Уул уурхайн салбарт МАН эх оронч бодлого хэрэгжүүлнэ
2012 оны 5 сарын 17
Уул уурхайн салбарт МАН эх оронч бодлого хэрэгжүүлнэ
Монголын эрдэс баялгийн асар их нөөц дэлхийн эдийн засагт нөлөөлөх үе ирэв. Гэвч ингэж омогшихоосоо илүүтэй газрын гүний баялагтаа тулгуурлан Монгол Улс хөгжиж, монгол хүн хөлжих нь чухал юм. Тиймээс ч энэ салбарт эх оронч бодлого үгүйлэгдэж байгаа.

“Mongolian mining corporation” нэрээр Хонгконгийн биржид IPO гаргасан анхны Монгол компани “Энержи ресурс”-ийг эс тооцвол эрдэс баялгийнхаа нөөцийг ашиглан олон улсын зах зээлээс мөнгө босгож од шүүрсэн үндэсний компани одоогоор алга. Гэтэл гаднын компаниуд Монголд орд газартай, хамтарсан компанитай гэдэг нэрийн дор олон улсын зах зээлээс мөнгө босгох, нэр хүндээ өсгөх нь ердийн үзэгдэл болов.
Монголын баялгийг үнэт цаас хэлбэрээр арилжаалан хөлжиж байгаа энэ явдлыг монголчууд сонсох төдий оролцоотой суугаа нь манай төрийн бодлогын сул юм. Үүнд анхаарлаа хандуулж, баялгаа хямгадаж, байгаагаа үнэлэх цаг ирснийг саяхны нэгэн наймаа нотоллоо. “Соусгоби Сэндс”-тэй холбоотой “Хятадын Чалко” компанийн түрэмгийлэл давамгайлсан наймааг Монголын тал зогсоож чадсан.
Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь үндэсний бодлогыг төрөөс цогц байдлаар авч хэрэгжүүлэх явдал гэдгийг сүүлийн үед өрнөсөн орд газрын наймаанууд нотлов. Энэ бүхнийг олж харсан МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө багц бодлого болгон эрдэс баялгийн салбарын тулгамдсан  асуудлуудыг оруулжээ.
Тэгэхдээ, өнөөг хүртэл маргааны төв цэг болсоор байгаа Ашигт малтмалын хууль, түүнтэй холбогдох эрх зүйн актуудыг ард нийтийн өргөн хэлэлцүүлэг, санал асуулгаар шинэчлэн өөрчлөхөөр шийдсэн аж.

Өргөн хэрэглээний бараа мэт гараас гар дамжиж наймаалцдаг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Засгийн газраас олгож, эдүгээ ноёлоод байгаа замбараагүй байдалд цэг тавихаар МАН бодлогоо боловсруулсан нь сайшаалтай. Үүнээс гадна ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо эдийн засгийн үр ашиг, байгальдаа захирагдах зарчмыг баримтлан, орон нутгийн иргэдийн саналыг үндэслэн сонгон шалгаруулалтын  зарчмаар шийдвэрлэхээр тусгажээ. Энэ бол ашигт малтмалын салбарт хийж буй анхны ардчилсан өөрчлөлт гэдгийг хэлэх хэрэгтэй.

Стратегийн орд хэмээн тодорхойлогдсоор ирсэн асар их нөөц баялаг бүхий орд газруудын жагсаалтыг өргөтгөн, гээгдэж үлдсэн баялгаа хямгадах ажлыг хийхээр МАН-ын залуус төлөвлөж байна. Гэхдээ тухайн орд газруудад 50-иас доошгүй хувийг Монголын тал эзэмшихээр хуульчлахыг зөв хэмээн тэд үзжээ. Уул уурхайн салбарт баримталж буй МАН-ын эх оронч бодлого үүгээр зогсохгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийгдсэн ордуудыг ашиглахдаа төрийн оролцоог 51-ээс доошгүй хувьтай байх ёстой хэмээн Ашигт малтмалын тухай хуульд  тусгах аж. Ингэснээр энэ салбарт давамгайлж байгаа гаднын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хязгаарлаж, үндэсний компаниуддаа хөгжих боломж олгох юм.  Нөгөө талаар төрийн бодлогыг ийнхүү хуульчилснаар уул уурхай даган хөндөгдөж буй үндэсний аюулгүй байдлаа хамгаалах боломж бүрдэх учиртай. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг  дамлан худалддаг явдал газар авсан. Үүнд хяналт тавих нэг боломж нь хуульдаа өөрчлөлт оруулж, тусгай зөвшөөрлийг бусдад худалдаж, арилжсан орлогоос улс татвар авдаг болох зарчим юм. Энэ талаар МАН-ынхан сонгуулийн мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан санал болгож буй. Үндэсний компаниудынхаа эрх ашгийг дээдлэхийг МАН эрмэлзсээр ирсэн. Тиймээс ч эдүгээ баримталж буй энэ бодлогоо үргэлжлүүлж, ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын ажилд үндэсний аж ахуйн нэгжүүдийг тэргүүн ээлжинд оролцуулах тухай зүйл, заалтуудыг хуульд суулгаж өгөх тал дээр МАН тууштай зогсож байна.

Хоёрхон хөрштэй Монгол Улсын хувьд гуравдагч зах зээл, хөрөнгө оруулалт хэзээ ямагт чухал байсаар ирэв. Ашигт малтмалын салбар дахь хөрөнгө оруулалтыг аль болох өргөн хүрээтэй, олон улсын оролцоотой байлгаж чадвал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал үүний хэрээр хангагдах нь тодорхой. Үндэсний байр сууриа авч үлдэх энэ боломжийг МАН олж харан, эрдэс баялгийн хайгуул, олборлолтод ашигт малтмалын төрөл тус бүрээр нэг орны хөрөнгө оруулагчдын өмнө хязгаар тавих бодлогыг дэвшүүлж буй нь сайшаалтай. Ингэж чадвал эдүгээ “Chalco”-гоор дамжин хийгдэж буй Хятадын довтолгоо Монголын хуулийн өмнө, МАН-ын бодлогын өмнө толгой бөхийх боломжтой болно.

Үндсэн хуульд зааснаар газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч. Гэхдээ ард түмэнд энэ баялагтаа эзэн болох боломжийг төрөөс хангах ёстой. Энэ үүрэг хариуцлагаа олон жил улс орны хувь заяаг нуруундаа үүрч ирсэн улс төрийн хүчин болох МАН өндөрт тавьдаг. Тийм ч учраас ард түмэнд баялаг түгээх олон арга замыг санал болгожээ. “Үндэсний баялгийн хуримтлалын сан”-г бий болгон, “Хүний хөгжлийн сангийн бодлогыг зохистойгоор залгамжлан хэрэгжүүлэхээр энэ намынхан тэмүүлж буй. Жижиг хөрөнгө оруулагчдад улс орны бүтээн байгуулалтад оролцож, үр шимийг нь хүртэх боломж бүрдүүлэхээр тэдний ажил үргэлжлэх юм.

Стратегийн ордуудыг эзэмшигч компаниуд, үндэсний томоохон төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болохыг дэмжин ажиллахыг гол зорилго болгох юм. Ингэснээр үндэсний компаниуд хөгжих, иргэд хөгжлийн үр шимийг хувьцаа хэлбэрээр хүртэх зам нээгдэнэ. Иргэн бүрт эх орны хишгийн хүрээнд олгосон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны үнэлгээг өсгөхийг МАН эрмэлзэж байна. Ингэснээр МАН уул уурхайн салбарт авч хэрэгжүүлэх бодлогоо эх оронч байр сууринаас тодорхойлов. Уул уурхай, ашигт малтмалын салбарт үгүйлэгдэж байсан үндсэрхэг, эх оронч, ардчилсан бодлогыг МАН анх удаа эрс шийдвэртэй дэвшүүлэн тавилаа. Эх орноо элэг зүрхэндээ дээдэлж явдаг, эрдэс баялгийн салбарт зайлшгүй байх учиртай үндэсний бодлогыг дэмждэг иргэн бүрийн итгэлээр МАН-ын энэхүү эх оронч төлөвлөгөө хэрэгжих юм. Иргэн бүрийн итгэлийн үнэ цэн уул уурхайн салбар дахь үндэсний эрх ашгаар хэмжигдэж байна. Учир нь МАН энэ салбарт үгүйлэгдэж буй үндэсний бодлогоо ийнхүү зарлалаа.

Р.ЭМҮЖИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...