Х.Баттулгын оронд Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн ҮХААЯ-ыг толгойлно
2014 оны 5 сарын 15
Х.Баттулгын оронд Ерөнхийлөгчийн зөвлөх  Л.Пүрэвсүрэн ҮХААЯ-ыг толгойлно
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын огцрох хүсэлтийг УИХ өнөөдөр хэлэлцэж, албан тушаалаас нь чөлөөллөө. Харин түүний оронд хэн сайд болох вэ. Энэ сэдэв “Женко” Х.Баттулгыг сайдаас огцрох хүсэлт гаргахтай зэрэгцэн олны анхаарлыг татаад байсан юм. Зарим эх сурвалж АН дахь “Кроун” фракцийн төлөөлөл, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүүг Х.Баттулгын орыг залгана гэж байсан ч энэ таамаглал бодит байдал дээр өөрөөр эргэж болзошгүй нь. Учир нь шинэчлэлийн Засгийн газрыг анх байгуулагдах үед Н.Алтанхуяг МоАХ фракцид сайдын суудал хэд, хэдийг оноосны нэг нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын суудал байв. Тиймээс тохиролцоо ёсоор “Женко” Х.Баттулга заларсан ч хоёр жил орчмын дараа огцорлоо.

 Харин одоо МоАХ-оос энэ яамыг удирдах хүнийг тодруулж томилох уу, эсвэл З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракциас уу гэдэг хоёрдмол байр суурьт АН-ынхан хүрчихээд байна. Хэрэв “МоАХ өгсөн квотыг буцаалаа” гэж тус намын удирдлагууд үзвэл “Шонхор”-оос УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг зүтгүүлж магадгүй. Улс төрийн тавцнаа байгаль, экологийн сэдвийг байнга хөнддөг, өдгөө УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог даргалж буй Г.Баярсайханыг Үйлдвэр, худалдааны сайд болохыг үгүй гэх газаргүй юм. Гэвч бас нэг өөр мэдээлэл байна. “Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн МоАХ-ны нэг төлөөлөл. Тиймээс түүнийг “Женко”-ийн суудалд сууна” гэх яриа Төрийн ордонд багагүй газар авчээ. АН-ынхан ч “За даа, Л.Пүрэвсүрэн зөвлөх болох нь тодорхой болж байх шиг байна” хэмээн энэ яриаг баталгаажууллаа.


Б.Саруул

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ