Х.Тэмүүжин сайдын хариуцлагагүй үйдлээс болж 3,2 тэрбум төгрөгийн өртөгтэй аппарат дэлбэрчээ
2014 оны 3 сарын 7
Х.Тэмүүжин сайдын хариуцлагагүй үйдлээс болж 3,2 тэрбум төгрөгийн өртөгтэй аппарат дэлбэрчээ
-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгад суурилуулсан аппаратуудыг ашиглах боломжгүй болжээ-

Засгийн газраас өнгөрсөн онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгад Хууль зүйн яамныхныг оруулахаар шийдвэрлэсэн нь ёстой дарин дээр давс цацсантай адил юм болсон. Өөрөөр хэлбэл, энэ шийдвэрийг гарахтай зэрэгцээд эмнэлгийн ажилчид барилгаа авч үлдэхээр янз бүрийн аргаар тэмцсэн удаатай. Тодруулбал, шинээр барьж байсан эмнэлгийн барилгад Улсын ерөнхий прокурын 40, Хууль зүйн яамны 90, нийт 130 хүнтэй оффисын байр болгохоор тогтоол гаргасанд тэд бухимдлаа илэрхийлсэн билээ. Тэр байтугай бүх л бүтэн биеэ даасан эмнэлгийг Цэргийн госпитальтай нэгтгэх шийдвэрийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг үзэглэсэнд эмч нарын болон эмнэлгийн өвчтөнүүдийн уурыг барьсан юм. Нөгөөтэйгүүр Х.Тэмүүжин эмнэлгийн барилгыг авах гэж улайрах болсон нь олон зүйлээс тодорхой байсан.

Харин эмч нарын зүгээс Хууль зүйн яамны удирдлагуудыг “Манай эмнэлгийн болон хамт олны нэр төр, ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдаж, эмнэлгээр үйлчлүүлдэг төрийн тусгай албан хаагчид болон жирийн иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийг зөрчлөө” гэж үзэж байсан нь саяхан. Харин Х.Тэмүүжин сайдаар нэр хүндээ сэргээлгэхээр Сүхбаатарын дүүргийн шүүхэд хандаж, Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан билээ. Гэтэл эмч нарын энэ үйлдэл төрийн дээд албан тушаалтнуудад огт хамааралгүй мэт. Учир нь эмч нар тэмцлээ олон төрлөөр илэрхийлж, цагдаа, шүүхийн байгууллагад ч хандаад нэмэр байгаагүй юм. Тэр байтугай энэ эмнэлгийнхний ирүүлсэн хүсэл, гомдлын нэгд нь хариу мэдэгдээгүй нь харамсалтай.  Харин нэг л өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийхнийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин цагдаа, хүчнийнхнээр хамгаалуулж байгаад Батлах хамгаалах яамны харьяа Цэргийн госпиталь руу шилжүүлсэн юм. Ингээд тэмцэж байсан эмч, ажилчдын дуу хоолой таг чиг болсноос хойш жил шахуу хугацаа болох гэж байна. Харин шинээр баригдаж байсан эмнэлгийн барилгын ажил 80 хувьтай байсны зэрэгцээ рентген туяа цацруулдаг компьютер томографын болон соронзон долгионоор оношилгоо хийдэг хоёр ч аппаратыг угсраад суурилуулчихсан байхад Засгийн газрын шийдвэрээр Хууль зүйн яамныхан хаалгыг нь барьчихсан явдал бий. Энэ аппаратууд нь 3,2 тэрбум төгрөгийн өртөгтэйн зэрэгцээ оношилгоо, шинжилгээг бүрэн хийх байснаараа онцлог. Нэг ёсондоо манайд дутагдалтай байсан оношилгооны аппаратуудыг энэ эмнэлэгт суурилуулж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бүрэн хүргэхээр давуу байсан юм. Харамсалтай нь Засгийн газарт эмнэлэг биш шүүх, цагдаагийн ажилтнуудыг оруулах байх хэрэгтэй гэдэг нь тодорхой зүйл.

Харин нэгэн ноцтой бөгөөд иргэдийн сэтгэлийг гонсойлгох мэдээ дуулгахад энэ барилгад суурилуулсан аппаратууд саяхан эвдэрч, оношилгоо явуулах боломжгүй болсон гэх нь бий. Өөрөөр хэлбэл, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын долоон давхраас юм унасан байна. Ингэх үед тухайн аппаратуудыг суурилуулсан өрөөний таазанд доргилт өгч юм унаж дэлбэрэлт үүсгэсэн. Нэг үгээр хэлэхэд, 3,2 тэрбум төгрөг өнөөдөр салхинд хийсч, аппаратууд нь ажиллахгүй болсон байна. Тэгэхээр энэ асуудалд хэн буруутай вэ гэдэг асуулт гарч байгаа юм. Засгийн газраас 122 дугаар тогтоол буюу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Батлах хамгаалах яам руу шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд барилгын асуудлыг Хууль зүйн яам бүрэн хариуцаж, тоног төхөөрөмжийг харж хянах байсан нь тодорхой биз. Тэгэхээр Хууль зүйн яамны буруутай үйл ажиллагаанаас болж 3,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий оношилгооны аппаратууд дэлбэрснийг юу гэх билээ. Үүний хариуцлагыг Х.Тэмүүжин сайдаас нэхэх хэрэгтэй биз ээ.

 

С.МӨНХБАЯСГАЛАН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив