Н.Удвал сайд аа, нэгдүгээр эмнэлгээ эмнэлэг шиг болгочихвол танд “онц” дүн тавья
2014 оны 3 сарын 11
Н.Удвал сайд аа, нэгдүгээр эмнэлгээ эмнэлэг шиг болгочихвол танд “онц” дүн тавья
Улсын тодотголтой олон эмнэлэг бий ч Улаанбаатарын болон хөдөө орон нутгийн иргэдийг хүлээж авдаг нь Клиникийн нэгдүгээр төв. Өөрөөр хэлбэл, өвдсөн, зовсон, хаана хандахаа мэдэхгүй нэг нь энэ эмнэлгийг голдуу зорьдог. Гэвч зорьж ирсэн иргэдийн хувьд тав тухтай, чирэгдэлгүй үйлчлүүлнэ гэдэг ойлголт байхгүй болсон нь харамсалтай. Хөдөө орон нутаг, нийслэлийн иргэдийг хүлээж авдаг гэдэг тодотголоороо өвчтөнүүдийн хөлд дарагддаг гээд бэрхшээл, зовлон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ “Бид ачааллаа дийлэхгүй байна. Өвчтөний тоо хэрээс хэтэрсэн” гэдэг үгийг байнга хэлж суумааргүй л баймаар. Гэтэл өнөөдөр энэ эмнэлгийн талаар сайнаар хэлээс илүүтэй муулах нь олон болсныг хаа хаанаа бодох хэрэгтэй болоод байна.

Эрүүл мэндийн салбарын хувьд хамгийн доголдолтой яваа нь. Харин энэ салбарыг дөрвөн жил толгойлон суудаг эрхмүүд юу хийдэг нь нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй байгаа зовлон бий. Хүн ам нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн барилгаа олшруулж, олон улсын чанар стандартад нийцүүлэх зайлшгүй шаардлага өдөр ирэх тутамд бий болсон. Гэтэл салбар хариуцсан сайд нь эрүүл монгол хүний асуудлыг орхигдуулж, эрх мэдэл, орон тооны хойноос хөөцөлдсөөр өнөөдөр ийм байдалд хүргэсний гор гарч байгаа. Тэгээд ч эрүүл мэндийн салбараа улс нь бодлогоор шийдвэрлээгүйгээр барахгүй ус долоолгосон гөлөг шиг ийм л байдалтай болгосон дүр зураг бэлхнээ бидний өмнө байгаа юм. Гадаадын улс орнууд эрүүл мэндийн салбартаа анхаарал хандуулж, нэг номерт хүнийхээ эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлдэг байтал манайд энэ жишиг мөрдөгдөөгүй хуучны байдлаар хөл дээрээ тэнтэр тунтар алхсаар байна. Өөрөөр хэлбэл, манай улс эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүр мөсөн хаяж, иргэдийн хувьд ч үүгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг бүрэн авах ухамсар дутагдалтай явсаар байгаа юм. Нэг жишээ татахад, хавдартай болсон өвчтөн эм, тариагаа даатгалаараа хөнгөлттэй авах нөхцөл гадаадад үйлчилдэг бол манайхан өөрсдийнхөө халааснаас гаргадаг. Энэ нь өвчнөө бүрэн эдгэрүүлэх боломжийг хумигдуулсаар байдаг гэхэд хилсдэхгүй. Нэг үгээр хэлэхэд, төр нь иргэдийгээ үхвэл үхнэ биз гэдэг байдлаар ханддаг буруу зуршил үйлчилдэг. Энэ нь ч хатуу “бодлого” мэт мөрдөгддөг.

Сүүлийн жилүүдэд манай улсад шинээр бүртгэгдэж байгаа өвчлөлийн тоо нэмэгдэх болсон. Энэ нь агаарын бохирдол, химийн гаралтай хоол хүнс хэрэглэх болсон гээд олон зүйлээс нөлөөж байгааг эрдэмтэд, судлаачид тайлбарладаг. Харин үүнийг оношлох, эмчлэх тоног төхөөрөмж дутагдалтай байгаа гэдэг ч Улсын клиникийн төв эмнэлэгт “Шинээр тийм ч аппарат суурилууллаа” гэх нь олон удаа дуулддаг. Гэтэл өнөөдөр үйлчлүүлэхээр очсон өвчтөний оношийг гаргах багаж, тоног төхөөрөмжгүйгээс “Сонгодо” руу хөөдөг байдал байгаа нь харамсалтай. Гэхдээ хувийн болон өөр эмнэлэгт хандаад шинжилгээ өгөхөд цагийн даргаа гаргадаг жишиг манайд бий болсон. Гэтэл улсын тодотголтой энэ эмнэлэгт шинжилгээ өгөх гэж 7-10 хоног хүлээнэ. Харин оношоо гурав хоногийн дараа авдаг гээд хуучирсан систем үйлчилсээр байгааг юу гэх билээ. Бэлхэн жишээ татахад Улсын клиникийн төв эмнэлгийн дотор үйл ажиллагаа явуулдаг хувийн лаборатори нь 15 минутын дотор шинжилгээний хариу гаргаад өгдөг дэвшил бий. Тэгэхээр энэ эмнэлгийн дотоод асуудлыг  шийдвэрлэж болох олон зүйл байгаа нь үүнээс илэрхий биз. Юутай ч өвчтөнүүдийн хувьд энэ байдлаас нь түвэгшээгээд өөр эмнэлэгт хандах болсон нь улсын тодотгол үүрч байгаа эрүүл мэндийн байгууллагынхан зохион байгуулалт, иргэдийг чирэгдүүлэхгүй байх боломжийг эрэлхийлмээр.

Гэтэл бахь байдгаараа л байна. Н.Удвал сайд “Эрүүл мэндийн салбарыг шинэчилнэ” хэмээн том амлалт өгсөн. Тэгвэл энэ эмнэлгээр орж байгаа байдлыг бодитой хармаар сан. Түүний хувьд “2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жилээр зарлаж,  жирэмсэн эхчүүд, төрсөн эх, хүүхдийн асуудлыг хяналтдаа авч ажиллаж байна. Өнгөрсөн онд эрүүл мэндийн төв, эмнэлгийн зориулалттай 18 барилга ашиглалтад орсон бол энэ онд 32 барилга ашиглалтад орно” хэмээн бүтээн байгуулалт ярихаас цаашгүй явна. Тэгэхээр Улсын клиникийн төв эмнэлэг ачааллаа дийлэхгүй, нэг өвчтөн хангалгаад өгөх гэж хоёр сар хүлээж байгааг анхааралдаа авах цаг хэдийнэ болсон юм биш үү. “Бид эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнгийг тодорхойлж, хэзээд анхдагч, манлайлагч нь байна” гэдэг уриатай энэ эмнэлэг чинь хөгжлөөсөө хоцорч, иргэдийг бухимдуулж байгааг анхааралдаа авах цаг ч болжээ.



С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив