А.Тлейхан: Хүнийг хэр ажил хийснээр нь биш эцсийн үр дүн юу болсон бэ гэдгээр дүгнэдэг
2014 оны 6 сарын 11
А.Тлейхан: Хүнийг хэр ажил хийснээр нь биш эцсийн үр дүн юу болсон бэ гэдгээр дүгнэдэг
УИХ дахь МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг хоёр дахь удаа огцруулах асуудлыг тавиад буй. Гэвч өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэх болоход АН-ын бүлгийн гишүүд байнгын хорооны хуралдааны ирцээ бүрдүүлээгүй. Нөгөөтэйгүүр Н.Батбаяр сайд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсанаар хойшлуулсан. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаардлага бол бүдүүлэг, хүний нэр төрд халдсан, асуудлыг хэт гуйвуулсан өнгө аястай байна. Улсын өр, төсвийн алдагдал зэрэгт алдаатай тоог дурьдсан. Тиймээс бид шаардлагыг үндэслэлтэй эсэхийг тодруулахаар холбогдох газруудад албан бичиг явуулсан байгаа. Хариу нь ирээгүй байна. Уг асуудлыг нягталж, шалгах шаардлагатай байгаа тул хойшлуулж өгнө үү” гэсэн горимын саналыг гишүүд дэмжсэн юм. Ингэснээр бас л энэ долоо хоногт хэлэлцэхгүй хойшлуулах бололтой. Харин МАН-ын бүлгийн зүгээс “Дэгийн хуулийн дагуу Н.Батбаярын асуудлыг хэлэлцэх ёстой” гэсэн шаардлагыг тавьж буй. Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн А.Тлейханы байр суурийг сонслоо.

-АН-ын бүлэг Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг байнгын хорооны хуралдаанаас хойшлууллаа. Та үүнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Монгол орны эдийн засаг ямар байдалд байгааг хүн бүхэн мэднэ. Хүнийг хэр ажил хийснээр нь биш эцсийн үр дүн юу болсон бэ гэдгээр дүгнэдэг. Гадаадын хөрөнгө оруулалт үргээд явчихсан, хоёр дахин буурсан. Гадаад худалдаа алдагдалтай, барааны үнэ үндсэндээ өссөн. Валютын ханшнаас болж иргэдийн худалдан авах чадвар наад зах нь 40 хувиар буурчихсан байгаа. Өөрөөр хэлбэл, хүний халаасандаа байгаа 100 мянган төгрөг 60 мянгад хүрэхтэй үгүйтэй болчихсон гэсэн үг. Тэгэхээр ийм үр дүнтэй байхад нь “Сайхан байгаа” гэж хэлж болохгүй. Би гурван зүйл хэлдэг. Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар  зүйлд “Хөгжлийн банкаар хийгдэх ажил хаврын чуулганаар батлагдана” гэж хуульчилсан. Гэтэл өнөөдөр нэг зүйл ч батлагдаагүй байна. Засгийн газар шийдвэр гаргаад Хөгжлийн банкны мөнгөнөөс зараад байгаа. Энэ нь өөрөө хууль зөрчиж байгаа хэрэг. Нөгөө талд нь Төвсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Тухайн жилд авсан зээл, тусламж, хандив, бонд төсвийн бүрэлдэхүүн байх ёстой” гэж зүйлчилсэн. Тиймээс “Чингис”, “Самуурай” бонд, зээл, тусламж төсвийн бүрэлдэхүүн болж УИХ-аар батлагдах ёстой. Гэтэл авч байгаа бонд, зээлийн талаар Засгийн газраас тогтоол гаргаад хөрөнгийг нь зарцуулж байна. Энэ нь өөрөө бас л хууль зөрчиж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, хууль зөрчиж байгаа юм. Харин гурав дахь асуудал бол Эдийн засгийн хөгжлийн сайд, яамны гол хийх ёстой зүйл нь эдийн засгийн хөгжлийн бодлогоо гаргах байсан. Дөрвөн жилд хөгжлийн хөтөлбөрийг гаргаж, хуульчилна гэж хуулиар заачихсан. Тиймээс 2012 оны УИХ-ын 60 дугаар тогтоолоор дөрвөн жилийн хөтөлбөрөө батлуул гэдэг үүрэгтэй. Харамсалтай нь хоёр жил өнгөрчихөөд байхад эдийн засгийн бодлого гэдэг юм орж ирж, батлагдахгүй байна. Тэгэхээр ийм байдалтай байхад нь “Сайхан байна” гэх нь хаашаа юм.

-МАН-ын бүлгээс тавьж байгаа улсын өр, төсвийн алдагдлын талаар гаргасан тоо, баримт нь алдаатай гэж үзэж байна.  Үнэхээр алдаатай зүйл байгаа юм уу?

-Тоонуудын талаар хэлж мэдэхгүй юм. Зөрүүтэй зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ эдийн засгийн утгаараа иргэдийн амьдралын түвшин доройтлоо. Мөн хууль зөрчиж байна гэдгээр нь манай намын бүлгээс хариуцлага тооцох асуудлыг тавиад байгаа юм. Би Н.Батбаяр гэдэг хүнтэй өмнө нь дөрвөн жил хамт ажилласан. Санаачилга гаргаж, гүйж явдаг хүн мөн үү гэвэл мөн. Гэхдээ ажлын үр дүн нь ийм байгаа учраас хариуцлага тооцох асуудлыг тавьж байгаа хэрэг. Бодит байдал дээр цагаан цаасан дээр хараар бичсэн хуулийн төслөө зөрчсөн зүйл байгаа нь хамгийн хортой зүйл шүү дээ.

-Цөөнхийн бүлэг Н.Батбаярыг хоёр дахь удаа огцруулах асуудал тавьсан ч эрх баригч хүчин өмгөөлж, арга саам хийж байна гэх нь бий. Бас л Н.Батбаяр сайдыг аваад үлдэх юм биш биз?


-Бид цөөнх. Энэ бол олонхийн шийдэх асуудал. Бид санал санаачилга гаргалаа. Үүнийг хэлэлцээд огцруулах уу, огцруулахгүй аваад үлдэх үү гэдэг нь олонхийн асуудал. Гэхдээ нийгэм ямар байгаа вэ гэдэг нь ойлгомжтой.  Нэгэнт саналаа тавьчихсан. Үүнийгээ ухаарах байх. Ухаарахгүй бол аяндаа ард түмэн дүн тавина.

-Дэгийн хууль зөрчигдөж байгаа зүйл бий шүү дээ?

-Өргөн барьснаас хойш долоон хоногийн дараа хэлэлцэх ёстой. Гэтэл хойшлуулсаар байгаа нь ардаа асуудал дагуулж байгааг эрх баригчид бодсон биз.

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллах хүн давхар албан тушаал хашихаар болж байх шиг байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад томилж байгаа хүнийх нь хувьд ярих юм алга. Гэхдээ Ерөнхийлөгч нэгэнт УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр томилохгүй байгаач гэдэг албан ёсны санал тавихад зөрчилдөж, хүлээж авахгүй байгаа нь сонин байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд АН-аас нэр дэвшиж, сонгогдсон. Гэтэл түүний саналыг хүлээж авахгүй зөрчилдөж байгаа нь өөрөө эмзэглүүштэй хэрэг. 17 сайд нь давхар албан тушаал хашиж байгааг цөөлөх, Засгийн газар, УИХ-ыг байр байранд ажиллуулах хүсэлт бий шүү дээ. Өөрөөр хэлбэл, хариуцлагын тогтолцоог засах гэхэд АН-ынхан эсрэг байгаа нь үнэхээр том асуудал.

-Ярилцсанд баярлалаа.


С.МӨНХБАЯСГАЛАН


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ