“Эрдэнэт” үйлдвэрт гарсан хэргийг эцэслэлээ
2014 оны 3 сарын 24
“Эрдэнэт” үйлдвэрт гарсан хэргийг эцэслэлээ
2013 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д осол гарч хүний амь нас хохирсон хэрэг гарсан. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж аймгийн прокурорын газраас дахин энэ төрлийн хэрэг гаргуулахгүй байх, гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мэдэгдэл бичсэн байна. Хэргийн талаар дурьдвал, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10-11 цагийн хооронд тус компанийн Цахилгаан цехийн цахилгааны монтёр Э, Б нар нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Баяжуулах фабрикийн төв корпусын ил хувиарлах байгууламжийн дэд станцын тулгуурын хэлхмэл шаазан тусгаарлагчийг солих засварын ажлыг гүйцэтгэж байхдаа шаазан тусгаарлагчийг агаарын шугамын буултын бэхэлгээнээс салгах үед шаазан тусгаарлагч хугарч улмаар Э, Б нар унаснаас хохирогч Э-гийн биед хүнд гэмтэл, хохирогч Б-гийн амь нас хохирчээ. Энэ хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд Сум дундын 14 дүгээр шүүхээс Цахилгаан цехийн Шугам сүлжээ дэд станцын хэсгийн мастераар ажиллаж байсан Н.С-ийг Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэмд заасан хөдөлмөр хамгааллын журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял ногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн байна. Шүүх хуралд улсын яллагчаар хяналтын прокурор Э.Улаанаа оролцсон байна.




Х.Хүслэн
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ