Хоёр талгүй еэвэн байвал яах уу
2014 оны 4 сарын 11
Хоёр талгүй еэвэн байвал яах уу
1.
Дэлхийн төрийн тэргүүнүүдээс хамгийн өндөр настан нь Шимон Перес  гуай юм. Израилийн Ерөнхийлөгч. Монгол тооллоор 91 настай өвөө.

Шимон гуай: “Дэлхий дахинаа Засаг төр итгэлээ алдаж байна” гэж хэлжээ. Бараг 75 жил улс төрөөр амьсгалсан хүний ажиглалт. Тийм учраас цээжний бангаар туухгүй нь хэн бүхнээ ойлгомжтой. Израил гэдэг Мозамбик биш гэдгийг уншигч Та юу эс андах билээ. Газрын зураг дээр чигчий хурууны өндөгөөр дарчихад далд орчихмоор газар нутагтай энэ улс нэг хүнд ногдох орлогоороо хорин хэдэд орно. Улс төрийн нөлөөгөөрөө урагшаагийн урагшаа . Амьдрал нь шаштир түүх  болсон энэ хүн лав л Богд хааны үеийн үндсэн таван яамны сайдын албыг хашсан байдаг. Хамгийн сонирхолтой нь Израйлийн шашны хэрэг эрхлэх сайдын албыг хашиж байсан байна.

 Засаг төрийн нэр хүнд буурна гэдэг угтаа хоёр талтай юм шиг.  Еэвэнгийн нэг тал нь ард түмэн нь төр засагтаа ач холбогдол өгөхгүйгээр амьдраад явдаг явдал. Энэ бол сайн. Би урдахаа сайн хийж байвал төр засаг сайн яваагийн шинж. Зүйрлэвээс энэ нь еэвэнгийн хээтэй тал. Еэвэнгийн нөгөө тал. Төр засагтай л зууралдаж байж амь зуудаг явдал. Сайд болбол чи саятан болно. Тэгэхээр сайд болох зиндааныхан цөм тийшээ байлдана биз? Уг нь Их хурлын гишүүн чинь эрх зүйн утгаараа сайдаасаа салам том амьтан шүү дээ. За доод түвшиндээ хороон даргыг айлгавал хандив тусламжийн барааг хүртэнэ. Эс бол саймширч ойртвол хүртэнэ. Монгол хүний угийн уг голд нь орсон характер нь ойрхондоо зөв, холдоо буруу тэрслүү зан юм. Ийм ааш араншинтай зон олон “гуйж биш гуядаж” авах санаа их байдаг. Сачий нь харин хаанаа байдаг юм бол доо. Энэ талд нь бид амьдарч байна. Зүйрлэвээс еэвэнгийн хээгүй тал нь юм даа, хөөрхий.
Хорвоогийн зөв амьдрал алтан дундаж дээр тогтдог бол хоёр талгүй еэвэн байж болох уу?

2. 
Манайд төр засгийн алдар нэр олон шалтгаанаас болж унаж байна. Дэггүй, хувийн зохион байгуулалтгүй, бие хүн болоод хувь хүний хүмүүжлийн хам шинжийн хомсдолд орсонтой ямар нэг хувь процент нь холбоотой. Жишээ нь, Улсын баатар Бат-Үүл дарга байна аа даа. Түүний тухай баахан шаагиан чимээ болов. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг барьж авсан ч гэх шиг. Зодсон. Зодоогүй. Зодоогүй ширээ шаасан ч гэх шиг. Нервээ барьж чадахгүй бол нийслэлийн даргын суудал хэрэг байна уу?  Би бол итгэхгүй байгаа юм. Бат-Үүл маань хүнд зодуулж үзсэн хүн хүн зодох уу? Би итгэхгүй.

Зүйрлэвээс Лоу Цзивэй сайдыг Бээжингийн дарга Ван Аньшунь барьж аваад яавал яах вэ? Си Жиньпин үүнийг зөвшөөрөх үү? Зөвшөөрөхгүй. Энэ байтугай алдаанаас болж эрүүгийн байтугай захиргааны хариуцлагыг хүлээж байна, тэнд. Орос дээр зүйрлье. Эдийн засгийн хөгжлийн сайд А. Улюковыг  Москва мэр С.Собянин  яагаад яавал яах вэ?  Эцэстээ Путин үүнийг зөвшөөрөх үү? Зөвшөөрөхгүй. Грозный хотын дарга эдийн засгийн зайдаа зам тавих мөнгө өгөхгүй байна гээд яавал яахыг би хэлж мэдэхгүй байна. Хамгийн гол ёс суртахууны хариуцлага. Үүнийг зөвхөн соёлт хүн л хүлээдэг.

Жишээ н,Сомалийн нийслэл Могадишын командир Абдурисак Мухамед Нур, өөр нэгэн сайд Мухамед Нуураа яавал яахад би баталгаа өгч чадахгүй.
Бат-Үүл та зам тавих гэж Улаанбаатарын иргэдийнхээ тусын тулд ийм түрэмгий байгаа нь толгой нь эрэгсэн хүмүүст л Эрэлхэг баатар шиг харагдахаас  том утгаараа уучлаарай шүү дээ. Хэргийн учир Бат-Үүлдээ ч биш. Манай гишүүд (УИХ,ЗГ), аймгийн дарга нараас энд ч зодолдсон тэнд ч зодолдсон гэдэг яриа хонхон цохио шиг сонсддог учраас энийгээ болиоч ээ л гэж хэлэх гэсэн юм. Социализмын дэг журмаас, хувийн хүмүүжлээс бид ухарсан. Социализмын үед Хотын дарга С.Мөнхжаргал Төлөвлөгөөний комиссын дарга П.Жасрайг зодсон гэнэ ээ гэвэл сүйдээ майдаа болно биз? Ю.Цэдэнбал л лав зөвшөөрөхгүй байх. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тал дээр үгээ хэлэх цаг болсон юм шиг. Байдал ганцхан Бат-Үүлдээ ч байгаа юм биш. Дарга нь цэргээ алагдаж л байна гэх. Цэрэг нь дарга аа цохиж л байдаг. Үүнийгээ “эр хүний явдал” гээд лаахайдаж л байдаг. Та ч гэсэн нэг их Шварценеггер шиг биш шүү дээ. Иргэд бид амьдрах гэж байгаа болохоос ямар боевик кино үзэх гэж байгаа биш. Ямар зодуулах гэж алба хаших болж байна уу?

Хуучин цагт дэгтэй байжээ. Аймгийн дарга миний машиныг гүйцэж түрүүллээ гэж  овоон дээр хүн зодохыг сонсоогүй биз? Хотын дарга хүн яалаа гэж сонсоогүй биз?

 Баатар  Бат-Үүл маань 40 мянгатын хулигаан бишээс хойш хотын дарга, соёлт иргэний хувьд дээрх яриаг албан ёсоор залруулах, эсвэл уучлалт гуйх соёлтой байлгүй дээ. 40 мянгатынхан маань Монголчууд биднээсээ хамгийн түрүүнд ус цасанд орсон уламжлагдсан элитүүд биш сэн бил үү? Манай баатар дарга анархизм ардчилал хоёрыгоо ёстой ч нэг ялгах бололцооны чадвартай хүн сэн дээ, хөөрхий минь.

 Уг нь баатар дарга маань хогийн ногоон уутаа нэгэнт туршлагыг нь авсан Парист борлуулаад хотын ногоон байгууламжаа өргөжүүлж өтгөрүүлээд явж байвал жирийн иргэд бид жигтэйхэн баярлахсан билээ. 
Хэрэв дээрх үнэн бол ийм маягийн завхрал энүүхнээс атгаар олдох жишээ.
Ам нээвэл уушги нээ гэдэг. Одоо парламентэд дан дээл давхар дээлийн хэрүүл хээрийн түймэр шигээ шатаж байна. Уг нь манайх 108 гишүүнтэй бол сайд болдгийн нөлөө 19 гайгүй л байна. Ардчилсан тогтолцооны хамгийн чухал элемент нь булхайгүй амьдрах. Сайд нь сайдаа хийгээд гишүүн нь гишүүнээ хийгээд л явах. Гэтэл 76-ын 17 нь гишүүн дээр нэмэх нь гишүүн байна. Хуулиа тогтоочихоод түүнийгээ гүйцэтгэх гээд явж байна. Энэ нь үндсэн булхайгүй амьдрах зорилгоо гацааж байна. Эхнэр нөхрийн ажлыг давхар хийнэ гэдэг л энэ байх. Хамгийн гол нь УИХ дахь Засгийн газрын нөлөө хязгааргүй тийш тэмүүлэх суурийг тавиад байна. Энэ хоёр бие биенээсээ аль болох хамааралгүй байхын төлөө манай ардчилалын үндсэн үзэл санаа тэмүүлдэг.

Манайд байгалийн талаасаа сайн сайн процессууд муу болж хувирдаг. МАНАН гэж үг байна. Монгол хүн мананг үзэн ядах биш мананг дуудах ёстой. Тийм ч учраас бороо оруулж манан бий болгох гэж бөө нь бөөлж, лам нь тарниддаг эртний ёс байна. Харин давхар дээлийн хувьд Монгол малчин хүний санаанд ч багтахгүй эд юм. Давхар үзүүрсгэн дээл өмсчихөөд мал төллүүлээд явж байгаа малчинг би үзээгүй. Ийм гэнэн хонгор тайлбарыг ард түмэн бидэн дундаасаа суу чадлаараа шалгарч гарч ирсэн  гишүүд маань ойлгох буй заа. Япдаж 17-ын бодлогын яам, зайлшгүй чухал яамдын сайдыг эхний ээлжинд үлдээе л дээ. Жишээ нь, Уул уурхайн яам байна. Тэртэй тэргүй жингийн тэмээ нь хөдлөхөө болчихсон юм бол УИХ дотроо урдах ажлаа хийж болно шүү дээ. Ядаж Засгийн газрын гишүүдийн тал хувь нь парламентэд байж болохоор заавал жинхэнэ сайд болох шийртэй нь сайд болно. Сайд болоход лобби хэрэггүй болно. Улсын баатар Бат-Үүл маань уг нь хоёр танхимтай парламентийн төлөө байдаг байсан. Одоо юу болсон бүү мэд. Боксын рингтэй парламентийн төлөө л яваагүй байх. Ер нь бол бүр 500 депутаттай, 76 гишүүнтэй парламент байж болохгүй гэх аргагүй. Энэ улс чинь дарга болохоороо л ярьж байсан юм аа мартаад байх юм. Маш олон хүн депутат болохоосоо өмнө дан дээл ярьж байсан сан. Өнөөдөр таг дуугүй.  Ярьсан дуу хоолойг нь агаараас цуглуулж аваад сонсгох сон.

Хэрэв Таны хоолой сөөж хүндрэл учирсан бол II эмнэлэг хоолойны эмчилгээндээ сайн болсон гэнэ лээ. Тэнд  үзүүлцгээе! Их хуралд сууж буй Ladies and Gent !!!


Х.БҮРЭНТОГТОХ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив