Архигүй монгол иргэнийг төлөвшүүлье
2014 оны 5 сарын 14
Архигүй монгол иргэнийг төлөвшүүлье
Нийгэмд замбараагүй, буруу хэвшил болсон зүйл нь архидалт болчихоод байгаа нь харамсалтай. Хэдэн жишээ татахад, архинаас хордох, хордлогоор нас барах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь борс дарс гээч энэ зүйлд дурлагсад нь олон болж, нэг ёсондоо хавтгайрсаны хамгийн том жишээ. Монголчууд архиндаа живж байна гэж ярьдаг хэдий ч үүнийг ханиадам гэхээс инээдэм мэтээр үлээж авдаг. Гэвч үүний хор нөлөөллийг амсахын дээдээр амсч байгаа нь гашуун үнэн. Улсын хэмжээнд жилдээ 100 мянга гаруй хүн эрүүлжүүлэгдэж, хүн амын өвчлөлийн, мөн нас баралтын тэргүүлэх таван шалтгаан нь архинаас үүдэлтэй өвчлөл буюу элэгний хавдар, гэмтэл, зүрх судасны эмгэг болж байгаа нь статистик үзүүлэлт байдаг. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү улам холдсоор байгаа нь архи, тамхи хэрэглэсэнтэй холбоотой гэж үзэх нь бий. 25-64 насныхны дундаж нас баралтын тэргүүлэх шалтгаан нь архины улмаас үүсэх элэгний церроз болж байна. Энэ насныхны 60 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэдэг оноштой. Мөн зүрх судасны өвчнөөр нас барагсдын 50 хувь нь согтуу байхдаа гэсэн дүгнэлттэй гардаг. Гэхдээ хамгийн харамсалтай нь хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 7-8 насандаа архи амсдаг, 14-15 насандаа хэрэглэж үздэг гэсэн нь үнэхээр аюултай нөхцөл байдалд буйг харуулсаар байгаа юм. Гэтэл өнөөдөр монголчууд нь архиндаа шивж, үүнээс улбаалж гэмт хэргийн дийлэнх нь согтуугаар үйлдсэн гэдэг дүгнэлттэй гарч байгаа үнэхээр эмгэнэлтэй.

Ирээдүй болсон хүүхэд багачууд нь архи гээч гашуун дарсыг багаасаа амсч, хэрэглэж байгаа нь хожим ямар хүн болон төлөвших нь ойлгомжтой. Нэг үгээр хэлбэл, архичин монголчууд бэлтгэгдэж байна гэсэн үг. Гэтэл үүнийг төр засгаас анхаарч байна уу гэвэл үгүй. Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид ваар, ресторанд архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаа энгийн жишээ бий. Өөрөөр хэлбэл, сурч боловсрох насан дээрээ буруу хэвшилд татагдаж байгааг яагаад таслан зогсоож болохгүй гэж. Гэхдээ хүүхэд бүхэн архи, тамхи хэрэглэдэг гэсэн үг биш. Хэрэглэх тэр үүд, хаалгыг нээж өгөхгүй байхаас гадна ухамсарт нь эрүүл, зөв хэв маяг суулгахад төрийн бодлоготой хэрэгтэй биш гэж үү. Энэ бол үгүйлэгдэж буй бодлого. Харин энэ зүйлийг орхигдуулж, иргэнээ зөв төлөвшүүлэх алхмаа хаяснаас архинаас үүдэлтэй олон төрлийн хэрэг зөрчил гарч байгаа нь үнэн. Үүнийг ч албаны хүмүүс нь хэлсээр байгааг бодох цаг хэдийнэ болсныг харуулж байгаа юм.

Харин архинаас үүдэлтэй, иргэдийг цочирдуулсан гэмт хэрэг сүүлийн 10 хүрэхгүй хоногт хоёр ч тохиолдол гарчихаад байгааг юу гэх билээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт согтуу залуу 10 оюутныг барьцаалж, хүний амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Энэ нь архидан согтуурсан үедээ танхайрсан, хүний амь бүрэлгэчихсэн хэрэг. Гэтэл өчигдөр нийгмийг тэр аяар нь цочроосон мэдээлэл түгсэн юм. Өөрөөр хэлбэл, И гэх эрхлэсэн тодорхой ажиллагүй залуу хоёр бүсгүйг онц хэрцгийгээр нөхөөчихөөд хэргийн газраас оргон зайлсаныг цагдаагийн бие бүрэлдэхүүн илрүүлсэн. Гэвч энэ нь бас л нөгөө согтуу үедээ үйлдсэн гэдэг зүйлд багтаж байгаа явдал бий. Гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэх 23 настай И нь урьдчилсан мэдүүлэгтээ нас барсан хоёр хохирогчтой архи ууж байгаад маргалдсанаар нэгнийх нь амь насыг танхайн сэдэлтэйгээр хохироосон. Нөгөө хохирогчийг мөн адил онц хэрцгий аргаар нөхөөсөн гэж хэлж байгаа нь өөрөө сэтгэл сэрд хийлгэж байгаа юм. Нэг үгээр хэлэхэд, архи гээч гашуун дарс хүнийг хүн биш болгож, араатан мэт авирлуулж буй учир хэн боловч үүнээс татгалзах хэрэгтэйг сануулах нь илүүдэх биз. Архи амьдралын дайсан гэдгийг бүгдээрээ ухаарч, ирээдүй хойч үе, энэ Монголын иргэд бор дарсанд боол мэт сөгдөх хэрэг юу билээ. Архигүй монгол иргэнийг төлөвшүүлэхэд хүн бүхний оролцоо чухал гэдэг нь ч ойлгомжтой.



С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив