Х.Тэмүүжин сайд аа, 3,2 тэрбум төгрөг бүхий аппарат эвдэрснийг шалгаж байна
2014 оны 4 сарын 22
Х.Тэмүүжин сайд аа, 3,2 тэрбум төгрөг бүхий аппарат эвдэрснийг шалгаж байна
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “3,2 тэрбум төгрөг бүхий MRI аппарат эвдэрсэн зүйл байхгүй” хэмээн энэ долоо хоногт мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ сарын 14-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс өргөн мэдүүлсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэхэд ийнхүү хэлсэн удаатай. О.Баасанхүү гишүүний хувьд “Хууль зүйн сайд хууль зөрчиж, хариуцлага алдсан. ТТАХНЭ-ийн хөрөнгө оруулалтыг дур мэдэн өөрчлөх шийдвэр гаргаж, үүнийгээ баталгаажуулахдаа УИХ-ын бүрэх эрхт халдан 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар тогтоол гаргуулсан. Уг шийдвэр Төсвийн тухай хуулийн 6, 10, 16, 16.5, 41, 42.7 зүйлийг тус тус зөрчсөн.

Засгийн газрын 122 тогтоолын дагуу эмнэлгийн барилга Хууль зүйн яаманд шилжсэнтэй холбогдон тухай барилга болон түүний доторх тоног төхөөрөмжийг Хууль зүйн сайдын зүгээс хариуцан хамгаалж байх үүрэгтэй байсан. Гэтэл Хууль зүйн сайд өөрийн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2014 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр доод шатны албан тушаалтнууд нь хариуцлага алдаж 3.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий аппарат эвдэрч сүйдэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан байна. Иймээс Х.Тэмүүжинг томилсон эрх бүхий байгууллагын хувьд УИХ хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг ханган албан тушаалаас нь огцруулах шаардлагатай байна” хэмээсэн. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин О.Баасанхүү гишүүний үндэслэлийн хариуд “ТТАХНЭ-ийн хөрөнгө оруулалтыг өөрчлөх шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Хууль зүйн сайд өөрөө гаргадаг шийдвэр биш. 3,2 тэрбум төгрөг бүхий MRI аппаратын тухай ярьж байна. Гишүүд та бүхэн тусгайлан очоод эвдэрсэн эсэхийг нүдээрээ харж болно. Харин энэ аппаратыг зогсоосон байгаа. Учир нь аппаратыг зогсоохгүй явахаар урсгал зардал гараад байсан юм. Өөрөөр хэлбэл, хоосон урсгал зардлыг хэн төлөх вэ гэдгээс үүдэн аппаратыг ажиллуулахыг зогсоосон. Аппаратын хувьд ямар нэгэн гэмтэл байхгүй” гэж ард түмний нүдэн дээр энэ үгийг  хэлчихсэн. Тэгвэл түүний улаан цайм мэлзсэн энэ тайлбарыг үгүйсгэх бас нэгэн баримт олдлоо.

Хэн нэгэн хүн эрх мэдэлтэй байж болно. Харин хууль, шүүхийн өмнө захирагдах ёстой гэдэг нь нэгэнт тодорхой зүйл. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин Хууль зүйн сайд гэдгээрээ асуудлыг өөрөөсөө түлэх бололцоогүй болсон нь энэхүү баримтаас тодорхой байгаа биз. Түүний хувьд “ТТАХНЭ-ийн барилгад суурилуулсан 3,2 тэрбум төгрөг бүхий аппарат эвдэрсэн зүйл байхгүй” гэсэн тайлбартаа бат зогсож буй. Гэтэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2014 оны гуравдугаар сарын 28-нд ирүүлсэн албан бичигтээ “Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн балансад авлагаар бүртгэгтэй MRI аппарат гэмтсэн эсэх, энэ үйлдэлд албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байсан эсэхийг тогтоохоор холбогдох шалгалтын ажиллагааг явууллаа.

 Мэдээллийг хянан үзэх явцад тус барилгын засварын ажлыг гүйцэтгэж буй “Шинэ барилга” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудын болгоомжгүй үйлдлийн улмаас барилгын нэгдүгээр давхарт сууриллуулсан цахилгаан соронзон давтамжит MRI оношлогооны аппарат 2014 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр гэмтэл учруулсан байна” гэж дурдсан юм. Нэг ёсондоо энэ аппарат эвдэрсэн нь үнэн болохыг батлаад зогсохгүй Чингэлтэй дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үүгээр илэрхий байна. Харин Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаад эрүү үүсгэчихсэн байхад салбарынх нь сайд зөрүүтэй мэдээлэл өгч “Аппарат эвдрээгүй” гэж ярьж байгааг юу гэх билээ. Тэгэхээр түүний энэ хариуцлагагүй үйлдэл нь салбарын сайдаа хийж чадаж байна уу гэдэг асуултыг өөрийн эрхгүй хөндөж байна.