АН-ын дотоод зөрчил, фракци хоорондын тэмцэл хурцаджээ
2014 оны 4 сарын 25
АН-ын дотоод зөрчил, фракци хоорондын тэмцэл хурцаджээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгийнхэн дотооддоо зөрчилтэй байгаагаа илэрхийлчихсэн юм. Байнгын хорооны дарга А.Бакей хүртэл "АН-ынхан дотооддоо шийдэх асуудал байсан байх. Ирц бүрдэх боломж бүрдсэний дараа "Давхар дээл"-ний асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ. Ер нь АН-ын гишүүдэд хоорондоо зөвшилцөх, ярилцах хугацаа хэрэгтэй байсан” хэмээн илэрхийлсэн нь үүнийг гэрчилсэн гэхэд болно. Нөгөөтэйгүүр УИХ дахь АН-ын бүлгийнхэн сайд нарын “Давхар дээл”-ийг дан болгочихвий гэж айж, сандарсандаа хуралдаандаа орж ирэхээс татгалзаж, МАН-ынхныг цухалдуулахаар шийдсэнийг үгүйсгэхгүй. Харин үүгээрээ АН-ынхан улс төрийн шийдлээ хайхаас илүүтэй дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй болсон нь нэгэнт тодорхой гэхэд хилсдэхгүй. Хэрвээ “Давхар дээл”-ийг тайлах эсэхийг байнгын хороогоор хэлэлцэхэд АН-ын сайд нар унах нь тодорхой байсан гэдэг. Учир нь байнгын хорооны гишүүдийн 3/2-ын саналаар тухайн асуудлыг шийдэх байсан юм. Гэтэл АН-ын нөхөд бодит байдлаас зугтаж, үүрэндээ бие биенийгээ хэмлэлдэн суугааг юу гэх вэ. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний санал болох “Давхар дээл”-ийг дан болгох хуулийг энэ оны долоодугаар сараас хэрэгжүүлж эхлэх нь зөв гэж АН-аас Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт нарын гишүүн санал өгсөн нь байдлыг хурц болгох нэг алхам тавигдсан. Харин намынхаа шийдвэрийг сөрж зогссон эдгээр гишүүнийг “буланд шахах” ажиллагаа хэдийнэ эхэлсэн гэх нь бий. Нөгөөтэйгүүр намынхаа олонхийн шийдвэрийг дагадаггүй Ерөнхий сайдын уурыг үргэлж хүргэж байдаг Ж.Батзанданг хуулийн байгууллагаар шалгуулна. “Давхар дээл”-ийг дан болгох санал дэмжигдвэл дөрвөн гишүүнийг намаасаа хөөх заалт бий хэмээн тайлбар тавьж байгаа, АН-ынхан.

Харин олон нийтийн дунд цуурхал мэт тарсан энэ яриа үнэн болох нь илэрхий болоод байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намынхан нь элдвээр дарамталж байгаа юм билээ. Тэрбээр “Намайг янз бүрээр дарамталж байна. Намаас хөөнө гэх мэтээр дарамталж байгаа. Гэхдээ манай намын одоогийн дарга бол өөрөө дүрмээ зөрчиж сонгогдсон хүн. Намын даргыг намын Их хурлаар сонгодог. Гэтэл Н.Алтанхуяг намын Их хурлаас сонгогдоогүй. Үндэсний зөвлөлдөх хороог жил бүр хуралдуулж, шинэчилж байх ёстой. Мөн намын дотоод байгууллагад цус сэлбэлт хийж залуу үеийг оруулж ирэх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр гурван жил Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулаагүй байна. Энэ нь өөрөө АН хоцрогдож байгааг харуулж байгаа юм. Энэ намд шинэчлэл хэрэгтэй байна. Харин ч жирийн гишүүн намайг огцруулах асуудлыг ярьж байгаа дарга нартай би тэмцэнэ. Ардчиллаа хамгаалахын төлөө мөн энэ намаа шинэчлэхийн тулд би ажиллана. Цаашлаад АН-ын дүрмийг хэрэгжүүлж, Үндэсний зөвлөлдөх хороог хэрэгжүүлэхийн төлөө би тэмцэнэ” хэмээн байр сууриа илэрхийлж буйг юу гэх үү. Өнөөдөр энэ намд ардчилал үгүй болж, хэн нэгний эрх ашгийн төлөө яваагүй нэгнийгээ дарамталж, хөөх туух дээрээ тулаад байна. Мөн Засгийн газрын тэргүүн нь намынхаа гишүүн Ж.Батзанданг “Янзална” хэмээж суугаа гэсэн. Тэгэхээр намд сөрөг байгаа гишүүнийгээ хонь муулахтай адил янзалчих гэж байгааг бас ойлгоход бэрх. Үүнээс гадна АН-ын дотоод зөрчил, фракци хоорондын тэмцэл хурцадсан нь өчигдрийн байнгын хорооны хуралдаан харуулчихлаа. Мөн АН-ынханд хариуцлагагүй үйлдэл чухал биш, Засгийн газраа авч үлдэх нь хамгийн үнэтэй “эрдэнэ” мэт юм шиг ээ.



С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив