Юу л болоод байна даа
2014 оны 4 сарын 23
Юу л болоод байна даа
1.
“Үндэсний шуудан” сонины Баттөрийн Нарантуяа “Интерпол”-оор эрэн сурвалжлагдаж байгаа Б.Энэбиштэй ярилцлага хийчихжээ.  Уг нь Авилгатай тэмцэх газар Энэбишийг “Интерпол”-оор хөөцөлдүүлж байгаа болтой юм. Манай сонины редакциар 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “Юун АТГ, юун Интерпол манай Нарантуяа байхад л хангалттай бус уу” гэж тоглоом шоглоомоор хөгжилдөв.

Үнэхээр сонирхолтой, мөлжүүртэй ярилцлага болжээ. Би ч Б.Энэбишийг эртнээс мэднэ л дээ. Бага хурал, Их хуралд ажил алба залгуулж явсан хүн. Баабар, П.Улаанхүү, Д.Ламжав гуай,Чунт.Чулуунбаатар, Но.Алтанхуяг нарын үе болох аль дээр цагт л  Социал демократ намын гишүүн гэж явсан нэгэн. Одоо бол Ардчилсан намын гишүүн буй заа. Хүн “Интерпол”-оор сурвалжлагдахад л намын гишүүн бус болдог жудаггүй журам дүрэм одоохондоо манай намуудад үйлчлээгүй байх гэж тооцооод түүнийг АН-ын гишүүн байгаа гэж итгэл төгс хэлж байна. Ярилцлагыг уншихад “Эрдэнэс-Тавантолгой”-н захирал асан Б.Энэбиш маань үнэхээр шахаас дарамт, шавар намаг дунд энэ албыг хашиж байжээ. Ер нь бол манайхан ажил хийлгэдэггүй  цөвтэй улс. Хэрэгтэй хүний хөлөн дор нэг бол чөдөр тушаа болно. Нөгөө бол хөлийг нь угааж, хумсыг нь авч өгөхөөс ч сийхгүй. Хоёр туйл руу л шуурна шүү дээ.
Одоо Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албыг хашиж буй П.Цагаан хэдэн жилийн өмнө манайхны тухай  (Цагааны хувьд өөрийнхнийгөө) үнэн тодорхойлтыг хэлсэн юм. Тэрбээр: “Намайг Сангийн сайд байхад өдөр оройгүй үүдэнд суугаад ажил хийлгэдэггүй байсан нөхөд өвчин зовлонд тулаад ирэхэд үзэгдэх ч үгүй болдог юм байна” гэж  билээ. Бидний ажил алба, ахуй амьдралаа авч явдаг дүр зураг нэг иймэрхүү. 
Өнөөдөр Б.Энэбишийн ярилцлагыг уншихад яг л ийм дүр зураг харагдана. Угтаа бол гээндээ ч байна. Гоондоо ч байгаа нь тодорхой. Тухайн үеийн төр засгийн  шахалт зовлонгийн талаар их сонирхолтой баримтууд тавьжээ. Биднээс тусдаа хаа нэгтээ амьдарч буй Энэбишэд худлаа хэлэх шаардлага юу л байв гэж дээ. Түүний ярьж буй тэр үед хамтарсан Засгийн газар байсан. Хоёр намаас Засгийн газрыг Сү.Батболд, Но.Алтанхуяг нар толгойлж байв.

Энэбишийн ярианд ёс суртахууны агаад улс төрийн олонд хүрээгүй факт баримтууд оржээ. Ганц жишээ, татахад л хангалттай. Ер нь бидний дарга Алтанхуяг сайд маань Бурхан Халдун уулыг тахидаг ч юм шиг байгаа юм. Бас Бурхан Халдун ууланд төөрдөг ч юм шиг байгаа юм. Үүнийг бид бүхэн аль эрт мэднэ. Харин Алтанхуягийн “Алтангадас”-ын харъяаллын нэгэн хүн  байжээ. Хөөрхий, тэрбээр Б.Энэбишийн орлогчийн алба хашиж  байгаад Бурхан Халдун ууланд авирч байгаад зүрхний ачааллаа даахгүй  Бурхан болж. Хэрэвээ Бурхан Халдуныг төр түмнийхээ төлөө тахьдаг нь үнэн бол хөөрхий тэр хүн төр түмнийхээ өмнөөс золиос болжээ. Орчин цагийн Чингэс болсон Алтанхуяг сайдтан авирдаг мөрөөрөө шинэчилдэг засгийнхаа төлөө авирахгүй золиг золиостой явахаа болимоор юм. Монголчууд бид бөө дэвэх, овоо тахих зэрэгт хүнээ алдаад байхааргүй л цөөхүүлээ билээ.

Эцэстээ Чингэс хааны үеийн төр засаг түмэн олны ахуй амьдрал Чин зоригт Алтанхуяг сайдын үеийнхээс өглөө, орой хоёр шиг ялгаатай шүү дээ. Хаашаа л харна уу, уул овооны тахилга, бөө, удганы явдал суудал. Ний нуугүй хэлэхэд үнэхээр зах замбараагаа алдлаа. Хэр хэмжээ алдлаа. Бидний амьдралын зонхилох хугацаа чинь шинжлэх ухаан түшэж явдаг бус уу?

Ядаж байхад Ерөнхий сайд маань физикч, молекулярын кибернетик хүн байдаг.  Иймд бөө удган, тахилга тайлал гэхээсээ зүгээр нэг герман хүн шиг ч юм уу, япон хүн шиг амьдарч болохгүй гэж үү?

Японы Ерөнхий сайд Синдзо Абэ гуай Фужиямагийн орой дээр гарчихаад бөмбөр цохиод унавал дэлхий нийт галзуу солиогийн энэ жүжгийг юу гэж үзэх вэ?

 2.
Өнөөдөр албажиж суурьшаагүй төрийн алба бий болж байна гэж гадуур харангын дохио шиг хангинах болжээ. Б.Энэбишийг Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн гэдгийг “Эрдэнэс-Тавантолгой”-н тэргүүнээр түүнийг тавьснаар нь бэлэхнээ мэдэж болох юм. Тэрбээр: “Сүүлийн хэдэн жилийн хэрэгжүүлж байгаа бодлого болоод үйл ажиллагаа дутуу дулимаг, эсвэл эсрэг яваад байна.Уул уурхайдаа тулгуурлаж Монголын хөгжлийн дараагийн үе шатанд гарах боломж. Хөгжлийн 15-20 жилийн боломжийг энэ цаг үе алдлаа. Баабарын хэлдэг “сүгзэлзүүрүүд”-ээс энэ асуудал болсон юм биш. Гол нь эрх барьж байгаа, байсан бодлого тодорхойлогчдоос болж байна. Ийм байдалд ороход Ардчилсан нам 70 хувь, Ардын нам 30 хувийн буруутай гэж бодож байна” гэжээ.
Хэн буруутайг хэлэхэд бэрх цаг иржээ. Гэвч өнөөдрийн бүх буруу эрх мэдлийг гартаа барьж байгаа Засаг төрийн буруу. Тэд маань Монголдоо хүн шиг амьдруулна гэж амалсан. Тэдний тоглоомын дүрэм аль зэрэг шудрага байна. Олон түмний сэтгэлд нийцэж байна уу? Үгүй юу? хэдэн хувь нь тэдний ойлголтоор хүн шиг амьдарч байна вэ?

Иргэд, олон түмэн: “Юу л болоод байна даа?” чанга дуугаар асууж байна.
Харамсалтай нь хариу алга.

3.
Юу л болоод байна даа?
УИХ-ын гишүүн асанХ.Жекей Казахстаны аюулгүй байдлын албанд алба хашиж байгаа гэнэ л гэх юм. Бяцхан Сноуден юм уу хаашаа юм.Бүр байнгын хороон дарга байсан шиг билээ. Ямар байнгын хороонд дарга байсныг Уншигч Та эрхбиш санаж байгаа биз? Сайраан тагнуул байжээ л гэх юм. Өнөөдөр Монголд Санхүү, эдийн засагтай холбоотой төрийн байгууллагын дарга, захирал нар АТГ-ын байнгын зочид болох нь жирийн үзэгдэл, хэвийн явдал боллоо. Толгой дараалан хэлэх юм бол Хааны ордны бүслүүр шиг урт нэр гарна. Төрийн өмчийн хорооны дарга асан Д. Сугар: “Үнэнийг хэлэхэд бүгдийг нь ийм түвшинд шалгаж, ийм арга хэмжээ авч чадвал УИХ, ЗГ-ын гишүүдийн тал нь ч үлдэхгүй” гэж мэдэгдсэн билээ.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын алба ажлын түүх бол хууль, эрх зүйн байгууллагад 30 гаруй жил ажилласан хүн. Тэрбээр сүнсгүй юм хэлэхгүй л болов уу?

Бид бүгдээрээ чиний, миний гэлгүй шаварт суусан. Бүгдийг шинэ цааснаас эхлэх цаг болоогүй юу? Өнгөрсөн 25 жил биднийг хангалттай сайн эвдлээ. Хугаллаа. Бидний үр хүүхэд янхан ч боллоо. Хар тамхичин ч боллоо. Алба ажил хашиж байсан бид толгой дараалан авилгач болоход ч бэлэн юм шиг сэтгэгдэл төрөх боллоо. Бизнес эрхлэсэн бүгд шоронгийн тав болоход бэлэн байна. Яагаад гэвэл бид цөмөөрөө зах замбараагүй он жилүүдийн золиос. Бурхан Халдун уулын тахилгын золиос болсон шиг л.

Одоо хойшоо биш урагшаа харж амьдрах цаг ирээгүй гэж үү?

Нэг нам нь сонгуулиар ялбал нөгөөгөө шоронжуулдаг хязгааргүй тийш тэмүүлэх нь үү гэлтэй байна. Миний бие гурван жилийн өмнө  Ерөнхийлөгч  Ц. Элбэгдоржид амнисти зарлахыг уриалсан. Амнисти бол өршөөлөөс шал тусдаа ойлголт шүү дээ. Өнөөдөр манай нийгмийг тайван амьдруулъя гэж бодвол үүнээс илүү арга алга.

Бид чинь 25 жилийн өмнө огт танихгүй нийгэмд шилжсэн. Танихгүйн зовлонгоор алдаа зөрчил зөндөөнийг хийсэн. Магадгүй тал хувь нь биднээс хамааралгүй буруу. Та бүгд дотоод ертөнцөө нэг чагна даа. Хичнээн айдас, хичнээн харамсал биднийг идэж байгааг мэдрэнэ дээ. Ялангуяа өчигдөр эрх мэдэлтэй байгаад өнөөдөр эрх мэдэлгүй байгаа хэн бүхэнд илүү мэдрэгдэж буй байх даа.
Бүгдийг дахин шинэ цааснаас эхэлье. Худлаа юмыг засах гэж дахин худал хэлсээр үр хүүхэддээ эстафетдаа дамжуулах цаг ирлээ. Гэтэл галтай биш хөө тортогтой бамбар гардуулах нь дээ. 



Х.Бүрэнтогтох
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив