Баланс ба зөв бодлого
2014 оны 5 сарын 6
Баланс ба зөв бодлого
1.
  Уншигч Та үнэмшинэ үү, яана уу, Таны эрх. Гэхдээ л энэ Ертөнцийн хамгийн шилдэг баланс бол “0” баланс. “0” (“Тэг” ч гэнэ. “Нооль” ч гэнэ)  баланс гэхээр л атомын дайны дараа амьтан хүн алга болохыг хэлнэ гээд бүү мушгиж ойлгоорой. “Ноолийн ногоон тэг” гэж багачуул биднийг муухан байвал нь загнидаг сан, багш нар маань. Үүн шиг бас бүү бодоорой. Өнөөгийн нийгэмд уламжилт тэр нооль маань улс төр, эдийн засгийн хүрээнд ч чухал үзүүлэлт болоод байна. Байгаль дэлхийн үзэгдлийн хувьд ч тэр шүү дээ. Наад зах нь “тэг” градус гэдэг ус, мөс хоёрын уулзвар шүү дээ. Тэр баланс чинь л “О” баланс. Улс төр ч гэсэн нэг талдаа мөс нь гараад нөгөө талдаа ус нь гараад явчихвал баланс алдагдана. Дэлхий ертөнцийн явдал ч гэсэн энэ л баланс дээр оршино. Жишээ нь Монгол улс гурван хөрштэй. Хойд хөрш, Өмнөд хөрш. Авдаг, өгдөг нь ч гэсэн 60-70 хувиар  энэ хоёроос хамаарна. Гуравдахь хөрш нь АНУ, Европын холбоо, Япон, Солонгос гээд нилээн нэр бичигдэнэ.

Энэ гурвыг л бид ярьдаг. Хэлдэг. Бичдэг.
Ард иргэд маань ч хэн нь хэнд талтай гэдэг нь бас л түүхэн сурвалжаасаа хамаараад янз янз байдаг. Иймд Дэлхийтэй харилцах балансыг яажшүүхэн, бас мэхтэйхэн барьж чадснаас бидний гадаад нөлөөлийн сайн муу тал илэрч гарч ирнэ. 
Нэг хэсэг нь: “АНУ, Баруун  хоёр байхад л бол оо бусад нь яршиг л байна” гэнэ. Нөгөө хэсэг нь “Оросыгоо л бараадвал дээр дээ” гэх. Эсвэл “Хятад ХХI зуунд баллаад хаях нь, нэгэнт л иймээс хойш тэдэнтэй байхааас өөр гарц байхгүй” гэдэг ч юм уу? Ийм ойлголт нийгэмд оршин тогтнож байна. Энэ гурван туйшралт  бидэнд “Тэг” балансыг авчирахгүй нь ээ. Хамгийн гол нь эхлээд Монголчууд бид өөрсөдтэйгээ сайн хөрш байх нь чухал. Өөрөөр хэлбэл, ядаж эхлээд дотроо бие биендээ сайны сайн хөрш байх нь хамгаас чухал. Тэгж чадвал гадаад балансаа барьж чадна. Уг нь одоо хүмүүс хоорондоо инээмсэглэцгээгээд л, халуун дотноор гар барилцаад л явахад болохгүй гэх газаргүй сайхан үе эхлэж байх шиг байна. Урьдын юм ул болох цаг наашилсан мэт. Хэзээ ч бид Хятадтай, Германтай, Японтой дайсагналцахгүй юм шиг, бас сайхан санаа өдрөөс өдөрт бэхжиж байна. Үүнээс улбаалаад өнөөдөр манай гадаад харилцаа уг нь сайхан голидролдоо орлоо. Энэ харилцааг Н. Энхболд нь байна уу, Лу. Болд нь байна уу зөвхөн гадаад харилцааны яамаар зааглагдахгүйгээр бүр олон улсын парламентийн түвшинд мандуулсан зөв хүмүүс авч явж иржээ. Зөв хүмүүс байна гэдэг баланстай бодлого байна гэсэн үг. Жилээс жилд бидний хувьд Ертөнцийн явдал аюулгүй байдалтай байх нь манай гадаад бодлогын үндсийн үндэс. Хамтарч ажлаад, харилцан хүндэтгэлцээд явах чинь төвийг сахисан бодлоготой орны аз жаргал. Наймаа арилжаагаа чөлөөтэй хийгээд л... Минусгүй явах. Цэцэн мэргэн байх, сайн санааг дэмжих нь манайх шиг жижиг улсын ухаан юм. Үүний төлөө л үе үеийн өвгөд дээдэс маань хамаг тэвчээр, зарим тохиолдолд халуун амь, бүлээн цусаа өргөсөн биш бил үү?

Бид өнөөдөр гадаад улс төрийн хувьд гурван хэлхээн дээр балансжиж чадах ёстой. Аз болоход тохьтой томоотой гадаад сайдууд Монголын гадаад харилцааг үеийн үед авч явжээ. Миний мэдэхээс М. Дүгэрсүрэн гуайгаас (нэг талын харилцаанд тулгуурласан хэцүү үе. Хэдий тийм ч дэлхий нийтэд нүүрээ алдаагүй) эхлээд Ц. Гомбосүрэн гуайгаар (гол харьцагч орнууд улс төр, нийгэм, эдийн засгийн хямралд орчихсон эгзэгтэй үе. Тэр үеийг дажгүй даван туулсан) дамнаад Н.Энхболд,(гадаад харилцааг тогтворжуулах үе. Тогтворжсон), Лу.Болд (хойд хөрш маань улс төр, эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа үе. АНУ, Баруунтай ОХУ-ын харилцаа суларсан үе. Хүндрэлийг тойрч гарах бодлого барих. Одоогоор алдар нэр, алдаа дутагдал хоёрын “О” баланстай явна. Энэ бол сайн хэрэг. Дөрөв нэмэх л гэсэн үг.) гээд үе үеийн сайхан хүмүүс гадаад нүүр царайгаа чамгүй сайн барьж явна. Бас явжээ.  Эрхэм уншигч таниас, гүнээ уучлал хүсье.  Миний хувьд л ингэж гадаад бодлогын мөчлөгийг нь тооцож байна. Уншигч Та бид хоёр өөд өөдөөсөө хараад цай, кофе ууж байхад л миний Танд хэлэх үг шүү дээ. Түүнээс Ч.Далай гуай шиг давхар бодох биш. Доктор Ж.Баясах шиг багцалж бодох биш дээ, зайлуул даа хөөрхий өчүүхэн миний бие. 
Ер нь бол түүхийг хараад байхад Монголчууд бид хоёр хөршөө талцаж булаацалдаж хоорондоо их зодолджээ. Хэн нь хэндээ сайн бэ гэдгийг хурдан морины шандас заан үздэг ч байлаа. Телекс факсаар ч явуулдаг ч байлаа. Уг нь бид дотроо сайн хөршүүд байх нь гадаадад гяланцаг байхаас хавгүй чухал юм. Одоо энэ нялхсын өвчнөөс салах цаг нь ирлээ. Үнэхээр Монголын тусгаар тогтнол, улс эх орны маань эрх чөлөө сонгодог утгаараа оршин тогтнож байгаа юм бол шүү дээ! Ямартай ч өнөөг хүртэл бие биенээ энэ америкийнх, энэ оросынх, энэ хятадынх гээд барьж өгсөөр ирсэн шигээ явах цаг зогсоолдоо ирлээ. Хуучин цагт бүр энэ монголынх гэж хүртэл барьж өгч ирсэн. Үндэстний үзэлтэн ч гэх шиг. Ийм түүх гадаа байна. Бид амьд байна. Бие биенээ мэднэ дээ, харин ч нэг. Сүүлийн 24 жил энэ нь ардчилсан, тэр нь ардчилаагүй гээд баахан хошуу өргөцгөөлөө. Энэ маань үнэхээр явахгүй модель юм биш үү. Бид эхлээд дотроо бие биенийхээ сайн хөрш болох нь хамгаас чухаг ардчилал юм биш үү.

2.
Дотоод улс төрийн баланс ямар байгаа нь бидний нүдэн дээр харагдаж байна. Гэхдээ МАН-ын гишүүд яг адилхан нөхцөлд сонгогдчихоод УИХ-д гадуурхагдаж байна. Угтаа улс төрийн орчинд гадуурхагдаж байна. Байнгын хороонд тэр болгон бусадтайгаа адилхан нөхцлөөр орж чадахгүй байна. Ийм үед юу ч ярих вэ гэмээр л байдаг байх. За яах вэ, энэ бол МАН-ын хувьд гадаад хүчин зүйл. Монголчуудын нялхсын өвчин үргэлжиж, нялх Сэнгүмүүд галзуурч байгаа үе. Одоо байгаа эрх баригч хүчнийх нь ерөнхий соёлын түвшин ийм хойно. Одоо ёстой яая нэх вэ? Мандатын төлөөх тэмцээн маргааш биш гэхэд хоёр жилийн дараа болно оо доо.
Зүгээр л МАН-ын хувьд одоо бодох цаг иржээ. Тэд сөрөг хүчин байгаа дээрээ эрүүл саруул байх. Эрх баригчдын “оргилын өчин”-г дахин тусахгүй нь тулд дархлааны вакцинаа хангалттай хийж авах цаг. Библийн сударт: “Чулуу хаях цаг,Чулуу түүх цаг” гэж хоёр янзын юм байна аа. МАН-ын хувьд сул талаа давуу тал болгох боломжтой цаг ирлээ. Иймд гадагшаа гэхэээсээ дотогшоо ажиллах цаг.

 Ер нь бол ялсан нам нягтрахгүй бол ялсны хэрэг ч гардаггүй юм шиг байна. 
Үүнийг эрт болоод эдүгээгийн олон түүх харуулна.  Ганц жишээ, АН, МАХН хоёрын гэрээ хийх гэсэн оролдлогоос л энд харагдаж байна. Өнөө юу болохоо мэдэхгүй нөгөөдрийн гэрээ хийж байна. Түмэн наст, буман гэрэлт Хаант засаг уу, ямар?
Ийм шог түүхийг давтахгүй гэвэл улс төрийн намын баланс бол гадагшаа ажиллахаасаа илүү дотогшоо ажилбал цул хүчинг бий болгодог аж. Цул хүчин байхгүй бол ялаад ч нэмэр алга гэдгийг нүдэн дээр болж буй процессууд бэлхнээ хэлж өгч байна. Угшил гарвал ярьвал уг нь АН чинь  МҮАН-тайгаа гэрээ хэлэлцээ хийвэл олон нийтэд илүү ойлгомжтой байх байлаа. Гэтэл яагаад МАХН гэж? 
Бүр шинэ түүхийг харвал  МАН-тай ч хийж болохоор. МАН ялчихаад, бүр үнэмлэхүйгээр 45 суудал авчихаад 2008-2012 онд АН-ыг Засгийн газрын танхимдаа урьж оруулж ажилуулсан биш бил үү. 2004 оны сонгуулийн дараа ч ялгаагүй. С. Баярцогт, Ч. Сайханбилэг, Р. Гончигдорж нар оройлоод МАН-тай 62-ын гэгдэх нэг бүлэг хүртэл бүрдүүлж байв. “Тэд ялагдахаараа тэжээвэр хурга шиг бидэн рүү гүйдэг, бид ялагдахаараа тэнүүлч хүү шиг гадуурхагддаг” гэж гомдол мэдүүлэхгүй байх нь хамгийн том ухаан. Дотоод улс төрд өш хонзон хэрэггүй. Гэхдээ тэднийгээ мэдээд авах нь бас сайхан шүү дээ. Ямар маргааш Ертөнцийн хаалга хаагдчих гээд байгаа биш!!!

Ард түмэн бид тарвага шиг бас мартамхай биш сэн билээ?
Одоо яагаад цаг хувирахгүй юм шиг өөрчлөгдөнө вэ?
Баланс юун дээр тогтдог вэ гэвэл үнэн дээр тогтоно.
Баланс юун дээр тогтдог вэ гэвэл гурван цагийн хэлхээн дээр тогтдог билээ. Үүнийг би хэлээгүй эрдэмтэн, зохиолч Л.Түдэв гуай хэлсэн байдаг. 
Гэнэт гарч ирсэн Тэмүүжин лүгээ залуучууд яасан олон бол оо вэ?
Үнэхээр Чингис хаан гарч ирэхдээ ийм гутамшигтай байгаагүй л юмсан. Тэр Их хаан хагалган бутаргагч биш эвлэн нэгдүүлэгч байсанг түүх мэднэ.
Нэгэнт МАН-тай холбоотой баланс ярьж буй учир дээрхийг түр хаялаа.
Өнөөдөр аль ч намд яарсан залуучуудын фронт хүч түрэмгийлэхэд ч бэлэн байх шиг. Уг нь хөгжил жам ёсоороо зугуйхан явбал сайн сан. МАН-ын залуучуудын хувьд ахмад үеэ больё гэхэд дунд үеэсээ суралцах олон сайхан жентльмен үйлдлүүд бий. Жишээ нь, 2007 онд гэхэд МАН-ын дарга М.Энхболд ямар ч гадаад, дотоодын ноцтой шалтгаангүйгээр намынхаа их хурлыг хуралдуулаад албаа өгч байсан. Энэ бас түүхэнд ховорт тооцогдох үзэгдэл шүү. Албыг нь авсан С.Баяр эргээд М.Энхболдыг танхимдаа Шадар сайдаар урьж оруулсан. Тэгээд энэ нам 2008 оны Их хурлын сонгуулиар 45 суудал авсан. Энэ бол 60 хувийн ялалт. Энхболдыг дан ганц хотын фракц дэмжидгүйг олон сонгууль харуулдаг.  Хотын атлаа хөдөөний хүүхэд шиг түүнийг хөдөөгийн түмэн олон ч дэмждгийг олон сонгуулийн дүнгээр харлаа. Хотын фракцын хүчийг тарамдуулалгүй барьж чадснаар Баярт ялалт ирсэн. Баяр,Энхболд  хоёр  эвлэрэх зайтай том улс төрчид гэдгийг олон тохиолдлоор нотолж болно. Одоогоор МАН дотор М.Энхболд, С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд, У.Хүрэлсүх гэсэн хүссэн хүсээгүй таван лидер байна. Энэ тав учраа олбол ялалт ойрхон байна. Таван хошуу шиг байж чадвал. Сүх жанжны цэнгэлийн манлайд хүрэх зам ч ойрхон байна. Хэрэв учраа олохгүй бол тал тал тийш таталцсан таван хошуу, учраа олбол таван тансгийг нэгтгэсэн таван хошуу.  Сүүлийн хэд хэдэн сонгуулиар МАН ялсан атлаа АН-тай хамтарсан. Зөвхөн зөв баланс барих гэж л ингэсэн байх. Үүнийг одоо хэлцээд хэрэггүй. Монголын төрийн толгойд 40 жил явсан Т. Рагчаа гуай : “Өнгөрсөн юманд хүн бүхэн цэцэн байдаг юм даа” гэж голд ормоор үнэн үгийг надад хэлж билээ. Одоогийн хүмүүс өнгөрсөнд цэцэн байх яах вэ? Өнөөдөртөө л цэцэн байцгаая. Бид муур, нохой биш учраас байнга учраа олж, жентельмен үйлдлүүд хийж байж л балансыг барина. Өнөөдөр аливаа намд туршлагатай ахмадууд, нас тогтсон дунд үеийнхэн, эрч хүчтэй залуучууд байж гэмээ нь “О” балансыг барина. Үүний цаана л ялалт, хөгжил дэвшил бий. Дан ганц намын амьдралд ч биш. Нийт улс орны хэмжээнд шүү дээ.
Өнөөдөр 31 суудалтай АН тонгочоод тонгочоод яах вэ?  45 нь тусдаа байна шүү дээ. Зөв балансын төлөө л явах цаг.

Иймд миний чиний гэлгүй насны баланс, мэдлэгийн баланс, шудрага ёсны баланс, хүчний балансыг барьж байж л айл гэрээс  авахуулаад улс орны амьдрал дэвжин дээшлэхийн үндэс болно. Өнөөдөр МАН-ын толгойд тохьтой сайхан “бацаанууд” ч байна. О.Содбилэг, С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Д. Эрдэнэбат, Л.Энх-Амгалан гээд байна аа байна. Тэгэхдээ залуучууд ахмад дунд үеийнхнийхээ амбици, туршлага, нөлөө зэргийг тооцож байж л томроно. Нас нас, үе үеээрээ бүлэгрхвэл алуулна.
Том харцгаая.
Дэлхийн том улс төрийг харахад Израилын Ерөнхийлөгч Шамон Перес гуай байна. 92 настай өвгөн. Гэтэл Австрийн гадаад харилцааны сайдаар 27 настай Себастиан Курц хүү болж дэлхийн чихийг дэлийлгэлээ. Энэ диапазонд Дэлхийн улс төр явна. Гэхдээ 27-той болгон сайд болбол Дэлхийн улс төр дэндүү нялхрах нь ойлгомжтой. Ямар улс төрийн ясли, цэцэрлэг биш. 
Ер нь бол хувсгалжсан болоод боловсорч болоогүй улс оронд зиндаа явдлаа мэдэхгүй залуу ерөнхийлөгч, сайдууд төрдөг. Никарагуагын Даниэль  Ортега байна. 35 жилийн өмнө  хавар цагт, яг өнөөдөр багачуул бид түүнийг хүлээгээд Энхтайвны гүүрэн дээр шаар, цэцг барьчихаад хөлдөх алдаад хүлээж байв. Одоо ч тэр энэ улсын Ерөнхийлөгч байна. Иймд эрх мэдлийн кайф гэдэг бол ямар ч муу мухай юм хийхэд хүргэдэг. Тэр цагт улс орон балардаг. Намайг болон манай сургуулийнхныг хөлдөөж алдах гэж байхад Никарагуа ямар байлаа яг одоо тийм л байна. Ардчилал, хувьсгалаар далимдуулж их явна аа, энэ нөхөд.
Манайд С.Баярцогт, Ч.Сайханбилэг гээд нялх Сэнгүүнүүд 20-иод жилийн өмнө сайд болж л байсан. Олигтой мандуулсан юм ч алга. Ялангуяа С.Баярцогт МАН-аас гараад л палианы нөгөө талд гараад л: “Аав, ижээ би мөнгө идээгүй ш дээ” гээд аль 1996 онд хашгирч л явсан. Одоо яаж яваа билээ. Мөнгө идэх ч бүр яамай. Мөнгөө нуух хэмжээнд очсон байна шүү дээ.

Амьдрал гэдэг цэвэр лүү тэмүүлэх урлаг. Иймд залуучууд минь өнгөрсөн үеэсээ моралийн хувьд, хүмүүжил, гоо зүйн хувьд цэвэр байхыг хичээж гэмээ нь ирээдүй гэрэлтэй болно.

Ер нь эмхэрч цэцгцэрсэн оронд том улс төрийн нас бол дор хаяж 36-аас л эхэлдэг юм биш үү? Манай үеийн Баярцогт, Сайханбилэг нар хар багаасаа мандаад одоо хийх юм нь олдохгүй баларч яваа юм биш үү? Залуугаараа хуучирч болохгүй. Аливаа хувьсгал бол залуучуудыг дэвхрэг шиг гаргаж ирдэг л дээ. Одоо хувьсгалын үе биш. Тэвчээртэй байна гэдэг үргэлж давуу тал байсан юм. Японд дүүргийн татварын албаны дарга гэхэд 40-өөс доош насны хүн олддоггүй гэдэг. Одоо тэгээд Тэмүүжин энэ тэр хаачих вэ? Хамаг юм аа дэлгэчихлээ. Цаашаа огт сонирхолгүй.

3.
Ертөнцийн явдал баланс дээр тогтоно. Хүний эрүүл мэнд хүртэл эрдсийн баланс дээр тогтдог. Иод дутагдвал бамбайтай болно. Харин төмөр дутагдвал яах вэ? Уншигч Та мэдэж байгаа даа. Би мэдэж байна. Гэхдээ хэлэхгүй.
Гэхдээ улс орны хувьд гадаад баланс, дотоод баланс хоёр тэнцэж байвал сайн сан.


Х.БҮРЭНТОГТОХ
 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив