З.Энхболд: Тендер будилуулагч бүх хүн төрийн албанаас зайлах ёстой
2014 оны 3 сарын 10
З.Энхболд: Тендер будилуулагч бүх хүн төрийн албанаас зайлах ёстой
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн нээлттэй хуралдаан ширүүхэн уур амьсгалтай болсон юм. Учир нь Үндэсний аудитын газраас 272 барилгад хийсэн шалгалтын дүнг танилцуулахад байнгын хорооны гишүүдийн зарим нь бухимдалтай байгаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын газраас “Засгийн газрын 2010 оны 36, 2012 оны 109 дүгээр тогтоол. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 181, 283 дүгээр тушаалаар барилгын төсөвт өртгийг нэмэгдүүлэх шийдвэр гарган хэрэгжүүлсэн нь төсөл арга хэмжээний өртөг их хэмжээгээр нэмэгдэх гол шалтгаан болсон” гэж дүгнэсэн юм. Үүнээс гадна 51 төрлийн 1034 зөрчил 247 обьектод гарсан гэж дүгнэсэн билээ. Харин гишүүдийн зүгээс 2014 оны төсөвт 272 барилгын хөрөнгө оруулалтыг царцаасан явдалд УИХ буруутай гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа.

Гэвч УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан “Бид 2010, 2011 онд эхэлсэн гажуудлыг хэлэлцэж байна. Энэ бол хөөсөн эзийн засгийн үед бий болсон гажуудал шүү дээ. Дээрээс нь сонгууль ойртсон үеийн нөлөө байсан нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалтын хойноос үхэн хатан хөөцөлдөж байсны үр дагавар өнөөдөр ингэж гарч байгаа” хэмээн байдлыг намжааж суусан юм.  Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Сангийн болон Хөгжлийн сайдын шийдвэрээр дөрвөн яамны ажлын хэсэг гарч, 2014, 2015, 2016 оны хөрөнгө оруулалтын саналуудыг авна гэж бүх суманд очсон. Зарим суманд 36 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж санал тусгасан зүйл бий. Мөн 9000 гаруй обьектыг улсын хэмжээнд барьж байгуулна, 50 их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ гэсэн. Тэгэхээр энэ чинь өнөөдрийн хөрөнгө оруулалтын хэмжээг багаар бодоход Монгол Улс 25 жил хийх ажлаа гурван жилд гүйцэтгэнэ гэсэн үг. Одоо энэ хариуцлагагүй ажлыг яах вэ. Үүнийг ард түмэн асуух хэрэгтэй. 2015, 2016 онд эх үүсвэргүй баахан төсөл арга хэмжээний зорилт дэвшүүлэх гэж байна” хэмээн их л бухимдалтайгаар хэлсэн нь хөрөнгө оруулалтыг нь царцаасан барилгад хийсэн шалгалтын дүн асуудал дагуулсан нь энэ.

Харин гишүүдийн саналыг сонсож суусан УИХ-ын дарга З.Энхболд дорвитойхон шиг шийдэл хэлсэн нь олон хүнийг зочроов. Тэрбээр “Аудитын газар сайн ажилласан байна. Гишүүд УИХ өөрөө буруутай гэж ярьж байгаатай би санал нийлэхгүй байна. Зураг төсөлтэй барилгад хөрөнгө хуваарилах энэ бүх хууль одоо ч гэсэн мөрдөгдөж байгаа. Харин одоо хэрэгжиж байгаа хууль, журмыг зөрчсөн хүмүүсийг яах вэ гэдэг асуудал бий. 2006 онд 68 хувийн татвар гарснаас хойш санхүүгийн сахилга бат хэрэгжихээ больсон. Засгийн газрын хүссэн мөнгийг УИХ өгдөг байсан. Энэ хэсэгт УИХ өөрөө буруутай. Анх удаа шинэ УИХ энэ буруу практикаас татгалзаж байгаа. Өмнөх УИХ-ууд тендер зарладаг, хууль зөрчдөг хүмүүс, барилга захиалгын товчооны хууль зөрчигчид, барилга баригдаж байх хооронд сайд нар нь 600 хүүхдийн сургуулийн тоог 900 болгож өөрчилдөг. Тэр мөнгийг нь УИХ асуулгүйгээр баталж өгдөг энэ бүх зүйлээс гажуудал үүссэн. Аудитын газар 250 сая төгрөг зарцуулж байж гурван сарын хугацаанд хийсэн ажил нь энэ. Энэ асуудалд цэг тавих нь болсон. Одоо буруутай хүмүүст бүгдэд нь таарсан арга хэмжээ авах ёстой. Байнга хугацаа хоцроож байсан барилгын компаниуд хар жагсаалтад орж, дахиж ажил авах эрхгүй болох ёстой. Зураг төсвийн магадлан хийж, Ц.Дашдорж, Х.Баттулга сайдын тушаалаар халхавчилж, төсөвт өртгийг 2-3 дахин нэмсэн зураг төсөв зохидог хүмүүс энэ эрхээсээ хасуулж, улс энэ хүмүүст ажил өгөхгүй байх хэрэгтэй. Тендер шалгаруулахад нэг барилгыг гурван компанид хувааж өгсөн тендер будилуулагч бүх хүн төрийн албанаас зайлах ёстой. Тиймээс цэг тавина гэдгийг энэ мэтээр ойлгож байгаа. Одоо минийх гэдгээр харж үзэх асуудал байхгүй. Алдаа гаргасан хүн болгонд таарах хариуцлагыг өгөх хэрэгтэй. Энэ асуудал 2010 оноос эхэлсэн ажил биш. 2006 оноос эхэллээ тавьсан. Одоо тендерүүдийг шинэ зарчмаар явуулна” гэсэн юм. Тэгэхээр он дамжин хэрэгжүүлэхдээ төсөвт өртгөө нэмэгдсэн барилгын компанийн эзэд, тендер будилуулагчид, зураг төсөв хийдэг төрийн албаныхан гээд бүгдээрээ хариуцлагагүй үйлдлийнхээ горыг хүлээх болж байх шиг байна


С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив