Шинэ ерөнхий сайд Нарендра Моди инфляцийг онилно
2014 оны 5 сарын 19
Шинэ ерөнхий сайд Нарендра Моди инфляцийг онилно
Энэтхэгийн парламентын сонгуульд Ерөнхий сайд Манмохан Сингхийн тэргүүлсэн эрх баригч Конгресс нам ялагдал хүлээснээр тэрбээр “BJP”  намын Нарендра Модид суудлаа өгөхөөр болжээ.

Нийт есөн үе шаттай явагдсан парламентын сонгуульд Нарендра Модийн тэргүүлсэн нам парламентад 241 суудал авсан бөгөөд бусад дэмжигч намуудтай нийлбэл Засгийн газрыг дангаараа байгуулах боломжтой болсон байна. Нарендра Модийн сонгуулийн гол амлалтууд нь Энэтхэгийн  уналтад ороод буй эдийн засгийг сэргээхэд чиглэжээ. Харин эрх баригч Манмохан Сингхийн Конгресс нам өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд Засгийн газрыг  толгойлоход инфляци сүүлийн 20 жилд байгаагүй өндөр түвшинд очсон нь үндсэндээ энэ сонгуулийн хувь заяаг шийдэж орхилоо хэмээн ажиглагчид үзэж буй юм.

Тиймээс Нарендра Модийн сонгуулийн гол амлалтаа инфляцийг бууруулж эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлсэн нь байгаа оносон зөв алхам болжээ. 63 настай энэ  улстөрч Варанасаас парламентын доод танхимд сонгогдсон бөгөөд ялалтынхаа баярыг ард түмэнтэйгээ хуваалцахаар юун түрүүнд төрсөн нутаг Варанас хотыг зорьжээ. Тэрбээр очсон даруйдаа ариун Ганга мөрөнд хүндэтгэл илэрхийлж мөргөл үйлдсэн байна. Модигийн сонгуулийн нэг амлалт нь Энэтхэгийн ард түмний шүтээн ариун Ганга мөрнийг бохирдуулж буй үйлдвэрүүдтэй хатуу хариуцлага тооцох тухай байсан. Тиймээс эл мөргөл амлалтдаа үнэнч гэдгээ илэрхийлэх бас нэг боломж болж чадсан гэнэ. Нарендра Моди Варанас явахынхаа өмнө ялалтын баяраа нийслэл Делид тэмдэглэсэн. Түүнийг яг л рок од адил угтаж авсан тухай дэлхийн мэдээллийн агентлагууд уламжилжээ. Намын байр руугаа явах замд нь хүмүүс баяр хүргэн цэцэг шидэлж, дуулж бүжиглэн нэг ёсны ардын баяр цэнгэл болж байсан аж.
Нарендра Моди Засгийн газрын тэргүүний албан тушаалаа энэ долоо хоногт хүлээж авна. Өмнөх Ерөнхий сайд Манмохан Сингх нам нь сонгуульд ялж чадаагүй учраас албан ёсоор огцрох хүсэлтээ гаргасан.

Энэ удаа эрх барихаар сонгогдсон “BJP” Энэтхэгийн сүүлийн 30 жилийн түүхэнд анх удаа дангаараа Засгийн газраа эмхлэх хэмжээний суудал авч үнэмлэхүй ялалт байгуулж чадсан нам боллоо.

Моди өмнө нь 12 жил Гужарат мужийг удирдаж байсан. Түүний үед мужийн эдийн засаг жилд 10 хувийн өсөлттэй гарч, хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэдэг. Тиймээс сонгогчид улс орны эдийн засгийн сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн, ард түмний амьдралыг сайжруулж чадна гэсэн итгэлийг Нарендра Модид илүүтэй хүлээлгэжээ. Үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн хувьд ч бизнесийнхээ ирээдүйд итгэлтэй байж чадах шийдвэртэй арга хэмжээ авч, зөв бодлого явуулах хамгийн гол нь төрийн хүнд суртлыг арилгаж чадах хүчтэй удирдагч хэмээн үзэж түүнийг сонгосон гэнэ.

Тиймээс шинэ Ерөнхий сайдын нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлого нь эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэх  аж. Дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх замаар жилд дор хаяж арван сая ажлын байр шинээр бий болгох хэрэгтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 7-8 хувьд хүргэх нь ч Модигийн эмхлэн байгуулах Засгийн газрын эн тэргүүний зорилт байх болно.

Мөн жижиг, дунд бизнесийг дэмжих, үйлдвэрлэл эрхлэх, бизнесийг урагшлуулах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарах учиртай гэнэ. Учир нь Дэлхийн банкны гаргасан судалгаагаар Энэтхэг бизнес хийхэд таатай биш орнуудын тоонд багтаж таагүй үнэлгээг авсан юм.




Г.УЯНГА

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ