Ерөнхийлөгчийн эсрэг кноп “ажиллагаа” эхлүүлсэн АН-ынхан Ш.Түвдэндоржоос болж “дайн” зарлахвий дээ
2014 оны 6 сарын 4
Ерөнхийлөгчийн эсрэг кноп “ажиллагаа” эхлүүлсэн АН-ынхан Ш.Түвдэндоржоос болж “дайн” зарлахвий дээ
УИХ-д олон суудалтай АН-ынхан төрийн тэргүүнийхээ эсрэг кноп “ажиллагаа”-г хэдийнэ эхлүүлсэн.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихгүй байх хуулийн төслийг оруулж ирэхэд АН-ынхан “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхантай хамтарч  олонхиороо эсрэг кноп дарснаар буцаачихсан. Нэг ёсондоо МАН-ын бүлгийн саналыг буюу “Давхар дээл” тайлах хуулийн төслийг 2014 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх ёсгүй гэдгээ шулуухан хэлж, бүтэн сар УИХ-аар хэлэлцсэний эцэст унагасан бэлхнээ түүх бий. Энэ нь ч АН-ын гишүүд давхар дээлэндээ хайртай байгааг илэрхийлчихсэн. Учир нь Монгол Улсын төрийн тэргүүн нь хууль  тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгон зааглах. Парламент нь засаглалдаа хяналт тавьж чадахгүй байгаа гажуудлыг арилгах гэсэн хэрэг. Гэвч Монгол Улсаа бүхэлд нь харж суугаа Ерөнхийлөгчийнхөө үзэл бодлыг хүлээж авалгүй, төрийн гажуудлыг залруулах алхмыг хийлгэлгүй орхисон.

Өнөөдөр Монгол Улсад УИХ нь УИХ шигээ, Засгийн газар нь Засгийн газар шигээ ажиллаж чадахаа больсныг парламент, засаглалдаа ажиллаж буй төрийн түшээд хэлж, ярьж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ухаалаг төртэй болох алхмынхаа хүрээнд Засгийн газар, парламентынхаа зааг ялгааг бий болгохоор хүмүүсийн нэршлээр “Давхар дээл” тайлах хуулийн төслийг УИХ-аар оруулж ирсэн. Харамсалтай нь олон суудалтай АН-ынхан энэ хуулийн хэрэгжих хугацааг ойртуулахыг эсэргүүцэж, унагаасан. Тэр ч үүднээсээ Ерөнхийлөгчийнхөө ухаалаг төр гэж ярих болсон сэдвийг нэг хэсэгтээ мартагдуулчихлаа. Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийнхөө санаачилсан алхмуудыг ардчилал нэртэй АН-ынхан унагаж байгааг хүн бүхэн мэдэж буй. Үүнийг ч нийгэмд болж байгаа сүүлийн үеийн процессууд бэлхнээ харуулчихлаа. Харин тэд үүнээсээ ичиж байгаа болов уу.

Харин Ерөнхийлөгчийнхөө санаачилсан хуулийн төсөлд тууштай хандсан Х.Баттулга давхар дээлээ тайлж, сайдын ажлаа буцаан өгсөн. Энэ нь ч АН-ынхан дундаа үзэл бодолдоо тушаатай нэгэн гэдгээ харуулсан. Гэтэл түүний орны хүнийг томилох асуудал АН-ын дотроо нэлээд маргаан дагуулчихлаа. Өөрөөр хэлбэл, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлсэн юм. Учир нь энэ суудал МоАХ фракцийн мэдэлд байх ёстой гэснээр Ш.Түвдэндоржийгоо сайдын суудалд санал болгосон нь энэ. Харин АН-ынхан “Ш.Түвдэндорж сайд хийж чадахгүй” хэмээцгээж, түүнийг унагах төлөвлөгөө боловсруулж суутал Ерөнхийлөгч өчигдөр энэ талаар байр сууриа илэрхийлсэн нь асуудал болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан бичигтэй танилцаад хариу илгээсэн. Уг хариу албан бичигтээ “Хууль  тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгон зааглах ажлыг энэ удаагийн томилгооноос эхлэх хэрэгтэй. Иймээс сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй. Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох тухай саналаас татгалзаж байна. Мөн Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналыг дахин зөвшилцөх хэрэгтэй” гэдгээ тодорхой илэрхийлсэн. Үүнээс болж АН-ынхан дунд зөрчилдөөн үүсэх нь тодорхой болсон. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлэх нь зүйтгээ гэдэгт гишүүд нь санал  нэгдэж, дэмжсэн нь Ерөнхийлөгчийнхөө эсрэг ажиллагаа болсон юм. Мөн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн албан хариуг няцааж, “Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлэх асуудлаа хуулийн дагуу зөвшилцсөн гэж мэдээлсэн. Ардчилсан нам өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн хүрээнд асуудлыг шийднэ” хэмээсэн. Ингэснээр бас л Ерөнхийлөгчийнхөө үзэл бодлыг хүлээж авахгүй гэсэн санаагаа илэрхийлсэн юм. Тиймээс Ерөнхийлөгчийн эсрэг кноп “ажиллагаа”-г хүчтэй эхлүүлсэн АН-ынхан Ш.Түвдэндоржийг сайдаар томилох саналаа УИХ-д өргөн барихаар болов. Харин “Давхар дээл”-ийг тайлуулах Ерөнхийлөгчийн “тулаан”-д хэн нь ялахыг үзэх үлдлээ.



С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив