт биширсэндээ нулимсаа нууж чадахааргүй болгосон Юлия Липницкая “Айсберг”-т гулгаж, дахин нэг догдлуулах нь ээ.

Б.Мөнхжин

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ