“Сайн байна уу? Ноён бонд!” гэсэн бол “Баяртай, ноён бонд” гэж хэлэх л болно
2014 оны 4 сарын 8
“Сайн байна уу? Ноён бонд!” гэсэн бол “Баяртай, ноён бонд” гэж хэлэх л болно
1.
       Социализмын үед “Москвад найтаавал Улаанбаатарт ханиана” гэдэг сэн. Үүнийг  эдүүгээгийн бид 25 жил шүүлээ. “Аяа яая аа, 11 тэрбум долларын өр!!!”. Энэ  Ю.Цэдэнбал, Т.Рагчаа, Д.Содном, П.Жасрай нар ч эх орон оо тавиад туучихсан байж шүү дээ гээд л багачууд бид шогширцгоосон доо.  Урд өмнө нь бид энэ нутаг оронд огт байгаагүй юм шиг 25 жил шогширлоо.  1990 онд нэг өдөр л төрцгөөсөн юм шиг л авирлацгаасан. III,IY Дулааны цахилгаан станц зүгээр байж байгаад бий болсон юм шиг. III,IY хороолол өөрөө босоод ирсэн юм шиг. 333 сум,нэгдэл, сангийн аж ахуй, 33 хот, суурин газрын хөрснөөс  борооны ус, нарны гэрлээр ургаад ирсэн юм шиг л ярьж, бичиж байв. Үнэндээ бидний нүдэнд туссан бүгдийн 85 хувь нь тэр гайтай 11 тэрбум долларын үр дүн юм шүү дээ. Үүнийг бүтээн байгуулалт гэнэ үү, өрийн эквивалент гэнэ үү, энэ бол тусдаа асуудал. Ямар ч гэсэн бидний нүд бол чих шиг хуурдаггүй. Энэ бүхэн жанжин Сүхбаатараас хойш хийгдсэн ажил. Чингис хаан маань бидний сайн өвөө боловч хамаг цагаа “глобализаци”-аар занималдаж өнгөрөөсөн. Иймд, ядаж эртний Бээжин шиг суурин ч өвлүүлж амжаагүй юм. Энэ нь бас тусдаа сэдэв учраас түр орхъё.

2.
Одоо байдал ямар байна вэ? 
Америк найтайвал Европ ханиалгана. Европ ханиалгавал хөгжиж байгаа орнууд хатгалгаа тусна. Тэгвэл бүр хөгжих гэж байгаа орнууд бүр уушигны сүрье туух юм уу, хаашаа юм. Энэ загварыг л манай сайд Но. Алтанхуяг яриад байна.  Бусад сайд нар ч өөртөө итгэлгүй бувар бувар хийж л байна.Уушиг гэдэг эрхтэн зүрхээ барьж өвддөг юм гэнэ лээ. Нэгэнт уушиг  хэцүүдвэл зүрх зогсоо. Дээрх гинжин урвалаас ийм л дүр харагдах нь. Дэлхий хэцүүдсэн учраас л бид хэцүүдлээ юм биз дээ.

Гэтэл зоосны нөгөө талаас харвал өөр юм аа. Монгол бол хөгжиж байгаа зах зээл. Дээрх логикоор Европын бие тавгүйрэхэд бид ДОХ тусах эсэх нь биднээс 77 хувь хамаарна. Бид чинь Мао даргын үед Зөвлөлтийн мал аж ахуйн бааз гэж “г”очлогдож байлаа. Гэхдээ мал аж ахуйн баазаас материал техникийн бааз болох гэж чамгүй хичээсэн дээ.

Одоо бонд авлаа. Бас л хөгжил дэвшлийг хүсч авсан байх.
Монголд хавар ирлээ. Намар болоход дэлхийн эрдсийн зах зээлд гавьтай өөрчлөлт болохгүй гэж мэргэн буучид буудаж байна. Манайд өөрөө “буруугүй” засаг ноёлдлог учраас буруутан олдсон. Энэ бол дэлхийн хямрал. Оюутолгойн зогсолт. Тавантолгойн нүүрс. Нүүрс бол дэлхийд худалдаад байгаа бараа биш ээ. Сайн хөршийн харьцаат, сайн санаат Хятад улсаэд л худалдана. Тэд авахгүй бол Улаанбаатараас 1000 км цаадахь нүүрс бол бусад чулуутайгаа адил хар өнгөт хатуу биет билээ. Иймд тэнд нүүрсэн далай байгаад ч нэмэр алга. Өнөөдөр Хятад улсын нүүрсний импорт өссөн. Энэ импорт Оросоос авдаг гаазан хоолойн диаметр бүдүүрхээс нааш буурахгүй. Одоо Хятад орон нүүрсээ Австрал тивээс авч байна. Гэтэл манай самосвалаар ачдаг нүүрс явдаггүй. Хамтарсан засгийн үеийн Чалкогийн өрөө дарах маягтай л байгаа гэж амьтан ярих юм. Хятадад нүүрсний импорт өссөн гэж би түрүү хэлсэн  байх аа? Тэгсэн атлаа манайх явдаггүй. Манай Хятадтай хийдэг нүүрсний наймаа Говь-Алтайн Бигэр сумаас Улаанбаатарт ирдэг махтай нэгэн үйл заяагаар борлогддог байх гэсэн шижиг төрөх юм. Өөрөөр хэлбэл Бигэрийн малчны мах Улаанбаатарт иртэл дөрвөн ченжийн гар дамжаад хотод ирнэ. Ирчихээд нэг ченж, нэг бөөний зах дамжаад худалдагчийн гараар орж иргэн таны сагсанд очдог шиг үйлийн үртэй юм биш байгаа. Яагаад гэвэл урьд нь учиргүй авч байсан хятад нөхөд маань хаачив? Ченжүүд ашигтай үед нүдэнд эвэр ургатал үзэгдээд ашиггүй үед нүүрсэнд дарагдсан мэт алга болдог бус уу?

Оюутолгойг ч гэсэн Хятадын зах зээлийн тулд л гадаадынхан орж ирж ашиглана. Тэд хэрэгтэй үед зэсээ авна. Хэрэггүй бол зогсоно. Хэрэгтэй цагийг хүлээнэ. Тэдний буруу биш. Тэдэнд ашиг л хэрэгтэй болохоос Энхмаа, Дулмаа, Базармаа нарын амьдрал гол биш шүү дээ.
Иймд биднийг аварч арабийн шейх болгох Толгойнууд маань олгой шиг байдалд орлоо. Энэ бол гадаад хүчин зүйл. Гадаад хүчин зүйлийг яах ч арга байхгүй. Ийм үед дотоод хүчин зүйлдээ л түлхүү тулгуурлахаас өөр аргагүй. Бидэнд олигтой хуримтлал алга. Бидний хувьд 2010, 2011 он бол сайхан зүүд мэт санагдана биз ээ, одоо. Зүүдээр биш хөлсөөр амьдардаг хорвоо хойно одоо яая гэхэв. Зүтгээд байхаас. Хямрал гэдэг хятад ханз “айдас, шинэ боломж” гэсэн хоёр агуулгыг хадгалдаг юм гэнэ лээ.
Бидэнд Монгол хүн болгон хурган шейх болчихмоор сайхан зугаатай үе байлаа. Баяр, Батболд нарын тэргүүлсэн хамтарсан Засгуудын үед. Хармсалтай нь хуримтлал үүсгээгүй. Улс оронд ч иргэдэд ч ирэх хямралыг давах хуримтлал үүссэнгүй. Иргэддээ 20,20-н мянга төгрөг, бас бус элдэв шидээр нь тараасан. Иргэд бид ч үүнийг алга ташин хүлээж авч байлаа. Нэгэнт ард түмний 90 хувь алга ташин хүлээж авч байхад эсэргүүцэгч гарах нь шал дэмий хэрэг л дээ. Хүчингүй эд.
Одоо тэгээд өнөө Батболд, Баяр нараа мянгантаа харааж, түмэнтээ давшлаад яах вэ? Яагаад гэвэл бид чинь өнөө 20 000-тын дэвсгэртийг хэд хэдийг нэгэнт хармаалчихаад баярлаад цогиж явсан хүмүүс шүү дээ.

3.
   Одоо тэгээд яах вэ?
Нэгд, сэтгэл гутралд орох хэрэггүй. Одоо л нөгөө нэг шилдэг нийтлэлчийн онож хэлсэн, үүлэн чөлөөний нар шиг тусгаар тогтнолынхоо ач тусыг  гаргах цаг нь ирж  дээ. Бид нүүрсээ борлуулахдаа хүн царайчлана. Нефтиэ авахдаа бас хүн царайчлана. Энэ байдал хавар, зун, намар, өвөлдөө үргэлжлэх нь. Иймд хүн царайчилдаггүй зүйлээ хөгжөөх. Манай зарим улс төрчид сонгуульд ялагдахаараа америк явж амардаг шиг. Суралцдаг шиг. Сул талаа давуу тал болгох нь л зах зээлийн эд шид юм. Сонгуульд ялбал Монголд ирж бужигнуулдаг шиг л зальтай байцгаая, зон олон минь. Ард түмэн биднийгээ Төр засаг маань Оюутолгой, Тавантолгойгоор хэтэрхий хүчтэй амьсгалууллаа. Тэр нь нэг л явах шинж алга. Энэ хоёр проект хөдлөхгүй бол нэг сайн. Хөдөлбөл хоёр сайн гэдэг вариантаар л үзэхээс өөр аргаггүй. Эрсдэл болгон ард түмний нуруун дээр.
Иймд дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээгээ хөөрцөглүүлэх боломж нь иржээ.
Өндөр дуугаар хашгирцгаая. Эх орон дуудаж байна. Хүн болгон хөдөлье.
Үйлдвэрлэл дээр нэмэх нь бас үйлчилгээ шүү.

Жишээ нь, Туризмээ өөрсдөө хөгжүүлье. Европод бол нэг хоног гадаа хоносон хүнээ турист гэж үздэг юм гэнэ лээ. Манай мөнгөтэй хэсэг нь Баасан гаригт Сеүл нисээд казинод хармаагаа сэгсэрчихээд ирж байна. Энэ өвчин арилахгүй. Иймд казиног ч нээе. Нэгэнт сэгсэрдэг хармааг монголдоо сэгсэрье.
Жишээ нь, Эмнэлгийн үйлчилгээг Америкаа байг гэхэд Куб шиг болгоё.
Манайхан Бээжин нисэж дэлгүүр хэсэнгээ биеэ эмчлүүлчихээд ирж байна.
Тэнд зүрхэндээ тэлэгч тавиулж байна. Нүдэндээ сормуус суулгаж байна. 
Тэгвэл зүрх, сормуус хоёрыг Улаанбаатарт учрыг нь олдог болъё.
Амьдрал ийм л байгаа.

Үйлчилгээнд үнэхээр их мөнгө гадагш алдаж байна.
Өнөөдөр  манай сайдууд сэтгэл зүйн инфляцийг аймшигтай хийж байна. Америк найтайгаад Европ ханиагаад гээд яриад байвал бид яах билээ? 
Нийгэм сэтгэл зүйн гутралд орвол конец фильма шүү дээ. Долларын ханш экспорт, импортоос гадна сэтгэл зүйгээс болж унаж байна.
Төгрөгийн ханшны уналт бол сэтгэл гутралын инфляцитай зэрэг явдаг эд юм байна. Бүх хүн юмыг яаж мэдэх вэ гээд мөнгөтэй хэсэг нь  дэрэн дороо доллар, юань хадгалж эхэлбэл эдийн засаг умаахан болно. Мөнгөний хямралын үед Засаг, Монголбанк Монгол орны эдийн засгийн амьдралыг бүрэн хяналтандаа авах ёстой. Бүрэн контролдох. Эс тэгвээс өнөө төрийн зохицуулалт гэдэг тендер зохицуулахад л хэрэгтэй хэвээрээ үлдэх вий.

Өнөөдөр Монголбанк намар тушаах бүх алтаа авч чадах ёстой. Энэ бол долларийна шүү дээ.Бүх ноолуураа авах ёстой.  Бас л долларийна. Бүх ногоогоо хураалгах үүднээс ХАА-д мөнгө хаях ёстой. 5000 км-ын цаанаас консервлосон ногоо авахгүй болно. Монгол байцаагаа он давуулж иддэг болох хэрэгтэй. Турк чихэр хүлхэхээ болих хэрэгтэй. Банк хаана мөнгө хаях уу? гэдгээс хамаарч бид босно. ОХУ улс 20 гаруй жилийн өмнө Гайдарыг  Засгийн газрын тэргүүн болоход дансандаа 23 доллартай байсан гэдэг домог яриа бий. Долларын ханш бослоо гээд Золжаргалыг зодоод яах билээ. Харин энэ нөхөр хэрхэн яаж монголын эдийн засагт нөлөөлж байна гэдгээр асуудалд хандах нь чухал. Эдийн засгийг хөгжүүлдэг яам, ноён Н.Батбаяр одоо л тэнгэр, газрын ид шидээ гаргах нь юу юунаас чухал байна. Хятадын юань шиг долларыг уйлуулж чадахгүй ч Оюутолгой, Тавантолгойгүйгээр амьдарч болох бололцоог одоо хайх цаг. Ер нь шинэчлэлийн гэдэг гоогоо нэртэй Засгийн газар Оюутолгой ажиллахгүй, Тавантолгой гацаанд орвол бол шинэчлэлээ зогсооно гэж 2012 онд гарч ирээгүй санагдана. Улс төрийн даац хүрэхгүй байгаа бол Ардын намтайгаа  ч хамтарч ажилахаас өөр аргагүй . Энэ бүхний цаана голлож  Монголбанк ухаантай байгаад Эдийн засгийн хөгжлийн яам зөв “регулировк” хийж чадвал түмэн бололцоо байна.
Монголбанк долларын ханш өсвөл доллар гаргачихдаг. Унавал доллар худалдаад авчихдаг ажлаа л хийсээр ирсэн. 25 жил. Үүнийгээ агуу их  ажил, тогтворжилт гэж үзсэн.  Үзсээр ирсэн. Батсүх, Пүрэвдоржийн үед ч ийм байв. Өмнө нь ч ийм байв.Шинэ юм байхгүй. Үүнийг чинь олигтойхон сурдаг гуравдугаар ангийн хүүхэд ч хийчихнэ шүү дээ. Логарифм ч оролцохгүй бодлого. Одоо өөр байгаасай.Эцэст нь Монгол орны санхүүгийн босох, хэвтэх нь энэ байгуулагаас үлэмж их хамаарна.

3.
1990 - 1992 онуудад Ерөнхий сайд байсан Бямбасүрэн гуай “тэгсэн бол ингэсэн бол тэгэх ёстой байсан юм” гэсэн ярилцлагыг ойрмогхон хоёр ч сонинд зэрэг өгчээ. Нарийндаа, өнөөдрийн бүх алдааны суурь нь тэр он жилүүдэд хийгдсэн алдаа шүү дээ. Тэгээд тэр алдааг засах гээд улам алдаа хийсээр өдийг хүрээгүй гэж үү? 
“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг хэн нэгэн од ширтэж байгаад хэлчихсэн үг биш байх. 
Алдааг засах гэсэн алдаануудын хямрал явж байна. Тийм ч учраас Бямбасүрэн гуай маань: “Хямрал бүр ужгирсан хямрал” гэж онож хэлжээ. Хаанаас ужгирсан эхлэлийг дахин давтаад яах вэ? Уншигч Та тэртэй тэргүй мэдэхээс хойш. 35-аас дээш насны монгол хүн бүр мэдэх учир. 
Хараад байх нь ээ, хүний ахуйн хөгжлийн тэмүүлэл нарийндаа ус цасанд ордог байр байшинд байхыг л тэмүүлэл шүү дээ. Тийм ч учраас өнөөдөр Улаанбаатар хот маань шаваарлдчихаад байна. ХХI зууны 160 мянган нийслэлийн айл өрх хүн амьдарчих наад захын хэрэгцээ хангах байргүй  байна.

Гэтэл Бямбасүрэн гуай маань: “...2012 онд  Ардчилсан нам сонгуульд гарч Засгийн газраа авч жаахан засрах нь уу гэтэл эдийн засгаа сул тавьж, бүтээн байгуулалт гэсэн лоозон гаргаж барилгын салбарт хамаг мөнгөө хийчихсэн. Барилга бол маш эрсдэлтэй хэцүү салбар. Дуусаагүй барилга руу хичнээн ч хөрөнгө хийж зарцуулж болно. Гэтэл тэр ямар ч үр ашиг өгөхгүй шүү дээ” гэжээ.
Манайд байр орон сууц хамгийн эрэлттэй биш бил үү? Өлсөж үхэх гээд байгаа хүн монголд үгүй шахуу. Орох оронгүй хүн бол бум бумаараа байна. ХХI зуунд гэрийг байр гэж үздэг орон нутаг тундрт л байна. Эсвэл африкийн жунглид  байна. Нийгэм, эдийн засгийн хамгийн чухал салбар болчихоод байгаа барилга орон сууц руу ухаалаг хөрөнгө оруулалт хийх нь үеийн үед чухал байсан. Бямбасүрэн гуайн үед аймаг, сум, улсын нийслэл Улаанбаатар хүртэл өөхөн дэнгийн гэрэлд сүүмэлзэж байв даа. За энэ бүхэн бол тусгай сэдэв.
Өнөөдөр байрны хомсдолоос болж гэр бүл салж сарниж байна. Эхлэл төгсгөлгүй проблем зөвхөн байр, орон сууцнаас үүдэж байна. Ардчилж хөгжсөн орнуудад нэг хүнд оногдох талбай нь 20 квадрат метрээс дээш байна. Байртай болох гэж 200-гаад мянган монгол хүн гадаадад гэр бүл амраг саднаасаа алсарч гастарбайтер болж байна. Гастарбаатар биш шүү. Гастарбайтер!
Экологийн талаасаа барилгажуулж байж л энэ утаанаас сална. Өөр ямар ч аргыг бид байтугай Америк зохиогоогүй байна. Одоо ганцхан Улаанбаатар биш Эрдэнэт, Дархан, Чойбалсан, бүр Чингис утаан мананд умбаж байна.

Улс орны хуримтлал хүн бүрийн хуримтлалын үр дүн. Сая төгрөгний орлоготой  Монголын нэг иргэн 600 мянган төгрөг  юунд ч юм, зорилгогүй зүйлд  зориулаад хуримтлуулах утгаггүй юм. Таван жил хуримтлуулаад нэг ямбий машин авлаа гэхэд дахиад л гадаадын машины үйлдвэрлэийг дэмжинэ. Бензин хэрэглэж баахан давхина.  Бас л гадаадын зах зээлийг дэмжинэ. Тэгвэл 10 жил хуримтлуулангаа байрандаа амьдраад байртай болбол сайхан уу? Монгол хүн зорилготой юманд  мөнгө хураах дуртай. Ер нь монгол төдийгүй бүх хүн байх. Зорилгогүй мөнгийг бол булган дээл, будагтай машинд  үрдээд дуус аа. Иймд арилжааны банкууд байрны зээл өгч байгаа нь нийгэм, эдийн засгийн төдийгүй экологийн чухал ач холбогдолтой эд. Монголын нөхцөлд шүү дээ. Өнөөдөр эхний ээлжинд томоохон хот суурингуудад дулааны станц барих гэж буй Эрчим хүчний сайд Сономпилийн санаа ч нүдээ олсон хэрэг. Бид өөхөн дэнгээс суурин газруудаа цахилгаантай болчихвол үйлдвэрлэл, үйлчилгээ яралзаад ирнэ гэж баахан нажигнасан. Бага зэргийн эерэг үзүүлэлт өгсөн. Монгол орон Маогийн нэрлэсэн мал аж ахуйн бааз байхгүй байя гэвэл түүхий эдээ боловсруулах хэрэгтэй. Тэр цагт уур, ус л чухал. Хөгжлийн эх үүсвэр, мөнгө, энергетик хоёроос хамаарах нь үнэн болой. Энэ үнэн үү гэдгийг манай энергетикүүдээс асуугаарай. Тэд хэлээд өгнө. Энэ үнэн гэдгийг тариачид, ногоочдоос асуугаарай. Тэд хэлээд өгнө. Энэ үнэн үү гэж барилгачдаас асуугаарай. Тэд хэлээд өгнө. Харин банкны систем энэ бүхнээ дэмжих ажлаа зөв хийж гэмээ нь хямрал маань шинэ боломж болно. Эцэстээ “Дэлхийн хямрал болбол бид чадахгүй шүү” гэж сонгуулийн үеэр ганц ч Их хуралд нэрээ дэвшүүлэгч хэлээгүй шиг санагдах юм. Монголын “За” андгай буй заа гэж Б.Ринчен гуайн хэлснийг С.Баярцогт гишүүн ишлэн хэлж билээ. “За”-г “За”-гаар нь харж л байя.Тиймээс бурууг өөрөөсөө хайж зөвийг бүтээе. Өөр гарц алга. Уг нь бидэнд тероризмтэй тэмцэх хэрэг алга. Киевийн майдан болох ч шаардлаг алга. Майдан хийх магадлалтай аваргууд хөгжлийн товчин дээр суугаастай байна. Хүлээе, харъя, хамтръя.

 Бид,
- Сайн байна уу? Ноён Бонд оо гээд нэгэнт хэлчихсэн.
- Баярлалаа, баяртай ноён Бонд гэж цаг хугацаандаа хэлбэл юутай баясгалан, юутай хувьтай явдал болох билээ.
“Баяртай, ноён Бонд оо” гэж яавч нэг хэлэх л байх. Харин “Баярлалаа, ноён Бонд оо” гэж хэлж чадах эсэх нь биднээс хамаарах нь.



Х.БҮРЭНТОГТОХ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив