Мэлмийн солонго
2012 оны 5 сарын 16
-Эсээ тэмдэглэл-

Унгарын Балатон нуурын эрэг хөвөө үзэсгэлтэй. Гоо сайхан.  Дунайн дунайх амгалан  мандал нь өглөөдөө номин цэнхэр. Өдөртөө үүлэн ягаан. Үдэш улбар шар, шар ногоон туяа татуулна. Нар анисны алдад нил хөх, хөхөлбөрөөр тунарна. Балатон солонгын долоон өнгөөр мэлмэрэх бөлгөө.
Төв Европын хамгийн том нуур. Далайд гарцгүй мажарууд Унгарын тэнгис, далай хэмээн өргөмжилмүй. Уул талын зэрлэг илчит агаар салхинд хар багаас хацрын судас хагарч тэлсэн олохонуд хөвүүн би тэнгис далайн мандалд анх хөлөг онгоцоор зорчсон нь Балатоны хээл хэвлийд юм.

Тэгэхэд Балатонд өчүүхэн ч давалгаа байсангүй. Чив чимээгүй. Ертөнцийг чагнасан мэт нам гүм. Хагас зуун хүний багтаамжтай хөлгийн хошуу хитэг нуурын  өнгийг зүсэн урагшлана.  Ийнхүү зүсэн урагшлахад их усан эвдэгдэх төдий. Хөлөг  бугуйлын газар холдоход л эвдэгдсэн мандал эдгэн толиотно. Энэ эдгэмэл толиот нуурын хөвөөнөө эдлэн цайз нь гэрэлтэх Сэрэмлэй Хүбагийнд нэгэнтээ морилов. Тэдний гоёхон шилтгээний цонхон цаана Балатон дэлгэмэл зураг шиг үзэгдэнэ. Бороо үл мэдэг шивэрнэ. Шивэрснээ шаагина. Шаагиснаа намжина. Бороо инээд, уурсал,  уучлал гурамслан орно. Тэгтэл тэнгэр огцом дуугарч тэртээд цахилгаан гялбана. Тийнхүү гялбахад үдшийн Балатоны дээгүүр үүлэн дундаас шидэгдсэн үлгэрийн саваа үсчих шиг харагдана. Байшингийн дээврээс их усан борооны ус унжралдан санжралдан унана. Огторгуй тэнгэр минь усаараа мөнчиг нэг тоглож байна даа, гэж хэлмээр.

Бид Хүбагийн байшингийн цэлгэр тагтнаа улаан, цагаан дарс ээлжилэн сөгнөөд, буй бүхнийг хөөрөлдөж суулаа. Яв ягаан царайтай, цав цагаан сахалтай энэ эр  Унгарын тэргүүн дөчин бэлтэний нэг. Нүд сэтгэлийн хороос хэдийнэ ангирсан аварга. Нас далыг шүргэсэн Хүба улирагч зууны тавин зургаан онд Австри руу дүрвэсэн юм билээ. Спортын онгоцоор. Тэр үеийн оросын номлолыг хялайгч мажарууд олонхоор баруунд дүрвэсний нэгэн нисэгч.  Энэ нисэлт нь сайн цагийг дуулж эх нутагтаа эргэн иртэл үргэлжилсэн байна. Ингэхдээ хорвоо дэлхийг нэгэнт тойрч амжжээ.

Хорвоо дэлхийг тойрно гэгч хорвоо дэлхийг танин мэдэх явдал. Хорвоо дэлхийг ойлгон дагуулах аялал. Хүба баян тансаг, сайн сайхан амьдралын хөрөнгийг Африкаас олсон юм. Түүнд Австри эрх чөлөөний хаалгаа, Африк  эд хөрөнгөжих үүдээ нээсэн гэвэл ононо. Олон жил дарсан, охь гал нь одонд цоном яруу амтат дарсандаа халж, үзмэн улаан царай нь улам асан ягаараад, хундан сахлаа илэн илэн ярих нь дөрвөн далайг дөрвөнтөө тойрсон хөлгийн ахмад мэтээ.  Чин үнэндээ ч тийм л билээ. Тэр дөрвөн далай, таван тивийг барагласан хүн. Хүба өгүүлэх нь,
-Ертөнц хоёр хаалганы дунд оршиж байна. Нэг нь гэрэл гэгээний хаалга. Нөгөөх нь түнэр харанхуйн хаалга. Бид ийм хоёр хаалганы завсар аж төрж байна. Жаргалтай нь жаргалтай. Зовлонтой нь зовлонтой. Ямар ч баянд зовлон буй. Ямар ч ядууд жаргал буй.  Баян ядуу байхын ялгаа чухамдаа сэтгэлд л байдаг. Сэтгэл бол гэрэл гэгээний эх. Бас хахир харанхуйн ч сурвалж. Харамсалтай нь, ертөнцийн харанхуйн хаалга үргэлж нээлттэй. Тэнд харагдах зүйл үгүй. Харанхуй бүхнийг уусгадаг. Гоо сайхан, муу муухай бүхнийг. Харанхуйн дунд ямар ч гоо зүйл гоо харагдахгүй. Мэгшилтэй нь, ертөнцийн гэрэл гэгээний хаалга үл мэдэгхэн нээлттэй байна. Зурвасхаан, үзэгдэх төдий гэрэлтэй байна. Гэрэл гэгээний хаалгыг илүү нээмээр байна. Харанхуйн хаалгыг хаагдтал нээмээр байна. Ийнхүү нээх оньс нь ертөнцийн хүмүүсийн сэтгэлийн ариун гэгээрэлд буй гэсэн юм. Дарамын Батбаяр гуай маань түүний яриаг удтал гилжийн, чин сэтгэлээсээ сонссон юм. Чин сэтгэлээсээ уудлан ярьсан зүйл чин сэтгэлд хүрнэ.

Д.Батбаяр ах Хүбад алгаа ташин  ташин талархав. Барагтайд сэтгэл үл хөдлөх лунжгар түүнийг ийн хөхин баясахтай давхцан Балатоны дээр чүдэнз зурах шиг цахилгаан гялбалзаад, гэрэл гэгээнд нь нуурын мандал мушгиран түрхэрэх давалгаанаар эрчилж байгаа нь үзэгдэх төдий болоод харанхуйд шингэв. Хүба, болор хундага барьсан гараараа тийш хандан зааж “Харанхуйн хүч энэ. Гэрэл гэгээний бяд ийм” гээд инээвхийлэв. Инээвхийлэл нь гашуун ёжтой. Ноён хутагт Данзанравжаа “Амраг сэтгэлийн аясыг эд яаж мэдэх вэ” хэмээсэн билээ. Энэ бол сэтгэлийн уг сурвалжийг таньж үл мэдэх ертөнцийн олон хүмүүсийг өрөвдсөн хүний үг.  Үүний төлөө арга барагдсан хүний үг.  Ертөнцийг цөөхөөн үлэмж гэрэл гэгээтэн залан чиглүүлж яваад маргамгүй. Ийм гэрэл гэгээтэн олон олноор төрөөсэй билээ.

Балатоны эрэгт Коцор Каалмаан хэмээх эр аж төрөн суудаг. Тэднийх усан үзэм тарина. Улмаар усан үзмийн улаан, цагаан дарсыг бүтээнэ. Урьд эртийн өвгөөс удам дамжсан амьжиргаа нь энэ. Энэ айлын дарс тансаг.  Бал бурмын амттай. Коцор Дора нэрт хөөрхөн охинтой. Охин эелдэг урин, энхрий гэгээн аальтай.  Дарс хундагалан барихдаа хичнээн урлагтай гэж санана. Эцэг охиноороо ихэд бахархдаг нь илэрхий. Эцэг, охин хоёр ирсэн зочдоо хэрхэн дайлахаа зөвхөн нүдээрээ ярилцана. Эцэг нь “Хамгийн сайхнаас нь хундагалан барь” гэж харна. Охин нь “Тэгье ээ ааваа, тэгье” гэсэн шиг мишээнэ. Ийм харцаар зочдын сэтгэлийг засаад, тийм сайхан дарсаараа дайлахад баясахгүй хэн байх билээ дээ. Охин дарсаа  хундаганд нь зайлан эргүүлж шим тослогийг үзүүлнэ. Хундаган доторх дарсан давалгаан ороор тогтсон тос хэр удаан тогтон тунана, төдий чинээ тэр дарс өндөр титэмт дарс. Хаан дарс. Хаан дарс ханхлуулан тамшаалуулах мөнөөх охиноос  гүц дарс ямар үнэтэй вэ гэж асуув. Хоёр мянган порент. Хундага дарс ямар үнэтэй вэ гэж дахин асуув. Таван зуун порент. Тэгвэл дусал дарс ямар үнэтэй вэ гэж асуув. Охин маш гоё хариулсан. Түүний үнэ хүний жинхэнэ оюун санаанд л бий гэсэн юм. Үүнээс илүү төгсөөр яаж хариулахсан билээ.

Үнэндээ хөдөлмөрийн үр шимийг үнэлэх бодит  хэмжүүр жинхэнэ оюун санаанд л буй. Чин үнэн жинхэнэ оюун санаа хайрлан энэрэхийн ундаргатай. Гүржийн “Цэргийн эцэг” гэж сайхан кино бий. Тэртээ жаран таван оны бүтээл. Эх орны дайны мөнийг өгүүлсэн сонгодог туурвил. Киноны гол дүр цөлх боргил, гүдэс хээгүйн туйл болсон нэгэн гүрж өвгөн дайны талбарт хүүгээ шархтай байгааг дуулаад шууд л гараад явдаг.  Хэзээ явж хүрэх нь бүү мэд, машины хоосон тэвшийг дүүргэн лаглайтал сууж, уйлж дуулж үг хэл захисан  эмгэнээ талх бяслагхан хийсэн тааран ууттайг өгөхөд тээршаан дуртай дургүй авч ундуй сундуй хаяад, элэгдсэн туужуурын эмсгийшсэн шигүү дэрс шиг сахлаа бавайлгах Махаашвийли болбоос бүх урлагийн хамгийн аугаа  киноны хамгийн хайрлалт дүрүүдийн нэг.

Ширмэн бөмбөгийн дэлбэрэлт дунд эцэг хүний аз эз дийлэн гүйж, улаан гараараа дайсныг багалзуурдаж, тулаан хошуучлан  довтолсон хүүгийнхээ нэрийг дайны дайдад пайзаас үзэж баярлахдаа арми саатуулан саатуулан гүүрийн голд  “Миний хүү, миний хүү” хэмээн бархиран, болхи баавгай шиг  дэвхцэж буй тэр эцгийг харахад уйлмаар болдог.  Чих дөжрөм бөмбөг хажууд нь дэлбэрч  нүүр рүү нь ширэм хэлтэрхий шивэж байхад чигээрээ алхаж явсан мөртөө, тээр хойно, бүх зүйл дууссан хойно одоо л биеэ аврахаар газар элэглэн нугдайхдаа  “Одоо бос бос” гэж хэлүүлмээр удаан хэвтдэгийг нь үзэхээр элэг хөшдөг.  Ийн шуурган суман дунд эцгийн сэтгэлийн шидээр хүүдээ очоод дайн дуусах мөчид, их баярын босгон дээр түүнийгээ дайсны суманд алдаад, хөрөн буй цогцсыг нь тэврээд өндийх нь ялалтын тугийн мандалттай давхцах тэрхүү гүрж өвгөний уйт төрх үзсэн бүх киноны дотроос сэтгэлийг чаргуулдан шимшрүүлсэн хамгийн ер бусын агшин.

Уг киног үзсэн хэн ч чингэж хэлэх нь ойлгомжтой санагддаг. Резо Чкейдзегийн найруулсан, Серго Закариадже гол дүрд нь тоглосон энэхүү хар цагаан киноны нэгэн гайхамшигтай хэсэг бий. Энэ бол Берлинийг эзэлсэн  ялалтын уухайндаа бүхнийг умартсан танкчид усан үзмийн мод дайрахаар завдахад Махаашвийли эцэг хориглолт хийдэг хэсэг.  Эх орны дайныг үзүүлсэн кино болгонд танкийн довтолгооны хориглолтын эргэр саргар тэвхэн төмөр эрийлгэн цайзалсныг үзүүлдэг. Энэ нь ийш оруулахгүй гэсэн хэрээст тэмдгийг болд төмрөөр цутгасан  хүн төрөлхтний сэрэмжийн тэмдэг. Эх орон, элгэн хотдоо үл халдуулна гэсэн бэхлэлт хэрэм. 

Гэхдээ эх орон, эх газарт хүний өөрийн ялгаа үгүй, энэ бол бидний ч, чиний ч юм гэдэг хэтийн уудам санааг эцэг Махаашвийлийн хүний нутаг дахь, хүүг нь хөнөөх нутгийн дэвсгэрт байгаа усан үзмийн модыг хайрлан өмгөөлж өөрийн маханбодыг хэрээст хориглолт болгон хэрэмлэж үзүүлснээр уул кино аугаа их уран, дээд том сэтгэлгээний бүтээл болохоо нотолдог. Усан үзмийн мод дайрахаар ирэхэд  урдуур орж тээг тавьсанд нь танкчин хөвгүүд  “Ээ, эцэг минь холд” хэмээн ундууцахад, “Тэгвэл үүний оронд намайг дайрчихаач” хэмээн цээжээ яран үнэн сэтгэлээсээ уурлан, усан үзмийн талбайн хэрээст хориглолт болон эх дэлхийн нэгээхэн амийг аварч байгаа Махаашвийли дэлхийн бүх киноны тэргүүн өршөөлт дүр. Ийм өршөөлт хайрыг өөр олон киноноос харж болдоггүй. Учир нь “Цэргийн эцэг”, түүний гол дүр Махаашвийли цор ганц.

Цор ганц юм үнэ цэнэтэй. Цор ганц юмыг үнэлэх хэмжүүр цор ганц юм гэж нандигнан хайрлах хүний оюун санаанд л бий. Балатоны охин Коцор Дора дусал дарсны үнийг хүний жинхэнэ оюун санаанд бий гэж хэлсэн. Энэ үнэн байна. Яагаад гэвэл дусал дарс Махаашвийли эцгийн ганц хөвүүн шиг олон сая аавын хүүгийн амиар олдсон байна бус уу.  Австри, Унгар, Франц, Бельги, Люксэнбург, бүх Европ тэр чигтээ усан үзмийн тив. Эдний амьдрал усан үзэм тарин ургуулахад зориулагдсан юм гэхээр харагддаг.  Усан үзмийн хөгшин Европ тивийн уярал хайр, аз жаргал, ариун дээд, амьдралын буй бүхэн улаан цагаан дарсанд бий. Тиймийн учир улаахан, цагаахан дарсны дуслын үнэ уураг тархит хүмүүний оюун санаанд оршдог байна. Яг л, ургаж бөнжийсэн усан  үзэм шиг уураг тархины модонд бөнжийж байдаг байна. Ухаан оюуныг тэжээж байдаг байна.

Балатоны хөвөөнд Баруун Бенгалийн туульч, их найрагч Раабиндранат Таагүүрийн цээж хөшөө бий. Сахал үс нь уран. Их том лааны хальж урссан долгионт тогтоц шиг. Балатоны чимээ чагнасан дөлгөөн давалгаан үл мэдэг гүймэг салхи тийнхүү их туульчийн үс сахлыг долгионтуулан үзэмжилсэн мэт байдалтай. гэрэлт лаа мөөн. “Өргөлийн дуулал” буюу “амин насны дуулал” нь бат нот гэрч тунхаг билээ. Хүн болж төрөхийн, хайр энэрэлд эзлэгдэхийн гайхамшгийг энэ бүтээл хайлан дуулдаг. Таагүүрийн дээд шүтээн-үзэл санаа нь хүнийг хайрлахад л насаар түүний төлөө өршөөн энэрч, найраглан хайлахдаа нэгэнтээ энэхүү Балатоны хөвөөнд морилон ирж сэтгэл зүрхийнхээ тэнхээрхэл, санаа оюуныхаа чилээрхлээ тайлсан юм билээ. Өлгий төрөлх Бенгалаасаа зорин зорин ирснийг нь бодвоос Балатон түүний сэтгэлд нэгэн бал дээжилдэг байсан болов уу. Тэрбээр,
Амрахын чөлөөнөө алгасал үгүй тавтай тухтай
Амин насны төгөлдөр өргөлийн дуу дуулмаар санагднам хэмээн дуулсан буй. Таагүүрийн өлгий тоонот-өсч мөнхөрсөн гэр нь Калькута хотноо оршдог. Баруун Бенгалын төв хэсэгт. Таагүүрийн гэр байшин гаднаасаа улаан өнгөтэй. Дотроо цав цагаан. Байшингийн хана туургаар халуун чийгний  хаг ногоорч харлан баглайна.  Өнө эртний дурсгалт газар болох нь хар аяндаа мэдэгдэнэ. Үе дамжин уламжлагдан ирсэн юм билээ. Таагүүрийн амьдралын бүхий л цаг хугацаа энэхүү улаан гадаргуут, цагаан доторт  өргөөнд үргэлжлэн өнгөрсөн. Эхийн далайгаас хүний хорвоод түлхэгдэн ойчсон “өрөө-бууц” нь ч энд. Өдлөн жигүүрлэж огторгуй дэлхийн хярхагт алдар нэрээ цуурайтуулан бийрлэн дуулахдаа ч энд. Өнгийн хорвоог гэтэлж, үзэгдэхгүйн алсад одох мөчдөө ч энд оршсон байна. Яг энэ өрөөнд, энэ жижигхээн зайд тэрхүү аугаа хүн нойтон унаж, дуугаа хадаасан гэж төсөөлөхөд сонин. Тийм ч уран биш хээтэй бор модон гурван талт хашлага  өрөөнд бий. Таагүүрийг төрүүлсэн орон зайн гортиг. Энэ гортиг дотор их дуулалчийг эх нь унагажээ. Таагүүр бор модон гортиг дотор төрсөн хүн. Хүний хорвоод угтан амлуулсанд эргэлзэх юун.
Үргэлжийн дуугүй чинь ч надад аятайхан байх юм, шүтээн минь
Үг хэлгүй дүнсийхийг чинь ч зүрхэндээ шингээе ээ би!  “Намуухан эгшиг” хэмээх шүлгийн нь энэ хоёр мөр санаанд орно.  Үг хэлгүй дүнсийх мөнөөх гурван талт модон орны өмнө хүмүүс очиж мэхийнэ. Алга хавсран хүндэтгэнэ. Зүрхэндээ шингээе хэмээсэн лугаа нэгэн адил харагдмой. Орны дээд талд зохиолчийн эцэг эх хоёрын зургийг байрлуулсанд ихэд залуухан төрхтэй. Сурвалжит ихэмсэг, оюун санааны язгуурлаг хүмүүс болохыг тодорхой илтгэнэ. Хүн төрөлхтөний гэгээрч төгөлдөршихөд нэгэн шалгарсан үнэн бий. Энэ нь эртний түүхээсээ язгууртан чинээлэг хүмүүсийн үр хүүхэд хожмоо ихэнхдээ нэр алдраа дуурсгасан хүмүүс болсонд байна. Хүний анхдагч хэрэгцээ идэж уух, орох орон.  Хүн төрөлхтөний олонх нь энэ хэрэгцээний хүрээнд амьдралаа өнгөрөөдөг. Харин энэ нийтлэг ядмаг тойргоос үеэс үед ангижирч билэг авъяас, оюун санааг өргөмжилсөн нь дэлхийн зон олны цөөнхийн цөөнх. Моцарт, Таагүүр нар бол ийм тавилан заяанд төрж, билэг авъяасаа бадруулсан яруу хувьтнууд. Тиймээс ч “Бага залуу наснаас бодол санаагаа шүлгээр илэрхийлэх, хүсэл мөрөөдлөө найраглалд биелүүлэх нь миний цорын ганц авъяас билээ” хэмээн бахдалтайгаар өгүүлсэн биз ээ.

Энэ өрөөнөөс ойрхоон нэгэн бяцхан өрөөнд Таагүүрийн насан эцэслэсэн ор бас бий. Хүн унтаж босоод өглөөхөн цэмцийтэл хураачихсан мэт харагдана. Бүр түүний амьсгаа мэдэгдэх шиг санагдана. Тийм халуун дотно, өнөөдөр оршиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь гайхалтай. Хорвоо ертөнцөөс Таагүүр авгай сүүлчийн амьсгалах агаар татсан энэ орон зайд санаа дагаад ч тэр юм уу, нэг л уужимхан амьсгаа авмаар. Энэтхэг нутаг цухалдаж туйлдам халуун орон. Харин Таагүүрийн эдлэнд сэрүүн тунгалаг. Үлэмжийн гэгээн сэтгэл, ачлал энэрэлийн нь  адис жанлав магад энэхэн тоонотод шингээд, тийнхүү цухал халуун орондоо бэдрэн амьдрагч хүмүүстээ нэгэнтээ амсхийх өвийг бэлэглэсэн шиг санагдана. Сэрүүн сайхан, гэгээн тунгалаг тэрхүү агаар орон зай тэлэн тэлж, хүмүүний сэтгэл хийгээд биед жаргалыг түгээх нь Таагүүрийн дуулалын тарни аравнайлал мөн билээ.  Таагүүр зөвхөн оюун санаа,  билэг авъяасаа шүтсэн. Түүний урланд явахад энэ нь гойд ойлгогдоно. Урланд билгүүн төгс шидийг олсон хөрөг зургууд нь, ерөөл үлгэр нь, амьдралын алтан тунхагууд нь, тууль дуулал нь эрхэмсэгээр байршин оршжээ. Эдгээр эд хогшил нь Раабиндранат Таагүүрийн ахуй үйлийн тойрог болой.

Түүний эдлэнгийн төв хэсэгт дээш тэнгэр ил дөрвөлжин талбай буй. Энэ талбайн төвд Таагүүр авгай энгийн эвхмэл хивс дэвсээд үдшийн сарыг харж, ертөнцийг ойлгож, шүлэг зохиолоо бичдэг байсан болов уу гэж эрхгүй төсөөлөн бодмоор санагдах аа. Үүнийг илтгэх мэт нэгэн бичээчийн өгүүлсэн нь бий. “Раабиндранат нь багадаа сэргэлэн цовоо, хөдөлгөөнтэй хүүхэд байсан тул тэдний гэрийн нэгэн зарц “сахилгагүй” хүүг барьж байх өвөрмөц аргыг сэдэн олж, хүүг нэгэн тохилог газар суулган түүний эргэн тойронд шохойгоор тойрог зуран үүнээс гадагшилбал үхлийн аюул хүлээж байгаа хэмээн сануулан орхидог байжээ. Хүү огт хөдлөлгүй цонхоор элдвийг харж олон зүйл ажиглан суудаг байжээ ”.  Энэ өгүүлбэрүүд Таагүүрийн тухай ихийг хэлэх шиг санагдана. Тогтон сууж, ажиглан харна гэдэг бол ямарваа нэг хэмжээгээр нээлт, шинэ танилт агуулдаг. Гэнэн томоогүй, хонгорхон жаалыг тийнхүү “хорин” саатуулж, ертөнцийг ажиглуулан таниулсан нь аугаа их өргөлийн дуулалч, өр нинжин сэтгэлтэн,  хөгжмийн зохиолч, уран зураач, гүн ухаантан, яруу найрагч болгосон шиг  санагдана. Тэр ертөнцийг хүүхдийн нүдээр үргэлж харж байсан. Тийм хиргүй нандин хүүхдийн сэтгэлээр орчлон дэлхийг хайрласан. Тэгээд ч “Суут хүн гэгч мөнхийн хүүхэд. Үхэхүй цагтаа тэрбээр үлэмжийн бага насаа хорвоо дэлхий дээр үлдээдэг байнам” гэсэн алдарт үгээ хэлсэн юм.

Түүний эдлэнд сита, табло хөгжмийн эгшиг уянгалан найрсч, сэтгэлд ямархан нэг уярлын учиг дуурсгах нь “Ертөнцийн чуулган” шүлгийн нь,
Үүрийн хяраа гийхүйд алтан ятга юугаан чавхдан
Үүдэн дээр тань дуулахын өчүүхэн хишиг гуйнам би.
Өргөн дэлхийнхээ чуулганд намайг дуу дуулж байх
Өндөр их нэр төрийг наддаа хүртээмүй, тэнгэр минь! гэсэн өндөр учирлалт дууллыг хайлах шиг ээ. Ийнхүү учирлах аялгуу дор тэргүүн өргөж үдшийн сарыг тольдвоос үүлэн нүүдэлд өнгө сэмлэгдээд, энэхүү аялгуу эгшгийг басхүү чагнан сонссоноос төрөх эхийн сэвхэн далдаас аз жаргалаар туналзан мишээх царайны ялдмын адилаар төсөөлөгдөн харагдах  ажгуу. Таагүүр “Таж Махаал ганцхан дусал нулимс юм” хэмээн хэлсэн билээ. Чингэвэл Таагүүр түүний эдлэн өргөө болбоос бас ганцхан дусал нулимс юм.

Ертөнц дэлхийгээр явах сайхан. Энэ нь үзэхийн, мэдрэхийн сайханд байна. Үзэсгэлэнт Балатон нуур, түүнээс өртөөлөн баруун Бенгалд зорчин явахдаа үзэн харж, сонсон дуулж явсан эдгээр бүхэн мэлмий хийгээд сэтгэлийн чинадад солонго татуулсан билээ. Солонго байгалийн гоо үзэсгэлэн. Гайхамшигт нэгэн үзэгдэл. Үүнийг шинжлэх ухаанд ус бууж нойтон болсон газар дэлхий дээр нарны гэрэл тусахад бий болдог байгаль цаг уур болон хараа зүйн үзэгдэл хэмээн тайлбарладаг байна. Газар орон бүрт зан заншил, шашны агуулгаар янз янзаар ойлгодог. Домогт эртний Грект диваажинд хүрэх зам нээгдлээ гэж бэлгэшээдэг байхад, өөрөөр бас тэнгэр бурхны бүс, борооны мэхийлт гэж нэрийдэх нь уран яруу. Хөдөө хээрийн нүүдэлчний амьдрал ахуйд товирч өсөх наснаас байгаль дээрээс үзсэн хамгийн гоё зүйл гэвэл солонго. Бороо орж, байгаль дэлхий нэгэнтээ шинэдээд энтээ уулын энгэр, энүүхэн талын хээлэнд солонго татахыг харахад гүйж очоод бариад авам байдаг. Бодит дээрээ хаанаас тийм билээ. Солонго бол баригдашгүй юм. Гэвч харагддаг гоо үзэсгэлэн билээ. Харин баригдашгүй тэр үзэсгэлэнт солонгыг үзэх  мэлмий, халиах сэтгэлийнхээ уургаар барьж, бийр бэхээр эрхшээх нь хүмүүн бидний билэг авъяасын хуйвт багтах билээ.

Унгарын Балатон нуурын эрэг хөвөө үзэсгэлэнтэй. Гоо сайхан.  Дунайн дунайх амгалан  мандал нь өглөөдөө номин цэнхэр. Өдөртөө үүлэн ягаан. Үдэш улбар шар, шар ногоон туяа татуулна. Нар анисны алдад нил хөх, хөхөлбөрөөр тунарна. Балатон солонгын долоон өнгөөр мэлмэрэх бөлгөө. 

Баастын ЗОЛБАЯР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив