Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ
2014 оны 4 сарын 1
Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ
1.
   Бидний амьдралын хөг адилавтар. Бид гэдэг маань зонхилох олон. Салхи шиг шуурч, согоо шиг сэргэлэн яваа цөөнхөд энэ бол хамаарахгүй. Тэд гоё хөгтэй амьдрал сонсож буй.Бид өглөө 8 цагт ажилдаа явж, орой 8 цагт багтаж гэртээ ирвэл олз. Хэдий ийм ч өглөө гэрийнхээ шатыг хөнгөхөн уруудна. Харин орой элдэв бодолд жинтэйхэн дарагдсаар өнөө л шатаа өгсөнө. Ингэж байж л чөлөөлөгдөнө. Гэвч амьдралыг энэ саарал локомотив урагшуулна.
Ажил хийж хүн амь зуудгаас хойш ингэж л амьдралгүй яах вэ?
“Жаргал нь жад болчихсон” гэдэг дээ. Тийм л биш бол?! Ингэж л амьдарч энгийн амьдралаа чирж явна. Эх орноо чирж явна.
Хамгийн гол нь өнөөгийн монголчуудын  амьдарч буй ертөнц хуулийн дарангуйлалд амьдардаг байх ёстой. Өөр дарангуйлал байх ёсгүй. Гэтэл хуулийн дарангуйлалд амьдар гээд хууль үйлдвэрлэгчид хуулиа зөрчих нь шөнийн зүүд шиг.  Харин жинхэнээсээ хуулийн дарангуйлалд амьдардаг зонхилох олон бид үнэнийг үргэлж ирнэ. Дээр нь Хуулийн дарангуйлалаас гадна ёс суртахуунгүйн дарангуйлалд амьдарч байна. 
Үнэндээ манай ардчилсан, хүнлэг сайхан Монголын нийгэмд хүмүүжил суртахуунгүйн ёсон норм, нормативээ алдаад гүйцсэн.
Ачаан дээр ачаа.

Жишээ нь, хүүхдүүд том том юм мөрөөдсөн бэлэн хэрэглээний эзэд.
 Бидний үе шиг шарваар өмсөөд, савхин гутал жийгээд явахгүй. Их гарынх нь “HUGO BOSS”, “Burberry”, “BrooksBrothers”-ийн боол болсон.
Өнгө мөнгө хоёр Монголын нийгмийн толгой үзэл санаа. 
 Хувийн байгууллагад ажилладаг бол эзэн, захирал хоёр:“Зарц боол” гэж дуудна. Хувсгалын байгууллагад ажилладаг бол дарга даамал нь: “ Зайлаарай, тонилоорой. Ард чинь оочерлоод зогсож байгаа шүү” гэж аяглана. Ийм орчинд эрс нь бөхөлзөн долигнож амь зууцгаана. Эмс нь ноёнтны хэрэгцээ болж байж тайван амьдрах цэнгэлийн манлайгаас амсана.
“Зара”-г өмсөхгүй бол зарц шиг харагдах юм уу, хаашаа юм?
“Бөрберри” барихгүй бол боол шиг харагдах юм уу, хаашаа юм?
Гэрт нь хоолгүй байхад өнгө мөнгөний ертөнцөд тааруулж булган дах өмсөх ч нэгэн байна. Бүр цаашлаад “H энд М”-ийг ямар бренд гэдэг юм гэдэг ч юм уу? “C энд A” –г юу гэдэг юм бэ?  гэж ч байх шиг. Ингэж ядуугаа баян нь хөлдөө үрж байна. Ер нь том амьтан бол бренд ярьж, брендээр амьсгалахгүй шүү дээ. Тэр бол мань мэт ёотонгийн талын хэрүүл хийхийн дайны л эд юм даа. Бид 20 гаруй жилийн өмнө ямар хүмүүс байлаа. “Бурда” өмсөж урду хэлээр ярьдаггүй ч сэтгэлтэй байдаг байлаа. Сэтгэлтэй байхыг хичээдэг байлаа.
Уг нь “Хувцсаар нь угтаж ухаанаар нь үднэ” гэсэн үг баруунд байдаг гэнэ билээ. Манайд бол “Хувцас хэрэглэлээр нь угтаж хувцас хэрэглэлээр нь үднэ” гэдэг болой. Бас ч гэж дажгүй. Шалдан угтаж шалдангаар нь үдэхээс арай дээр. Африкийн жунглид бол ингэх л байх даа.

За цааш нь.
Өнөөдөр хувийн байгууллагад менежэр, маркетолог, дилер, селлер юу гэж нэрлэхээс үл шалтгаалаад феодлын үеийн зарц боол шиг байх нь буй. 
Аливаа байгууллагад гүйцэтгэх ажил хийж байгаа хэн боловч босс, даргынхаа сэтгэлийн тэнцвэрээс хамаарч амь аргацаана.
Худлаа хэлэх, худлаа амлах зэрэг бол эзэд, ноёдод хувь зохиол шиг нь хэвийн үзэгдэл.
Сайн юм бүтээж гэж зүтгэх нэгэн ховор ч гэсэн байдаг л байх. Уулын мод урттай богинотой хойно.
Чихрийн набор гэдэг шиг муухай юмны цуглуулга болсон нөхөд ч байна.
Сар ажилуулаад цалин авдгийн даваан дээр нь халах бол зуршил. Хавар болохоор оюутан залуучууд баар ресторанаас авахуулаад барилга заводад ажилдаг. Энэ сайхан сонсогдовч нөгөө талаараа тэднийг хулхидах сезон эхэлж байна гэсэн үг. 
Энэний эсрэг тэмцэх хамгий энгийн хэрэгсэл ч байхгүй. Оюутан залууст ч бахйгүй. Охид хүүхнүүдэд ч байхгүй.
Хувийн байгууллагууд албажаагүй.
Бага гарын сэтгэлгээтэй эзэд албажих нь бүү хэл бүр хүнжээгүй.
Сайн дурийн уран сайханчид сагс тоглож байгаа юм шиг.
Сайн дурын уран сайханчид сагс тоглохоороо яадаг юм гэж үү?
Хөгтэй энэ хорвоог хөгийн л болгодог байхгүй юу.

2.
Эзэн (дарга, даамал, захирал, эрхлэгч, тэргүүн, толгойлогч, сайд, head, босс, бэйс, ерөнхийлөгч, ерөнхий сайд, гишүүн, гашуун гээд юу гэсэн ч нэр устай байж болно) байнга зөв.  Галзуу нохой шиг байсан ч зөв. Гансирсан чавганц шиг байсан ч зөв. Ойлгомжтой болгоё.
Өөрөөр биш шууд утгаар хэлбэл,
Эзэн байнга зөв.
Эзэн байнга ухаантай.
Эзэн байнга хөөрхөн.
Эзэн байнга мундаг.
Эзэн байнга шудрага. 
Эзний үнэн, чиний худал.
Энэ хязгааргүй үнэн шүү. Энэ хазааргүй зөв шүү. Харин үүний цаана нэг юм нуугдаж байна. 
Юу нуугдаж байна вэ гэвэл,
Албажаагүй дарангуйлал.
Ардчилалжаагүй ардчилал.
Энгийн бидний хүсэл мөрөөдөлтэй газар ус шиг харшилна.
Энгийн бидний эрхийг хэн хамгаалах вэ?
Шүүх үү?
Шүүх бас эзэнтэй.
Цагдаа юу?
Цагдаа бас эзэнтэй. 
Өмгөөлөгч үү?
Өмгөөлөгч бас эзэнтэй. 
Тэгвэл нэг сонин яриа сонсон уу.

-       Эздийн дээр эзэн байна уу? Тэр эзэнд нь энэ болохгүй байгаа эздийг матах юмсан.
-       Ертөнц хязгааргүй учраас эздийн дээр эзэн бий. Тэр бол Бурхан.
-       Бурхан маань чөтгөрийг яая даа гэж байхад бидний асуудлыг шийдэх юм уу? Завгүй байгаа Бурханаас дээгүүр эзэн байна уу? Эгэл бидний хүсэл эрмэлзлэлийг ойлгочих. Тийм шудрага гар байхгүй шүү дээ. Улаан нь ч гараад нэмэргүй юм. Цагаан  нь ч гараад нэмэргүй юм. Бүр хоёулаа нийлж гараад ч нэмэргүй юм.
-       Улаан сайд, Цагаан дарга хоёр Бурханы эзэд гэж үү?
-       Үгүй ээ. Мөм ч тэнэг юм даа. 
-       Тэгвэл тэдний дээр ямар нэг юм байх л ёстой. Оранж ямар уу? Оранж юу байх вэ? Улбар шар.
-       Украйн юм уу даа.
-       Алтан зул цэцэг?
-       Киргиз юм уу даа.
-       Эздийн дээр эзэн байх л ёстой. Улаан,шар, цагаан, ногоон нь яах вэ? Ядаж нэрийг нь хэлчих.
-       Нэр нь үү? Эрх ашиг гэдэг юм аа.
-       Тэгвэл тэр Эрх ашиг гуайд матъя л даа.
-       Тэг дээ, тэг. Чиний эхнэр царай муутай байлаа гэж бодъё. Тэгвэл чи царай муутай юм аа гээд эхнэртээ эхнэрээ өөрийг нь матаж чадах уу?
-       Балай юм ярих юм аа.
-       Харин ийм л балай юм байгаа юм.
Яагаад ийм хачин юм бичээд байна? Хэдэн жилийн өмнө надтай хамт нэг эмэгтэй ажилладаг байлаа. Түүнийг манай дарга нар учиргүй айлгадаг байлаа. Түүнийг өмнө нь байсан  даргын талын хүн гэж харддаг байв. Хэрэв ээ тэр ажлаасаа гарвал цалин царвуу бүү хэл, ипотекийн зээлээр олсон байраа алдах байлаа. Тийм учраас ямар ч гүтгэлэг, дарангуйлалыг тэвчихэд бэлэн байв.
Тэр эмэгтэй нэг өглөө ажилдаа ирээд,
-       Би урд шөнө их муухай зүүд зүүдэллээ гэв.
-       Ямар?
-       Манай дарга самбарын өмнө юм бичиж байгаад над руу шохой шидэж уурлалаа гэж зүүдэллээ гэв. 
Би,
     -  Аан  гэж хайнгадуу дуугарсан боловч тэр өдөржингөө дотор минь өмхийрчихсөн юм шиг байж билээ.
Хожим бодоод байх нь ээ бид эр хүн шиг байж чадахгүй болтлоо далдын нэг юманд дарлагдаад байгаа юм шиг санагддаг юм.
“Эрийн боол
Гэрийн зарц” болж байсан эмэгтэйчүүд 100-аад жилийн өмнө үүнийг эсэргүүцэж чадаж байлаа. Эрчүүд нь феодлын ёсонд дассан ч гэсэн тэдний эрх чөлөөг зөвшөөрч байсан юм.
Одоо яаж байна вэ?
“Эздийн боол
Эдийн зарц” болж байх шиг. Ийм  цаг үед  яадаг юм бол доо.
Ер нь жендер мендер ярьж байгаа нь ч нарийндаа эмэгтэй хүнийг доромжилж байгаа юм шүү дээ. “Чи чадахгүй учраас бид чамд эмэгтэй болж төрсний чинь төлөө боломж өгье л” гэсэн үг шүү дээ. Харин үүнийг нь ямар эмэгтэйчүүд ажигладаг юм бол доо? Ялангуяа, улс төрд бол энэ бол утгаггүй. Харин 50  кг-ийн ууттай гурилыг  заагаад: “Жендер хамаагүй ээ чи өргө” гэж болохгүй байх л даа. Ялгаа салгаа нь энэ л юм.

3.
Ийм балай юм бичиж байгаа нь миний унхиагүйнх биш  байх. Эргэн тойрны анхааралтай ажвал нэг л биш. Гэвч...Сайхан юм бичье гэхэд сар хиртчихээд болохгүй байгаа хэдий ч хавар ирлээ гэж хэлье. Хавар ирлээ. Илүү сартай хавар ирлээ. Ээжийн минь итгэл найдвар шиг урт хавар ирлээ.
Эгэл бидний амьдрал хэнд ч хэрэггүй байж болно. Бидний амь зуулга хэнд ч хамаагүй байж болно. Бидний эрх ашиг албажаагүй дарангуйлалд дарагдаж байж болно.

Бидний амьдралыг зун, намар,өвөл өөрчлөхгүй байж ч болно. Бүр өнөө хүсээд байсан хавар ч өөрчлөхгүй байж болно.
Гэхдээ хавар болгон нэгэнт өнгөрсөн болгоны төгсгөл шинэ бүхний эхлэл байж чаддагт л гоо сайхан нь оршино. Хавар болгон сэтгэлд баяр өгдөг. Чи эзэн болоод зарц байхаас үл хамаараад сэтгэлд баяр өгдөг. Бид цөмөөрөө угтаа бол бүгд адилхан. Нэг тэнгэрийг харж, нэгэн юманд баярлаж явдаг. Нэгэн адил урам зориг эрж хайж явдаг. Нэгэн цаг үед хугацаатай амьдарцгаагаад зовлон жаргалыг тэнцүү эдлээд явах хувьтай. Нарийндаа сайн мууг ялгах нэгэн сэтгэлтэй. Иймд бие биедээ нинжин сэтгэл өгөх чадвартай. Энэ чадвар эзэн ба зарцаас үл хамаараад байдагт гавъяа нь оршино. Хөгжлийн үндэс бол ёс суртахуун, хувь хүний соёл, олж авсан хүмүүжил дээр тогтоно. Үүнийг би биш үнэнээрээ амьдарч хөгжиж дэвжсэн ард түмнүүдийн амьдрал бэлхнээ хэлж өгч байна.
Хавар ирлээ.
“Хүнд цаасан тэлээ авчирч өгөхөөр даавуун хамрын алчуур авчирч өг” гэдэг дээ. Ингэж л эмэгтэйчүүддээ бид хандах ёстой юм. Монголын нийгэмд.
 


Х.БҮРЭНТОГТОХ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив