Богдхан хайрхан хогонд бүү “дархлагдаг”
2014 оны 5 сарын 29
Богдхан хайрхан хогонд бүү “дархлагдаг”
Богдхан уулын хамгийн өндөр оргил Цэцээ гүнээс нийслэл хот маань нүдний өмнө нэг захаасаа сунайн харагддаг. Далайн түвшнээс дээш 2268 метр өргөгдсөн энэ оргил хүний хөлөөр тасрахгүй. Үүнийгээ дагаад хүнс хэрэглээний хог хаягдлаар ч мөн татрахгүй. Нийслэлчүүд бид сэрүүн, дулааны улирал гэлтгүй хотоос холгүйхэн Богдхан уулын дархан цаазат газрын нийтлэг хэдэн хэсэгт алхаж, аялж, агаар салхинд гарцгаадаг. Гэвч бидэнд нийтлэг нэг дутагдал байна. Явсан газраа хогоор мялааж, очсон орчноо хаягдлаар “мэлтийлгэдэг”. Зөвхөн Цэцээ гүний оргил гэлтгүй Хүрэлтогоот, Зайсангийн ам гээд зорчсон бүх газар маань хог хаягдал тэр дундаа хатуу хог хаягдал хаа саагүй харагдах нь халтай. Ууж идсэн хүнсний хог хаягдлаас авахуулаад татсан тамхи, тарнитай хадаг хүртэл хөглөрч харагдана.

    Бид байгаль дэлхий, уул усаа тахиж шүтэж ирсэн ард түмний үр хойч атал дэлхийд дархлалаараа хамгийн ахмадад тооцогддог Богдхан хайрхнаа дэндүү ихээр бохирдуулж, бүр бузарлаж байна. Зөвхөн нэг га газрын ногоон ой нь л гэхэд жилийн туршид 2 тонн нүүрстөрөгчийг шингээж, 10 гаруй тэрбум шоометр агаарыг хүчилтөрөгчөөр хангадаг хүч чадлынх нь хариуд бид хэд дахин илүү хог хаягдлыг хээв нэг “бэлэглэж” байна.
Бидний амьсгалж буй агаарт агуулагдах тоосонцрыг нарсан ой нь жилд 36 тонн, гацууран ой 82 тонноор цэвэрлэдэг. Харин бид бүхэн цэвэрлүүлэх үйл хийдэг.

Богдхан уулын Дархан цаазат газар /цаашид БУДЦГ/-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль бусаар оршин суугаа айл өрх болон үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа нь хөрс хатуу хог хаягдлаар бохирдсоноос экологийн даац, байгалийн нөхөн сэргэлт буурч, газар доройтоход хүргээд байгаа юм.

Хатуу хог хаягдал нь хамгийн удаан задарч байгаль орчинг удаан хугацаанд бохирдуулдаг байна. Тэгвэл геоэкологийн хүрээлэнгээс 2008 онд хийсэн судалгааны дүнгээр Богдхан уулын дархан цаазат газарт хууль бусаар үүссэн хур хог хаягдлын цэг, газар ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхүүдээс цаас, хуванцар, металл, аюултай ахуйн, барилгын үлдэгдэл материал, органик бус үлдэгдэг зэрэг нийт 14 ангилал бүхий 36 төрлийн хатуу хог хаягдал гарч байгааг тодорхойлжээ. Эдгээр хог хаягдал нь он удаан жил хөрсний дээд давхарт шингэж хадгалагддаг аж.

Түүнчлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагаас жилд дунджаар 230 орчим тонн хатуу хог хаягдал гардаг. Тус бүсэд байрлах аялал жуулчлалын бааз, зочид буудал, спорт амралтын төв зэрэг нь хог хаягдлын хамгийн их хэмжээ буюу 35 хувийг бий болгожээ. Дархан цаазат газарт өрхийн хэрэгцээний хашааны газар эзэмшихийг хориглодог байна. Гэвч 2008 оны байдлаар Чулуутын амны Туул зөрлөг, Арцат, Зайсан, Нүхтийн амуудад хууль бусаар нийт 327 айл суурьшиж байжээ.

Эдгээр аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөөс жилд дунджаар 450 орчим тонн хатуу хог хаягдал гарч байгааг тус судалгаа харуулсан байна.
Дээрх тоо хэмжээ тус онтой харьцуулахад одоо нэмэгдсэн. Өнгөрсөн жил гэхэд 70 гаруй мянган хүн Манзуширын амыг зорин очсон байна. Түүнчлэн Хийморийн овоо, Цэцээ гүн, Төр хурах, Манзуширын амнаас 20 гаруй тонн хог хаягдал түүсэн аж. Жаргалантын аман дахь “Чингисийн хүрээ” жуулчны бааз шингэн болон ахуйн хог хаягдлаа ил задгай асгаж, байгаль орчныг бохирдуулж байсан зэрэг хог хаягдлын эх үүсвэр жилээс жилд олширч байна.
Тэдгээрийн дийлэнх хувь нь хатуу буюу байгальд хортой хог хаягдал. Амарч зугаалахаас гадна амь зуулга хийх, ашиг хонжоо хайсан олон зөрчил дутагдал гардаг аж. БУДЦГ-т нийтдээ 22 аманд хязгааралтын бүсэд байгаль хамгаалагч нар ажилладаг. Байгаль хамгаалагч нар морь, мотоцикл, явганаар эргүүл хийдэг байна. Дулааны улиралд хүмүүс өвс хадлан хийх, самар жимс түүх гээд олон бэрхшээл тулгардаг.  Байгаль хамгаалагчид хууль журмын дагуу эв эеэр хэлэхээр үгийг нь үл тоох, бүр буцаж ирээд байгаль сүйтгэх үйлдэл ч хийдэг гэх баримт бий. Харин сэрүүний улирал дөхөхөд түлш түлээгээ бэлдэх машин тэрэгтэй хүний тоо олширдог. Тэд байгаль эхээсээ хишиг буянаа авч буй гэж тайлбар тавьдаг гэнэ.
Цаашлаад ан гөрөө хийх буу шуумтай иргэд, хавх нуусан газар гээд төвөгтэй зөрчил тасардаггүй. Тэр бүү хэл дутуу татсан тамхины иш хүртэл түймрийн голомт болох магадлалтай юм. 2012 онд Богдхан уул болон ойр орчмын хамгаалалтын бүс газруудад 5.06 га талбай түймэрт өртжээ. Үүний улмаас экологийн эдийн засгийн үнэлгээгээр 580 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Энэ мэтчилэн Богдхан хайрханд зочилсон бүхэн золгүй үйлийг дэгдээдэг.

Бид “Дархан цаазат” гэдэг нэрийг зүгээр л дархлаа болгож нэрийддэг. Уул ус, ургамал амьтан тэр бүү хэл хүмүүс бид бүгд байгаль эхийн бүтээгдэхүүн. XIX зууны эхээр Оросын эрдэмтэн Потанин, Казлов нар Монгол орноор аялсан тэмдэглэлдээ “Толгойтын даваагаар давахад Монголын нийслэл хүрээний өмнө дэлхийн дархан цаазат газрын ахмад Богдхан уулын түнэрийн балар ой битүү бүрхээстэй цэнхэр униар татан маш сайхан гоо үзэсгэлэнтэй сүндэрлэж харагддагсан” хэмээн бичсэнийг өдгөө уншихад харамсал төрнө. Харийн гийчин хамаг сайхныг нь магтан дуулж байхад харин бид өмнөө сүндэрлэх энэ их өвийг хайрлаж хамгаалах нь бүү хэл хаа хамаагүй хог тарьж явдаг нь ичгүүртэй.

Бид хаях хогоо даахгүйдээ бус харамлаж нандигнах сэтгэлгүйдээ л хэнэггүйгийн хэнээт болж байна. Эдүгээ дэлхийн 130 оронд 3100 гаруй дархан газар 400 гаруй сая га талбайг хамарч байгаа бөгөөд эдгээр дархан газраас байгалийн цогцолборыг бүхэлд нь хамгаалах зорилго бүхий шим мандлын дархан газар 70 улс оронд 270 гаруй байдаг гэсэн НҮБ-ын судалгаа байдаг. Дэлхийн шим мандлын дархан газруудын талбайн хэмжээ дунджаар 10-25 мянган га-гаас дээш байхаар тооцдог бол манай улсын Богдхан уулын хамгаалалтын талбайн хэмжээ 41.1 мянган га байдаг. Үүний 22.9  мянган га газрыг ой эзэлдэг. Та бидний өнөөдөр амьсгалж маргаашаа агаартай угтдагийн гол гавьяа энэ хайрханы ой гэсэн үг.
Ойн ихэнх нь хар мод /шинэс/ буюу хуш, гацуур, нарс зэрэг шилмүүст ой, хус, улиас, улиангар, хайлаас зэрэг навчит мод бүрдүүлдэг. Тэгвэл хүмүүс хог хаяж байхдаа эдгээр моддын амьдрах гэрт нь асар их хохирол учруулж буйгаа ухамсарладаг болов уу. Магадгүй бидний гэрт хэн нэгэн танихгүй хүн ирээд ингэж аашилбал бид яах бол. Тэгэхээр үүний адил байгальдаа ч бас өөрийн гэр шиг сэтгэлээр хандах харэгтэй.

Богд уул нь эргэн тойрондоо их, бага 33 амтай. Үүний 20-иос нь  жижиг гол горхи эх авч урсах ба 32 булагтайгаас эмчилгээний ач холбогдолтой хэд хэдэн рашаан байдаг аж. Богд ууланд 54 зүйлийн хөхтөн, 194 зүйлийн шувуу, 187 зүйлийн цоргот ургамал бүртгэгдсэнээс эмийн ургамал 30, ашигтай ургамал 18, ховор ургамал 16 зүйл тус тус бөгөөд есөн төрлийн мод, 27 зүйлийн бутлаг ургамал ургана.

Хүний биед хэдэн эс, эд, эрхтэн байдгийг бид мэддэг. Тиймдээ ч өвдөхийг хүсдэггүй. Тэгвэл хүмүүс бидний хаясан ширхэг хог хүртэл эдгээр булаг шанд, бут ургамал, ан амьтныг хэрхэн өвтгөдөг бол. Бид Богдхан уулыг бүтэн тойрох гэвэл 165 км замыг туулна. Тэгвэл хүмүүс өдөрт хэр хол зайд алхдаг бол. Мэдээж туулах замын уртаараа түүчээлэх үнэ цэн нь нэмэгддэг энэ хайрхныг бид бүтэн тойрч чадах уу болов уу. Мэдээж үгүй. Үгүй учраас энэ орон зайг хогоор дүүргэхээ болих хэрэгтэй. Хүмүүсийн хаясан хог өнөөдөр өчүүхэн зүйл мэт санагдав ч маргааш таны үр хойчид хог ч хаях эрх үгүй болгох вий гэж нэг удаа бодож үзэх хэрэгтэй.
Хүн хэлэхээс нааш гэгчээр иргэн та хэрэглэсэн зүйлийнхээ хогийг зориулалтын хогийн сав хүртэл авч явах  сэтгэл байвал байгаль дэлхийгээ энэрч хайрлах сэтгэлтэй байна гэсэн үг. Тиймээс таны өнөөдөр тарьсан үйлийн үр маргааш магад таны үр удам орших хугацаанд нүгэл болж, нөр их үржигддэгийг бодолцох ёстой. Байхгүйг нь бүтээж чадахгүй юм гэхэд байгаагаа хайрлаад явах бололцоо бүгдэд нь бий. Тийм ч учраас дархан цаазат Богдхан уулаа “хогонд дархлагдсан” газар болгохгүйн тулд дор бүрнээ өнөөдрөөс хичээх хэрэгтэй юм.



Б.Элбэгжаргал

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ