Элэгний өвчлөлөөр далимдуулж, иргэдийг мунхруулан бизнес хийх болжээ
2014 оны 6 сарын 11
Элэгний өвчлөлөөр далимдуулж, иргэдийг мунхруулан бизнес хийх болжээ
Манай улсын хүн амын 67 хувь нь элэгний вирусийн халдвартай гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, энэ өвчлөлөөр монголчууд дэлхийд толгой цохиж байгаа. Элэгний вирусийн халдвартай гэж оношлогдсон иргэдийн 23 хувь нь архаг тээгч байдаг нь энэ өвчлөлөөр Азид нэгдүгээрт ороход нөлөөж буй юм. Хэдийгээр Азидаа нэгдүгээрт ордог гэж ярихаас илүүтэй энэ өвчлөлийн эрсдлийг бууруулах явдал нь үндэсний хэмжээний асуудал болчихоод байгаа юм. Монголд жилд элэгний хорт хавдартай гэсэн оноштой 2500 гаруй хүн илэрдэг нь энэ өвчлөл ямар хэмжээнд хүрсэнийг илтгэнэ.

Түүнчлэн элэгний хорт хавдар монгол хүний нас баралтын шалтгааны хоёрт орсон гэдэг сэтгэлд сэрд хийлгэсэн мэдээлэл нийгэмд түгдэг ч төр засаг нь анхаарч, бодлогоор дэмждэг үү гэвэл өрөөсгөл. Хорт хавдрын чиглэлийн тоотой нэг, хоёрхон эмнэлэг нь улс орныхоо хэмжээнд үзлэг, оношлогоо хийхээс бус төрийн хэмжээнд анхаарч чадахгүй байгааг сануулсаар байдаг. Гэтэл өнөөдөр ийм эмгэнэлт байдалд орчихоод байхад бодлогоор дэмжихгүй байгаа нь харамсалтай хэрэг. Гадны улс оронд хорт хавдрын эсрэг үйл ажиллагаа идэвхтэй хэрэгжүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, бодлогоор дэмждэг. Өөрөөр хэлбэл, хорт хавдартай иргэд рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, эмчилгээнд үзүүлэхдээ хөнгөлөлт эдлүүлдэг. Гэтэл манайд тийм зүйл нь алга. Нэгэнт хорт хавдартай бол цааш амьдрах насгүй мэт ойлголт бий болж, ихэнх нь эмчилгээнийхээ зардлыг хаанаас гаргах вэ гэж толгойгоо гашилгаж яваа. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хөнгөлөлт, чөлөөлт гэдэг зүйл байхгүй. Эм, тариа нь тэнгэрт хадсан үнэтэй байх нь бий. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын арчаагүй бодлогыг өөрчилж, төр нь иргэдийнхээ эрүүл амьдрахад баталгаа гаргаж өгөхгүй байх тусам цаашид ямар байдалтай болох нь тодорхой.

Харин элэгний В,С вирус нь эмчлэгдэх магадлал тун бага байдагтай холбогдуулж энэ чиглэлээр иргэд бизнес хийх болсон нь хачирхалтай. Учир нь элэгний В,С вирустэй гэж оношлуулж, сэтгэлийн дарамттай яваа нэгэн нь “В,С вирусыг бүрэн арилгах боломжтой боллоо. “SV-1” эм нь таныг энэ зовлонгоос салгана” гэх зар, сурталчилгаанд итгэх болсон нь үнэн. Тиймээс элэгний өвчлөлдөө шаналж яваа нэг нь эдгэнэ гэсэн найдвараар “SV-1” эмийг борлуулж байгаа төвд ханддаг. Гэвч энэ нь Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөгдсөн эм бэлдмэл мөн үү гэвэл эргэлзээ төрүүлж байгаа юм. Элэгний чиглэлийн зарим эмч нар “SV-1 гэх бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй шүү. Хууль бусаар бүтээгдэхүүн борлуулж байгаа” гэж байгааг юу гэх билээ. “”SV-1” бүтээгдэхүүн нь элэгний В,С вирусийн идэвхижилийг бууруулах, эмэнд дасалтай сүрьеэ, мөөгөнцөрийн халдварыг эмчлэх дархлалыг тэнцвэртэй болгох онцгой үйлчилгээтэй бэлдмэл. Бүтээгдэхүүний үйлчилгээ нь 85-95 хувийн үр дүнтэй нь клиник туршилтаар батлагдсан. Жишээлбэл, элэгний В, С вирустай хүн SV-1, Свитанок, Джерело-Пи гэсэн бэлдмэлүүдийг курсээр ууна” хэмээх зар сүүлийн үед интернет ертөнцөд хүчтэй түгж, энэ дагуу иргэд хандах нь олширсон. Холбогдох дугаараар нь ярихаар “Нэг сарын хэрэглээний бүтээгдэхүүн нь 300-400 мянган төгрөг болно. Манайх гадны зөвлөх эмчтэй. Эхлээд үзлэг хийнэ. Цаг авах ёстой” гэсэн хариу өгчихөөд иргэдийг хүлээлгэдэг.

Гэтэл элэгний В,С вирусийг арилгана гэсэн болгон таны эрүүл мэндийн баталгаа болж чадахгүйг үүгээр илэрхийлж байна. Нөгөөтэйгүүр үүний ард нь бизнес цэцэглэж байгааг эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хэлсээр байна. Тэгэхээр энэ талаар ялгаж, салгаж ойлгох болоод байна. Тиймээс “SV-1” гэх бүтээгдэхүүн албан ёсны зөвшөөрөлтэй юү гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Харин Эрүүл мэндийн яамны зүгээс элэгний С вирусийн шинэ эм бүтээсэн “Gilead Sciences” компанийн бүтээгдэхүүн, эмчилгээг зөвшөөрөлтэйгээр оруулж ирж байгааг сануулахад илүүдэхгүй биз. Учир нь “Sofosbuvir” эмийг хэрхэн Монголд бүртгүүлэх, шинэ эмийг гуравдагч улсад дамжуулан худалдаалахгүй байх талаар энэ салбарынхан хэлэлцэж, эмийн үнийг монголчуудад 44 дахин хямдралтай худалдахаар болсон юм. “Sofosbuvir” эмийг манай улсад худалдаалагдах үнэ нь нэг сарын эмчилгээ нь 300, гурван сарын эмчилгээ нь 900, зургаан сарын эмчилгээ нь 1800 ам. доллар болохоор тооцоолсон. Тухайн эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь гурав болон зургаан сараар байх аж. Харин АНУ-ын зах дээлд зарагдаж буй энэхүү эмийн үнэ нь 84 мянган ам.доллар ах. Гэхдээ манайх элэгний С вирусийн “Sofosbuvir” эмийг 44 дахин хямдралтай үнээр авах бололцтоо болсон юм. Тэгэхээр “SV-1”, “Sofosbuvir” эмийн ялгаа эндээс гарч, элэгний өвчлөл өндөртэйг далимдуулж зарим нэг нь бизнес хийж байгааг хаа хаанаа бодох болсныг сануулахад илүүдэхгүй.




С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив