Л.Мөнхзул: Тэтгэврийн насыг нэмэх асуудлыг нэг дор богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй
2014 оны 6 сарын 5
Л.Мөнхзул: Тэтгэврийн насыг нэмэх асуудлыг нэг дор богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзултай ярилцлаа.

- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албанаас “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Ер ямар учраас тэтгэврийн шинэчлэл хийх шаардлагатай талаар яриагаа эхэлье?


-Монгол Улс 1995 оноос эхлээд тэтгэврийн даатгалын шимтгэлд суурилсан тогтолцоог бий болгосон. Тодруулбал, хөдөлмөр эрхэлж байгаа бүх иргэн авч буй цалингаасаа тодорхой хувь хэмжээний шимтгэлийг Тэтгэврийн даатгалын санд хуримтлуулдаг. Энэ хуримтлуулсан шимтгэлээс нь тэтгэврийн зардлыг бий болгодог тогтолцоог бүрдүүлээд хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ үүнээс өмнө ч гэсэн социалист системийн үед бас улсын тэтгэврийн тогтолцоо байсан. Энэ үед хэдийгээр яг шимтгэл гэж авдаггүй байсан ч үйлдвэрчний эвлэлийн татвар болон бусад төрлийн татвар хураамж байдлаар Улсын тэтгэврийн сангаасаа тэтгэврийн зардлыг бий болгодог тогтолцоотой байсан.

1999 онд манай улсад тухайн үед хүн ам зүйн хүчин зүйл, улс орны ирээдүйн нөхцөл байдлыг урьдчилан таамаглаж авч үзээд 2000 оноос эхлээд тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үед 1960 оноос хойш төрсөн иргэдэд зориулсан тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцоог бий болгосон. Энэ тогтолцоо өмнөхтэй ижил авч буй цалингаасаа тэтгэврийн даатгалын шимтгэлд 14 хувийн шимтгэл төлдөг. 1960 оноос хойш төрсөн бүх иргэний хийсвэр нэрийн дансанд нь өөрийнх нь төлсөн шимтгэл бүртгэгддэг. Ингэхдээ ажил олгогч 7 хувь, ажилтан 7 хувь гээд нийт 14 хувийн шимтгэлийг сар бүр хийсвэр нэрийн дансандаа төлдөг. Энэ хийсвэр нэрийн дансанд бүртгэгдсэн жилийн шимтгэлийн дүнг хийсвэр хүүгээр бас өсгөдөг. Ингээд тухайн даатгуулагч нийгмийн даатгалын дэвтэр нээлгүүлснээсээ хойш ямар хугацаанд шимтгэл төлсөн байна гэдгээс нь хамаараад нийт хуримтлагдсан үлдэгдэл нь гарна. Тэгэхээр тэр иргэдийн тэтгэврийг хэдэн төгрөгийн шимтгэлийг бичилт хийлгэж хийсвэрээр хуримтлуулсан байна тэр дүнд нь үндэслэж тэтгэвэр нь бодогдоно гэсэн үг. Ийм систем рүү шилжсэн байгаа юм.

Гэхдээ 1960 оноос хойш төрсөн иргэд тухайн 2000 оны үед 40-өөс доош насны бүх хүн байсан. Одоо эдгээр хүмүүсийн эхний хэсэг нь ирэх онд 55 нас хүрэх гэж байна. Нэрийн дансны хууль тухайн үед мөрдөгдсөн байсан. Одоогийн байдлаар Нэрийн дансны хуулиар тэтгэвэр тогтоолгосон иргэн байхгүй. Ирэх оноос эхний хүмүүс тэтгэвэр тогтоолгох насанд хүрнэ. Гэтэл бид тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг 2000 оноос тэр цагаас хойш дахиж гүнзгийрүүлж авч үзэж байна вэ гэхээр нэгдүгээрт, Нэрийн дансны тухай хуулийг шууд ирэх оноос нэвтрүүлнэ гэхэд урьдчилсан нөхцөл байдал хангагдаагүй байгаа.

-Яагаад?

-Тухайн үед Нэрийн дансны тухай хуулийг нэвтрүүлж байх үед бидний таамаглаж байсан эдийн засгийн нөхцөл байдал хүчин зүйл нэгдүгээрт биелээгүй. Тухайлбал, тухайн үед 19 хувиар шимтгэл авдаг байсан боловч 2009 оноос эхлээд шимтгэлийн хэмжээг 11 хувь болгож бууруулсан. Үүнтэй холбоотойгоор даатгуулагчийн нийт шимтгэлийн хувь хэмжээ буурчихаар хийсвэрээр төвлөрүүлж байгаа шимтгэлийн дүн буураад хуримтлагдсан үлдэгдэл бага болчихоор тэтгэврийн хэмжээ багаар тогтоолгох болчихно. Тэгэхээр Нэрийн дансны хууль хатуу зарчимтай байгаа учраас шууд нэвтрүүлсэн тохиолдолд иргэдийн тэтгэвэр буурч болзошгүй. Тиймээс үүнийг шууд нэвтрүүлэх нь зохисгүй, тодорхой хэмжээний хэрэгжилтийн хугацаа хэрэгтэй гэсэн дүр зураг харагдаж байгаа. Нөгөө талаасаа одоо бол манай тэтгэврийн даатгалын тогтолцоонд 700 орчим мянган даатгуулагч шимтгэл төлдөг. Тэтгэврийн даатгалын сангаас өнөөгийн байдлаар 310 орчим даатгуулагч тэтгэвэр авдаг. Үүнээс 220 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч.

 Тэгэхээр одоо хоёр шимтгэл төлөгчид нэг тэтгэвэр авагч ногдож байгаа гэсэн үг. Гэхдээ хүн амын хүчин зүйл өөрчлөгдөж, дундаж наслалт нэмэгдэж байна. Ерөнхийдөө эрүүл мэндийн байдал сайжирсан учраас дундаж наслалт өсч байгаа гэж хэлж болно. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд дундаж наслалт 0 наснаас бодоход 74,9 байдаг. Харин тэтгэврийн наснаас хойших дундаж наслалтын илэрхийлэл түүнээс ч өндөр байгаа. Жишээлбэл, 55 настай эмэгтэй хүн цаашид тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл найман жил байна гэсэн тооцоо 2013 оны байдлаар гарч байгаа юм. Энэ бүхэн цаашид юуг харуулж байна гэхээр, одоогийн тэтгэврийн насны хэмжээ зохистой байна уу, үгүй юу гэж авч үзэх ёстой болж байна.

-Тэтгэврийн нас өндөр байх нь ямар нэгэн эрсдэл дагуулна гэж үзэж байгаа гэсэн үг үү?


-Тэтгэврийн нас хэт наана байна гэдэг нь нэгдүгээрт, төсөв санхүүгийн байдалд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн нас бага байгаа тохиодолд хүмүүс цөөн жил ажиллаад илүү олон жил тэтгэвэр авна гэсэн үг. Жишээлбэл, энэ үзэгдэл манай эмэгтэйчүүдийн хувьд илүү гарч ирчихээд байгаа юм. Эрэгтэй даатгуулагчдын хувьд бол 60 настайдаа тэтгэвэрт гараад тэтгэвэр авах хугацаа нь 15 орчим жил байна гэсэн тооцоо гарсан. Одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх боломж багатай боловч бодит тоон судалгаагаар аваад үзэхэд эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 60 насанд аажмаар хүргэх боломж харагдаж байна.

Гэхдээ тэтгэврийн насыг нэмэх асуудлыг нэг дор богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Хүмүүсийг маш олон жилийн турш урьдчилан бэлтгүүлж байж шийдвэрлэх ёстой болж байгаа юм. 10 жилийн дараа тэтгэврийн нас 60 насанд хүрнэ шүү гэж өнөөдөр бид зарлаж байж 10 жилийн дараа тэтгэврийн нас жинхэнэ утгаараа таван насаар нэмэгдэх ёстой гэсэн ийм бодлого яригдаж байна. Ерөнхийдөө тэтгэврийн шинэчлэлийг хийх гээд байгаа гол асуудал юу вэ гэхээр, нэгэнт хүмүүсийн насжилт уртсаад тэтгэвэр авах хугацаа нэмэгдэж байна. Хоёрдугаарт, ахмад настнуудын тоо нэмэгдэж байгаа учраас тэтгэврийн зардал ирээдүйд маш өндөр хэмжээний зардал үүсэх нь. Ямар ч улс орны төсөвт дарамт ачаа ирнэ. Энэ бол ганц манай улсад  ч тохиолдох зүйл биш. Хөгшин Европын улсууд, Япон улсад тэтгэврийн зардал хэдийнэ өндөр болчихсон. Эдгээр улс тэтгэврийн шинэчлэлийн эхний үе шатаа аль хэдийнэ хийгээд эхэлчихсэн. Манай улсын хувьд харьцангуй хүн ам залуутай байсан учраас одооноос тэтгэврийн шинэчлэлийг ярьж эхэлж байгаа гэсэн үг.

-Тэгэхээр ирээдүйн тэтгэвэр авагчдад зориулж тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлнэ гэж ойлгож болох нь ээ?


 -Тийм ээ. Одоогийн тэтгэврийн шинэчлэлийн асуудал нь ирээдүйн насжилт, ахмад настны нэмэгдэлт, насны уртсалт энэ бүхэнд бэлтгэх бодлого гэж үзэж болно. Түүнээс биш бид тэтгэврийн шинэчлэлийг өнөөдрийн тэтгэвэр авагчид нөлөөлөхүйц байдлаар хийнэ гэсэн хэрэг биш. Асуудлыг хоёр талтай авч үзэж болно. Нэг нь ирээдүйн тэтгэвэр авагчдын тэтгэврийг яаж шийдэж, зохистой хэмжээний тэтгэвэр олгох ёстой вэ гэдэг юм. Хоёрдугаарт, одоо тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын дунд тэтгэврийн хувь хэмжээтэй холбоотой гомдол санал их ирдэг. Зарим ахмадын тэтгэврийн хэмжээ хэт бага байгаа.

Мөн нийт ахмадын дийлэнх нь доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Олон жилийн өмнөх цалин хөлсөөр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хэмжээ багаар тогтоогддог гэсэн олон жилийн турш хуримтлагдсан эдийн засгийн бууралттай байх үеэс эхэлж хуримтлагдаж эхэлсэн асуудлууд байдаг. Үүнийг үе шаттайгаар шийдвэрлэхээр Засгийн газрууд хичээдэг. Жишээлбэл, 2012 онд тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг авсан. Үүний хүрээнд 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг нэлээд хувиар нэмсэн. Ийм арга хэмжээнүүд авагдаж ирсэн. Энэ бол одоо байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийг зохистой хэмжээнд хүргэх гэсэн оролдлогууд. Тэгэхээр бид одоо нэгэнт тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг боломжийн түвшинд хүргэх талд илүү голлож анхаарч байгаа гэж ойлгож болно.

-Тэтгэврийн нэмэгдэл нэлээд шүүмжлэл дагуулдаг. Тухайлбал, хувь илүүтэй нь илүү нэмэгдээд бага тэтгэвэртэй хүмүүсийнх багаар нэмэгддэг. Ингэхээр нэмэгдэл үр дүнгээ өгөхгүй байна гэсэн асуудал гардаг. Үүнийг шийдэх ямар алхмууд хийгдэж байгаа бол?


-Хамгийн сүүлд тэтгэвэр нэмэх ажил хувь тэнцүүлэх байдлаар хийгдсэн. Өндөр тэтгэвэр авч байгаа иргэдийнх 3-4 хувиар, бага тэтгэвэр авч байгаа иргэдийнх 15 хувиар нэмэгдсэн. 1991 оноос хойш тэтгэврийн хэмжээг 29, 30 орчим удаа нэмсэн тохиолдол байдаг юм билээ. Үе үеийн Засгийн газраас арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. 2010 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг авч байгаа дүнгээс нь 30 хувиар нэмэгдүүлсэн. Энэ нь тухайн үедээ иргэдийн бухимдлыг нэлээд төрүүлж байсан.

Өөрөөр хэлбэл, тухайн үед тэтгэвэр шууд 30 хувиар нэмэгдсэн ч мөнгөн дүнгээрээ маш их ялгаатай байсан. Өндөр тэтгэвэр авч байгаа хүний тэтгэвэр нь өндөр цалин, эдийн засгийн өсөлтийг шингээсэн байдлаар бодогдсон байдаг учраас дахиад цалингийн өсөлт өгөх нь оновчтой биш. Энэ байдал шүүмжлэл дагуулдаг учраас 2012 онд Засгийн газраас итгэлцүүрийг нэмэгдүүлэх замаар тэтгэврийг нэмсэн нь харьцангуй санал гомдол багатай байсан. 2014 оны хоёрдугаар сард мөн тэтгэвэр нэмсэн. Ингэхдээ ерөнхийдөө мөнгөн дүнгээр нэмэгдүүлээд 200 мянга хүртэл бага хэмжээний тэтгэвэр авч байгаа иргэдэд 27000 төгрөг, 200-600 мянган төгрөгийн тэтгэвэртэйд нь 22000, 600-аас дээш тэтгэвэртэйд 20000 төгрөг нэмсэн. Өөрөөр хэлбэл, бүгдэд нь ойролцоо мөнгөн дүнгээр өгөөд харин бага тэтгэвэр авч байгаад нь арай ихийг өгсөн гэсэн үг. Хувийн жингээр авч үзвэл өндөр тэтгэвэртэй иргэдийн тэтгэвэр 3-4 хувиар нэмэгдсэн. Гэхдээ тэтгэврийг тэгшитгэх байдлаар нэмэгдүүлэх нь буцаад ажилласан жилийн, авч байсан цалингийн ялгааг үгүйсгэдэг учраас бас төдийлөн оновчтой биш. Тийм учраас энэ хоёрын блансын тэнцвэртэй байдлыг хангах гэхдээ тэтгэврийн нэмэгдэл нь ямар нэгэн байдлаар зөрүү бий болгохгүй гэдэг зарчмыг цаашдаа баримтлах нь зүйтэй.

-Одоогийн байдлаар тэтгэвэр авч байгаа нийт иргэдийн тэтгэврийн дээд, доод хэмжээ хэр зөрүүтэй байгаа вэ?

-Тэтгэврийн шинэчлэлийн асуудал одоогийн биш ирээдүйн тэтгэвэр авагчдын тухай гэдгийг дахин тодотгомоор байна. Гэхдээ өнөөдөр байгаа системийнх нь асуудлын тухайд гэвэл 20 жил ажилласан даатгуулагч хамгийн багадаа 207300 төгрөгийн тэтгэвэр авч байна. Цэргийн албанд 40-н хэдэн жил ажилласан даатгуулагч бол хамгийн өндөр тэтгэвэр авч байгаа. Ерөнхийдөө авч үзэхэд тэтгэвэр авагчдын дийлэнх нь дундаж хавьцаа эргэлддэг. 300 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авдаг. 500-н мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын тоо нийт тэтгэвэр авагчдын дунд дөнгөж таван хувийг л эзэлдэг. Хэдийгээр хүмүүс сүүлийн үед өндөр тэтгэвэр тогтоолгож байна гэсэн мэр сэр ойлголт байдаг боловч цэргийн албан хаагчийн тэтгэврийн хувь хэмжээний бодолт нь өөр. Түүнчлэн сүүлийн жилүүдэд цалин хөлс нэмэгдсэнтэй уялдаатайгаар зарим иргэний тэтгэвэр арай өндөр тогтоогддог боловч нэлэнхүйдээ тэтгэврийн хэмжээ 207-400 мянгын хооронд байгаа дүр зураг бий.

-Нэгэнт тэтгэврийн тухай ярьсных Хамтын тэтгэврийн тухай хууль ямар шатанд яваа талаар сонирхмоор байна?


-Хамтын тэтгэврийн тухай хуулийг С.Эрдэнэ сайд бусад гишүүдтэй хамтарч УИХ-ын гишүүний хувиар санаачилж оруулсан. Одоо хэлэлцэх эсэх нь шийдэгдээд анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороонд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Байнгын хорооны ажлын хэсэгт холбогдох яамд нь ороод ажиллаж байгаа. Байнгын хороо, УИХ-аар ороод хэлэлцэгдсэний дараа батлагдах асуудал байна.

-Тэтгэврийн шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг хийсэн. Ер нь энэ хүрээнд өөр ямар ажлууд хийгдэж байгаа вэ. Олон нийтэд энэ талаар ойлголт өгөхөд чиглэсэн арга хэмжээнүүд хэр авч хэрэгжүүлж байгаа бол?

-Ер нь тэтгэврийн шинэчлэлийн асуудал өөрөө их эмзэг. Мөн хүн бүрт хүртээлтэй. Учир нь хүн бүр ирээдүйд тэтгэвэр авна. Тэгэхээр Монгол Улсын бүх иргэнд хамаатай учраас бид аль болох олон нийтийн санаа бодлыг сонсох, нийгмийн дунд зөвшилцөлд хүрэх талд анхаарч байна. Өөрөөр хэлбэл, монгол хүмүүс юу хүсч байгаа юм бэ гэдгийг судалж байгаа. Тэд 60 насандаа тэтгэвэрт гармаар байгаа юм уу эсвэл 65-тайдаа юу үгүй бол 55 настайдаа гарах бидний эрэлт хэрэгцээ шаардлага байна гэх зэрэг нэгдсэн ойлголтыг 100 хувь биш юм гэхэд ямар ч байсан олон нийтийн дэмжлэг байж л манай шинэчлэл хийгдэнэ. Тэгэхгүйгээр цэвэр тоо баримт, санхүүгийн талаас нь харж үнэлээд шинэчлэлийг хийх боломжгүй.

Шинэчлэлийн асуудал ерөнхийдөө 2003 оноос хойш яригдаж эхэлсэн боловч доритой алхам хийгдэхгүй байгаагийн гол шалтгаан нь өөрөө маш хэцүү учраас ямар ч Засгийн газрын үед эрс шийдвэр гаргахад төвөгтэй байдаг. Энэ бол манай Монголд ч тохиолдож байгаа асуудал биш бусад оронд болдог. Тэтгэврийн насыг нэмлээ гэхэд хаа сайгүй л ажил хаялт гардаг, иргэд бухимддаг асуудал бий. Харин нэгэнт нөхцөл байдал ийм байна гэдгийг улс орноороо ойлгоод, иргэн бүр ухамсарлаад харилцан ойлголцоод, нэгдсэн шийдвэрээ гаргаад шийдэлд хүрсэн тохиолдолд тэтгэврийн шинэчлэл хийгддэг. Бид хэлэлцүүлэг хийж байгаа нь олон нийтэд реакци үзүүлэх цаашлаад УИХ-ын түвшинд юу гэж бодож байна, Засгийн газарт танилцуулах юм. Мөн олон нийтийн дунд олон үе шаттай хэлэлцүүлгүүд хийгдэнэ, олон нийтийн санаа бодлыг тусгана. Үүний үндсэнд тэтгвэрийн шинэчлэлийн хүрээнд төрөөс ямар бодлого баримтлах юм гэсэн бодлогынхоо баримт бичгийг УИХ-аар батлуулах төлөвлөгөөтэй. Энэ баримт бичиг батлагдсаны дараа холбогдох бүх хууль тогтоомжийг шинэчилнэ. Тэгэхээр энэ ажил 2014, 2015 онд үргэлжлэн хийгдэнэ гэж ойлгож болно. Ерөнхийдөө үүнтэй холбогдолтой нийгмийн даатгалын багц хуулиудыг шинэчлэн найруулах шаардлагатай.

-Ажилласан жил нөхөн төлөх ажил хийгдсэн. Үүнд иргэд хэр хамрагдсан бэ?

-Ажилласан жил нөхөн тооцох тухай хууль 2012 онд батлагдсан. Энэ хууль батлагдсанаас хойш 2012 оны 11 дүгээр сарын 15-наас бүртгэл эхэлж, 2013 оны 10 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд 498 мянга гаруй иргэнийг бүртгэсэн. Эдгээр иргэд хамгийн багадаа нэг, хамгийн дээд тал 11 жилээр ажилласан жилээ нөхөн тооцуулсан. 1990-2000 оны хоорондох 11 жилийн хугацаанд гэсэн үг. Өнөөдөр 500 мянган иргэний хувьд ямар нэгэн байдлаар ажилласан хугацаагаа нэмэгдүүлсэн. Энэ үйл ажиллагаа жил орчим үргэлжилж, иргэд нэлээд өргөн хүрээтэй хамрагдсан. Тэтгэвэр авах эрх үүсэхээргүй байсан олон мянган хүнд тэтгэвэр авах эрхийг нь үүсгэхэд гол хүчин зүйл болсон. 310 мянган тэтгэвэр авагчаас 65000 орчим нь тэтгэвэр авагч ажилласан жилээ нөхөж нэмэгдүүлсэн. Эхний ээлжинд 65000 хүний тэтгэвэр нэмэгдсэн гэж үзэж болно. Ингээд үлдэж буй 400 гаруй мянган тэтгэврийн насанд хүрээгүй иргэн тэтгэврийн насанд хүрэхдээ тухайн үедээ ажилласан жилтэй холбоотой нэмэгдлээ тэтгэвэр дээрээ аваад явах боломж нь нээгдэж байна.

-Ярилцсанд баярлалаа.


П.Буян-Эрдэнэ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ