Хэрвээ Сото үнэн бол бид яах юм
2014 оны 6 сарын 18
Хэрвээ Сото үнэн бол бид яах юм
1.
“Монголд Сото ирэх нь ээ” гээд шуугилдаж байсан нь саяхан сан.
Эрнандо де Сото. 
Адам Смит , Милтон Фридмений  шагналт.
Монголд “2010 оны хоёрдугаар сарын 09-нд Дэлхийн нэрт эдийн засагч “Эдийн засгийн амжилтын нууц” гэсэн лекц уншина” гэсэн зар тарсан нь саяхан мэт.
 Дэлхийн нэр хүндтэй 14 их сургуулийн хүндэт профессор хүн ирэх нь гээд л.
Форум, тв, сайт гэлтгүй шуугилаа.
Сото гуайн судалгааны гол чиглэл нь сүүдрийн эдийн засаг, капитализмын хөгжлийн түүх, түүний хэтийн төлөвийг судалдаг хүн билээ.
Яг манайд таарсан л хүн.
Хамгийн либераль эдийн засгийн төлөөлөгч гэж үздэг юм байна. 
Амжилтын нууцыг сонссоос хойш дөрвөн жилийн нүүрийг үзлээ.
Гэвч амжилтын нууц чанадын нууц хэвээрээ л байх шиг.
Уг нь МАН-ын 2008 онд УИХ-ын сонгуулиар ялсан. С.Баярын тэргүүлсэн Засгийн газар таван төгөлдөршилтийнхөө нэгийг бүртгэл гээд зарлачихсан байв. Энэ бол Сото гуайг ирэхээс өмнө. Энэ бол сүүдрийнхийг гэгээтэй эдийн засаг болгох үндсэн ажил юм. Гэвч өнөөдөр хүн ам бүртгэх, мал ахуй бүртгэх гэх авч түүнээ эдийн засгийн бүрэн эргэлтэнд оруулж чадаагүй л байна. Энэ бол хямралыг аврах нэг төгөлдөршил байлаа. Төгөлдөршил Баяртайгаа алга болж. 
Одоо шинэчлэлтэй явна.
Гэвч гавьсангүй. Төгөлдөршлөөс төө ч биш алд дутуу явна.
Сото хөгжиж байгаа орнуудын зах зээлийн эдийн засгийг судалдаг. Гуравдагч ертөнцийн эдийн засгийн түвэгтэй байдлыг судална гэсэн үг.
Дэлхий дээр тусгаар тогтнол, ардчилалаа олсон гэгдэх 100 улс байна.
Африкт гурван, дөрвөн  улсыг эс тооцвол хөгжлийн тухай асуудал хүнд.
Латин америк ч хэцүү. Азид Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань, Гонконг, Макао гээд бий нь бий. Гэвч Европыг бодвол цөөн. Харин тэрбум гурван зуун сая хүн амтай, манай урд хөрш БНХАУ дэлхийн хоёр номерийн эдийн засагтай гүрэн улс болж байгаа нь бидэнд завшаантай явдал юм. Манайх шиг жижиг улсын хөгжил бол хөрш орнуудын хөгжлөөс их хамаарна.
Бид хөгжихгүй байхад тэд хөгжинө. Тэдний хөгжлийг дагаад бид мөлхөнө. Яг одоогийн дүр зураг. Ядаж тэднийг  инерциэрээ дагана. 
Дээр дурдсан  Макао,Гонконг хоёрыг бид мэднэ. БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс. Тайваныг ч мэднэ. 
Эдний хөгжил гадаадын хөрөнгө оруултан дээр боссон. Хөгжлийнтүүхийг харахад ямар нэг  хэмжээгээр дарангуйлагчийн гар дээр боссон байдаг.

2.
Хэрвээ Сото үнэн бол?!
Эрнандо де Сото: “Улс орны реформ амжилттай явахын баталгаа нь өөрчлөлтийн эхлэлийн нөхцлийг зөв сонгох, нөгөөтэйгүүр үндэсний удирдагчийн бие хүнийх нь мөн чанараас ихээхэн хамаардаг” гэсэн буй. 
Реформ явах нөхцөл байдал үнэхээр хямралын үе байдаг. Өмнөд Солонгос гэхэд дайны дараахь хүнд байдал, Америкийн хөрөнгө оруулалт, Пак Чон Хи-гийн хатуу бодлого. Нарийндаа хатуу гар.
Энэ тал дээр Сингапур, Тайвань бүгд адилавтар. Тайвань бол Formosa. Formosa гэдэг нь “Сайхан арал” гэсэн португал үг юм гэнэ лээ. Тайвань үнэхээр сайхан арал болсон. Гэхдээ энэ бүхэн улс төрийн тогтвортой байдал дээр бий болсон. Жишээ нь: Чан Кайши гэхэд 1948-1975 онд Тайваны Ерөнхийлөгч байсан. 27 жил. Тэгээд гурван жилийн завсартайгаар 1978-1988 онд том хүү Зян Зинго нь Ерөнхийлөгч байв. Азийн баруудын цөмийнх нь түүх бараг ийм. Хэвэлсэн юм шиг ижил. Хөгжил нь 20-30 жилийн дотоод улс төрийн тогтвортой байдлын үр дүнд буй болсон байдаг.
Иймээс үндэсний удирдагчийнх нь бие хүний мөн чанараас улс орны реформ хэрхэн хийгдэх нь ихээхэн хамаардаг байна.
Монголд яав?
Уг нь Монголчуудын мориндоо мордож хөөрсөн үе бол 1990 он байлаа. Энэ бол реформ явахад бэлэн, ард түмэн зодоглосон байлаа. Харамсалтай нь энэ бэлэн байдлыг тухайн үеийн лидерүүд маань ашиглаж чадаагүй юм.
Тэр үед Сото ирсэн бол гэдэг шиг л юм болж байна.
1990-1992 он. Хөөрхий Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай маань олны дунд “Буурал мянгуужин” гэдэг хоч аваад өнгөрсөн. Уг нь хүмүүсийн гар дээрх хуримтлал хоёр дахин унахад ард олон босоогүй. Банкиндаа 8000 төгрөгтэй хүний мөнгө нэг шөнийн дотор 4000 төгрөг болсон. 8000 төгрөг бол дундаж тэр үед нэг айлын 8-10 жилийн хуримтлал юм. Иймд ард түмэн реформд бэлэн байсан момент энэ үе үнэхээр байв. Энэ хүсэл эрмэлзлэлийг нь тухайн цагийн удирдагчид дагуулж чадаагүй байна.
 Картын системийг 1990-1992 онд ард түмэн хүлээн зөвшөөрч байлаа. 
Иймд Сотогийн хэлдэг өөрчлөлтийн эхлэлийн нөхцөл бүрдчихээд байхад үүнийг залж чадаагүй байна. Үүнээс хойш өнгөрсөн 25 жилд Монголын ард түмэн ямар ч реформд үүн шиг бэлэн байсангүй. Энэ үед Засгийн газрын тэргүүн шадар сайдаар Да.Ганболд ажилж байв. Парламентийн даргаар Р. Гончигдорж байсан даа. Бараг улс орны жолоодлогыг өнөөгийн Ардчилсан намынхан голлон барьж байсан юм. Тэд реформыг залж чадаагүйгээс гадна ардчилал гэж хашгирч, хэт улс төржиж эхлэлийн момент буюу хувьсгалын тохироог алдсан.
Хэрвээ Сото үнэн бол шүү дээ.
Сото: “Хэрэв ээ эхлэлийн боломжийг алдах юм бол дараагийн боломжийг хүлээхээс өөр аргагүй. Тэр боломж нь дор хаяж  40, магадгүй 50 жилийн дараа  ирж ч магад” гэсэн байна.
Бид дараагийн боломж хүртэл 25 жилийг үджээ. Магадгүй өнөөдөр ч ард түмний эхлэлийн нөхцөлд бэлэн байх үе ирж байгаа юм бил үү?! Эдийн засгийн хувьсгалын тохироо ирж байгаа юм бил үү? 
АН төр барьж байгаа ч бас л 1996-2000 онд барьсан шигээ л байна. Энд ч Засгийн газарн огцрох гээд, эсвэл Эдийн засгийн яам нь хөдөлж өгөхгүй, Сангийн яам нь ажилгаагүй, аргаа баргиад  Монголбанкаа унагах гээд явцгаана.
Эхлэлийн моментээ алдсан бид төгсгөлийн моментээ алдах гэж байгаа юм шиг л аяглана.

Саяхан манай хамба Д. Чойжамц: “Зовох жаргах нь чиний урьд өмнийн сайн, муу үйлийн үр боловсорсны дүн гэж Бурханы  номд сургадаг. Тийм учраас дээрээс, ямар нэг дээд хүчнээс зурагдсан хувь тавилан гэж байхгүй.  Харин чи өөрөө хувь тави¬лан¬гийнхаа зохиогч, заяа  төөргийнхөө зураач нь юм. Ингээд үзэхээр хүний хувь тавиланд нөлөөлдөг, дээрээс чиглүүлдэг “бүтээгч эзэн” байхгүй болохыг бурханы сургааль хэлдэг. Чи жаргаж байгаа нь хэн нэгний шид нөлөө бус урьд өмнө хийсэн сайн үйлийн чинь үр. Иймд өөрөөрөө бахархахын сацуу сайн үйлд улам шамд. Зовж байгаа нь дээд хүчний шийт¬гэл, хэн нэгний хорлол бус чиний үйлдсэн нүгэлт үйлийн үр боловсорсон хэрэг. Иймд бусдыг буруутгахын оронд үнэнийг ухааран сэхээрч, зовлонгоос салах, жаргал болж боловсрох сайн үйлийн үрийг соёолуулах учиртай” хэмээжээ. Тэгэхээр хувь заягаа бид алдсан байна.
Энэ утгаараа хамба үнэн бол эхлэлийн нөхцөл алдсан нь бидний хувь заяа биш харицлагагүй, бодлогогүй, сүхзэлзсэн явдал байжээ.
Одоо л сайн үйлийн үрээ цуглуулах цаг иржээ.
Сайн үйлийн үрээ цуглуулахад тогтвортой бодлого хэрэгтэй байна. Юу хийхээ мэддэг хүмүүсийн цуглуулга хэрэгтэй байна. Буруутан хайгчдын бүлэглэл биш.

3.
Өнөөдөр улс орны байдал ямар байна вэ?
Бид гадны мөнгө л яриад байна.
Гадны мөнгө олохыг л яриад байна. Гадны мөнгө олох нь чухал юм бол энэ нь  Засгийн газрын үндсэн ажил. Төгрөг доллар хоёрын ханшийг тогтвортой байлгая гэвэл Засгийн газар доллар олж ирэх. Өнөөдөр инфляц явлаа гээд Ганбаатар, Болорчулуун гээд бие дааж УИХ-д орж ирсэн нөхөд Многолбанкийг буруутгахаар шийджээ. Валютын нөөцөө гөвөхгүй л юм бол энэ ханш бодит байдалтайгаа л уятай байна. дээшлэнэ, эсвэл доошлоно. Үүнийг зуун Золжаргал, мянган Жавхлан,түмэн Батшугар байгаад барьж чадахгүй. Яагаад гэвэл эд нар АНУ-ын нөөцийн тэргүүн биш. Н.Золжаргал гэдэг АНУ-ын нөөцийн тэргүүнийг хэн ч танихгүй. Холбооны нөөцийн системийг  Жанет Йеллен гэдэг хүн удирдана. Тийм бол Золжаргал төгрөг хэвлэж чадахаас доллар хэвлэж чадахгүй.
Уг нь хямрал гэдэг “аюул айдас, бас шинэ боломж” гэсэн утгатай хятад ханз юм гэнэ лээ. Энэ утгаараа Засгийн газар үнэхээр шинэчлэлийн гээд байгаа л юм бол ард түмэн айчихлаа, одоо шинэ боломжийг нь гаргаач. 100 хоногоор далимдуулж амьсгаа авах гээд байна уу?! Эсвэл валютын ханшаар далимдуулж Монголбанкаар тоглох гээд байна уу? Энэ хоёр бол амьсгаа авах хоёр обьект ёстой биш.

Төгрөгийн ханш бууна гэдэг дотоод үйлдвэрлэлээ дэмжих маш том боломж.
Дорнодын Х.Болорчулуун бол агрономомич хүн. Гурлын хүн. Бизнесмен. С.Ганбаатар бол фень-шүү хүн. Эрс шинэчлэл, Үндэсний Соёмбо гээд хөдөлгөөнөөр гаршсан хүн. Үйлдвэрчин хүн. Ер нь бол Ганбаатар доллар үргээгчдийн нэгэн байсан гэдгийг өнгөрсөн түүх харуулна. Болорчулуун үргээгч биш ч одоо үргээгч болоход бэлэн болчихоод байна. Даваасүрэн мөн адил. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат: “Гадаадын банк, хөрөнгө оруулагчид бидэнд итгэж мөнгө өгөхгүй” гэж мэдэгдлээ.
Энэ үнэн байх. Бид хамгийн найдваргүй хүмүүс болжээ. Одоо Монголбанкаар оролдож эхэллээ. Гадаадын мөнгө биднээс улам үргэж эхлэх нь. Эхлэх нь юу байх вэ. Эхэлчихээд байгаа.
Бие даагчид Та нөхөд яагаад Монголбанк хямралын буруутан гээд байгаа юм бэ? Яагаад Та нар улсын нөөцийг хямралаар далимдуулж гөвөх гээд байгаа юм бэ? Хятадын юм уу, Америкийн буулганд оруулах гээд байна уу?
Яагаад мөнгө санхүүгийн бодлогыг хямраах гээд байна?
Америкийн Холбооны нөөцийн систем бол мөнгө, санхүүгийн бодлогодоо бие даасан. АНУ-ын Ерөнхийлөгч, хууль тогтоогч, гүйцэтгэх засаглалын хэнбугай нь ч байсан бие даасан байдал руу нь нэвтрэхийг санаархвал, Конгресс уу, Обама юу ёстой өнөө “чөтгөр ав!” л гэнэ.

Гэтэл манайд гурван бие даагч шаагаад, шуугаад байдаг. Түүнийг нь дагаж учир мэдэхгүй нөхөд шуураад байдаг. Яг гадаадын тагнуул шиг. 
Гэтэл Холбооны Нөөцийн  системийн удирдлага нь нэг биш нэг хэсэг Ерөнхийлөгч, Конгрессийн хугацаанд ажилладаг. Гэтэл 1990 оноос хойш Монголбанкны тэргүүн Д.Данзан,Г.Хүдэрчулуунаас Н.Золжаргалыг хүртэл есөнн хүн дамжжээ. Ямар гээч улс төрийн тогтвор, юун мөнгө зээлийн тогтвортой бодлого вэ дээ, хөөрхий.
Бид Америк, америк л гээд байна. Хаа байна тэр америк чинь. Бидэнд л лав алга. Далайн чанадад л байгаа байх.
Өнөөдөр төгрөгийн ханшийг барьж болно. Ганцхан нөөцөө гөвнө гэсэн үг. 
Хямралаар далимдуулж баатар болох гэсэн хүмүүс ард түмний нүдийг сохлох л үлдлээ. Уул уурхайгаар далимдуулж бид нэг нүдийг нь ч бараг сохолсон доо. 
Бүх юмаа гөвсний дараа Хятад л биднийг нэг аварч магад. Тэгвэл бид фэшь-шүүд суралцах л үлдэж. Гурван бие даагчийг ямар сонирхол хатгаад байна. 
Унавал хамтдаа унъя гээд байна уу?
Хэрэв ээ Сото үнэн бол энэ буруу шүү.
Унвал унцгаая л даа. Гэхдээ гурван фэнь-шүүчин, гурилчин босгож чадах уу?
Монголд Сото ирснээс хойш юу болов? 
Хямрал л болох шив. Эдийн засгийн амжилтын учгийг хэн ч уралсангүй дээ, харин ч нэг. Уг нь 2004-2012 оны хооронд итгэл нэг гялсхийсэн юм сан. Даана ч бид нэгдэж сураагүй юм байна.





Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив