“Бенз” Чимгээ гайхуулаад байсан төмөр хөлгөө ХОМ-ээсээ нуусан уу
2014 оны 4 сарын 23
“Бенз” Чимгээ гайхуулаад байсан төмөр хөлгөө ХОМ-ээсээ нуусан уу
АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгосон нь олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, төрд алба хашиж буй 239 хүн нийт орлого, орон сууц, барилга байгууламж, тээв¬рийн хэрэгсэл болон малын тоо, газрын хэмжээ, үнэт эдлэл, түүхийн үнэт зүйлийн үнэлгээ, хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл, авлага, зээл, компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт, эрх, патент, тусгай зөвшөөрөл зэргээ мэдүүлсэн байдлаар нь гаргасан юм. Гэхдээ төрийн түшээд дотроос огцом “ядуурсан” гишүүнээр Б.Чойжилсүрэнгийн нэр тодоос тод зурайх болжээ. Түүний хувьд “Хурд” группээр овоглож, 2012 онд орлого нь зургаан тэрбум 27 сая төгрөгт хүрч байсан удаатай. Гэтэл жилийн дотор энэ үнэлгээ буурч, 25 саяын орлоготой хэмээн мэдүүлсэн нь олны гайхшралыг төрүүлсэн юм. Жилийн орлого нь зургаан тэрбумаар үнэлэгдэж байхад эрхэм гишүүн 15 компанийн хувьцаа эзэмшдэг байсан нь бий. Гэтэл жилийн 25 сая төгрөгийн орлоготой болоход 27 компанийн хувьцаа эзэмшиж байсан хэрнээ бодит орлого яагаад буурав гэдэг нь үнэхээр асуудал. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээгчид нийгэм, эдийн засгийн хүндрэлд дарлуулж байгаа гэдгээр Б.Чойжилсүрэн гишүүний хувь оногдох байдал муудсан бололтойг илчилж байгаа юм. Үүний зэрэгцээ “Мон Уран”-ы Б.Наранхүү нэг тэрбум 735 сая 880 мянган төгрөгийн үнэ бүхий долоон машинтайгаар төрийн түшээд дундаа авто хөлгөөрөө давуу эрхтэй явааг харуулчихлаа.

Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өнгөрсөн жил худалдаж авсан хэмээн цахим хуудсаараа гайхуулж байсан “Mersedes Benz S500”-гаа тас нуучихаж. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хувьд “50 сая төгрөгийн орлоготой, хоёр орон сууцтай” гэж мэдүүлсэн байтлаа “Mercedes benz S500”-аа дурьдаагүй бөгөөд машингүй гэсэн нь санамсаргүй гэхээс санаатай мэт. Мөн тэрбээр эзэмших эрхийн нийт 4212 м2, өмчлөх эрхийн 816 м2, ашиглах эрхийн 950 м2 газартайгаараа хамгийн баянд тооцогдов. Өнөө цагт төв, суурин газарт эзгүй талбай эзэмших байтугай, булан тохойд гэрийн бууриа засах газар олдохгүй  санаа зовоож байгаа. Тэгвэл эрхэм гишүүн хамгийн их газартай хүн болсон юм. Харин “Моносфарм трейд”, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй зур¬гаан компанийн хувьцаа эзэмшигч гэдгээрээ эмэгтэй гишүүд дотроо толгой цохиж явна.

Хамгийн сонирхолтой нь Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд “Монос”-ын гэгдэх нэрээ “Бенз” Чимгээ гэж сольсон удаатай. Яагаад гэвэл эрхэм хатагтай “Бенз S500” маркийн машинтай болсноо олон нийтийн цахим хуудсаар зарлаж, тэр байтугай магтсанд иргэд нэлээд дургүйцэж ийн нэрлэх болсон. Мөн УИХ-ын чуулганы танхимыг өөрийн тарьж ургуулсан гоёмсог цэцгүүдээрээ чимж, тохижуулж суудаг тэрбээр  унадаг төмөр хөлгөө магтахдаа “Би л баян” гэсэн өнгө аясаар илэрхийлчихсэн нь түүний нэр хүнд иргэдийн дунд унах нэг шалтгаан болсон. Энэ нь бол өөрийнх нь хийсэн үйлдэл. Гэвч эцэстээ “Бенз” Чимгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гайхуулаад байсан машиныхаа үнэлгээг дурьдалгүй ор тас марчихдаг нь гайхалтай шүү.






С.БАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив