Ц.Энхбаяр Эрүүл мэндийн сайдаас том толгойлов
2014 оны 3 сарын 24
Ц.Энхбаяр Эрүүл мэндийн сайдаас том толгойлов
Чихэнд хонх уяж, асуудал нь хурц байдалд хүрсэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын сонгон шалгаруулалт энэ удаа шударга зарчмаар болж, Адьяагийн Мөнхтайван гэдэг хүн тэнцсэн явдал бий. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал байдаг аргаа хэрэглэж, ном журмынх нь дагуу Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлыг сонгосон юм. Тиймээс үүрэгт ажилд нь өчигдөр томилж, Ц.Энхбаяр А.Мөнхтайван нарыг гар, хөлөө барилцаж байгаад ажлаа хүлээлцүүлэхийг үүргэдсэн билээ. Гэтэл Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхбаяр нь ажлаа хүлээлгэж өгөхгүй, хаалгаа түгжээд явсан нь асуудлыг улам дэвэргэж, энэ эмнэлэг эмх цэгцэндээ орох болоогүй сануулчихлаа.

Н.Удвал сайд эрүүл мэндийн салбарыг удирдах болсныхоо дараагаар эмнэлгүүдийн дарга нарыг хуйгаар нь халж, орны хүнийг нь шударга журмаар сонгон шалгаруулж авсан. Гэсэн ч Гэмтэл, согог судлалын үндэсний төв өнөөдрийг болтол даргаа тогтоож чадахгүй, эмч, өвчтөнүүдийг чирэгдүүлж байгаа нь нууц биш. Уг нь гэмтлийн эмнэлгийн даргаар экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эмчлэгч эмч МАХН-ын гишүүн Л.Жамбалжавыг өмнө нь томилсон удаатай. Харамсалтай нь АТГ-аас энэ эрхмийг шалгаад ХОМ-тээ эхнэрийнхээ компанийг дурдаагүй. Түүгээр ч барахгүй энэ эмнэлгийн онгоц буудаг газрыг зарсан гэсэн үндэслэлээр эмнэлгийн даргаас нь чөлөөлөхөд хүргэсэн. Харин асуудал ингэж мандсанаас болж эрүүл мэндийн сайд Н.Удвал өөрийнхөө тарьсан алдаан дээрээ шавартай нүүрээ хутгалдсан хэвээр байгаа юм. Учир юу гэвэл Л.Жамбалжав албан тушаалаасаа буунгуут Н.Удвал Ц.Энхбаяр гэгч эмэгтэйг энэ эмнэлгийн даргаар шууд томилчихсон. Үүнээс нь болж эмнэлгийн эмч нар эсэргүүцэл илэрхийлж, тэр байтугай саарал оронд “Эрүүл мэндийн сайд ганц эмнэлгийн даргыг сонгож чадахгүй” хэмээн хоорондоо шивнэлдэж суусан явдал бий. Түүгээр ч зогсохгүй Ц.Нямдорж гишүүн Эрүүл мэндийн сайдад хатуу сануулга өгсөн нь үнэн. Тэрбээр “Зурагт үзэхээр Сири, Эрүүл мэндийн яамны дайн хоёрын талаар мэдээлэл гарах юм. Хэзээ энэ дайнаа зогсоох юм. Энэ салбар чиний хувийн өмч биш. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын томилгоог эсэргүүцэж байхад яаралтай арга хэмжээ аваад зогсоож болоогүй юу. Гэмтлийн эмнэлэг цус урссан, хүмүүс ёолсон ямар хүнд нөхцөлд ажилладгийг ингэхэд мэдэж байгаа юм уу. Одоо орны хүнийг нь хэзээ томилох юм. Удирдлагагүй байгаа Улсын эмнэлгүүдийн дарга нарыг хэзээ томилох юм” гэж байсан юм.

Харин өнөөдөр энэ эмнэлгийн дайн улам хурцдаж, шинээр томилогдсон хүндээ албан тушаалаа өгөхгүй байгааг юу гэх билээ. Эрүүл мэндийн сайд УИХ-ын нэгдсэн чуулгад асуулга тавихад гишүүд түүнээс энэ эмнэлгийн асуудал хөндөж байхад Засгийн газрын гишүүд “Эрүүл мэндийн сайдыг дуудаж, дуртай нь ингэж байцаах ёсгүй. Түүнээс ийм асуулт асуух эрхгүй” хэмээж байсан нь саяхан. Тэгвэл энэ эмнэлгийн даргын албан тушаал тийм их үнэ цэнэтэй болоод өнөөдөр нэгэн нэгэндээ ажлаа хүлээлцэж өгч чадахгүй дээрээ тулсан хэрэг үү. Н.Удвал сайдын эрх мэдэл энэ эмнэлэгт үйлчлэхгүй болсон уу гэж асуух дээрээ хүрээд байгаа юм. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхбаяр гэх эмэгтэйн хувьд “Ачтан-Элит” эмнэлгийн мэдрэлийн мэс засгийн тасгийн даргаар ажиллаж байсан нэгэн. Гэтэл энэ эмэгтэй эмч нараа халах эрх мэдлэгийг урвуулан ашиглаж, сайдаасаа том толгой гаргаж байгаа нь зүйд нийцэх үү.



С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив