Ам.доллараа хянаж чадахгүй байгаа Монголбанк ард иргэдээс уучлал гуй
2014 оны 5 сарын 9
Ам.доллараа хянаж чадахгүй байгаа Монголбанк ард иргэдээс уучлал гуй
2009 оноос хойш ужгирч явсан өвчин нь эргэн сэдэрсэнээс болж эдийн засагт үүсээд байгаа саад, бэршээл бий болсон гэж үзэх хүн олон бий. Өөрөөр хэлбэл, макро эдийн засагт үүсээд байсан ужиг өвчинг эмчилж, шархыг нь боож байгаа гэж Төв банкнынхан тайлбарладаг. Харамсалтай нь энэ өвчнийг хэзээ илааршуулах нь төвөгтэй. Хэдийгээр эмчилж байгаа гэдэг ч хоёр жилийн нүүр үзэхэд оношийг нь тодорхойлоод амь тариа хийчихсэн нь нүдэнд харагдахгүй байгаа юм. Учир нь “Ноён” ам.долларын ханш хоёр дахь удаагаа 1800 төгрөгт хүрчихлээ. Монголбанкны вэб хуудасны ханшийн мэдээлэлд ам.доллар 1798,29 төгрөг гээд тодоос тод зурайж байгааг юу гэх вэ.

Харин эдийн засаг нь элгээр хэвтэх дээрээ тулчихаад байхад “Хямраагүй, хүндрэлийг даван туулах зүйл байгаа” хэмээн хэлж буй үг, хэллэгээрээ гоё харагдах гэсэн зүйл өнөөгийн нийгэмд давамгайлж байна. Гэтэл Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17,5 хувьтай байсан бол 2013 онд 11,7 болж зургаан хувиар буурчихсан. 2014 онд 10 орчим хувьтай байх төсөөлөл бий болоод байхад эдийн засгийн асуудал, бодлогоо тодорхойлдог сайдууд нь тоо ярьж сайрхах нь бий. Харамсалтай нь ард түмний өрийн сүлжээ аалзны тор мэт хөвөрсөнийг үгүйсгэх арга байхгүй. Тэтгэвэр авагчдын 83,2 хувь нь 294,2 тэрбум, ажиллагсдын 30,5 хувь нь 1,2 их наяд төгрөгийн зээлтэй буюу өрийн сүлжээ ийм хэмжээнд хүрчихсэн. Цаашид хямрал үргэлжлэх тусам өр, зээлэндээ баригдах нь эмгэнэл хүлээж байгаа юм. Нөгөөтэйгүүр дэлхийд хамгийн их суларсан мөнгөн тэмдэгтээр монгол төгрөг тодорч, иргэдийн худалдан авах чадвар сүүлийн хагас жилийн хугацаанд гэрлийн хурдаар өсч байгаа нь үнэн. Үүний зэрэгцээ Монгол Улсын нийт өрийн хэмжээ 19,2 тэрбум ам.долларт хүрч, аюулын харанга цохиж байгааг төр, засаг удирдаж байгаа эрхмүүд юу бодож суудаг бол. Магадгүй “Болж байна, сайхан байгаа” гэдгээр өнгөлөн далдалт хийснээр иргэдийгээ элгээр нь хэвтүүлж орхиход тулаад байгаа. Өнөөдөр иргэд хэдэн бор төгрөгөөрөө амьдралаа залгуулж чадахгүй, зарим хэсэг нь өлсгөлөн шахуу байгаа нь юутай үнэн. Ийм л байдал Монголын нийгэмд нүүрлэчихээд байгааг захын нэг иргэн хэлнэ. Харин саарал ордондоо бүгж суудаг эрхмүүд нь толгой дээгүүр, амьдралаас хөндий байна даа. Одоо харин иргэдийгээ бодох цаг хэдийнэ ирчээд байна, ардчилал ярьдаг эрх баригчид аа.

Ямар ч байсан иргэдийн худалдан авах чадвар доройтож өрнөөс өрийн хооронд байгаад нөлөөлсөн зүйл нь валютын ханш өссөн явдал. Үүнийг ч Эдийн засгийн хөгжлийн сайд нь баталдаг. Н.Батбаяр сайд хэлэхдээ “Валютын ханш өссөн нь иргэдийн амьдралд нөлөөлж байгаа нь үнэн” хэмээн хэлчихсэн. Гэтэл эдийн засгийнхаа талаар сайрхаж ярьдаг мөртлөө үүнээс яагаад урьдчилсан сэргийлж чадаагүй, одоо ч гэсэн чадахгүй байгааг асуух хэрэг. Мөн хэн буруутай вэ гэдгийг төр засгаас нэхэх эрх нь ард түмэнд бий. Магадгүй мөнгөний бодлого, валютын өсөлтөө хянаж явах Монголбанкны алдаа гэж хэлэх хүн захаас авахуулаад байгаа. Монголбанкны ерөнхийлөгч асан А.Батсүх ч үүнийг үгүйсгээгүй. Харин гадаадын хөрөнгө оруулалт хоёрхон жилийн дотор 70 гаруй хувиар буурсан. Монгол төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларч, нэг ам.доллар 1800 төгрөгт хүрчихлээ. Улсын төсвийн орлого 2014 оны нэгдүгээр улирлын байдлаар 30 гаруй хувиар тасарсан. Нийт тэтгэвэр авагчдын 83 хувь нь зээлтэй, ажиллагсдын 31 хувь нь цалингийн зээлтэй. Өнөөдрийн байдлаар 22 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж, үйл ажиллагаагаа зогсоосчихсон гээд таагүй мэдээлэл ар, араасаа хөвөрсөөр байна. Тэгэхээр Монголбанк нь Монголбанк шигээ ажиллаж чадахгүй, валютынхаа ханшийн өсөлтийг хянаагүй том алдаа гаргаснаа яагаад хүлээн зөвшөөрч болохгүй гэж. Валютын өсөлт иргэдийн нурууг авчихлаа. Цаашид ингэсээр байх уу. Ядаж алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөөд иргэдийнхөө өмнө уучлал гуйж сурах хэрэгтэй болжээ, Монголбанкныхаан.




С.МӨНХБАЯСГАЛАН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив