Задрал дамжсан нэгдэл
2014 оны 3 сарын 21
Задрал дамжсан нэгдэл
1.Израилд ОХУ-ын элчин сайдаар 1991-1997 онуудад алдарт А. Бовин суудаг байв. Үүнээс өмнө тэрбээр ЗХУ-ын удирдагч Л.Бреженевийн спичрайтерийн ажлыг хийж байсан.  Мөн  “Известия” сонины тоймч ч байв. Улс үндэстэн хоорондын асуудлаар үлэмж сонирхолтой бичдэг нэгэн байв. 1990 оны 10 дугаар сард Берлиний ханыг нурааж Баруун, Зүүн Герман нийлж билээ. Тэгэхэд А.Бовин: “ М. Горбачёв Герман үндэстний хувьд Отто фон Бисмарк шиг гавъяа байгууллаа” гэж бичсэн. Энэ нь 1800-аад оны сүүлээр Герман үндэстэн нэгдмэл улс болсон үеийг 100 жилийн хойдохтой харьцуулан хэлжээ. Бисмарк (1815-1898) бол Германы анхны канцлер юм. Өөрөөр хэлбэл, ХБНГУ, БНАГУ хоёрын нэгдэл нь социалист системийн сулрал, их гүрэн ЗХУ-ын задралтай шууд холбоотой байсныг энд хэлсэн хэрэг.

Яг үүн шиг 2014 оны Киевийн майдан нь 1441 онд Крымд маань болсон явдлын том түлхэц боллоо. Аль тэртээхь 1441 онд Алтан ордын улсын маань хүч нөлөө сулрахын цагт Крымд үлдсэн монголчууд түрэгжиж эхэлсэн байдаг. Тэгээд Крым маань тал нутгийн Крымийн хант улс, уулын Феодоро князын улс болж эхэлж хоёр хуваагддаг. Үүнээс хойш хуваагдсан шигээ хувь зохиолыг туулсаар явдаг. Харин  1768-1774 онд болсон орос, түрэгийн дайн  османы ноёрхолд цэг тавьсан юм. Иймээс 1783 оны дөрөвдүгээр сарын 8-нд Екатерина II  Крымын хойгийн хувь заяаг Орос улс мэдэх болохыг тунхагласан. К(и)рым гэдэг үг бол хэрэм буюу хот орон  гэсэн монгол үгнээс гаралтай  гэдэг нь ийм учиртай юм билээ. Яагаад гэвэл тэнд осман, орос хоёроос өмнө нэгэн цагт олон он жилээр монголчууд ноёлж явжээ. Бүр украинаар бол Крим юм шүү дээ.
 Харин майдан гэдэг нь задгай талбай гэсэн перс үг юм гэнэ лээ. За ингээд бусдын ч юм шиг өөрийн ч юм шиг үгээр хөөцөлдөөд явбал дуусахгүй. Хэмжээнээс минь хэтэрсэн явдал.
Орос, Крым хоёр бие биедээ учиргүй хайртай хосууд шалих ялихгүй юмнаас муудаад хэсэг хугацааны дараа уулзахдаа биесээ учиргүй санснаа мэдэрдэг шиг л уулзлаа.

2.
25 жилийн өмнө Зөвлөлт Холбоот Улс гэж их гүрэн байлаа. Дэлхийн номер хоёр эдийн засагтай гүрэн байв. Газар нутгаараа хамгийн том нь. Дэлхийн хуурай газрын 1/6-ыг эзэмшидэг. Улс төрийн нөлөөгөөр АНУ-тай л арсалддаг. Цэрэг дайны их хүчтэй. Газар дэлхий дээр бүү хэл сансар огторгуйд үлэмж нөлөөтэй. Тэгсэн атлаа жинсэн өмд хийж чаддаггүй. Ийм орон байсныг бид мэднэ.
Гэвч энэ улсаас улс төр, эдийн засгийн хувьд манай улс үлэмж хамааралтай байсныг хэн ч мартаагүй.
Ганцхан тодорхой жишээ хэлье. 1990 оноос хойш сонгогдсон төрийн тэргүүн гэхэд цөмөөрөө энэ улсад сургууль соёлд суралцсан. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж. 1990 оноос хойших 13 Ерөнхий сайд гэхэд Н.Алтанхуягаас бусад нь тэнд суралцаж байсан байдаг. Энэ нь үндсэн сэдэвт хамаагүй ч жирийн хүнд БНМАУ гадаад худалдааны 84 хүртэл хувь нь энэ улстай хамааралтай байсан гэдгээс илүү тусах болов уу гэдэг үүднээс бичив.
Одоо ч энэ зүгээс багагүй хамааралтай.

ЗХУ-ын хүн ам задрахынх нь өмнөхөн 293 сая байсан юм. Тэгээд 15 улс болж задрав. ЗХУ гэсэн том буйран дээр хамгийн том нь ОХУ болж үлдэв. Тасраад яваад өгсөн 15 улсад нь өөрийгөө орос үндэстэн гэж үздэг 20 сая гаруй хүн  амьдран суудаг байв. Ингэж тасарсан улсаас хамгийн их хүн амтай нь Украин улс. 45 сая гаруй. Үүнээс өөрийгөө цэвэр орос хүн гэж үздэг нь 8 сая орчим. Энэ хоёр ард түмний ахуйн соёл, хэл яриа, зан заншил, урлаг утга зохиол  маш ойр. Бараг ялгаа үгүй.Тиймээс орос аавтай, украин ээжтэй, эсвэл украин аавтай, орос ээжтэй хэдэн сая хүн байдаг болохыг тэд ч өөрсдөө тооцоолж гаргаж чадахгүй. Өвөө, эмээ гээд яривал  бүр учир тоймгүй  юм болно. Ийм л холбоотой хоёр ард түмэн байгаа юм.
Бидний яриад байгаа Крымын хойгт маань гэхэд 2сая 400 мянга гаруй хүн амьдран суудаг юм байна. Үүнээс орос үндэстэн 1сая 400 орчим мянга, украин 577 мянга орчим, татар 245 мянга орчим байдаг байна. Үлдсэн жаахан хэсэг нь буюу тав хүрэхгүй хувь нь бусад үндсэтнүүд байдаг байна.  Иймд Крымын автономит бүгд найрамдах улсад: “Чи орос байх уу? Украин байх уу?” гэдэг санал асуулга явуулахад ямар үр дүн гарах нь ойлгомжтой.
Крымын хувьд дан ганц үндэстний фактор ч нөлөөлөөгүй. Амьдрал ахуйн болоод соёл иргэншилтэй холбоотой түмэн фактор байна. Хамгийн наад зах нь гэхэд л тэтгэвэрийн зөрүүг харъя. Крымчан өвгөн 150 доллар авч чадаж уу, үгүй юу байхад Орос өвгөн 300 доллар авч байх жишээтэй. Цалингийн зөрөө нь бол бүр 2.5-3.0 дахин  зөрөөтэй байх нь наад захын асуудал. 
Ингээд яваад байвал цаашаа иймэрхүү асуултанд бас иймэрхүү хариу гарах орон нутаг зөндөө билээ. Ганц Украинд ч биш. Зөвлөлт Холбоот Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөөс улбаалан салж одсон 15 бүгд найрамдах улсын буйран дээр байгаа шинээр буй болсон улс орнуудын тодорхой хэсэгт гарч болох дурын хариу.

3. 
Нөгөө талаар. Энд үндэстэн дагасан хуваагдал, нэгдэл явахаас гадна соёл иргэншлийн зөрөө их гарч байх шиг.
ОХУ, Крымын асуудал орос үндэстний нэгдэл гэж нэг талаараа харагдавч   Европ тивийн геополитикийн хуваагдлын эхлэл гэж харагдвал яах вэ? Ер нь баруун Украин бол Баруундаа ойрхон. Үеийн үед л ийм байсан. Миний мэдэх нэг жишээ.  Францын алдарт зохиолч Оноре де Бальзак 1850 онд одоогийн баруун Украины Бердичевд Эвелина Ганская гэдэг орос хүүхэнтэй хуримаа хийж байх вэ дээ. Тэр үед Бердичев хот Оросын гүрний  буйд газрын зэрлэг бүдүүлэгдүүхэн хотуудын нэг байсан хэдий ч Бальзак очсон л байгаа юм. Орос нутагт тэр цагийн франц хүн Петербург, Москвагаас зүүн тийш хол явдаггүй ч байсан байх. Бас тийшээ явж дурладаггүй ч байсан байх. Хэдийбээр Оросын язгууртнуудын гэр оронд хүүхдүүдийнх нь багш гол төлөв франц, аж ахуйг нь гол төлөв герман хүн хийдэг байсан хэдий ч тэд юу гэж л Урал, Сибирьт ирээ аж. Ийм ч учраас Л.Толстой “Дайн ба энх” романдаа хуудас хуудас франц текст оруулсан байдаг байх. Ер нь бол баруун тал нь Барууны нөлөөнд автах нигуур их.

Бальзак л гэхэд энэ хүртэл явчихсан байхад Герман, Польш, Чехийн ардын дипломат бол чөлөөтэй хөгжиж ирсэн биз? Польштой бол бас их дөт ард түмэн. Герман хүнийг орос, украин, белорусь хүмүүс немец гэдэг. Энэ нь “не мы” буюу “бид биш ээ” гэсэн үгнээс гаралтай гэдэг гэсэн. Өөрөөр хэлбэл бидэнтэй адилгүй гэсэн хэрэг. Белорусь гэдэг чинь “цагаан орос” гэсэн шууд утгаараа байгаа үг. Бид Өвөр Монгол хүн, Ар Монгол хүн гэдэг шиг ч юм уу даа. Тэр нарийн юмыг нь мань мэт хөндлөнгөөс ойлгох аргагүй.

Иймд энэ ард түмнүүдийн үндэс угсаа нэг байхаас гадна бие бие лүүгээ таталцах шалтгаан нь дуусахгүй.
Өнөөдөр Украинд ямар ч гэсэн Европын Холбоо, АНУ-ыг дэмжигч хүчин, Оросыг дэмжигч хүчин хоорондоо зөрөлдөж байгаа нь тэнэг хүн ч тэмтрээд мэдэхээр харагдаж байна.

1991 онд зохиолч Л.Түдэв гуай: “ЗХУ-ын задрал бол “единение через разделение”  (бичвэрийн гарчиг орос дээрээ байгаа нь Х.Б) болох л байх даа” гэж надад хэлж байж билээ. Аймшигтай мэргэн ч юм шиг...
 Крымын процесс том уу, жижиг үү гэдэг нь бидний хэлэх асуудал биш. Гэхдээ 23 жилийн дараа үнэхээр задрал дамжсан нэгдэл боллоо. Зөв үү, буруу юу бүр ч бүү мэд. Хэн нь зөв, хэн нь буруу, бүр ёстой чиг бүү мэд.
“АНУ-ын модель явахаа байлаа” гэж оросууд аль эрт эхэлсэн.
Өнөөгийн УИХ-ын дарга  З.Энхболдыг 2003 онд АНУ-д сурч байхад нь Сэмюэль Хантингтоны бичсэн номыг түүнээс авч билээ. Хантингтон 1993 онд соёл иргэншлийн мөргөлдөөн ирээдүйн зөрчил тэмцлийн шалтгаан болохыг тэмдэглэсэн бий. Дипломатч нийтлэлч Баярхүү ч түүний номыг монгол хэл дээр орчуулсан буй. Тэгэхээр соёл иргэншлийн (цивилизац) зөрөлдөөнтэй орон бол Украин юм бол бас Молдав байна. Европод хоёр байна гэсэн үг. Молдав улс, Приднестровын Молдавын Бүгд Найрамдах Улс (ПМБНУ) хоёрын хооронд ийм байдал аль 1990 оны есөн сард буй болсон билээ. Тэд ч яахав гэлээ ч энэ процес цаашид үргэлжлэх ч боломжтой. Бид яах ёстой юм бэ? Бид бусдын буй болгосон соёл иргэншлийг дагаж өнөө яригдаад буй гоё хөгжилд очих юм уу? Аль талд нь байх ёстой юм? Аль нь ч биш үү? гээд түмэн асуулт гарна. Дагахгүй бол хөгжихгүй юм уу? Шаардлага хангахгүй юм уу? Хэн яаж тэр иргэншлийг зөөвөрлөж өгөх юм?
Өнөөдөр аль соёл иргэншлийг дагавал дээр вэ гэдгээ тодорхойлоогүй ард түмнүүд зөндөөн. Баруун бол нэг соёл иргэншилтэй гэж Хантингтон үздэг шиг. Хэрэв энэ нь үнэн юм бол нөгөө туйл нь үнэн алдартныхан болох нь уу? Тэд оросоос гадна болгар, гүрж, румын, армен, молдав гээд яваад өгнө. Наад зах нь л Эрхүү, Улан-Үдийн буриадууд хэрээстэд элссэн нь зөвхөн үнэн алдартны шашинтнууд байдаг. Ази бол бүр ч хүндрэлтэй болно. Хэрвээ дэлхийн улс орнуудын тэмцэл соёл иргэншлийн зөрөлдөөн, шашны олонлог дээр суурилбал бид яах юм?!

Тэгээд тэр нь капитализм, социализмын зөрөлдөөнийг өвлөж авбал шинэ ертөнцийн учрыг олоход бүр ч хэцүү болох нь.
Украины баруун хэсэг католик шашинтанууд. Тэгэхээр дээрх энэ миф ортой ч юм шиг.

Бид ямар ч тохиолдолд хүйтэн дайн нь халуун дайн болохгүй байх тэр талд л зогсох ёстой. Яагаад гэвэл одоохондоо бид католик ч биш, үнэн алдартан ч биш.  Дэлхий бөөрөнхий ч хавтгай талбай бас байгаа шүү дээ.
“Зовж явахад тэвчээр, жаргаж явахад сэрэмж” гэж Ч.Лодойдамба гуай бичсэн байдаг. Энэ бүхнийг тэр утгын хүрээнд бичихийг хичээлээ. Эрхэм уншигч Та болгооно биз ээ!



Х. Бүрэнтогтох




Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив