Юунд уурлах ёстой вэ
2014 оны 5 сарын 22
Юунд уурлах ёстой вэ
1.
Дэлхий ертөнцийн явдал өөр болжээ. Тэр үндэстэн сайхан ааштай юу, хөөрхөн явдалтай юу гэдэг нь гойд чухал биш юм. Бүр сайн уу, муу юу гэдэг нь ч тэргүүн явдал биш. Тухайн улс орны эдийн засаг хаана явж байна вэ? гэдэг хамгаас чухал. Аандаа хөгжил өөрөө хүнийг төлөвшүүлж байна. Өнөөдөр хятад улсын эдийн засаг гайхалтай явж байна. Дэлхийн том эдийн засаг боллоо. Хятадууд 2013 онд дэлхийн тэргүүлэх ноён эдийн засагтай АНУ-ын 87 хувьтай тэнцэх эдийн засгийг хийлээ. 2020 онд Дэлхийн номер нэг эдийн засаг болох таавар байна. Үүнийг манайхан биш хятад нөхөд өөрсдөө биш хөндлөнгийн нөхөд таамаглаж байна.

Манайхны амлалт, таамаг хоёр нь холилддог учраас учир нь үл олдоно. Энэ оронд 1966-1970 онд үгээгүйчүүдийн (пролетарийн) агуу их  соёлын хувьсгал болсон билээ. Тэр цагт Хятад оронд өлсгөлөн нүүрлэж байлаа. Олимпын өмнөх жил 2007 онд миний бие  барилгын инженер нэгэн хятад өвгөнтэй уулзаж билээ. Тэр өвгөн: “Хятадад болсон өлсгөлөн аймшигтай байлаа. Бид заримдаа модны холтос иддэг байв. Холтос идэх ч яах вэ? Тэр холтсыг дараа нь гаргах л хамгаас хэцүү байлаа” гэсэн юм. Тэр үеийн өлсгөлөнг үүнээс өөрөөр яаж илэрхийлэх вэ? Гэтэл энэ улс өнөөдөр ямар эдийн засагтай болоо вэ? 2020 онд Дэлхийн номер нэг эдийн засагтай болох нь.

Аль ХIХ зуунд Францын эзэн хаан Наполеон Бонапарт тэнгэрийн бошиг лүгээ нэгэн үгийг хэлсэн байдаг. “Хятад бол унтаж байгаа аварга биетэн. Иймд унтаж л байг. Хэрэв тэр сэрвэл бүхнийг эргүүлнэ” гэж. Өнөөдөр энэ нойрноосоо “сэрсэн” аварга биетэн дэлхийн нүүрс, цементийн 40 орчим хувийг хэрэглэж байна. Тэгэхээр үнэхээр аварга бүтээн байгуулалт явж байна гэсэн үг. Гангын 30 хувь, эрчим хүчний 12 хувийг гаргана гээд цаашаа явж өгнө. Хөнгөн үйлдвэрийн бараа таваараар  Хятад улс Дэлхийг бараг монополчилсон. Манай гаригийн бүх улсаас хурдтайгаар Хятад орон ийнхүү уулгалан хөгжиж байна. Тэдний уурыг харин хэн хүргэж байна вэ? Цөөн тооны салан тусгаарлагчдыг л эс тооцвол тэд ирээдүйн хөгжилдөө эргэлзэхгүйгээр урагшилж байна. Шандас хүчтэй хүнд хөлөө нэгэн хэмээр зөөгөөд урагшилж байна. Гэтэл 30 гаруй жилийн өмнө тэд манай гариг дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байлаа. Тэгэхээр тэдний хүрсэн өнөөгийн өндөрлөг бол жинхэнэ гайхамшиг.  Бонапарт агуу зөгнөсөн бөлгөө.
Урд хөрш нэг иймэрхүү.

2.
Хойд хөрш маань ямар байна вэ? Эднийх 1980-аад онд Дэлхийн номер хоёр эдийн засаг байв. Өнөөдөр оросуудын уур нь юунд хүрээд байна вэ?  Юу болсон билээ. Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ) гэж байхад Балти хавийн орнууд ороод Украин, Казахстан, Беларусь, Гүрж, Азербайжан гээд 15 Бүгд Найрамдах улсаас бүрдсэн улс байв. Энэ үедээ улс гүрэнд хэрэгцээтэй бүхнээр өөрийгөө хангадаг байсан. Гэтэл ЗХУ-ын гол цөм болсон ОХУ өнөөдөр бараг бүх салбартаа импортоос хамаарагч болжээ. Автомат буу, бидний нэрлэж заншсан “АК”-а буюу автомат Калашниковаас бусдыг гаднаас авдаг юм шиг сэтгэгдэл төрөхөөр байлаа. Одоо харин наранцэцгийн тосноос авахуулаад “шувууны сүү” чихрээ өөрсдөө хийж байх шиг. 90-ээд онд Хиагт гараад л андашгүй байлаа шүү дээ. Мухлаг дэлгүүрийн лангуу битүү импортын бараагаар дүүрээстэй. Машин тэрэг нь Оросуудын хэлдгээр “иномарк”. “Иномарк” гэдэг үгийг тайлбарлахад хамгийн дөт арга нь эсрэг утгагтай үгийг нь хэлэхэд болно. Эсрэг үг нь “эх орны үйлдвэрийн машин”. Уг нь тэдний бараа таваар барууны орнуудын лангуу, чингэлэгийг дүүргэхгүй юм аа гэхэд зэрэгцээд байж байхыг хүсч байлаа. Гэтэл байгалийн хий, нефтен бүтээгдхүүн дээрээ суурилсан эдийн засагтай болчихжээ. 

20 жилийн өмнө нэгэн цагийн Зөвлөлтийн удирдагч Н.Хрущевийн АНУ-д цагаачилсан энергетикийн мэргэжилтэй хүү  Сергей Хрущев нь: “Одоо ОХУ бол их гүрэн биш. ОХУ бол АНУ-ын хувьд Бразиль зэрэг улс шиг л нөлөөтэй” гэсэн буй. Гэвч өнөөдөр ямар байгааг бид харж байна.
Хөрш зэргэлдээх Украины асуудал ОХУ-ын хувьд юу юунаас чухал байна. Энэ байдал ёстой өнөө энх тайванчаар намжаасай. Энэ хүсэл Оросуудад өөрт нь байтугай бидэнд ч хэрэгтэй юм.
Өнөөдөр, Оросууд  бүр үндэсний төлбөрийн системээ өөрчлөхийг ярьж эхэллээ.Эдийн засгийн байгууламжаа өөрчлөхийг ярьж эхэллээ.Авилга, хээл хахуультай плакат, лоозонгоор тэмцэх биш бодит ажлаар тэмцэхийг  зарлалаа. Яг Хятад улсад болж буй үйл явц шиг.
Тэд мориныхоо дөрөөнд хөлөө тавилаа. Харин хаашаа яаж давхихыг нь  урьдчилан тааварлах л үлдлээ.

3.
Бид Хятад шиг байж чадахгүй байна. Харин ОХУ-тай ойролцоо байна. Монгол улс Европын зах зээлд 7900 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй гаргах мандаттай болсон. Дараа нь 15 мянга ч  боллуу, яалаа. Энэ бол тухайн үед Үйлдвэр худалдааны сайд, дараа нь Ерөнхий сайд байсан Сү.Батболдын хийсэн нэг гавъяа мөн үү гэвэл мөн. Уг нь монгол хүн болгон нэг төрлийн барааг 100-г байг гэхэд 10-ыг гаргахад юун Оюутолгой, юун Тавантолгой болно биз дээ? Гэтэл бид тэдний стандарт, технологийн шаардлагыг дийлэхгүй байна. Дийлэх магадлал ч бага. Ер нь бол цаг хугацааны уртад оролдох л үлдлээ дээ.

Тэгэхээр бид яах вэ? Бас юу хийх вэ?

Ямар ч тохиолдолд бид бодит эдийн засаг руугаа санаа шулуудан орох хэрэгтэй байна. Эцэстээ “Улс төрийг эдийн засаг нь захирамжилдаг” гэдэг үнэн юм бол бид үүн лүүгээ л гүн ормоор байна. Шавар шавхай, намаг балчигт шигдээд ч хамаагүй ормоор байна. Үүний тулд агуулгаа мартаж хэлбэрдэхгүй байх. Эсвэл үндсэн асуудлаасаа тойрч гүйх, валютын ханш руу хамаг олны анхаарлыг хандуулах мэтээр Засгийн газар сугарч үлдэж цаг нөгцөөж тогломооргүй байна.

Эцэстээ манайд Москва, Бээжин, Берлин,Токио, Вашингтон, Веллингтон, Сеүл,Кабулд нэг “юм” болоход барагтай бол анзаардаггүй эдийн засаг л хэрэгтэй байгаа юм. Одоогоор хараахандаа Кабулд нэг “юм” болоход нэг их хамаарахгүй байх шиг байна. Бусдаас нь бол хамаарна. Тэнд нэг “юм” болоход энд өвдөнө. Уг нь жаахан шалбараад ч атугай тэсээд гардаг тийм л байхсан. Арга ядаж өвдөлт багатайхан шиг байдаг. Бүр хамгийн сайн вариант нь тэд биднийг “зодоод” нэмэргүй гэдгээ мэддэг эдийн засагтай байвал бүр гоё сон.

Одоогоор хойд хөршийн маань эдийн засгийн гол зэвсэг нь хий. Байгалийн хий!!! Тэд хэрэв энэ хийгээ хаалаа гэхэд бусдыг хорлох биш өөрсдийнхөө амиа хорлосонтой л адил байдалд байна. Хүнийг хорлох биш өөрсдийгөө сөхрүүлчих гээд байдаг. Яг манайхтай адил. Манайх нүүрс болон бусад эрдэс түүхий эдээ борлуулж чадахгүй бол Хятадыг хохироох биш өөрсдийгөө “элгэдэж” унагалаа л гэсэн үг.

Дэлхийн бүх эдийн засаг хүний хүчин зүйл дээр суурилж байна. Эцсийн эцэст хүмүүсийг завгүй байлгах нь хөгжлийн үндэс. Амьдралын зөв хэмнэлд оруулах нь юу юунаас чухал байна. Ингэж л байж “эрүүл биед саруул ухаан оршино”. Энэ тал дээр манайхан сүүлийн 25 жил хуруу хөдөлгөх нь байтугай сормуус ч хөдөлгөсөнгүй. Манайд завгүй байх боломж алга байна. Ийм тохиолдолд улс орон хөгжих, ирээдүйдээ итгэлтэй байх боломжгүй юм.

Төр: “Та нар зүгээр сууж бай. Оюутолгойг Рио Тинто  ухаад долларийна олоод өгнө” гээд оюун санаанд нь оюутолгой шиг суулгажээ. Хүн лүүгээ ажиллахгүй байна. Бид дор дороо завгүй байх юм бол л хөгжил ирнэ. Ажил хийж завгүй байх нь бүү хэл амьд явж завгүй байх боломж ч Улаанбаатарт байхгүй болох нь. Угаар утаа нь тоймоо алдлаа. Ёс суртахуун, хүмүүжил суртахуун гэдэг амьгүй сүнс шиг тэнүүчилж байна. Ордноос авахуулаад орц подъезэнд хүртэл хаос. Хаус биш шүү. Улаанбаатарт гэхэд л Туулынхаа урд баяцууд нь Туулынхаа хойно ядуучууд нь хуваагдан амьдарч байна.

ОХУ-ын Сибирьт Маслянино гээд суурин байна. Энүүхэнд. Тэр суурингийн хүн ард нь яг барууны стандартын хэмжээнд амьдарч байна. Үүний үндэс нь тэнд хүмүүсээ завгүй байлгасанд нь, соёл ахуйг тэргүүн зэрэгт тавьсанд нь байна. Тэр суурингийн хүн амын ннлээд хэсэг нь Герман үндэстэн байдаг гэж байгаа. Тэгэхээр хөгжлийн суурь юунд байна вэ? Зөвхөн хүмүүст байна. Тэдний зан араншингаас улбаатай хүмүүжил соёлд байна. Хөгжлийг хүн лүүгээ аваачих чухал байна.

Уг нь манай Монгол улсын хөгжил чинь хүн төвтэй гэдэг байх аа? Хажуудах хоёр маань бас ч гэж учиртай нөхдүүд байгаа учраас бид урсгалаараа яваад байж болж байх шиг.
Ингэхэд бид юунд уурлах ёстой вэ? Арчаагүй байгаадаа л уурлах ёстой болох нь дээ.


Х.Бүрэнтогтох
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив