Уул уурхайн сайд ”Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечинтэй уулзлаа
2014 оны 3 сарын 18
Уул уурхайн сайд ”Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечинтэй уулзлаа
Уул урхайн сайд Д.Ганхуяг ОХУ-ын Роснефть компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг олон жилийн хугацаанд Роснефть компани Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж ирсэнд талархал илэрхийлэхийн ялдамд, өнгөрсөн жил хуралдсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар жилд ОХУ-аас Монголд 1.0 сая тонн хүртэл хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх талаар ярьсныг онцлов. Мөн ОХУ-аас БНХАУ-д экспортолж буй түүхий нефтийн тодорхой хэсгийг манай улсаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж байсан үйл ажиллагааг дахин сэргэнэ гэдэгт найдаж байгаа талаар саналаа хэллээ.  Түүнчлэн Монгол Улсад баригдах газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий газрын тосыг олон улсад байдаг 3 улс хоорондын солилцооны зарчмаар нийлүүлэх боломжийг судалж байгаад талархал илэрхийллээ. Дээр нь байгалийн хийн дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайруулах боломж байдгийг хөндөж ярьлаа. Монгол,Орос улс хамтарч Асгатын мөнгөний ордыг ашиглах бие даасан хамтарсан компани байгуулах, технологийн туршилт болон технологийн сонголт хийх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг байгааг тэмдэглэв. Энэ ордыг эргэлтэнд оруулах шийдвэр дээр дурьдсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас гарсан байдаг.

Мөн Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг 100 хувийн төрийн өмчийн “Эрдэнэс МГЛ” ХХК-д нэгтгэн зохион байгуулах, корпорацийн хэлбэрээр ажиллуулах, компанийн засаглалыг сайжруулж, бие даасан хараат бус мэрэгжлийн удирдлагаар хангах, яваандаа нээлттэй компанийн хэлбэрт шилжүүлэх бодлого баримталж байгаа талаар ярьж, энэ шийдвэртэй холбогдуулан Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн монголын талын төрийн өмчийн төлөөллийг “Эрдэнэс МГЛ” ХХК хэрэгжүүлэх болсон талаар танилцуулав. Роснефть компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин “Манай хоёр уламжлалт найрсаг ах дүүгийн харилцааг цаашид шинэ шатанд гарч байгааг мэдэгдээд стратегийн чанартай томоохон төслүүдийн харилцан ашигтай, харилцан хүндэтгэх зарчуудыг баримтлан хамтран ажиллах бүрэн боломжтой” гэдгийг илэрхийлэв. Мөн тэрээр Роснефть компанийн газрын тосны нөөц, болон олборлож буй газрын тосны хэмжээ, дэлхийд дээгүүрт орж байгаа талаар танилцууллаа.Түүнчлэн Роснефть компанийн олборлож буй түүхий тосны нэгж өртөг бусад орнуудын компаниудаас хамгийн бага байгаа талаар тэмдэглэв.Тэрбээр төмөр замаар газрын тос тээвэрлэх зардал өндөр тул ОХУ-аас Монгол руу газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх талаар урт хугацааны гэрээ байгуулан төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж ярьлаа. Энэ асуудлыг талууд харилцан мэдээлэл солилцож судлах шаардлагатай байна гээд,газрын тосны салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.




Х.Учрал
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ