Туул голын урсцыг хумьж, иргэд амрах газаргүй боллоо
2014 оны 5 сарын 22
Туул голын урсцыг хумьж, иргэд амрах газаргүй боллоо
Урин дулааны улирал ирэхээр хүн бүхэн Туул голын дагуу амралт, чөлөөт цагаа өнгөөрөх нь бий. Тэгвэл энэ байдал ард хоцорч байгааг манай сайт онцлон хүргэж байна. Өнгөрсөн 2012 оны зургадугаар сарын 25-наас эхлэн Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км авто замын ажлыг шинэчлэн засварлахаар хөдөлгөөнийг хязаарласан. Өөрөөр хэлбэл, зам хаалттай гэдгээр өнгөрсөн зунааас хойш энэ чиглэлд иргэд зорчихоо больсон. Гэтэл ирэх наймдугаар сард замаа тавьж дуусгаад хүлээлгэн өгөх үү гэдэг нь эргэлзээтэй байна. Хэдийгээр энэ чиглэлд автомашины хөдөлгөөнийг хязаарласан ч явган явах боломж бий. Тиймээс өнгөрсөн амралын өдрүүдэд уг чиглэлийг зориход зам тавих нэрийдлээр онгон байгалиа сүйтгэж байгаа дүр зурагтай тааралдав.


“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэж буй. Тус компани 2012 оны зургадугаар сарын 25-аас 2014 оны наймдугаар сарын 1-нд  замаа тавьж дуусгахаар гэрээ байгуулсан байдаг. Тэд замын зорчих хэсгийн өргөнийг долоон метр, мөн явган хүний замын ажлыг давхар хийхээр тохиролцсон. Гэтэл замын ажил дуусахад гурав хүрэхгүй сар үлдээд байхад шорооныхоо ажилтайгаа зууралдаж байгаа л байдалтай байна. Энэ нь ч яахав, хүн хүч, техник хэрэгслээр “зодож” байгаад цагтаа хүлээлгэн өгөхийг үгүйсгэхгүй. Хамгийн харамсалтай нь зам тавихдаа Туул голынхоо урсцыг хумьж байгаагаас гадна иргэд амралтынхаа өдрөөр салхинд гарах боломжгүй болчихоод байна.


Үнэн хэрэгтээ зам тавих нэрийдлээр онгон байгалиа алдагдуулж, газар шороогоо сэндийчилж байгааг нүдтэй хүн болгон нь хараасай билээ. Төр засаг ч гэсэн үүнийг анхаарахгүй өнгөрсний гор биз. Үүний зэрэгцээ Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд нь Туул голынхоо сав газрыг сүйтгүүлж байгааг мэдэх үү гэж асуумаар. Учир нь зам тавихдаа өндөр далан босгож, Туул голын эрэг рүү их хэмжээний шороо асгаснаас болж өнөөдөр урсац нь хумигдсаныг харж болно. Нөгөөтэйгүүр агаар, салхинд байх гэсэн нэгэн нь давхиж ирээд Туул голынхоо дагуу амралт, чөлөөт цагаа өнгөөрдөг. Гэтэл өнөөдөр зам тавихдаа өндөр шороо асгаж, голын эрэг рүү гарах нөхцөлгүй болгочихсон нь харамсалтай. Ийм байдал Их, Бага тэнгэрийн амнаас зүүн тийш зургаан км газарт үргэлжилж байлаа. Түүнчлэн иргэд замынхаа хойд тал голын эрэг рүү гарч чадахгүй, шороонд даруулан суух дүр төрх зам зуур олон тааралдана. Энэ мэтчилэн иргэдийн хувьд голын эрэг дээр хүүхдээ тоглуулаад суух байтугай машинаа тавих газаргүй болчихсон нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, замын балгаас байгалиа ч сүйтгэж, иргэдийнхээ амрах эрхийг боогдуулж байгаа нь эмгэнэлтэй хэрэг биз.

Туул гол нийслэлчүүдийн ундны усны хэрэгцээг 100 хувь хангадаг.  Гэтэл өнөөдөр уух усныхаа урсцыг хумьж байгаа нь та бидний амьд явах нөхцөл хэрхэн бүрдэх билээ гэдгийг бодох хэрэгтэйсэн. Харамсалтай нь зам тавьж л байвал байгаль орчин хамаагүй гэсэн ахархан бодолтой хүн олон болсныг дээрх байдлаас тод харж болохоор. Харин замын ажлыг гүйцэтгэж байгаа “Эсто” ХХК-ийнхан голын эрэг рүү хайр найргүй шороо асгаж, газар нутгаа сэндийчилж байгааг холбогдох газрынхан нь очоод үзчихэд илүүдэхгүй. Түүнчлэн “Эсто” ХХК-д энэ ажлыг ямар учраас даалгасан нь ч сонирхолтой. Өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, төмөр замын 416 дугаар гарамд “Камаз” маркийн автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой олсын буруутан нь “Эсто” ХХК-ийн ажилчид болж таарсан. “Эсто” ХХК нь 2004 оноос барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, “Энержи Ресурс” ХХК-ийн захиалгаар "Таван Толгой" нисэх буудлын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн гэдэг. Хамгийн хачиралтай нь Туул голын орчимд олноор загас үхсэн шалтгаан нь “Эсто” компани уг гол руу их шороо асгаснаас болсон гэх нь бий. Өөрөөр хэлбэл, энэ мэтчилэн “Эсто” компанийн балаг тойрдоггүй. Харин шороо асгах сурсан зангаараа Туулын урсцыг хумж буйг хэн хэнгүй бодох хэрэгтэй сануулъя.



С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Туул голын урсцыг хумьж, иргэд амрах газаргүй боллоо
Туул голын урсцыг хумьж, иргэд амрах газаргүй боллоо
Туул голын урсцыг хумьж, иргэд амрах газаргүй боллоо
Туул голын урсцыг хумьж, иргэд амрах газаргүй боллоо
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив