Голио ч биш, царцаа ч биш
2014 оны 6 сарын 11
Голио ч биш, царцаа ч биш
1.
   “Хямрлаа” гээд гараа хумхиад, амаа хөдөлгөөд суух нь манайхаас өөр улс оронд байдаг болов уу гэж бодож байлаа. Зүгээр ч нэг гараа хумхиад суухгүй  юм аа. Хямралтай уралдаж ач тач амаа хөдөлгөх юм. Харин амаа хөдөлгөх нь идээд байгаа юм уу, яриад байгаа юм уу бүү мэд, үл танигдана. Ямар ч гэсэн том том ангалзуулаад байх юм. Ялангуяа, Ерөнхий сайд  асан Сү. Батболдоос ялгаатай нь Но. Алтанхуягийн ам байнга хөдлөөстэй. Харин тэр юм идээд байна уу, яриад байна уу?!

Эндээс өнгөрсөн хоёр жилд бид хоёр юмыг яс махандаа тултал ойлголоо. Бүр тултал нь. Бүр нарийндаа ясаа цууртал, махаа тасартал ойлголоо.
Ямар ч гэсэн улс орны эдийн засаг уваагүй байгаа нь Дэлхийн хямралтай шууд холбоотой байгаа гэнэ.

Гэвч асуулт байна. Алтанхуягийн нам: “Дэлхий хямарвал Та нарыг хүн шиг амьдруулж чадахгүй ээ. Гүнж шиг жаргааж чадахгүй ээ” гэж хэлээгүй дээ!  
“Олуулаа болбол чухам л нэг хүн шиг амьдруулна аа. Биднээс л олон хүн л сонгоодох!” гээд байсан даа.
“Яадаг юм хүн шиг нэг амьдарч үзье” гээд ард түмэн бид Алтанхуягийгаа парламентэд олон болгоод өгсөөн. Алтанхуягийн хүсэл алтан загасны үлгэрийн эмгэнийх шиг л ёсчлон биелэлээ.

Гэтэл байдал биш шив дээ. 
Урд нь өөрийнх нь тэргүүн шадраар ажилласан Засгийн газар ( МАН, АН-ын Эвслийн засгийн газар) буруутай л гэнэ.  Уг нь тэнд мань эр мануухай байгаагүй, тал засгийн газрыг гардан хариуцаж байсан. Тухайн цагтаа том л сайд  харагдаж байсан. Мануухай гэж бид бодоогүй.
Гэвч 2011 оны төгсгөлд Монголд хямралын өнгө харагдаж эхлэв.  
2012 оны эхээр гэхэд л Засгийн газар 420 тэрбум төгрөгийн зээл Монголбанкнаас гөвчихсөн байлаа. Хятадуудаас нүүрс өгнө гээд зээл туусан. Тэд нүүрсээ хойрог авч эхэлсэн. Хямрал ойлгомжтой үед Алтанхуяг сайд нараа аваад зугтаасан. Живж буй “Титаник”-аас нэг овсгоотой баян эр суух гэж байсан хүүхнээ түлхэж унагачихаад зугтаах лүгээ адил зугтаасан. “Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио” гэдэг үүднээс таагүй л юм болсон доо.

Монголчууд тухайн цагтаа шан пан шагшиан шуугиан болж байсан авч хууртаж ханах биш.
“Хүн шиг амьдрахаар шийдэж” сонгуулиа хийцгээлээ. 
“Сүүлийн 25 жил юу шиг ч амьдарчихваа!? ” гэж гайхаж алмайрсан улс “олуулаа болъё” гэдэг захиалгыг нь яг таг биелүүллээ. 
Одоо инэгэхэд АН-д юу хэрэгтэй юм?! 
Шамбалын дайн болно уу? Дэлхийн тэнхлэг гацна уу? Эдийн засгийн хямрал болно уу?

Хамаагүй.
Но.Алтанхуягаас бид хүн шиг амьдрал нэхэх л үлдлээ. Өгсөн юм чинь нэхэхээс өөр яах вэ? Харин өнөөгийн бидний байж байгаа царайгаар бол хүн шиг амьдрал чинь бахь байдгаараа байхыг хэлдэг юм уу? Долоон дордохыг хэлдэг юм уу?! л гэдэг болж байх шиг.
Харин Сү.Батболдын Засаг руу илүүдэл болгоноо чихэхээ багасгаж үү дээ.
Бас ч гэж өөрсдөө дотор нь байснаа санасан бололтой. 
Үгүй ядаж л нэг юмыг ярьж хоёр жил болохгүй биз дээ. Батболд ч дуугүй байгаагүй. Өнгөрсөн рүүгээ өмдөөрөө бүү ороолго гэхийн дайтай  ярилцлага өгсөн. Сү.Батболд амьд мэнд байгаа нь сайн хэрэг. Тэгээгүй бол ч...
Бид өнгөрсөн хоёр жилд хоёр юмыг ойлголоо. Дэлхийн хямрал буруу байсан. Сү, Но хоёрын Эвслийн засгийн газар буруу байсан гээд.
Бид сайн ойлгочихлоо. Одоо тэгвэл яах вэ?! 
Алтанхуяг Ерөнхий сайд аа? Улаан сайд аа? Батбаяр сайд аа? Та нар чинь урд өмнө нь дарга сайд хийж байсан өнөө л Улаан, өнөө л Батбаяр, өнөө л Алтанхуяг нар мөн биз дээ?
Одоо яах вэ?
Лав л “энэ нь муу”, “тэр нь сайн” гэдэг тодотголоор амьдармааргүй байна. Бодит ажил. Зөвхөн бодит ажил л хэрэгтэй байна. 
Үнэхээр одоогоор Улаан, Батбаяр хоёрын л хариуцсан блок хөдлөхгүй байна шүү дээ. Эдийн засгийн блок!!!

Одоо Монголбанк буруутай, санхүүгийн зохицуулах хороо буруутай, бараг л тахир татуугийн нийгэмлэг буруутай гэх нь халаг боллоо.
Төгрөг доллартай арсалдахын тулд эсрэг талд нь бараа бүтээгдхүүн, хөдөлж байгаа үйлдвэр завод, бодитой ажил үйлчилгээ  байх хэрэгтэй. 
Энэ бол саруул ухаантай хүн бүрт ойлгомжтой эд.
Өнөөдрийн манай дээрх нөхөд үүнийг бий болгосонгүй. Хоёр жилд 19 тэрбум долларын зээл аваад шүү! ДНБ-нийхээ 158 хувьтай тэнцэх зээл. Үүнийг зөв тонгочуулбал Монголын хувьд Тайвань биш юм аа гэхэд Тайланд шиг болчих хөрөнгө сөн.
Энэ блок ажиллахгүй байхад яаж төгрөгийн ханшийг 1800-д бариад байгаа юм бэ? гэдэг оньсого болоод байна. Манай энэ ажлын ёроор бол 2000 хол давмаар...

2.
     Алтанхуягийн Засгийн газар эдийн засгаа 100 хоногт идэвхжүүлэх нь. Цаана чинь. 
Уг нь нэг их шинэ моод биш л дээ. Шинэ юм бүр ч биш. Өнөө л нэг юм. 30 жилийн өмнө Зөвлөлтийн өөрчлөн байгуулалтын үед Абалкины 600 хоног, түүнээс хойших нь ОХУ-ын эхэн үед Шаталины 500 өдрийн хөтөлбөр гэж дуулсан даа, уншигч Та!? Тэгээд л Оросууд бүр сүүлдээ 100 хоног. Бүр сүүлдээ 30 хоног  гээд л дампуурсан эд. Сүүлдээ арай л зургаа хоногийн кампаничилсан ажлын төлөвлөгөө гаргаагүй байх. Иймэрхүү хоног тоолсон шоуны эцэст ЗХУ дампууран унасан. ОХУ яахав, гуйланчлалынхаа  90-ээд онтой золгосон доо. 
Одоо энэ Явлинский хоног тоолж байхад Их дээд сургуулиар хэсэж лекц, элдэв юм уншаад л янзын байсан даа.
Ямар Явлинский гэж үү?
- Яагаав, “яп-плоко”- гийн.
Энэ хөтөлбөрүүдийн эцэст нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Е.Гайдар “Чикагогийн жаал хүү” (“Мальчик из Чикаго”) гэсэн хоч зүүгээд дууссан даа.  
Манай 100 хоногоос лав 10 нь өнгөрлөө.  90 хоног үлдлээ. Дараагийн долоо хоног өнгөрвөл 20 хоног нь алга болно. Хэдэн хоног үлдэх вэ? 80 хоног. Гэх мэтээр урсаад өгнө. Иймэрхүү хоногууд гол төлөв амс хийх гэсэн арга байдаг. Бид мэднэ дээ. Да.Бямбасүрэн гуай, Да. Ганболд ч иймэрхүү юмыг сүрхий мэднэ. Но. Алтанхуяг ч бас оролдоод үзэх нь. Харин энэ механизм үйлчлэх үү? Психлогийн хувьд түр амсхийлт болоод талаар өнгөрөх үү?
Ингэж өнгөрлөө ч дараа нь бол уйлаан майлаан шүү.

3.
Идэвхүүжүүлэх эдийн засагт эрчим хүчний тариф оржээ. Санал нэг байна.
Би нэг санал нэг байгаад яах вэ дээ? Бие тоосон юм. Жирийн ардын нэг жижигхэн болжмор байж!
Гэвч  бүх шинэчлэл эрчим хүчнээс эхлэх ёстой. Барилгаас биш, төмөрлөгийн үйлдвэрээс биш. Түүхий эдийн баазаас биш. Эхлэл эрчим хүчнээс. Нарийндаа зам тээврээс ч биш. Бүр гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, жуулчдад визийн дэглэмийг таалмжтай болгохоос ч биш. Энэ бол 22 дахь, магадгүй 33 дахь асуудал. Манайх шиг задгай сайхан орон хаа байгаа юм бэ? Ерөнхий сайд нь хүртэл задгай цагаан хочтой. Задгай тал дээр үнэхээр либераль. Бид охид багачуудаа ч бас чиг чамгүй либераль болгочихсон. Жуулчинтай зуу татвал татчихна.  Зуу татаад арын хаалгаар орчихвол орчихно. Сул чөлөөтэй. Ёстой ч нэг “Чөлөөтэй сайхан” ядуу, замбараагүй орон доо. Хөрөнгө оруулагч байтугай хөлчүү харчуул ирээд байхаар.

   Дээр дурдагдсан бүгд  чухамхүү чухал л байх. Гэхдээ суурийн суурь нь эрчим хүч. Энергигүйгээр ёстой өнөө “Тэмээ туйлаад тэнгээ эвдэхгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэдэг л болно. Эрчим хүч гэдэг төөрч будилсан хүний амьдралд Данкогийн шатаж буй зүрх шиг хэрэгтэй эд. Үнэхээр энэ дөрвөн жилд Эрчим хүчний яам чадлынхаа хэрээр тонгочуулж байна. Даана ч ямаа туйлаад гэдэг шиг олигтой дэмжлэг авахгүй байх шиг. Эрчим хүчний сайд М. Сономпил, төрийн нарийн Дэлгэрцогт, стартегийн газрын Товуудорж нарын яриа хэлийг сонсож байхад их л эрмэлзлэлтэй юм. М.Энхсайханы Тавантолгойн станцын проект, Д.Одхүүгийн Эгийн голын станцын проект. Энэ бүхэн ёстой өнөө “Аминаас чухал үйлс” гэдэг шиг чухал эд.Та бидний багад ийм нэг нэртэй кино  гардаг байж билээ. Түүнийг үзэх гэж ухаан бодол хамаг юмаа түүнд зориулдагсан. Яг л үүн шиг ухаан бодол хамаг юм аа зориулах шинэчлэл энергетикийн салбар хүлээж байна. Энэ шинэчлэлгүйгээр бүх шинэчлэл утгаггүй. Эрчим хүчний зохицуулах хорооны С.Отгонбаяр энэ үйлсийг шинэчлэлийн хүрээнд хийж чадваас чухамдаа сайн хэрэг.

Аль ч улс хямралын үед эрэлт хэрэгцээнийхээ жаахан хэрчмийг бусадтай хуваалцахад дургүй байдаг. Цаашилбал бусдын эрэлт хэрэгцээ рүү эзлэн түрэмгийлэхийг эрмэлздэг.  Үндсэн ажил-зорилго бол энэ. Монголын хувьд экспортоор эрчим хүч авна гэдэг ер нь бол том позор!!! 
Нүүрс овоолом байдаг. Бусдыг аваач ээ гээд гуйж гувшиад явж байна.
Тэгсэн атлаа дотоодынхоо цахилгааныг үйлдвэрлэчихгүй.
Ёстой өнөө 10 сая үхрийнх нь талаас илүү хувь нь үнээ байхад сүүнийхээ хэрэгцээний 28 хувийг импортолж авч байгаа шиг л позор!
 Манайхан өнөө цагт “эрэмбэ”, “эрэмбэлэх”, “эрэмбэлэгдсэн” ч гэх шиг нэг хачин  моодны үгтэй болжээ. Тэгвэл ёстой өнөө номер нэг эрэмбэ чинь энэ юм. Хөгжлийн утгаар ч тэр, хөрөнгө оруулалтын утгаар ч энэ. 
Үүний дэргэд валютын ханш манш ч хойшоо цаашаа! Бараа бүтээгдхүүн, ажил үйлчилгээгээ нэмэхгүй бол тэртээ тэргүй явахгүй эд.
Дэлхийн хямрал ч уучлаарай! Бидэнтэй бидэнгүй учраа олно. Өөрсдийнхөө хямралд л гүнзгий оръё. Тойрч гүйгээд л, тойрч гүйгээд л... 
Ямар стадионд уралдаж байгаа биш?!

4.
   Хөрөнгө оруулалт татах хамгийн чухал хөшүүргийн нэг бол эрчим хүчний тариф. Үнэ өртөг.  Энергихангамж. Энэ тариф ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой, үнэ цэнэ нь хямд байвал манайд хөрөнгө оруулалт орж ирнэ. Өнөөдөр дулааны эрчим хүч бол бүр яваад өгсөн. Хаана юу байгаа нь бүү мэд. Э.Бат-Үүл дарга хотын дээр л мандуулаад байгаа болохоос хотын доорх  хот руугаа нэг өнгийгөөд хараасай. Ажилдаа автобусаар ирдэг шиг нь “Траншейний хүүхдүүдтэй траншейнд хоно!” гэх нь хаашаа юм. Гэхдээ яваад үзэх хэрэгтэй. Энд хэн нэгэн буруутай гэхээс эдийн засгийн бүтцийн өөрлөлтөнд орсон үе дамжсан хямрал буруутай. 90-ээд оны гуйланчлалын үед траншейнд шинэчлэл хийх байтугай транзистор сонсох хүнгүй болсон байлаа шүү дээ. Яривал ардчилал, явбал мөнгө. Ийм л үе. Бүгд мэднэ.

За одоо тэгээд л хотын доорх хот гэж ийм балай юм байна гээд л өнөө л  М.Энхболд, Ж.Наранцацралт, Г. Мөнхбаяр гэсэн өмнөх хэдээ балбаад унавж! Энэ чинь хөрөнгө мөнгө, эдийн засгийн боломжтой холбоотой байсан эд. Бүтцийн хямралаас болж  явж явж Ж.Наранцацралт, М.Энхболдын үед л Улаанбаатар хот татаасгүй болсон юм. 2002 он гэхэд харин ч хот бага ангийн хүүхдийн булчин суучихсан байлаа.Одоо ахлах ангийн хүүхдийн дайтай булчин суусан байлгүй. Энд үе үеийнхний оролцоо бий сэн. Уг нь юмыг бодитоор хардаг бол Мөнхбаяр хотыг хөгжүүлэх гэж чамгүй юм хийсэн дээ. Өнөөдөр Бат-Үүл даргын хийж байгаа бүтээн байгуулалтын ихэнх хувь нь урд өмнө суурь нь тавигдасан, яригдаж хэлэгдэж, төлөвлөгдсөн эд шүү дээ. Энэ талаар Бат-Үүл дарга нэг сайхан эр хүний хувьд ам дуугармаар юм. Г.Мөнхбаярт сайхан үг сонсох шалтгаан бий дээ. Зүгээр л эр хүний хувьд шүү дээ. За бол за л юм. Үгүй бол үгүй л юм. Эр хүний л хувьд.

За ингээд нэг хэсэг проблемийг дуулгачихъя.
Жишээ нь, Испанид гадны үйлдвэр завод барилаа гэхэд 40 жилээр цахилгаан эрчим хүчнийх нь гэрээ контрактыг хийж байна шүү. Дөрөв биш, 40. Үүнийг уншаад би ч бараг шооконд орох дөхсөн. Энэ бол мундаг баталгаа. Жишээ нь, Өмнөд хөрш гадаад хөрөнгө оруулалтанд хөнгөлөлтийг бол түмэн янзаар үзүүлдэг. Арай л ботинкийг нь үнсэх үйлчилгээ байдаггүй байх. Яг л хятад хоолны цуглуулга шиг олон хөнгөлөлтүүд. Тэнд голионы хуурмаг, гичтэй царцаа ч байна. Тэд бас испани лүгээ үйлдвэр завод барихад  цахилгаан эрчим хүчний тарифиар 20 жилийн баталгаа өгчж байна. Энэ гадаад хөрөнгө оруулалт татах гол шалтгаан байна.
Манайд бол орифлейм, Хойд Солонгосын кундам тариа л тууштай сайхан орж ирэх юм даа. Үйлдвэр завод бол паг шүү! 
Өнөөдөр Оюутолгой хятадаас цахилгаан авч байна. Энхсайханы станц ашиглалтанд ордог юм аа гэхэд тэндээс хэн цахилгаан авах билээ? Асуугаарай таминь!  Тал дээр нэг цахилгаан станц хий барих вий.
Иймд бид суурийн сууриа шийдээгүй байхад юун үйлдвэр завод бэ?
Юун хөрөнгө оруулалт вэ?

Гэтэл өнөөдөр эрчим хүчний инженер дипломтай би хүртэл энэ намар манай цахилгааны үнэ хэд болохыг 10 хувийн магадлалтайгаар ч таамаглаж чадахгүй. 10 дахин үнийг нь нэмсэн ч болмоор. 10 дахин хямдаар бариад байх аа ч чадах улс, бид. Сонгуулийн үеэр үнэгүй ч өгөхөөс сийхгүй.
Аливаа салбарт хөндлөнгөөс ирсэн хүн реформ хийх магадлал их байдаг даа. Хэрэв тэр хүн нь мэдрэмжтэйсэн бол мэргэжлийн амбицигүй хөндлөнгөөс стандарт бусаар харах давуу талтай. Иймд М.Сономпил сэдсэн дээрээ зориг зүрх гаргах хэрэгтэй. Үнэхээр хойшлуулшгүй реформ.
Ер нь энергийн талын реформ 100 хоногт багтахгүй л дээ. Валютын ханшийг гэнэт алдчихалгүй бага багаар сул тавьж ачааллыг тэнцүүлэх л ажил. Гэхдээ тасралтгүй. Бодлоготой. Ард түмэнд ачаалалыг тэнцүүртэй өгөх. 
Үйлдвэр заводыг нэг жилд босгочихгүй. Иймд гадаадынхан хөрөнгөө энд булахдаа ядаж бизнес-план хийнэ дээ. Ингэхэд ядаж л 4 жилийн дараа энергийн үнэ ямар байхыг мэдэхгүйгээр яаж бизнес- планаа хийх вэ?!
Испан шиг 40 жилийн дараахыг бид үзэхгүй нь лавтай. Энэ нь ирээдүйд аж төрөх залуу сайхан хүмүүст зориулсан үзүүлэлт.

Ер нь үзэх нь алба уу? Ганцхан амьддаа үзэх л юмаа хийдэг байж болохгүй.
Үр хүүхэд, ач гуч гэж байна. Тэдэнд уламжилж үзэх юм үлдээе л дээ.
Үүнийг л хийж чадвал, үгүй ядаж зөв гольдролд нь оруулбал М.Сономпил, С.Отгонбаяр нарын гавъяа шүү. Энэ бол хөгжлийн үндэс. Хөрөнгө оруулалтын үндэс. Хүн шиг амьдрахын үндэс. Гүнж шиг жаргахын үндэс.
Би нэг юмыг ер ойлгодоггүй юм. Тэр нь нормал оронд үйлдвэр, заводын хэрэглэдэг цахилгаан иргэдийнхээс хямд байдаг гэдэг. Гэтэл манайд хөл толгой хоёр нь солигдчихсон. 
Үүн дээр л Засгийн газар төдийгүй парламент ч онцгой анхаарлаа хандуулах ёстлой юм. Эрчим хүчний техник технологид тулгуурласан эх үүсвэрүүд бий болбол дээрх байдал сайжрана. 
Түүнээс Засгийн газрыг татаж унагах, Монголбанкийг дайрч давшлах зэрэг оочер хойгуурх асуудал. 
Сүүлийн үед Засгийн газрыг огцруулах гэж жаахан пижигнэв. Үр дүн нь алга. 
Одоо Монголбанкиар оролдлоо. Энэ бол парламент өөрийнхөө өвчүү рүү өшиглөлөө гэсэн үг. Уг нь Монголбанк парламентийнхаа төлөөлийг хангасан цорын ганц байгуулага. Б.Жавхлан дэд Ерөнхийлөгч байна. МАН-ын хүн. Багагүй туршлагатай. Монголбанкны ажлыг мэднэ.

Ерөнхийлөгч Золжаргал. Миний мэдэх л Банк санхүү, бирж худалдааны салбарт 25 жил тасралтгүй яваа нөхөр. Биржийг мэдэх нь банк, аж ахуйн проблем хоёрыг холбож чадна гэсэн үг. Одоо парламентаас гадуур энэ нөхрөөс арай илүү дөмөгхөн хэн байна? Амаржаргалыг парламентээс гаръя гэхээр гаргахгүй юм. Тэр бол тэнд хүчээр сууж байгаа гишүүн. Жишээ нь, Монголбанкны О.Чулуунбатыг Батсүхээр солиод Батсүхийг Пүрэвдоржоор солиод муудуулсаар муудуулсаар байгаад Золжаргалтай золголоо. Энэ нөхөр шиг сэтгэлгээгээ давна уу гэхээс  хомсдолд орох ямар ч боломжгүй гудамжинд яваа АН-ын хэн байна?! Банк гэдэг гадаад дотоод нэр нөлөөн дээр тогтдог. Хэн ч түүнийг ясгүй самар гэж зажилахгүй.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын том хүү Э.Батшугар бас нэг дэд Ерөнхийлөгч нь. МАХН-ын хүн. Аавыгаа дууриавал яавч нэг жир хүн биш. Хувилгаан ч байж мэднэ.
“Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр” гэдэг дээ.
Ер нь бол Монголбанкны удирдлаганд Засгийн газрын буулганд ордоггүй, намын даргын хүслийг гүйцэтгэгч биш харизмтай хүмүүс хэрэгтэй. Р.Амаржаргал шиг, Н.Золжаргал шиг. О.Чулуунбат ч бас л өөр нэгэн.
Дээрх нөхөд доллар 2500 хүрэх байсныг 1800 дээр худлаа ч гэсэн тогтоогоод байгаа юм биш үү? Одоо бол төгрөгийн ханш задрах шалтгаантай сезон. Монголчуудын зах замбараагүй ажил ундраад  марзан Шарав гуайн “Монголын нэг өдөр” зураг шиг болдог сезон. Хүн болгон доллар-юань, доллар-юань гэдэг үе.

Мөнгөнд итгэх итгэл бол улс орны эдийн засгийн идэвхшлийн хамгийн чухал хэсэг. Дарханаас гарсан үйлдвэрчний Ганбаатар, Дорнодын Борчулуун эд чинь бие даагчид. Тэдэнд бол ихэнх явдал хамаагүй шүү. Тэд чинь ансамбелийн дуучид биш. Хаа ч юу ч дуулна.
Монголбанк харин тэдний гарын дор байх уу, үгүй юу гэдэг тусдаа асуудал. 
Парламент өвчүү рүүгээ өшгөлөв л өшиглөсүгэй.
Ганцхан мөнгөний бодлогод муу өөрчлөлт гарахгүй бол шүү дээ.
Испани шиг 40 жилийн баталгаа гаргаж чадахгүй юмаа гэхэд ядаж хуулинд заасан дөрвөн жилийн хугацаандаа олон болсон нөхөд тавьтиртай байж сурмаар юм даа. Одоо бохир улс төрөөр ярихад АН-д юу муу байна. МАН-д тэр болгон сайн.
Тогтвортой улс орны Тагнуул, банк хоёрыг манайхан шиг тухайн цагийн настроеноороо тонгочуулдаггүй.
Манайх ямар тогтвортой ч биш, тавьтиртай ч биш. Тэр нь удахгүй батлагдана. Эрхэм хүндэт Ц.Нямдорж Ванга шиг нэг үг хэлсэн. АН-ынханд хандаж: “Та нар ингэж ингэж байгаад ганц ч суудалгүй үлддэг шүү” гэж. Түүх спералиар давтагддаг бол ч 2000 оныг давтахад ч хоёрхон жил үлдлээ дээ.
Арлчилсан холбоо эвсэл 1996-2000 онд дөрвөн засгийн нүүр үзэж арай гэж хуулинд заагдсан хугацаагаа үдсэн. Дараа нь УИХ-ын сонгууль болоод бүгд мулт. Ганцхан Ж.Наранцацралтыг Дундговьчууд сонгож нам нь Их хуралд суудалтай үлдсэн. Тэр үед: “Их хуралд ганцхан суудалтай намыг татан буулгана” гэж хэн ч яриагүй л юм даа. 
Урдын цагт “Галууг дууриаж хэрээ хөлөө хөлдөөнө” гэдэг байсан бол одоо “хэрээг дагаж галуу хөлөө хөлдөөдөг” цаг иржээ.
Голио ч биш, царцаа ч биш байсаар цагийг ч барах нь дээ.



Х.БҮРЭНТОГТОХ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив