Ертөнцийн хүйс хаана вэ
2014 оны 3 сарын 28
Ертөнцийн хүйс хаана вэ
1.
    Монгол оронд хүн болж төрнө гэдэг нэгэн төрлийн том хувь заяа юм. Том аз жаргал юм. Дэлхийн үй олон ард түмэнтэй харьцуулахад бид азтай хүмүүс. Харин азтайгаа улам азтай болгож чадахгүй байгаа нь л бидний зовлон юм даа. 
Энэ хавар сайхан томоотой хавар болж байна. Сүүлийн 24 жилд байгаагүй тайван, амгалан хавар. Хашгирч гуагчихгүй юм. Харааж зүхэхгүй юм. Ийм юмаар гаршиж  мэргэшсэн сайн нөхөд маань хүссэн суудал сэнтийдээ очсон учраас одоохондоо орлон тоглогчид төлжиж амжаагүй байх шиг.
Зоос хоёр талтай гэдэг энэ болой.

Ойрын өдрүүдэд “Монголын эдийн засгийн чуулган-2014” болж байна. Чуулган дээр “яваа”, “эхлүүлэх гэж байгаа”, “хийгдэх гэж байна”, “бэлтгэл хангагдсан”, “туршилт амжилттай болох нь”, “дэлхийн зах зээл дээр хувьцааны үнэ унасан” гэсэн утга чанартай үгсийн үнэ цэнэ эрс нэмэгдэв.
Энэ үгсийн үнэ ханш доллар шиг чангарав.
“Хийчихсэн”, “болчихсон”, “үр өгөөжөө өгч байна”, “ашиглалтанд орчихсон” гэх мэт үг манай эдийн засгийн хүрээнд төгрөгийн ханш шиг навс унав.
Үнэхээр нүүрс баяжуулах технологийн туршилт яваа. Гэр хорооллыг барилгажуулах төсөл яваа. Станц барих шав тавьсан. Эдийн засгийн өсөлт явах шинжиндээ яваа. 
Яваа, яваа, яваад л байгаа. Харин Лиссабон л хүрч чадахгүй байх шиг. 
Ард түмэн томоотой байгаагийн том шалтгаан нь нийгэмд том хүлээлтийг тогтоож чадаж байгаад л учир байна.
“Би явж байна. Бээжин сууж байна” гэдэг шиг.

2.
Чуулгандаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гуайг үзэгдэхгүй байна гээд төлөөлөгчид урамгүй байна гэнэ. Уг нь төлөвлөгөөт эдийн засгийн үед Төлөвлөгөөний комисс гэж яамдын яам байсан юм. Зах зээлийн эдийн засагтай үед яамдын яам нь эдийн засгийн яам мөнөөс мөн болой. Энэ яам л зохицуулалтаа хийх үүргээ умартвал ямар ч бодлого бодох аргагүй болно.
Батбаяргүй эдийн засгийн чуулган бол хүргэнгүй хурим л гэсэн үг.
Сангийн сайд Ч.Улаан ноднин хавар “Энэ намрыг хараарай!” гэж байсан. Бүтээн байгуулалт босоод ирэх нь гэж иргэд урамшссан. Тэр уг нь Сангийн сайд болохоос Сангийн аж ахуйн яамны сайд биш л дээ. Намар жаахан ногоо тариа хүссэн ч хүсээгүй ч авдаг л даа.
За ингээд чилээрхэмээр олон бүтээн байгуулалтын хажуугаар хошин хоёр түүх ярья.

Нэг.
Дөрөвдүгээр ангийн математикийн хичээл дээр багш сурагчиддаа маш түрэмгий бодлого тулгав. 
Багш: “Ярина гэдэг хийсний 50 хувь юм бол “яваа” гэдэг хийсний хэдэн хувь юм бэ?” гэв.
Сурагч: “Багш аа, наадахь чинь эдийн засгийн сайд л бодох олимпиадын  бодлого байна” гэж гэнэ.
Багш,
- Суу, онц.
Бодлогын хариуг олоогүй ч олох хүнийг нь заасанд багш олзуурхжээ.

Үнэхээр бид энгийн бодлогуудаа эхлээд бодоцгооё. Дараа нь олимпиадын бодлого руугаа орцгооё. Ярина гэдэг хийсний 50 хувь  юм бол шав тавина гэдэг хийсний дор хаяж 75 хувь болж таараа. Энэ бол их ажилтай процесс. Цайг хятадад юм уу, гүржид тариулна. Тэндээс тээвэрлэж ачуулна. Авчирна. Цайгаа боох хадгийг хятадад нэхүүлнэ. Тэгээд шав тавих хагас метр газар ухуулна. Шав тавихад 100-гаас дээш хүн цуглуулна.Тэднийг алга таштал нь гэрэлтэй гоё үг хэлнэ. Сонин, хэвлэл, радио телевиз  цуглуулна. Тэднээр шав тавьсан тухай бичүүлнэ. Нэвтрүүлнэ. Энэ бол бүтээн байгуулалтын 75 хувьд хүрэх процесс.
Хамгийн харамсалтай нь, нөгөө талаар  үлдсэн 25 хувь нь эргээд 100 хувьтайгаа тэнцдэг учраас энэ бол үнэхээр олимпиадын стандартын бус сэтгэлгээний бодлого.

Хоёр.
Газар зүйн хичээл орж байна. Багш бас л түрэмгий асуулт тавив. Бид чинь дээр доргүй түрэмгий болж байгаа шүү дээ. Бид түрэмгий учраас багачуул бас түрэмгий.
Багш,
- Хүүхдүүд ээ! Зах зээлийн эдийн засгийн хүйс нь хаана байдаг вэ?
Энэ түрэмгий асуултанд хариулах сурагчид хашигчин хариулав.  Яагаад гэвэл тэд нэгэнт түрэмгий болсон. Түрэмгий асуултанд түрэмгийгээр эсэргүүцнэ гэдэг бас л нэг түрэмгийлэл. Уншигч Та юу эс андах вэ?
- Багш аа, багш аа би хэлье. Тэр хүйс чинь америкт байдаг.
- Үгүй ээ, Хятадад байдаг гээд уралдан хашгиралдав.
Багш,
- Хэн нь ч таасангүй.
- Өө гэж сурагчид урам муутай ундуйцав.
Харин Алтанхувьт хүү ганцаараа тэвчээртэй дуугуй сууна. Яагаад гэвэл тэр юу гэж хэлнэв ангийнхан нь бүх юмыг нь хэлснээр нь ойлгодог байв. Тийм учраас тэрнээс асууж л таараа. Маадайж суухаас яахав.
Багш,
- Сурагч Алтанхувьт! гэхэд, 
- Яагаад би гэж? хэмээн бусдаас түрэмгий өнгөөр асуув.
Учир нь тэр бүгдийг мэддэггүй ч гэсэн бүгдийг мэддэг гэж бодож чаддагт ид шид нь байв.
Багш,
- Олон сайхан зөгнөлт зохиол хамт олондоо ярьж өгдөг. Сайн сурагч шүү дээ. Алтанхувьт чи минь.
Алтанхувьт, 
- За тэгвэл тэгэхээс дээ. Зах зээлийн эдийн засгийн хүйс нь Барс зах мөм.
Багш,
- Суу, онц. Хүүхдүүд ээ, Алтанхувьт шиг зөн билэгч байхыг Та нарт зөвлье.
Багш ч дээрх асуултынхаа хариуг мэддэггүй аж. Гэвч сурагч Алтанхувьтийг бүхнийг мэдэгч гэж бас бодож чаддаг байжээ, хөөрхий.
Багачуул маань нэг ийм янзтай.
Тэгвэл томчуул яаж байна?

3.
УИХ-ын дарга З.Энхболд: “Хууль бус шийдвэрээр бизнесийг хаадаг албан тушаалтнууд хариуцлаг хүлээдэг байх ёстой” гэж чуулганы индэр дээрээс зарлалаа.
Сайхан хэрэг. Цаг үедээ тааруулж жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг боймолдог орон нутгийн бяцхан цурхайнууд хариуцлага хүлээх нь.
Одоо тэгвэл хууль гаргаж бизнесийг хаадаг албан тушаалтнуудыг яах вэ? гэдэг асуулт гарна. Тэднийг яах вэ? Тэд нас бие гүйцсэн голийсон акулууд. Тэдний ашиг сонирхол Их хурлын танхимд чихцэлдэн байгаа. Яагаад гэвэл манай чинээлэг давхрага тэнд байдаг.

Жижгээс эхэлье.
Жишээ нь ТҮЦ байна. Түргэн үйлчилгээний цэг. Тэнд ус ундаа, самар бохь, печень ёотон гол төлөв зарна. Бас тамхи зардаг байлаа. Тэнд гурван ээлжээр эмээ, өвөө, эхнэр, нөхөр, хүү, охин ажлаад амьжиргаагаа залгуулахад болоод байдаг байв.Тэгтэл тамхи зарахыг нь тас хорив. Монголчууд тамхи татахгүй байх нь сайн боловч үйлчилгээ хол байх нь муу шүү дээ. Тамхи зарахаа больсноос хойш өвөө, нөхөр, хүү гурав ажилгүй боллоо. Яагаад гэвэл өрхийн орлого багассан. Яагаад гэвэл тэр орлого хүчирхэг сүлжээ рүү явсан. Уг нь олон нийтийн газар тамхи татахгүй байхад л хангалттай бус уу? Уг нь бага насны хүүхэд л тамхи татахгүй байхад чухам л учир начир нь орших бус уу?  Хүний амжиргаа болсон ТҮЦ-ыг хааж байхын оронд.

Одоо ТҮЦ-үүд нууцаар тамхи зарах болж байна. Иргэд хулгайгаар тамхи худалдаж авч байна. Хүмүүс дамчин, хулгайч занд суралцах өргөн бололцоог хөхүүлэн дэмжлээ. Жижигхнээс жижиг үйлдвэр, үйлчилгээг таслан зогсоовол эдийн засгийн хялгасан судсууд тасарч эхэлж байгаа бус уу? Хятадад ганцхан тамхи зардаг жижиг ТҮЦ, худалдааны газрууд байх юм. Тамхи зарангаа оёдлын машин засаад сууж байх юм. Эсвэл тамхи зарангаа чемодан, зоонтик засаад сууж байх юм. Бид үйлчилгээг нь өргөжүүлэх байтал хумих, хаах, боогдуулах тал руу нь явуулж байна. Хууль тогтоогч нарт ТҮЦ-тэй хүн байхгүй дээ. Муруйцсан ч болно. Ядаж л: “Би ТҮЦ-тэй” гэж хэлвэл танхим дүүрэн инээдэм болно биз дээ? Тэдний хувьд ийм бялзуухай бизнес ичгэвэртэй биз дээ? Аан!
Харин тэр бялзуухай бизнес энгийн өрхөд бол Улсын Их дэлгүүр шиг чухал юм даа.

ТҮЦ-нд тамхи зарахаа болилоо. Одоо дэлгүүрт архи зарахаа болих нь. Энэ бүхэнд Эрдэнэчимэг гэдэг гишүүн ихэл гишүүнчлэн оролцох юм. Гэтэл энэ эмэгтэй эмийн сүлжээний “хатан хаан” гэж алдарших билээ. Бараг өөрөө явдаг шахуу “Бенз” машинтайгаа твитерээр гайхуулсан гэж саяхан шуугилдсан. Сансарын хөлөг юм уу, хаашаа юм. Тэгээд яагаад бусад сүлжээний бөөрийг аваад байна. Сүлжээ ч гэж дээ, сүлжээнцэрүүдийн. Монголд түмэн ТҮЦ, жижиг дэлгүүр байгаа. Түүнд буман хүн ажилж “амиа” хийж байгаа.
Хятадад зөвхөн архи зардаг дэлгүүрүүд байна.  Өрхийн бизнес маягтай. Бээжинд, Шанхайд байж болоод байгаа юм манайд яагаад байж болохгүй юм бэ? Архийг жижиг дэлгүүрээс авч том сүлжээнд хамж авбал маш олон жараахайнууд бизнесээ хаана.

Жарайхайнуудад амьдрах бололцоо өгөөч. Бүгд тэд чинь зээлийн өртэй байдаг. Ядаж шинэ юм хийж маневрлах боломжит хугацаа тэдэнд хэрэгтэй. Архины нэр төрийг тэнгэрт дүүлтэл нь өргөх нь дээ. Горбачёв шиг. Тэр цагт айл болгон архи дамлан зарна даа. Энэ чинь харин эдийн засгийн хялгасан судаснаасаа цаашилж явах байх. Организм хялгасан судаснаасаа цаашилбал хаос болно. Ертөнцийн жам ийм.
Бас нэгэн яриа.
Бэлтгэл ангийн багш асууж байна.
- Монгол орны ашигт малтмал хаана их байдаг вэ?
Сурагч,
- Манай эмээгийн ТҮЦ-энд.
Хүүхдүүд инээлдсэнгүй. Багачуул үүнийг үнэн гэж боддог ажээ.
Хуулийн шийдвэрээр бизнесийг хаадаг албан тушаалтнууд харин инээлдлээ. 
Уг нь бид ядаж ядуу дунд хэсгээ өндийлгөхгүй юмаа гэхэд түвшинд нь барих нь хамгаас чухал баймаар. Тэднийг худагт алдчихмааргүй байна. Ер нь аж ахуй, эдийн засгийн шийдвэрүүд солигдмол үүл шиг байвал улс төр аандаа холигдмол үүл  болно. Энэ бол Улсын Их хурлын хууль биш амьдралын хууль. Тогтвортой байя. Томоотой байя.

4.
“Яваа”, “эхлүүлж байгаа”,  “бэлтгэл хангагдаж байна”, “туршилт амжилттай болох нь” гээд бүгд гэгээтэй сайхан үг. Гэхдээ л энэ сайхан үгийн хажуугаар нэгэнт эхэлчихсэн юмыг битгий сөнөөгөөд бай л даа ядаж. 
Энэ чинь өөрт нь огт хэрэггүй, өрөөлд амин чухал юмыг хулгайлдаг хүн шиг муухай юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж : “Ярина гэдэг хийхийн тал” гэж “образно” буюу уран дүрслэн хэлсэн үг. Түүнээс хийгээгүй ажлыг хийсэн болгох лайхайдан гул барихад зориулж хэлээгүй шүү дээ. Сүүлдээ бүр үйлсээ үгээр дампууруулах юм даа.


Х.Бүрэнтогтох
 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив