![]() |
Харин дараагийн шатны шүүхээс буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 7-нд МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцсэний эцэст Н.Энхбаярт холбогдох “ТВ-9”, “Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг хэрэгсэхгүй болгож, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудлыг хэвээр үлдээсэн юм. Тодруулбал, “Өргөө зочид буудал”, “Улаанбаатар таймс” сонины хувьчлал нь хууль бус, үүнийг Н.Энхбаяр эрх мэдлээ ашиглан хууль бусаар авсан гэж түүнд оноосон дөрвөн жилийн ялыг 2.6 жил болгов. Түүнчлэн Дээд шүүхээс Н.Энхбаярт холбогдох “Улаанбаатар таймс” сонины хэргийг хэвээр үлдээсэн учир тус сонины эрхлэгчээр ажиллаж байсан До.Чулуунбаатарт оноосон анхан шатны шүүхийг хэвээр баталж, “Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болохоор энэ хэрэгт холбогдоод байсан Ж.Мягмаржаргалын ялыг нэг жил болгон өөрчилсөн юм. Харин энэ хугацаанд Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Н.Энхбаярыг 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд хар хувцас өмсөн хүмүүс ирж Зайсан дахь ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр анги руу ачсан билээ. Түүний хувьд ялтан өвчтөнүүдтэй хамт хоригдож байсан ч 11 хоног өлсгөлөн зарласнаас болж биеийн байдал нь дахин сэдэрч Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хүргэгдэн ирсэн юм. Харин манай монгол эмч нар түүний өвчнийг эмчлэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлага гэдэг хариуг удаа дараа өгсөн ч тэрбээр ял эдэлж байгаа гэдгээр хаашаа ч явах боломжгүй байсан юм.
Эцэст нь гурван шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 401-р ангид хоригдон улмаар Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2013 оны наймдугаар сарын 1-нд сулласан юм. Түүнийг шүүхээс ял авснаасаа хойш яг нэг жилийнхээ ойн дээр суллагдсан нь олны анхаарлыг татсан. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх зарлиг гаргаснаар МАХН-ынхны магнай тэнийсэн. Ингээд Н.Энхбаяр Солонгос улсад биеэ эмчлүүлэхээр явсан ч саяхан Монголдоо ирсэн гэх мэдээлэл бий. Харин МАХН-ынхан Н.Энхбаярыг хилс хэргээр ял эдэлсэн гэж одоо хэр нь үздэг бөгөөд өнөөдөр арга хэмжээ өрнүүлж, Чингисийн талбайд жагсаж байна. Тэгэхээр түүнийг 365 хоног ял эдлээд суллагдсан өдөр буюу наймдугаар сарын 1-нд дахин арга хэмжээ зохион байгуулах биз. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагаатгах хүртэл тэд төр, засагт сануулга өгсөөр байх нь гарцаагүй.
С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn