УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулъя
2014 оны 6 сарын 25
УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулъя
Үе, үеийн парламентын дарга нар нэг нэгнийхээ ажлыг үнэлэх, дүгнэх нь ёс зүйд нийцдэггүй гэх. Харин үе, үеийн УИХ-ын дарга нараас “ангийнхныгаа” удирдаж чадахгүй, парламент ёсыг алдагдуулж буйг нь шалгаруулвал хэнийг нэрлэх бол. Магадгүй өнөөгийн УИХ-ын дарга З.Энхболдыг тодруулчихвал хэн мэдэх билээ. Учир нь 76 төрийн түшээг ахалж, чуулганы хойморт суух “эзэн” өнөөдөр  хууль, дүрмээ сахиж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Тиймээс спикерийг парламент ёс алдагдуулж буй хэмээн үзэх хүн олон байгаа аж. Тэр ч үүднээсээ хуулиа хэрэгжүүлдэггүй даргыг огцруулах асуудлыг хөндөж болох талтай.

УИХ дахь МАН-ын бүлэг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол ... огцруулах саналыг холбогдох байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заачихсан. Энэ заалт Дэгийн хуульд цагаан цаасан дээр тодорхой зурайж байгаа. Гэтэл хуулийн хүрээнд хэлэлцэх хугацаа хэдийнэ дуучихаад байхад АН-ынхан, тэр дундаа УИХ-ын дарга өөрөө дур мэдэн чуулганы хэлэлцэх асуудлаас хойшлуулж суух нь хачирхалтай. Бас эргэлзээтэй. Нэг ёсондоо УИХ-ын дарга хэний талд үйлчилж байна гэдэг асуудал өөрийн эрхгүй гарч байгаа юм.

Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх болоход АН-ын гишүүд санаатайгаар ирцээ бүрдүүлэхгүй гүрийсэн нь ч тодорхой. Дахин бас л хэлэлцэх болоход Н.Батбаяр сайд нь өвчтэй гэдгээр түрий барьж, хойшуулчихсан. Харин энэ долоо хоногт арай гэж энэхүү асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхэд эрх баригчид түүнийг өмгөөлж, хамгаалан огцруулахгүй гэсэн удаатай. Гэхдээ АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ын бүлгийн тавьж байгаа асуудлыг “судалж үзэх хэрэгтэй” гэж хойшуулсан нь арга саам байсан нь энэ өдрүүдэд тодорхой болсон гэхэд хилсдэхгүй.  

Харин энэ үед ч гэсэн цөөнхийн зүгээс “УИХ нь хууль тогтоох байгууллагынхаа хувьд хуулиар баталсан дэгтэй. Тэр дэгийг хэнбугай ч зөрчих эрхгүйгээр мөрдөж баримтлах үүрэгтэй. Хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим юун түрүүн хууль тогтоох байгууллагаасаа эхлэн үлгэрлэн мөрдөгдөх учиртай. Гэтэл сайд томилох болохоор 100 хувь ирцээ бүрдүүлэн шийдвэрлэдэг эрх баригчид Н.Батбаяр сайдад хариуцлага тооцох асуудал яригдаад эхлэнгүүт хууль зөрчөөд ч хамаагүй хурлаа тасалдаг. Хүндэтгэх шалтгаангүйгээр Дэгийн хуулийн хугацаа, заалтыг ноцтой зөрчиж байгаа” гэж энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг эрс буруушаасан. Тэр ч байтугай Дэгийн хуулиа мөрдөхийг УИХ-ын даргаас шаардсан. Харамсалтай нь хууль зөрчөөд ч хамаагүй гэдэг бурангуй ойлголтоор Н.Батбаярыг хамгаалсаар байна. УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайдаар байх эсэхийг шийдвэрлэх байсан. Гэтэл УИХ-ын дарга өөрөө дур мэдэн МАН-ын бүлгээс тавьсан Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хойшлуулчихлаа. Үнэндээ Дэгийн хуулийг уландаа гишгэж, З.Энхболдын саналаар хууль тогтоох байгууллага нь суудлаа олохгүй болсныг харуулчихлаа. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах том шалтгаан болох биз ээ.


С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив