Ш.Түвдэндорж намынхныгаа түгжээнд оруулав
2014 оны 6 сарын 9
Ш.Түвдэндорж намынхныгаа түгжээнд оруулав
АН-ынхан түгжээнд орчихлоо. Үүний гол эзэн нь Ш.Түвдэндорж. Бас асуултын тэмдэг хэвээр байгаа Х.Баттулгын шийдвэр нөлөөлж орхисон нь энэ. Улс төрийн намууд дундаас фракци гэх хүчтэй бүлэглэлүүдээс АН бүрэлдэн тогтдог. Гэхдээ фракци дотроо хагаралдаад байдаггүй, хамгийн ардчилалтай улс төрийн хүчин гэж тэд өөрсдийнхөө талаар ярих дуртай. Харин тэдний үнэн мөн чанар одоо л нэг гарч байх шиг байна. Өөрөөр хэлбэл, ардчилалтай хүчин байсан бол аль хэдийнэ Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилох эрхмийг сонгочих байсан. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаасаа чөлөөлөгдөөд 21 хонож байхад өнөө хэр түүнийг орлох хүнийг томилж чадаагүй байгаа нь АН-ынхан булгайгаа дэлгэж байгаа хэрэг.

Харин УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж намынхныгаа түгжээнд оруулсан асуудлаас гаргах хүн мөн үү. Энэ бас л эргэлзээтэй. Учир нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудал МоАХ фракцийн эрх мэдэлд үлдсэн болохоор Ш.Түвдэндорж сайдын албан тушаалд очихгүй гэх эрхгүй болчихсон. Тэр байтугай Ш.Түвдэндорж “Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ энд фракцийн тухай ойлголт байгаа. Гэвч манай намын Гүйцэтгэх зөвлөл миний нэрийг сайдад дэвшүүлж, энэ ажлыг хийж чадна гэж үзсэн. Тийм учраас би үгүй гэх эрх байхгүй. Хэрвээ сайдаар ажиллах болвол Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны амжилттай байгаа газар тариалан, мал аж ахуй чиглэлийг одоогийн байдлаас нь дордуулахгүй. "Атрын III" аян гэдэг ч юм уу, мал аж ахуйн өсөлт харагдаж байгаа энэ бүхнийг уламжлуулаад явна. Хамгийн гол нь аж үйлдвэрлэл зогсонги байгаа. Үүнийг түлхүү явуулах бодолтой байна” хэмээчихсэн. Нэг ёсондоо энэ суудалд очихыг хүсч буйгаа илэрхийлээд авснаас гадна давхар албан тушаал хашихыг юман чинээ тоогоогүй.
 
Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын гишүүнээр Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийлгэхгүй гэснээр Ш.Түвдэндоржийг эсэргүүцсэн. Өөрөөр хэлбэл, “Давхар дээл” тайлах хуулийн төслөөрөө тов тодорхой илэрхийлсэн ч УИХ-аар хэлэлцээд унасан. Гэтэл энэхүү эмзэг сэдэв нь илааширч амжаагүй байхад Засгийн газрын тэргүүн нь давхар албан тушаалд томилох томилгооны асуудлыг тавьчихсан нь Ерөнхийлөгчийн “өвчөн”-ийг сэдрээчихсэн. Тиймээс Засгийн газрын гишүүнээр ажиллах хүн УИХ-ын гишүүн бус байх ёстой гэдэг зарчимдаа хатуу зогсож, энэ асуудлыг зөвшилцөхийн хүссэн. Харамсалтай нь Д.Эрдэнэбатаар толгойлуулсан УИХ дахь АН-ын бүлэг нь Засгийн газраас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад томилох хүнийг УИХ-д санал болгоогүй байхад байнгын хороогоор хэлэлцлүүлэх гэж зүтгэж явдаг нь бас л инээдтэй. Үүнээс болж өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ирц хүрээгүйгээс хуралдаан хойшлосон юм. Мөн АН-ын гишүүд хуралдааныхаа ирцийг бүрдүүлээгүй нь энэхүү зөрчлөөс болж дотроо наймаагаа тохирч чадаагүйг илтгэж орхисон билээ. Өөрөөр хэлбэл, ганц сайдын томилгоог хийхэд АН-ынхны дотоод зөрчилдөөн хүчтэй илэрсэн нь дээрх байдлаас тодорхой байгаа юм. Тиймээс улс төрийн гацаанд орсон түгжээнээс гаргах сонголт нь Х.Баттулга давхар дээлнээс салсан шийдвэрээ Ш.Түвдэндоржоор үргэлжлүүлэхгүй байх үлдээд байна. Үүнээс өөр сонголт гэж алга.


С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив