Д.Эрдэнэбаатар: Хүннүгийн хаадын булш Монголд л бий
2012 оны 5 сарын 20
Д.Эрдэнэбаатар: Хүннүгийн хаадын булш Монголд л бий
“Би чамд маш сонин зүйл үзүүлье” гэж хэлэхдээ түүний нүд илт сэргэв. Шүүгээнээсээ нандигнан боосон эд гаргаж ирээд “Энэ юу вэ. Таа даа” гэлээ. “Мэдэхгүй” гэтэл алчуурыг яарангуй задалж, дотроос нь шилэн аяга гаргаж ирэв. Бидний хэрэглэдэг аяганаас ялгах аргагүй юм. Гэвч энэ нь археологич Д.Эрдэнэбаатарын хувьд хамгийн үнэтэй олдворуудынх нь нэг аж. Торгоны их зам Монгол орныг их хөлийн газар болгосон өнө эрт цагт араб, персүүдийн урласан шилэн аягыг тэрбээр олжээ. Үүнийгээ “Дэлхийд шуугиулах ховор олдвор” хэмээсэн археологич, профессор Д.Эрдэнэбаатар бидэнд сонирхолтой зүйл олныг дэлгэсэн юм.

-Зорилго нэгт нөхөд тань таныг “Хүрэл зэвсэг, Хүннү судлаач” хэмээдэг юм билээ. Хүннүчүүд ер нь хаанаас ирсэн хүмүүс вэ?
-Шинжлэх ухаанд хоёр янзын таамаглал байдаг. Эхнийх нь хүннүчүүдийг Ордосоос нүүдэллэн ирсэн. Харин дараагийнх нь “Хүннүчүүд угаас Монгол нутагт аж төрж байсан уугуул ард түмэн” гэсэн санал юм. Судлаачийн хувьд би хүннүчүүдийг Ордосоос хойш чиглэн нүүдэллэж, Монголд ирсэн гэдгийг байж болох хувилбар юм болов уу гэж боддог. Хэдийгээр Ордос Хятадын нутагт оршдог боловч тухайн цагтаа нэг л бүс нутаг байсан. Тэгээд ч улс төр, эдийн засгийн гол төв нь Монгол байсан гэдэгтэй маргах аргагүй. Үүнийг нотлох зүйл олон бий. Хүннүгийн үеийн язгууртнуудын булшны дийлэнх нь манай улсын нутаг дэвсгэрт байдаг. Цөөн хэсэг нь ОХУ-ын Буриадын нутагт байгаа. Гэхдээ энэ бол “Монголын хилээс гадна” гэсэн үг биш. Тухайн үед Хүннүгийн газар нутаг Байгаль нуурын хойд хэсэг хүртэл үргэлжилж байсан. Тиймээс хүннүчүүд монголчуудын өвөг дээдэс яах аргагүй мөн.
-Судалгааны явцад зарим зүйл нь илт зөрчилдөж, сэтгэлийг тань гонсойлгосон зүйл байдаг уу. Аж байдлын хувьд биднээс огт өөр соёл, заншилтай байсан бол яана?
-Тийм зүйл байхгүй. Хүннүчүүд бидний өвөг байсныг нотлох маш олон зүйл бий. Тэд мал аж ахуйг голлон эрхэлдэг байсан. Үүнээс улбаалж, тэдний ахуй амьдралаа хөтөлж байгаа нь өдгөөгийн монголчуудынхтай үндсэндээ ижил юм. Би олон баримтаар нотолж чадна шүү. Хүннүгийн түүхийг бид эртний Хятадын түүхэн сурвалжийн мэдээ, Монгол нутагт малтан шинжилж буй археологийн дурсгалууд дээр тулгуурлан судалдаг. Энгийн жишээ хэлье л дээ. Хятадын түүхэн сурвалжуудад “Умардын нүүдэлчид мал шигээ бүдүүлэг. Тэд өвсний соргог, усны тунгалгийг даган нүүдэллэнэ. Чингэхдээ малынхаа арьсыг гадагш нь харуулж өмсөөд явдаг” гэж өгүүлсэн байдаг.
-Үнэхээр тийм байсан юм уу?
-Нэг соёлыг нөгөө өнцгөөс харж байгаа нь тэр л дээ. Үстэй дээлтэй хүнийг малынхаа арьсыг нөмөрчихсөн явж байна гэсэн л санаа юм. Өнөөгийн монголчууд хонь, ямааныхаа арьсыг хэрхэн элдэж, дах, дэгтийгээ хийж өмсдөг билээ дээ. Энэ соёлыг ойлгохгүй хүн бол “Малынхаа арьсыг нөмөрчихөж” л гэж хэлнэ. Бид ч ялгаагүй. Хятадын газар тариалан эрхлэх соёлыг ойлгохгүй байж “Хятадууд газар ухахаас өөрийг мэдэхгүй” гэж муулбал ард түмнийг нь доромжилсон хэрэг болно. Үүнтэй адил эртний Хятадын сурвалж бичигт муучилж, ойлгохгүй зүйлээ гайхаж бичжээ.
-Яагаад гайхсан гэж?
-“Хүннүчүүдийн дуулах нь чоно улих мэт” гэсэн байгаа юм. Үнэхээр ч нүүдэлчдийн соёлыг ойлгохгүй хүнд чоно ульсан мэт сонсогдож магадгүй. Гэтэл бидний ахуй амьдралд хамгийн түгээмэл байдаг уртын дууны өнгө аяс тэр үед байсан л байна. Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт малтсан булшнаас Хүннүгийн үед ясаар хийсэн хэл хуур олдсон. Хөгжмийн зэмсэг, нүүдлийн мал аж ахуйн тухай өөр олон баримтыг хэлж болно. Хамгийн сүүлд олдсон баримтынхаа тухай ярья л даа. Чингис хаан Хятадын их сэтгэгч Чан Чунь бумбатай уулзсан дурсамжийн тухай шавь нарынх нь бичсэн номыг Хятадад хэвлүүлсэн байдаг. Хоёр эрхмийн ярианд дурьдагдсан нэгэн мэдээ бий. Чингис хаан “Бид их Хүннүгийн шанью нарынхаа угсаа соёлыг залгамжилсан улс шүү” гэж Чан Чунь бумбад хэлжээ. Түүх соёлын улбаа заавал байдгийн тодорхой жишээ энэ. Чингис тэгж хэлж байна гэдэг бол хүннүчүүд монголчуудтай угсаа гарлын хувьд салшгүй холбоотой гэдгийг илтгэх баримт юм.
-Модун шанью, Чингис хоёрын төр улсаа захирах арга барил ижил байв уу. Ер нь Модун шаньютай холбоотой эд өлгийн зүйлс олддог уу?
-Археологийн судалгааны баримтаар “Модун шаньюгийн эд зүйл, баримт” гээд үзүүлчих юм үнэндээ алга. Түүхийн эх сурвалжийн мэдээг уншихад Модун шанью, Чингис хаан хоёрт ижил төстэй шинж олон байсан. Тухайлбал, Модун шаньюг “Эцгийгээ хөнөөж, хаан ширээнд суусан” гэж Хятадын сурвалж бичигт бичсэн байдаг. Модун шанью нэг талаар харгис хэрцгий мэт харагдаж байгаа ч сул дорой эцгээ төр барих чадваргүйг мэдсэн учраас ийм алхам хийхээс аргагүйд хүрсэн байх. Чингис хаан ч гэсэн гол өрсөлдөгч болох Бэгтэрийг харваж хөнөөдөг. Уг нь тэр хоёр нэг эцэг, хоёр эхтэй ах, дүү хоёр шүү дээ. Уламжлалаараа бол ахмад хөвгүүн нь хаан ширээнд суудаг учраас Бэгтэр Чингисийн өрсөлдөгч байсан. “Монголын нууц товчоо”-нд дүрсэлснээр хоёр хүүхдийн хоорондох асуудал шиг харагдавч ирээдүйд хэн нь хаан ширээнд суух вэ гэдэг л тэмцэл юм. Үүнийг хүмүүс харгис хэрцгий юм шиг ойлгодог. Хэн хамгийн хүчтэй удирдагч байх вэ гэдгээ мэдэрч байна гэдэг нь агуу хүмүүсийн чанар.
-Хүннүчүүд аль овог, аймгийнхантай найрамдаж, алинтай нь дайсагналцдаг байсан бол?
-Хятадын сурвалж бичигт Дунху, Хун зэрэг олон овог, аймгийн тухай бичсэн байдаг. Хэдийгээр өөр, өөрөөр бичсэн боловч эдгээр нь Монгол нутагт байсан овог, аймгууд юм. Тэр үед 24 аймгийн холбоо байсан бөгөөд нэгнийгээ шанью болгон өргөмжилдөг байсан. Овог, аймгийн ноёдын зөвлөлгөөнөөс нэгнээ ийн сонгодог хэрэг л дээ. Харин Модун шанью эцгийгээ харваж хөнөөгөөд хаан ширээнд сууснаас хойш угсаа залгамжилдаг болсон. Шанью нарын угсаа залгамжилдаг овгийн тотем нь чоно. Чингис хааны угсаа залгамжилсан овог нь ч Бөртэ чоно. Тэгэхээр хоорондоо холбоотой байгаа биз. Хэдийгээр 1000 гаруй жилийн зайтай оршин тогтноцгоосон ч угсаа залгамжилсан овог, аймгууд байжээ гэдэг нь харагддаг. Гэхдээ бусад нутагт Хүннүгийн язгууртнуудын булш байна уу, үгүй юү. Байвал хаана байна вэ. Казахстан, Тува, Киргизэд “Хүннүчүүд бидний өвөг дээдэс” гэж бичдэг. Тийм л юм бол тэр үеийн хаадын булш хаана байгаа юм бэ.
-Хүннүчүүд хэдүүлээ байв. Тэд бидэнтэй орчин цагийн монгол хэлээр “ойлголцох” болов уу?
-Унгар, Хятадын судлаачид “Хүннүгийн хэл бол өвөг монгол хэл байсан” хэмээн түүхэн баримтад түшиглэн хэлсэн. Өвөрмонголын профессор Учралт Хятадын түүхэн сурвалжид дурьдсан хятад галигаар бичсэн монгол үгсийг сэргээгээд “17 үг байна” гэж Монголд саяхан болсон хурлын үеэр илтгэлдээ дурьдлаа.
-Ямар, ямар үгс байх юм?
-Хөх тэнгэр, чоно, малгай, дээл гэх мэт олон үг байсан. Тухайн үед хятадууд хүннүчүүдийг тэгж хэлэхийг сонсоод хятад хэлнээ галиглахдаа буруу биччихсэн байгаа юм. Түүнийг л залруулж, монгол үг болохыг нь тогтоосон. Харамсалтай нь Хүннү улсын хүн ам хэчнээн байсан бэ гэдгийг тогтооход хэцүү. Бид Эгийн голд 100 гаруй булш малтсан юм. Тэдгээрийг хэдэн жил болсныг тогтооход “100 гаруй жил” гэсэн дүгнэлт гарсан. Зөвхөн нэг голын савд шүү дээ. Өөр газруудад ч тийм булш бий. Гэхдээ тэр үед хэчнээн хүн амтай байсныг тодорхойлох бололцоо их муу. Хэрэв хүннүчүүд хэдүүлээ байсныг тогтооё гэвэл Монголд байгаа бүх булшийг тоолох хэрэгтэй. Тэгж байж багцааг нь гаргана.
-Олон улсын эрдэмтэд ДНК-ийн шинжилгээ хийж, хүннүчүүдийг “Монголчуудын өвөг” гэдгийг баталсан гэдэг. Та энэ тухай сонссон уу?
-Тийм ээ, үнэн. Монголын төв хэсгээс олдсон олдворуудад хийсэн ДНК-ийн судалгаа, өдгөөгийн амьдарч буй хүмүүсийн ДНК ижилхэн байна гэдгийг 1990-ээд оны эхээр доктор Батсуурь нотолсон. Түүнээс хойш ч гэсэн харьцуулсан судалгаа хийж, улам баталгаажуулж байна. Хүннүчүүдийн оршуулах ёс заншил гэдэг нь монголчуудтай холбох нэг сэжим юм. Өнөөгийн монголчууд талийгаачийг оршуулахдаа уулын энгэрт хойд зүгт хандуулан тавьдаг. Эд өлгийн зүйлсийг нь дагалдуулан хийдэг шүү дээ. Энэхүү зан үйл эртний Хүннүгээс эхтэй.
-Эрт цагт хөшөө дурсгалдаа зос түрхдэг байсан нь ямар учиртай юм бол?
-Улаан зос хэмээх байгалийн шороон будгийг оршуулгийн зан үйлд ашигладаг байсан. Үүгээр нь өвөг монголчууд гэдгийг нотолдог. Дээл, хувцас, гутал байна. Энэ бүхэн 2000 жилийн тэртээгээс өдгөөг хүртэл хувьсч өөрчлөгдөлгүй уламжилж ирсэн. Ялангуяа XIII зууны үед өмсч байсан монгол дээл Хүннүгийн үеийнхтэй хийц загвар нь яг адилхан. Тиймээс “Хүннү бидний өвөг дээдэс” гэж бодох, бас эргэлзэх хэрэггүй юм. Монгол нутгаас олдсон Гол мод I, II хэмээх алдартай газрууд бий. Манай улсад Хүннүгийн үеийн хаадын булш байгааг гэрчлэх тодорхой баримт бол энэ. Танд үзүүлж буй зураг бол тэр үеийн язгууртны булш. Нийт 200 гаруй булш байгаагийн хамгийн том нь л доо. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт орших уг булш уртаашаа 80, өргөөшөө 42 метр. Нийт 30 иргэний булшийг дагалдуулж тавьсан онцлогтой. Хаад, язгууртныг дагалдуулж, хүн, адуугаар тайлга тахилга хийдэг ёс Чингис хааны үе хүртэл үргэлжилсэн. Монголчууд “Дэр авч үхнэ” гэж ярьдаг. Хүнээр дэр тавьж үхнэ гэх тайлга тахилга л уламжилж байгаа нь тэр юм.
-Булшинд тухайн хүмүүсийн зэрэг зиндаа, байр суурийг илтгэх ул мөр байдаг уу?  
-Эрт цагийн оршуулгын бүхий л зан үйлээр тухайн хүний зэрэг зиндааг байнга илтгэдэг байсан. Одоо ч мөн адил. Эртний язгууртнуудын булш хэмжээ, хэлбэр том, жирийн хүмүүсийнх бага байдаг. Дагалдуулсан эд өлгийн зүйлс нь ч ялгаатай. Зэрэг зиндаа хамаарахгүйгээр аль ч булшинд байдаг олдвор бол ханан хээ юм. Чулуун авс байлаа гэхэд дээр нь энэхүү дүрсийг сийлнэ. Модон авсны гадуур төмөр, алт, зэс, хусны үйсээр ханан хээг дүрсэлдэг байсан. Манайхны “Ханан гэрт төрж, хадан гэрт очно” гэдгийн нотолгоо юм. Үгээгүй ядуусыг хадны ангалд оршуулдаг байж. Энэ нь дээрх хэлц үгний утга санааг илэрхийлж байгаа хэрэг. Буган чулуун хөшөө бол хүн. Нүүр, дээл, зэр зэвсэг зэрэг бүх юм байна. Түүнийг ямагт зүүн тийш хандуулж тавьдаг. Наран мандах зүг гэдэг нь хүрэл зэвсгийн үеэс авахуулаад өдгөөгийн монголчууд хүртэл тасралтгүй үргэлжилж буй уламжлал юм. Нар, сарны бэлгэдэл дээр гал нэмэгддэг. Ертөнцийн энэхүү гурван бэлгэдэл нь өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн үг.       
-Д.Эрдэнэбаатар гэдэг зохиогчтой түүхийн номнууд бишгүй бий. Бидний ярилцлагыг уншиж буй хүмүүс “Энэ ер нь хэн гээч вэ” хэмээн сонирхож магадгүй. Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Археологийн шинжлэх ухааныг шимтэн судлаад 25 жил болж байна. Профессор Д.Наваан, Н.Сэр-Оджав, академич Д.Дорж багшийн шавь. Тэднийхээ зааж сургасан эрдэм, түүх, соёлоо дээдлэх уламжлалыг үргэлжлүүлж явна. Би таван ном бүтээсэн. “Монгол нутаг дахь дөрвөлжин булш, хиргисүүрийн соёл”, “Монгол Алтайн хүн чулуун хөшөө”, “Эртний металлург боловсруулалтын түүх” зэргийг бие даан бичлээ. Бусдыг нь хүмүүстэй хамтран бүтээсэн. Монголын түүхийн I ботийг бүтээхэд хүрлийн үеийн тухай бичилцсэн ийм л нэгэн археологич.
-Багш нар тань мөн л хүрэл зэвсэг, Хүннүгийн үеийг судалж байв уу?
-Миний багш Д.Наваан гэж алдартай профессор байсан. Тэрбээр хүрэл зэвсгийн үеийг судалдаг байлаа. Өнгөрсөн намар бурхан болсон доо. Багш маань намайг оюутан байхад дагалдангаар ажиллуулж байв. Дараа нь би хүрээлэнгийн ажилтан болж, хүрэл дуулга олчихоод багшдаа “Дөрвөлжин булшнаас хүрэл дуулга оллоо” гэхэд “Битгий худал ярь. Би 44 жил би малтаад олоогүй” хэмээн гайхаж байсан. Гэхдээ өөрийн гар дээр тавьж үзээд итгэсэн. Тэрхүү хүрэл дуулгыг би нэг бус, хоёр ч удаа олж билээ. Эхнийхийг нь олчихоод дараа жил нь олоход өвгөн багш минь “Миний хүү гараад л хүрэл дуулга олоод ирдэг болж дээ” гэж урамшуулж байсан. Ер нь би яагаад хүрэл зэвсэг, Хүннүг хамтад нь судалж байна вэ гэвэл Монголын түүх тасарч болохгүй. Хүрэл зэвсгийн үеийг залгамжилж гарч ирсэн овог, аймаг нь яах аргагүй Хүннү. Тийм учраас үргэлжлүүлэн судлах шаардлагатай байна. Ерээд оноос хойш Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын нутагт Хүннүгийн булшийг малтах ажлаа эхэлсэн. Хүрлийн үеэ ч энэ далимд судлан шинжилсээр байгаа.
-Археологичид ер сонин хүмүүс шүү. “Дөрвөлжин булш, буган хөшөө тэнд байна” гэж яаж олж очдог хэрэг вэ?
-Тэр бол нэг их далд байдаггүй, харин ч нүдэнд ил байдаг юм. Монгол орны нэг гайхамшиг нь хүрлийн үе болон Хүннүгийн булш газрын хөрсөн дээр ил харагддаг. Тэдгээрийг хайх нь нэг их түвэгтэй биш. Дотроос нь “Бидний өвөг дээдсийн соёл мөн байна” гэдгийг нотлох эд өлгийн дурсгал олох л чухал. Гэвч ихэнх нь тухайн цагтаа тоногдчихсон байх аюултай боловч баталгаа болгох зүйл зөндөө олддог. Би ганцхан жишээ үзүүлье. Энэ бол Хүннүгийн үеийн булшнаас гарсан тамгатай шагай. Голынх нь наран тамга, бусад нь дэгрэй, сэрээ тамга. Наран тамга бол Чингис хааны тамга. Дэгрэй тамга нь Өгөөдэй хааных, сэрээ нь Мөнхийн удмын тамга юм. Эдгээр нь тэдний үед гаргасан зоос, мөнгөн тэмдэгтүүд дээр байдаг. Дээр дурьдсанчлан Чингис хааны хэлсэн үг батлагдаж буй нэг баримт бол энэ. Бид бичсэн түүх байхгүй ч газрын хөрсөн дээр, бас доор үлдээчихсэн агуу их түүхтэй.
-Олон жилийн туршид цөхрөлтгүй хайсан олдвор танд бий юү. Түүнийгээ олов уу?
-Би бусад хүнийг бодвол мөрөөдөлдөө хүрсэн. Хүүхэд ахуйгаасаа л археологич болохыг мөрөөддөг байлаа. Дунд сургуульд байхад түүхийн хичээлийн сурах бичигт “Ноён уулыг малтаж буй нь” хэмээх тайлбартай зураг нийтлэгддэг байсан. Тэрхүү зурагт хэдэн хүн тойроод суучихсан байхыг хараад “Ийм л болох сон” гэж бодсоор археологич болсон л доо. Монгол түүх, соёлоо хэн ч маргахын аргагүйгээр “Бидний өв соёл энэ шүү” гэдгийг дэлхий нийтэд ойлгуулчих юмсан гэсэн хүсэл минь ханахгүй л явна.
-Гол багаж тань юу вэ?
-Багс, хутга. Зарим хүн булшийг хүрз, жоотуугаар ухчихдаг юм шиг ярьдаг. Тийм биш. Жижиг багажаар өвстэй хөрс, шороог цэвэрлэж, зөөх гэх мэтээр чимхлүүр нарийн ажил хийдэг учраас цаг их шаардана. Үнэндээ залхуу хүн хийхээр ажил биш л дээ.
-“Ямар хачирхалтай олдвор вэ” гэж гайхаж явсан үеэ дурсаач?
-Их сургуулиа төгсч, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд ажиллан анхны экспедицэд гарч, олсон олдвор маань хүрэл морь. Олзтой, хийморьтой яваа минь хүрэл морьтой холбоотой гэж бэлгэшээж явдаг. Хүннүгийн үеийн булшнаас бэхийн чулуун янтай олсон. Өөрийн олсон гайхамшигт олдворуудаа дурьдвал нэлээд их юм болно. Олдворууд маань дэлхий дахинд Монгол Улсын түүхийг өгүүлэн үнэт үзмэр болон танигдаж байна. Мэдээж, тэнд “Д.Эрдэнэбаатар үүнийг олсон юм” гэсэн үг байхгүй л дээ. “Монголын тэр аймгийн тийм нутгаас олдсон” хэмээн танилцуулж байгаад нь би бахархдаг.
-Та одоогоос 4000-2500 жилийн өмнөх түүхийн үнэнийг эрэлхийлж яваа. Гэвч тэр цагаас хойш өчнөөн олон удаа үймээн самуун, цөвүүн цаг тохиож байсан. Эд өлгийн зүйлсийг хэр гэмтээж, хөндсөн байна вэ?
-Амьдралынхаа туршид 200 гаруй булш шинжилж үзэхэд 4-5-хан л бүтэн булш таарсан. Ихэнх нь тоногдсон байлаа. Тухайн цагтаа тоногдсон хэрэг шүү дээ. Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Монгол гэх мэтээр дараалан байгуулагдсан улсуудын нэг нь нөгөөгийнхөө дурсгалыг устгадаг байсан гашуун түүх бий. Үүнийг хэнээс ч нуух аргагүй. Гэвч тэдгээрээс үлдсэн нь бидэнд өнгөрсөн үеийнхнийхээ тухай мэдэхэд хангалттай баримт болдог. Хүннүгийн хаадын булшийг Сяньби буюу Хятадын сурвалжид бичсэнээр Дунху нар толгой дараалан тоносон байдаг. Монголд нэгэн эвгүй үг бий. “Ясыг нь өндөлзүүлнэ” гэж. Амьдад нь хүчирхийлж дийлэхгүй учраас үхсэнийх нь дараа булшин дээр нь очиж хонзонгоо авдаг муухай заншил байсан хэрэг. Нэг ёсондоо гутаан доромжилж байгаа юм.
-Хадны сүг зураг дээрх элдэв дүрс нь тухайн овог, аймгийн нэрийн хуудас” гэлээ. Хүннү, Сяньби, Жужаны “нэрийн хуудас” ямар утга санааг илэрхийлдэг вэ?
-Хадны сүг зургуудийг чулуун, хүрэл, эртний улсуудын ба Монголын үеийнх гэж ангилдаг. Тэдгээр нь тухайн цагт амьдарч байсан хүмүүсийн гарын үсэг юм. Тэдгээрийг аль үед хийсэн бэ гэдгийг хараад ялгах боломжтой. Харамсалтай нь Хүннү, Сяньби, Жужаны үеийнх гэж ялгачихаар сүг зураг хангалттай олдоогүй. Хүннүгийн үеийн хадны сүг зургууд бол байна. Зургийн хөдөлгөөн, дүрсээрээ бусдаасаа ялгаатай. Тэдгээрт хүний амьдралын бүх үйл явдлыг дүрсэлсэн. Дайн, тулалдаан, бүжиг, наадам, оршуулгын зан үйл, ан гөрөө гэх мэт нь бидний түүхэн эх сурвалж.
-Энэхүү эротик дурсгалыг хаанаас олсон билээ?
-Өвөрмонголын Улаанхад хошууны нутгаас олдсон юм. Дэлхий даяар шуугиан тарьж байна л даа.
-Аль үед хамаарах вэ?
-8000-5000 жилийн өмнөх үеийнх. Шинэ чулуун зэвсгийн үеийн соёлын илэрхийлэл болсон энэхүү олдвороороо Хятадын археологичид дэлхийг шуугиулж байна. Гэхдээ Өвөрмонголын нутаг сүүлд л Хятадад хамаарсан болохоос хэрэг дээрээ Монголын нутаг байсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон сумын урд талын хошуу шүү дээ. Хувь заяаны эрхээр манай улсын хилийн цаана үлдсэн ийм л дурсгал. Агуу дурсгал үлдээж байгаа улс бүдүүлэг байна гэдгийг би тэвчдэггүй. Олон хүн хэлдэг. “Умардын нүүдэлчид бүдүүлэг. Тэд соёлгүй” гэж. Гэтэл Монгол нутагт бүтээн босгосон буган хөшөө, хадны сүг зурагнууд зэрэг урлагийн гайхамшигт дурсгалыг үзсэн хүмүүс хэзээ ч “Бүдүүлэг” гэж хэлдэггүй.
-Хүн чулуу, буган хөшөө, хиргисүүр зэрэг нь түүхчид, археологичдын оноосон нэр үү?
-Уламжилж ирсэн нэр ч бий. Бидний өгсөн нь ч байгаа. Хүн чулуу, хиргисүүр гэдэг нь уламжлалт нэр. Манай ахмад судлаачид хиргисүүрийг “Киргизийн хүү” хэмээх үг сунжраад хиргисүүр болсон юм гэнэ лээ” гэдэг. Хэдий тийм боловч цаг хугацааны хувьд энэ нэр томъёо таарахгүй. Монголчуудын хиргисүүр гэж нэрлэсэн дурсгал нь 4000-5000 жилийн өмнөх олдвор юм. Тэгэхээр Киргизийн хаант улстай ямар ч холбоогүй гэсэн үг.
-Та түүхийн өөр цаг үеийг судлах сан гэж боддог уу?   
-Монголын археологичид бид цөөхүүлээ. Саяхныг болтол гарын арван хуруунд багтдаг байсан бол одоо 20-30 болсон. Гадаадын зарим судлаач намайг “Чи хүрэл судлаач юм уу. Хүннү, бас Монгол судлаач уу” гэж гайхдаг. Яагаад гэвэл, бид эх нутгаараа явахдаа замд таарсан дурсгал болгоныг шинжилж байна. “Энэ нь миний сэдвээс өөр. Үзэхгүй” гэж хэзээ ч хэлдэггүй. Таарсан олдворуудаа шинжлэх ухааны үүднээс судалж, тэр тухайгаа хэвлэн нийтлүүлдэг учраас гадаадынхан намайг тоглоом шоглоомоор цаашлуулдаг. Харин гадаадад нэг хүн нэг сэдвээ барьж, нарийвчлан судалдаг юм билээ. Манайд ийм бололцоо алга.
-Таны ярианаас “Монгол археологичид дэлхийд эх орныхоо түүхийг өгүүлдэг” гэж ойлгож болох юм?
-Үнэн. Археологичдын судалгааны үр дүнг 1990 он хүртэл зөвхөн Орос, Монголын хүрээнд ашигладаг байсан. Гэвч нээлттэй нийгмийн тогтолцоонд шилжмэгц дэлхийн бүх судлаач манай улсад анхаарал хандууллаа. Социализмын үед Монгол тэдний хувьд хаалттай бүс байсан. Манай улсад жил бүр археологийн 20 гаруй хамтарсан экспедиц ажиллаж байна гээд бод доо. Эндээс өргөн хэмжээний судалгаа хийдэг гэдгийг ойлгох байх.
-Эвгүй асуулт ч байж мэднэ. Сэтгэлийнхээ мухарт “Олчих юмсан” гэж бодож явсан зүйлээ хэзээ нэгэн цагт олбол эрлээ зогсооно” гэсэн бодол танд төрдөг үү?
-Ер нь хайгаад олчих юмсан гэх зүйл маш олон байна.
-Тухайлбал?
-Хүннүгийн бичиг үсэг, ном судрыг олох сон гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Түүнээс биш судалгаагаа зогсоох тухай огт боддоггүй. Хүн амьсгалж, амьдарч л байгаа бол ажиллах хэрэгтэй. Насны хязгаараар улс намайг тэтгэвэрт гаргах л байх. Гэхдээ миний багш нар өтөл нас хүртлээ ажлаа хийж байсан учраас би амьсгал хураатлаа судалгаагаа хийнэ.
-Та бүхнийг “Түүхч, геологичдоос тэс өөр ажилтай хүмүүс” гэж бодлоо. Санал нийлж байна уу?
-Тийм ээ. Амьдралын минь ихэнх хугацаа хөдөө хээр өнгөрдөг. Өвөл, намрын улирлыг номын санд өнгөрүүлнэ. Эхнэр маань надад “Чи жилийн хэд хоногт гэртээ байдгаа мэдэж байна уу” хэмээн гомдоллосон удаатай. Бодоод үзсэн чинь жилийн 365 хоногийн 225-д нь би хээрийн судалгаа хийж, гадаад руу хурал, семинарт явж байсан байна. Гэхдээ судалгааг гэр, хөдөө хээр, анги танхимдаа ч хийнэ шүү дээ. Төрийн албан хаагчид оройн 18 цагт ажлаасаа тардаг бол бид тэгдэггүй. Оройн 22 цаг хүртэл ажил дээрээ сууна. Гэртээ очсон ч тэр. “Түүний баримтыг олчих сон. Хэн судалсан бол” гээд л юу ч гээгээгүй мөртлөө хайдаг хүмүүс гэж биднийг шоглодог юм. Археологичид гэж ийм л зовлонтой улс даа.

Б.ТЭРГЭЛ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ